Семинар
Мозая 27:1–24: “Таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө”


“Мозая 27:1–24: ‘Таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 27:1–24,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 27:1–24

“Таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө”

Зураг
Тэнгэр элч залуу Алмад үзэгдсэн нь

Хайртай хүмүүс тань үнэнийг үгүйсгэхийг харах ямар байдгийг та мэдэх үү? Алма, хаан Мозая нар гэр бүлийн гишүүдээ Аврагч мөн Түүний Сүмийн эсрэг босохыг харах сэтгэлийн шаналлыг мэдэж байсан. Христийн өршөөлөөр дамжуулан тэд эцэст нь тэрхүү хайртай хүмүүсээ наманчлахыг харах баяр баясгаланг мэдрэхээр адислагджээ. Энэ хичээл танд Есүс Христийн сургаалыг үгүйсгэдэг хүмүүст Түүн рүү эргэж ирэхэд нь туслах арга замыг олж мэдэхэд тусалж чадна.

Христээр дамжин ирэх найдвар бий

Танд Бурханыг эсэргүүцэж байгаа эсвэл сүнслэг байдлын хувьд тэмцэж буйд нь санаа зовж байгаа хүн байдаг уу? Хэрэв байгаа бол өнөөдөр суралцах явцдаа тэр хүнийг сана. Үүний нэгэн адил та мөн сүнслэг байдлын хувьд асуудалтай байгаа бол хичээлийн туршид өөрийн нөхцөл байдлыг санаж байж болно.

Дараах мэдэгдлүүд таныг хэр үнэн зөв дүрсэлж байгааг тунгаан бод.

  1. Сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүсийг Есүс Христ эмчлэхэд хэтэрхий оройтоогүй гэдэгт би итгэж байна.

  2. Сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүст итгэл найдвар өгч буй жишээнүүдийг би судруудаас мөн эргэн тойрны хүмүүсээс харсан.

  3. Сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүст туслахын тулд би юу хийж чадахаа мэдэж байна.

Өнөөдөр Мозая 27-г судлахдаа сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүст итгэл найдвар төрүүлж болох шалтгааныг болон тэдэнд туслахын тулд юу хийж чадахаа хайж ол.

Сүнслэг байдлын хувьд төөрсөн нэгэнд туслах

Мозая 27:1, 8–10-ыг уншаад, бошиглогч Алма, хаан Мозая нар хэнд санаа зовж байсныг хар.

  • Эдгээр залуу хүний сонголтууд тэдний эцэг эх, ах дүү, найз нөхдөд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Мозая 27:11–16, 19-ийг уншаад, Их Эзэн Залуу Алмад амьдралаа өөрчлөхөд нь туслахын тулд юу хийснийг мөн яагаад гэдгийг хар.  

  • Тэнгэр элчийн захиас дахь аль үг хэллэг эдгээр залуу хүнд илүү нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Энэ туршлага нь эдгээр залуу хүнийг (мөн сүнслэг байдлын хувьд төөрсөн хүмүүсийг) аврах Бурханы хайрыг болон хүслийг хэрхэн харуулж байна вэ?

  • Мозая 27:14-т өгүүлснээр, тэнгэр элч яагаад Залуу Алма дээр болон Мозаягийн хөвгүүд дээр ирэх болсон гэж хэлсэн бэ? (Судартаа энэ асуултын хариултыг тэмдэглэ.)

Эдгээр шүлгээс сурч мэдэж болох зарчмуудыг цаг гарган тунгаан бод.

Бид үүнээс сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүсийн төлөө агуу итгэлээр залбирах нь тэднийг үнэний мэдлэгт ирэхэд нь туслуулахаар Их Эзэнийг урьдаг гэсэн зарчмыг сурч мэдэж болно.

Их Эзэн бидний төлөө залбирдаг хүмүүсийн ёс суртахууны сонгох эрхийг үгүйсгэхгүй болохыг сана. Тэнгэр элч зочилсон хэдий ч Алма болон Мозаягийн хөвгүүд наманчлахгүйн тулд сонгох эрхээ ашиглаж болох байсан. Хэдий Тэнгэрлэг Эцэг бидний хайртай хүмүүст тэнгэр элч илгээхгүй ч бидний залбиралд Өөрийн арга замаар, Өөрийн цагт хариулах болно. Бид Түүнийг тусална гэдэгт итгэж болно. Та Алмагийн өөрчлөлт дэх Их Эзэний үүргийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзнэ.

  • Та Ахмад Алмагийн залбирлыг ямар байсан гэж төсөөлж байна вэ? “Их итгэлтэйгээр залбирах” (Мозая 27:14) гэдэг нь ямар утгатай үг гэж та бодож байна вэ?

  • Их Эзэн яагаад биднийг сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хүмүүсийн төлөө залбирахыг хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Таны залбирал хэн нэгэн хүний амьдралыг өөрчилсөн гэдгийг та хэзээ мэдэрч байсан бэ? Хэн нэгний залбирал танд хэзээ тусалсан гэж та бодож байна вэ?

Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг байдлын хувьд тэмцэж буй нэгэнд туслахыг хүсэхдээ залбирч болох тодорхой зүйлсийн талаар тунгаан бод. Тэдний төлөө одоо залбирахын тулд хичээлээ түр зогсоож болно.

Би өөр юу хийж чадах вэ?

Дараах судрын хэсгүүдийг уншаад, Алма болон бусад хүн хүүдээ Их Эзэнд буцаж ирэхэд нь туслахын тулд залбирахаас гадна юу хийснийг олж мэд.

Мозая 27:20–24

Алма 36:17–19 (Залуу Алмагийн эцэг нь юу зааж байсан, энэ нь түүнд хэрхэн тусалсан тухай хожмын тайлбар)

  • Алма хүүдээ туслахын тулд залбирахаас гадна юу хийсэн бэ?

Алмагийн хийсэн дараах зүйлсийн нэгийг судалж, бодлоо тэмдэглэж ав. Судлах явцдаа та сүнслэг байдлын хувьд асуудалтай эсвэл эсэргүүцэж буй хайртай хүнээ санаж болох юм:

  1. Мацаг барих—Gospel Library аппликэйшн, ChurchofJesusChrist.orgСудрын гарын авлага эсвэл Марк 9:17–18, 25–29 зэрэг бусад судрын хэсгээс хайлт хийж мацаг барих талаар илүү ихийг мэдэж ав. Мацаг барих нь танд болон хайртай хүнд тань хэрхэн туслах вэ? Тантай хамт мацаг барихад урих өөр хүмүүс бий юү?

  2. Гэрчлэх—Алма 36:17–19-д тайлбарласан Алмагийн туршлагыг Инос 1:1–5 дахь Иносын туршлагатай харьцуул. Хүмүүст хэрэгтэй үед нь сонссон зүйлийг нь сануулдаг Ариун Сүнсний чадварыг (Иохан 14:26-г үзнэ үү) тунгаан бод. Энэ нь бидний Христийн тухай гэрчлэлийг найрсгаар хүлээн авахгүй мэт санагддаг хүмүүстэй ч хуваалцах зоригийг өгч чадна. Энэ нь бидэнд хамгийн хэрэгтэй үед бид Аврагчийн тухай юу мэддэг мөн юунд нь итгэдэг болохыг санахад тусална. Та Аврагчийн тухай гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ?

  1. Дараах асуултуудын дор хаяж гуравт нь хариул.

  • Та сүнслэг байдлын хувьд асуудалтай хүмүүст хэрхэн туслах талаар энэ түүхээс юу сурч мэдсэн бэ?

  • Хайртай хүмүүс нь хурдан өөрчлөгдөхгүй байгаа хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

  • Бидний хайртай хүмүүст туслахад Аврагч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Та яагаад Түүнийг тэдэнд тусална гэдэгт итгэж болох вэ?

  • Хэн нэгэнд Аврагч руу эргэж очиход нь туслахын тулд та ямар тодорхой зүйлийг хийж эсвэл хэлэхэд өдөөгдсөн гэж бодож байна вэ?

Хэвлэх