Семинар
Алма 5:1–32: Өөртөө дүгнэлт хийхэд зориулагдсан Алмагийн асуултууд


“Алма 5:1–32: Өөртөө дүгнэлт хийхэд зориулагдсан Алмагийн асуултууд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 5:1–32,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 5:1–32

Өөртөө дүгнэлт хийхэд зориулагдсан Алмагийн асуултууд

зүрх сэтгэлийн өөрчлөлт

Есүс Христтэй харилцах харилцааныхаа бат бөх байдлыг илүү тодорхой харахад бидэнд өөрөө өөрийгөө үнэлж дүгнэх хормууд тусалдаг. Алма бардамнал, зөрчилдөөн нь Сүмийн нэг хэсэг болсныг мэдээд, Зарахемла дахь Сүмийн гишүүдээс зүрх сэтгэлээ юун дээр төвлөрүүлж, Бурханы өмнө хэрхэн зогсож буйгаа эргэцүүлэн бодохыг урамшуулан дэмжсэн хэд хэдэн асуулт асуусан. Энэ хичээл таныг сүнслэг байдлын ахицаа үнэлж, Есүс Христэд улам хүчирхэг хөрвөхөд тань туслах зорилготой.

Өөрөө өөрийгөө дүгнэх

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэй жил бүр хийх ярилцлага, ажлын ярилцлага зэрэг өөр хүнтэй ярилцлага хийх боломжуудын тухай бод.

  • Ярилцлагуудын зорилго юу вэ?

  • Та өөрөөсөө хэрхэн ярилцлага авч болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард сүнслэг байдлын ахиц дэвшлээ үнэлж дүгнэхэд тогтмол цаг гаргахын зарим ашиг тусын тухай ийн хуваалцсан. Та “Эргэж очоод, хүлээн ав” видеог цагийн код 8:14-өөс 8:58 хүртэл үзэж ChurchofJesusChrist.orgэсвэл доорх бичвэрийг уншиж болно.

15:45

[Бурханы оршихуйд] эргэн очих ба амлагдсан адислалуудыг хүлээн авах хоёр дээр төвлөрсөн чигээрээ байхын тулд би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн.

Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчлан ярилцлага хийхтэй төстэй юм. Хэрэв энэ сонин сонсогдож байвал энэ дэлхий дээр та нарыг өөрсдөөс тань илүү сайн мэдэх хүн байгаа эсэхийг бодоод үз. Та нар өөрсдийн бодол санаа, бусдын нүднээс далд үйлддэг үйлдэл, хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөгөө мэднэ. Та нар … хэрхэн хөгжиж байгаагаа хэнээс ч илүү сайн мэднэ. (М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)

Та сүнслэг байдлынхаа ахиц дэвшлийг үнэлж дүгнэхэд хэр их цагийг зарцуулдаг талаараа бод.

  • Үүнийг тогтмол хийх нь ямар ашиг тустай вэ?

Судраа судлахдаа ашиглаж болох ур чадвар бол түр завсарлаад, судалж буй сургаал, зарчмуудынхаа дагуу хэр сайн амьдарч байгаагаа дүгнэхэд цаг гаргах явдал юм. Та өнөөдөр Алма 5-ыг судалж байхдаа үүнийг хийх боломжтой болно. Энэ бүлэгт Алмагийн хүмүүсээсээ асуусан олон асуулт багтсан. Мөн та эдгээр асуултыг өөрөөсөө асууж, сүнслэг байдлынхаа ахиц дэвшлийг дүгнэж болно. Суралцах явцдаа юуг сайн хийж байгаагаа мөн Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн сайжруулахыг мэдэхэд туслах удирдамжийг Түүнээс эрэлхийл.

Алма Зарахемлагийн хүмүүст номлов

Алма хүмүүсээсээ бардамнал болон башир аргыг олж харсныхаа дараа Бурханы үгийг заахад өөрийгөө бүрэн зориулахын тулд нифайчуудын ерөнхий шүүгчийн албан тушаалаасаа буусныг эргэн сана (Алма 4:19-ийг үзнэ үү).

Алма Зарахемлагийн нутагт номлож эхлэв. Тэрээр хүмүүстээ хаан Ноагийн үед нифайчуудад тохиолдсон сүнслэг болон бие махбодын боолчлолын тухай сануулсан (Алма 5:3–5-ыг үзнэ үү).

Алма 5:6–13-ыг уншаад, Алма өөрийн хүмүүсийг өмнөх үеийн нифайчуудын талаар юуг санаасай гэж хүссэнийг олж мэд.

  • Алма яагаад өөрийн хүмүүсийг эдгээр зүйлийг санаж яваасай гэж хүссэн гэж та бодож байна вэ?

  • Алма өөрийн хүмүүсийг 7-р шүлэг дэх Есүс Христийн тухай юуг мэдээсэй гэж хүссэн бэ?

Алма 5:14, 26-г уншаад, Алмагийн хүмүүстээ сүнслэг өвийг нь сануулсныхаа дараа асуусан асуултуудыг олж мэд.

  • Алма эдгээр асуултыг асууснаар өөрийн хүмүүсийг юуг ойлгоосой гэж хүссэн бэ?

  • 14, 26-р шүлэг дээрх шиг асуултуудыг өөрөөсөө асуух нь амьдралд тань хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Өөрийгөө үнэлж дүгнэхдээ Алмагийн сургаалыг ашиглах нь

Алма 5:14–30 дээрх Зарахемлагийн хүмүүст хэлсэн Алмагийн үгийг судалж, Алмагийн дүрсэлсэн өөрчлөлт өөрт тань мэдрэгдэж байгаа эсэхийг эргэцүүлэн бод. Судлах явцдаа эдгээр шүлэг дэх Алмагийн асуусан асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглан өөрийгөө дүгнэ. Эдгээр арга замыг ашиглаж болно.

  1. Хоёроос гурван шүлэг тус бүрээр Алмагийн асуултууд таны амьдралтай хэрхэн холбогдож байгааг дүгнэж, эргэцүүлэн бод.

  2. Алмагийн асуултуудаас өөрт тань хамгийн утга учиртай бөгөөд танд хамааралтай гэж үзсэн цөөн хэдэн асуултыг сонго. Эдгээр асуултыг судлах тэмдэглэлдээ бичиж, асуулт бүрд өгсөн хариулт, бодол, сэтгэгдлээ бич.

  3. Эдгээр шүлэг дэх Алмагийн асуусан асуултуудад хариулсны дараа өөрийн сүнслэг байдлын ахиц дэвшлийг дүгнэхэд ашиглаж болохуйц хоёр эсвэл гурван асуултыг зохио. Судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэ.

  1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариул.

  • Алмагийн ямар асуулт танд хамгийн утга учиртай санагдсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлгээс ямар үг, хэллэг танд наманчлах хүсэл, зориг өгч байна вэ?

  • Та судалсан зүйлээсээ Бурханы мөн Түүний хүслийн талаар юу сурч мэдэж авсан бэ?

Өөрийн сүнслэг байдлын ахиц дэвшлийг үнэлж дүгнэхдээ Алмагийн үгсийг ашигласнаар та өнөөдөр юу сурч мэдэж эсвэл мэдэрсэн тухайгаа бод. Сурч мэдсэн зүйлсийнхээ үр дүнд өөрийн ажиллахыг хүсэж буй нэг, хоёр зүйлийг тодорхойл. Та өнөөдөр юу хийж эхлэхээ мөн ямар саад бэрхшээлтэй тулгарч болох, тухайн саад бэрхшээлээ даван туулахдаа Бурханы тусламжийг хэрхэн эрэлхийлж болох талаар бод. Төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.