“Алма 7:14–27: ‘Бурханы хаант улс тийш удирдах зам,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 7:14–27,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 7:14–27
“Бурханы хаант улс тийш удирдах зам”
Бошиглогчид ихэвчлэн “давчуу бөгөөд нарийн зам” (2 Нифай 31:19), “гэрээний зам” эсвэл “Бурханы хаант улс тийш удирдах зам” (Алма 7:19) гэж дурддаг. Гидеоны хүмүүс энэ замаар явж буйг Алма танин мэдэж, тэдэнд энэ замаа хэрхэн цааш үргэлжлүүлж, Бурхантай илүү адил болохыг заасан. Энэ хичээл Бурхан руу удирдах замыг дагаж, Христийнхтэй адил зан чанарыг олж авах хичээл зүтгэлд тань туслах зорилготой.
Дагаж явах зам
-
Дагаж явах замтай байхын давуу тал юу вэ?
“Өдөр тутмын сэргээлт” видеог цагийн код 1:40-өөс 3:25 хүртэл үзээд, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын замгүй эсвэл үнэн зөв тэмдэглэгээгүй замаар аялж яваа хүмүүст юу тохиолдох талаар тайлбарлахыг сонс. Видеог эндээс үзнэ үү ChurchofJesusChrist.org.
Алма Есүс Христийн амьдрал ба Цагаатгалын талаар Гидеоны хүмүүст бошиглосныхоо дараа тэдэнд урмын үг хуваалцав.
Алма 7:19–20-ийг уншаад, Бурханы тухай, Түүний зам болон Гидеоны хүмүүсийн талаар Алмагийн юу хэлснийг үзнэ үү.
19-р шүлэг дэх “Бурханы хаант улс тийш удирдах зам” гэсэн хэллэгийг тэмдэглэж ав. Өнөөдөр та энэ замын талаар илүү ихийг сурч мэдэх болно.
-
Та өөрийгөө Бурханы хаант улс тийш удирдах зам дээр байгаа гэдгээ хэрхэн мэдэж чадна гэж бодож байна вэ?
Дараахтай ижил зургийг самбарт зурж, “Бурханы хаант улс тийш удирдах зам” гэж гарчиг тавь.
Бурханы хаант улс тийш удирдах замыг ихэвчлэн давчуу бөгөөд нарийн зам эсвэл гэрээний зам гэж дурддаг. Есүс Христийн үлгэр жишээ мөн сургаалыг дагаснаар бид энэ зам дээр гардаг. Энэ замаар үргэлжлүүлэн алхах нь биднийг мөнхийн амьдрал руу хөтөлдөг ( 2 Нифай 31:19–20-ийг үзнэ үү).
Судлах явцдаа өөрийгөө Бурханы хаант улс тийш удирдах зам дээр байгаа эсэхээ тунгаан бод. Энэ замын талаар мөн үүнийг дагаснаар Их Эзэний танд өгөх адислалуудыг илүү сайн ойлгоход туслах сургаалуудыг олж мэд.
“Бурханы хаант улс тийш удирдах зам”
Алма биднийг Бурханы оршихуй руу эргэж очиход хөтлөх бидний хийж болох үйлдлүүдийг тодорхойлсон.
Алма 7:14–16-г уншаад, зурсан зураг дээрх замынхаа дээр эсвэл хажууд эдгээр үйлдлийг тэмдэглэ.
-
Эдгээр шүлэг Бурхан тийш удирдах зам дээр байх нь ямар утга учиртай болохыг ойлгоход тань хэрхэн тусалсан бэ?
Бид эдгээр шүлгээс бид наманчилж, Бурхантай гэрээ байгуулж, Есүс Христийн сайн мэдээний ёслолуудыг хүлээн авснаар Бурханы хаант улс тийш удирдах замыг дагадаг гэсэн нэг үнэнийг сурч мэдэж болно.
-
Эдгээр үйлдэл биднийг Бурханы оршихуй руу эргэж очихоор бэлтгэхэд хэрхэн тусалдаг вэ?
-
Бурханы замыг дагаснаар бид энэ амьдралдаа ямар адислалыг амсаж болох вэ?
Христийн замаар алхахдаа Түүнийхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх нь
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Бурханы гэрээний замыг дагаснаар ирэх нэг адислал бол “Биднийг Түүнтэй адил болоход хүргэдэг” гэж тайлбарласан (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).
Аврагчийн дараах зургуудыг харна уу. Зураг тус бүр дээр харагдаж буй Түүний зан чанаруудын талаар бод.
-
Та Есүс Христийн ямар зан чанарыг хамгийн ихээр биширдэг вэ? Яагаад?
-
Та ямар арга замаар Аврагчтай илүү адил байхыг хүсдэг вэ? Үүнийг юу хэцүү болгож байна вэ? Бид эдгээр бэрхшээлийг хэрхэн Их Эзэний тусламжтай даван туулах вэ?
-
Та Түүн шиг болох агуу хүслийг хэзээ мэдэрсэн бэ? Үүнийг та амьдралдаа ямар тохиолдлоор мэдэрсэн бэ?
Бурханы хаант улс тийш удирдах замаар алхаж байхдаа олж авахыг хичээх ёстой зарим Христийнхтэй адил зан чанарыг Алма тодорхойлсон.
Алма 7:22–25-ыг уншаад, Христийнхтэй адил зан чанар, зан үйлийг хэлсэн эсвэл дүрсэлсэн хэсгийг хайж ол. Тэдгээрийг судар дээрээ тэмдэглэ. Мөн та зурсан зураг дээрх замынхаа дээр эсвэл хажууд эдгээр зан чанар, зан үйлийг жагсааж бичиж болно.
Алма 7:22–25-д дурдсан Тэнгэрлэг Эцэгийн танаас хөгжүүлэхийг хүсэж буй зан чанарыг залбирч сонгоод, дараа нь дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэ. Зургийнхаа дээр эсвэл судлах тэмдэглэлийнхээ аль нэг хэсэгт ойлголтоо тэмдэглэ.
-
Энэ зан чанарын талаар илүү их судал. Үүнийг хийхэд туслуулахын тулд Судруудын удирдамж-ийг судрын эх сурвалж болгон ашигла. Сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж бич.
-
Сонгосон зан чанараа хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг жагсаан бич мөн Бурхан яагаад таныг эдгээр саад бэрхшээлийг туулахыг хүлээн зөвшөөрдөг талаар бод.
-
Энэ зан чанарыг олж авсны дараа таны амьдрал илүү сайхан болох хоёр эсвэл гурван өөр арга замыг жагсааж бич.
-
Аврагч энэ зан чанараа үлгэрлэн харуулсан Түүний амьдралын жишээг тодорхойл. Өөр, Христийнхтэй адил зан чанарыг үлгэрлэн харуулсан таны таних хэн нэгний амьдралын жишээг жагсааж бич.
-
Та энэ зан чанарыг хөгжүүлэхийг хичээх үедээ Бурханы тусламжийг урих нэг эсвэл олон үйлдлээ тодорхойл. Тухайн үйлдлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарга. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд хичээх нэг арга бол өдөр тутмын залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэй ахиц дэвшлийнхээ талаар ярилцаж, өөрт дутуу санагдсан үедээ Түүнээс тусламж хүсэх явдал юм.