“Алма 41: Есүс Христ бүх зүйлийг сэргээдэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 41,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 41
Есүс Христ бүх зүйлийг сэргээдэг
Алма Кориантонд нүглийнх нь аюулын талаар заасныхаа дараа хуурамч сургаалыг залруулахаар ажиллав. Тэрээр Кориантонд Тэнгэрлэг Эцэгийн сэргээлтийн төлөвлөгөөг ойлгож, наманчлахад нь туслах чухал үнэнүүдийг заасан. Энэ хичээл ёс бус байдал яагаад аз жаргалд хүргэдэггүйг ойлгоход тань тусална.
Үхлийн дараах амьдралын тухай итгэл үнэмшил
Хэрэв та дараах худал мэдэгдлүүдийн аль нэгэнд нь итгэсэн бол таны үйлдэлд хэрхэн нөлөөлөх байсан талаар бод. Тухайлбал:
Үхлийн дараах амьдрал гэж байхгүй.
Бид нас барсныхаа дараа дэлхий дээрх ажлаасаа үл хамааран өргөмжлөгдөх болно.
-
Биднийг нас барсны дараа бидэнд юу тохиолдох тухай зөв ойлголттой байх нь яагаад чухал вэ?
-
Энд одоо таны үйлдэлд нөлөөлдөг үхлийн дараах амьдралын талаар та юу мэдэх вэ?
Сэргээлтийн утга учир
Ноцтой нүгэл үйлдсэн (Алма 39-ийг үзнэ үү), сайн мэдээний талаар асуулттай байсан хүү Кориантондоо Алма зааж байсныг сана. Бид Алма 41-ээс Есүс Христийн сайн мэдээнээс төөрсөн хүмүүсийн сургаалд Кориантон төөрөлдсөнийг сурч мэдсэн.
Алма 41:1-ийг уншаад, Кориантоны ойлгоогүй зүйлийг олж мэд. (Алмагийн сургаал дахь сэргээлт гэдэг үг нь эргүүлж авчрах эсвэл өмнөх байдалд нь буцаан авчрах гэсэн утгатай юм. Судруудыг гуйвуулах нь утгыг мушгин гажуудуулах, өөрчлөх гэсэн утгатайг мэдэх нь тустай байж болно.)
-
Кориантон юуг ойлгоогүй вэ?
Алма Кориантонд наманчлахад нь туслахын тулд үнэн сургаалыг заасан. “Хэрвээ ойлгож чадвал үнэн сургаал нь хандлага, зан авирыг өөрчилдөг” гэдгийг тэрээр мэдэж байсан (Boyd K. Packer, “Do Not Fear,” Liahona, May 2004, 79). Сэргээлтийн сургаалыг ойлгох нь энэ амьдралд хийх сонголт маань яагаад ийм чухал болохыг ойлгоход бидэнд тусална.
Алма 41:2–9-ийг уншаад, Алма Кориантоны санаа зовнилыг шийдэхийн тулд юу заасныг үз.
-
Биднийг нас барсны дараа бидний юу сэргээгдэх вэ?
-
Алмад цэдэглэснээр, энэ сэргээлт хэрхэн боломжтой болсон бэ?
-
Сэргээлтийн талаарх энэхүү мэдлэг нь Кориантон шиг нэгнийг хэрхэн гэрээний зам руу эргэн ирэхэд урамшуулж болох вэ?
“Ёс бус байдал хэзээ ч аз жаргал байгаагүй”
Алма 41:10-ыг уншаад, Алма сэргээлт, ёс бус байдал, аз жаргалын талаар юу гэж заасныг олж мэд.
-
Алма Кориантоны ямар буруу ойлголтыг залруулсан бэ?
Алма 41:10-аас бид ёс бус байдал хэзээ ч аз жаргал байгаагүй гэдгийг сурч мэдсэн.
-
Та сэргээлтийн хуулийн талаарх Алмагийн сургаалыг судлахдаа “ёс бус байдал хэзээ ч аз жаргал байгаагүй” гэдгийг яагаад үнэн гэж бодож байна вэ?
Бурханы мөн чанарыг ойлгох нь
Бурханы сэргээлтийн төлөвлөгөө бол биднийг дахин амьдруулах төлөвлөгөөнөөс илүүтэй зүйл юм. Энэ нь бид Түүнтэй адил болж, Түүний аз жаргалыг мэдрэхэд туслах төлөвлөгөө билээ.
Алма 41:11-ийг уншаад, буруу сонголт хийснээр яагаад жинхэнэ ёсоор аз жаргалтай байх боломжгүйг олж мэд. “Шаналлын гүн” (11-р шүлэг) гэдэг нь нүглийн уршгаар туйлын уй гашууг эсвэл сэтгэл санааны хүчтэй зовлонг амсах гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.
-
Бурханы санал болгодог аз жаргал, дэлхийн аз жаргал хоёрын хооронд та ямар ялгааг олж харсан бэ?
-
Хэдийгээр уруу татсан ч аз жаргал авчирдаггүй ямар худал санаа сурталчлахыг та харсан бэ?
Далын ахлагч Маркус Б.Нэш Бурханы мөн чанар, аз жаргал хоёрын хоорондын хамаарлыг ийн тайлбарласан.
Дэлхий дээр Бурхангүй байх нь—өөрөөр хэлбэл Түүний сайн мэдээгээр амьдрахаас татгалзаж, улмаар Сүнсний нөхөрлөлгүй байх нь аз жаргалын мөн чанарын эсрэг байдалд байх явдал гэдгийг сана. Есүс Христийн сайн мэдээ нь үнэн хэрэгтээ, үүнийг—ганц тоон дээр хэлж байгааг анхаарна уу, цорын ганц—“аз жаргалын агуу төлөвлөгөө” (Алма 42:8) гэсэн утгатай юм. Хэрвээ та амьдрах өөр арга замыг сонгох юм уу тохиромжтой гэж үзсэн сайн мэдээний ганц нэг хэсгийг дагаж амьдрахаар оролдвол ийм сонголт таныг Тэнгэр дэх хайрт Эцэг, Түүний Хүү хоёрын танд зориулан бүтээсэн бүрэн дүүрэн, сүр жавхлант баяр баясгалан, аз жаргалыг хуурах болно. (Marcus B. Nash, “The Great Plan of Happiness,” Liahona, Nov. 2006, 49)
Бурханы мөн чанар бол аз жаргал гэдгийг харахад тань туслах Түүний зан чанар эсвэл шинж чанарын жагсаалтыг гарга. Жагсаалтаа гаргаж дуусгаад, эдгээр зан чанар нь Тэнгэрлэг Эцэгт болоод бусдад хэрхэн аз жаргал авчирдаг талаар бод. Жишээлбэл: Бурхан нигүүлсэнгүй юм. Бурхан нигүүлсэнгүй учир наманчилдаг мөн өршөөлийн баяр баясгаланг бусдад түгээдэг сүнснүүдэд баясдаг (Сургаал ба Гэрээ 18:13-ыг үзнэ үү). Бурханы зан чанараас эсвэл зарлигаас дор хаяж нэгийг сонгоод, тухайн зан чанарыг баримталж амьдрах эсвэл тухайн зарлигийг сахих нь хэрхэн аз жаргал авчирч болдгийг дүрсэл.
Сайн сайханд сэргээгдэх нь
Кориантон ёс бус амьдралаар амьдарч, алдар сууд амилж чадна гэж бодсон. Бурханы хуулийн дагуу бол ийм зүйл болохгүй (Галат 6:7–8-ыг үзнэ үү). Алма Кориантоныг залруулж, түүнийг Бурханд болон эцсийн аз жаргалд эргэн ирэх алхмуудыг хийж эхлэхэд урив. Алма 41:12–15-ыг уншаад, Алма Кориантоныг сайн сайхан, аз жаргалд буцаан сэргээгдэхийн тулд хэрхэн амьдрахыг урамшуулан дэмжсэнийг олж мэд.
-
Таны уншсанаас харвал хэрэв хүн илүү их аз жаргал [өөрсдөд нь] буцаж ирэхийг” хүсвэл юуг “гадагш илгээж” чадах вэ? (Алма 41:15).
-
Та Есүс Христийн сайн мэдээгээр амьдарснаар хэзээ жинхэнэ аз жаргал мэдэрсэн бэ?
Алма 41-ээс сурч мэдсэн зүйлээ мөн аз жаргалтай байх хүслийнхээ талаар бод. Дараах асуултууд нь илүү их аз жаргалыг олох төлөвлөгөө гаргахад тань тусалж чадна.
-
Намайг аз жаргалтай болгож, сайн сайханд сэргээгдэхэд тусалж чадах миний хийж эхлэх нэг зүйл юу вэ?
-
Намайг аз жаргалтай болгож, сайн сайханд сэргээгдэхэд тусалж чадах миний хийхээ болих нэг зүйл юу вэ?
Бодол, мэдрэмжийг тань чиглүүлэх Ариун Сүнсийг урь. Төрсөн сэтгэгдлээ хувийн тэмдэглэл эсвэл давтаж хардаг судрууд дээрээ бич. Хэзээ эхлэх, ахиц дэвшлээ хэрхэн хэмжих зэргийг багтаасан үйлдэх төлөвлөгөө гарга.