Семинар
Ифер 2: “Их Эзэний мутраар үргэлжид удирдуулсан”


“Ифер 2: ‘Их Эзэний мутраар үргэлжид удирдуулсан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 2,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 2

“Их Эзэний мутраар үргэлжид удирдуулсан”

Их Эзэний чиглүүлэгч мутар

Та нарт өмнө нь хэцүү шийдвэр юм уу асуудалтай тулгараад, юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байсан үе гарч байсан уу? Жаредын ах болон түүний хүмүүс далайг гатлах усан онгоц барих явцдаа хэд хэдэн томоохон асуудалтай тулгарчээ. Жаредын ах Их Эзэнд итгэх итгэлээр үйлдэж, сорилт бүрд Түүний удирдамжийг эрэлхийлдэг байв. Энэ хичээл та нарт асуудлуудаа шийдвэрлэхдээ Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлэх талаар мэдэхэд тусална.

Асуудал ба шийдвэр

Нийгмийн сүлжээнд хэн нэгэн өсвөр үеийнхэнд эдүгээ тулгарч буй хамгийн түгээмэл гурван асуудал, санаа зовнилын талаар бичсэн байна гэж төсөөл. Энэ хүн дараах зүйлсийг жагсаасан.

  • Онц сурах дарамт шахалт

  • Найзуудтайгаа сайхан харилцаатай байх

  • Ирээдүйгээ төлөвлөх

  • Та нар энэ хүний бичсэнтэй санал нийлж байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Энэ жагсаалтад та нар өөр ямар асуудлыг оруулах вэ? Яагаад?

Цаг гарган, дараах асуултуудыг тунгаан бод.

  • Яг одоо та нарын хамгийн их санаа зовж байгаа асуудал, бэрхшээл юу вэ?

  • Та нар үүндээ Их Эзэний тусламжийг эрэлхийлдэг үү? Хэрхэн?

  • Та нар Их Эзэний тусламжтайгаар санаа зовнил, бэрхшээлээ даван туулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

Их Эзэнээс тусламж авахыг хүсэж байгаа нэг асуудал эсвэл шийдвэрийг сонго. Судлах явцдаа та нар сонгосон асуудал эсвэл шийдвэрийнхээ талаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж авахад туслах үнэнийг эрэлхийл.

Их Эзэний тусламжийг авахад бэлтгэх

Жаредчууд “агуу далай” (Ифер 2:13)-н эрэгт хүрч ирэх хүртлээ Их Эзэний зааврын дагуу “их ус” (Ифер 2:6)-ыг гатлах хөлгийг барьсан. Дараа нь Их Эзэн тэдэнд амлагдсан нутаг тийш “агуу далай”-г гатлахын тулд “эдүгээгээс өмнө [тэд] босгож байсан хөлгүүдийнхээ адил хөлгийг” (Ифер 2:16) дахин босгохыг зарлиглажээ. Жаредын ах энэхүү урт удаан аянд явах Их Эзэний зааврыг дагахаар эрэлхийлэх явцдаа хэд хэдэн томоохон сорилттой тулгарав.

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Доорхтой ижил хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зур. Ифер 2:16–25; 3:1, 4, 6-г уншаад, олсон хариултаа бөглөж бич. Их Эзэн Жаредын ахад янз бүрийн арга замаар хариулсныг анзаар.

Жаредын ах болон түүний хүмүүс юу хийсэн бэ?

Жаредын ахад ямар асуулт, санаа зовнил байсан бэ?

Их Эзэн түүний асуултуудад хэрхэн хариулсан бэ?

  • Эдгээр шүлэг бидний амьдралд хэрхэн хамаарах вэ?

Бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд өөрсдийн чадах хэсгийг хийснээр Их Эзэний тусламжийг хүлээн авч чадна гэсэн зарчмыг бид сурч болно.

  • Жаредын асуултад Их Эзэн ямар өөр арга замаар хариулсан бэ? (Ифер 2:19–23-ыг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899–1973) хэлснээр, Ифер 2:23 дахь “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” гэсэн Их Эзэний асуулт дараах үгстэй төстэй байсан.

“Гэрэлтэй байхын тулд та биднийг юу хийх хэрэгтэй гэж хэлэх вэ?” …

… Их Эзэн түүнд “Юу гээч, Би чамд бодох оюун ухаан, ашиглах сонгох эрхийг өгсөн. Тиймээс асуудлаа шийдэхийн тулд чадах бүхнээ хий; чамайг чадах бүхнээ хийсний дараа би чамд туслах болно.” …

… Хэрэв чи адислал авахыг хүсэж байгаа бол зүгээр л өвдөг сөгдөн үүний төлөө залбирах хэрэггүй. Өөрсдийнхөө эрэлхийлж буй адислалыг хүлээн авахуйц зохистой болохын тулд боломжтой бүх арга замаар өөрийгөө бэлд. (Harold B. Lee, Stand Ye in Holy Places [1974], 243–44)

  • Их Эзэн яагаад зарим нөхцөл байдалд тодорхой зааварчилгаа өгөөд, зарим үед биднийг өөрсдөө шийдэл санал болгоосой гэж мөн асуудлаа шийдвэрлэхийн тулд Түүнээс тусламж гуйгаасай гэж хүсдэг вэ?

  • Их Эзэн яагаад биднийг залбирахын сацуу бодож, хичээл зүтгэл гаргаасай гэж хүсдэг байж болох вэ?

  • Бидний асуулт, санаа зовоосон асуудалд хариулдаг Их Эзэний арга замууд биднийг өсөхөд хэрхэн тусалж болох вэ?

  1. Дараахыг хийж гүйцэтгэ.

    Энэ зарчим бидний цаг үед хэрхэн хэрэгжиж болохыг тунгаан бодоход туслах дараах үйл ажиллагаанаас аль нэгийг хийж гүйцэтгэ.

    1. Их Эзэн танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд асуудал шийдвэрлэх тодорхой зааварчилгааг хэрхэн өгсөн эсвэл Тэр танаас хэрхэн шийдэл санал болгож, Түүний адислалыг эрэлхийлэхийг хүссэн тухай бич. Энэ туршлагаас юу сурч мэдсэнээ бич.

    2. Өнөөгийн өсвөр үеийнхэнд тулгардаг хамгийн нийтлэг нэг асуудал, санаа зовнилыг өөрийнхөө бодлоор бич. Хэн нэгэн энэ асуудлыг даван туулахын тулд юу хийж, Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж болох талаар бод.

Хувьдаа хэрэгжүүлэх

Хичээлийн эхэнд сонгосон асуудал, шийдвэрийн тухай бод. Дараахыг хүснэгтдээ нэм.

Би асуудлаа шийдвэрлэж эсвэл даван туулахын тулд юу хийсэн эсвэл хийж болох вэ?

Надад Их Эзэнээс лавлаж болох ямар асуулт эсвэл санаа зовоосон асуудал байна вэ?

Их Эзэний тусламж эсвэл хариулт ямар арга замаар ирж болох вэ?

Юу хийх ёстойгоо мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг эрэлхийлэх итгэлийг өгдөг Тэдний тухай мэддэг зүйлсээ сана.