Семинар
Ифер 4–5: “Бүх илчлэлтээ тэдэнд мэдүүлнэ”


“Ифер 4–5: ‘Бүх илчлэлтээ тэдэнд мэдүүлнэ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 4–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 4–5

“Бүх илчлэлтээ тэдэнд мэдүүлнэ”

Алтан ялтаснууд

Та нар Их Эзэнээс илүү ихийг суралцахдаа бэлэн үү? Хэрэв үгүй бол юу хийж болох вэ? Жаредын ахын тухай цэдэглэгдсэн үзэгдлийг лацдахыг Их Эзэн Моронайд зарлигласан бөгөөд хүмүүс Жаредын ах шиг итгэлтэй болсон үед эдгээр бичээс илчлэгдэх болно гэдгийг тайлбарласан. Энэ хичээл нэмэлт илчлэлт авахын тулд юу хийж болохоо ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

Биднийг бэлэн болсон үед

Өөртөө эсвэл гэр бүлийнхэнд тань онцгой үнэ цэнтэй ямар нэг зүйлийн талаар бод.

  • Та үүнийг бусадтай баяртайгаар хуваалцаж болох ч бяцхан хүүхдэд өгөхдөө яагаад болгоомжтой ханддаг вэ?

  • Үүнийг хүүхдэд найдаж өгөхөөсөө өмнө түүнд юуг зааж сургах хэрэгтэй вэ?

Үүнтэй адилаар, Их Эзэн бидэнд үнэнүүдийг илчлэхдээ баяртай байдаг ч биднийг тэдгээрийг хүлээн авахад бэлэн болох хүртэл хүлээдэг (Алма 12:9–11-ийг үзнэ үү).

Мормоны Номын лацдагдсан хэсэг

Мормоны Номын лацдагдсан хэсэг бол Их Эзэний биднийг бэлэн болтол үнэнийг илчлэхээ азнаж байгаагийн жишээ юм. Иосеф Смитэд уг хэсгийг нээж эсвэл орчуулж болохгүй хэмээн зарлигласан (Ифер 5:1-ийг үзнэ үү). Энэ хэсэг Жаредын ахад өгсөн үзэгдлийн тухай цэдгийг агуулдаг.

Хаалтад жагсаасан судруудыг ашиглан, дараах үнэн эсвэл худал асуултуудад хариул. Энэ нь Мормоны Номын лацдагдсан хэсгийн талаар илүү ихийг сурахад та нарт туслах болно.

  1. Аврагч Жаредын ахад Өөрийгөө үзүүлж, түүнд тохинуулсан (Ифер 3:20).

  2. Их Эзэн Жаредын ахад дэлхийн бүх оршин суугчийг мөн өнгөрсөн болон ирээдүйг харуулсан ба түүнд бүгдийг мэдүүлсэн (Ифер 3:25; 4:4)

  3. Их Эзэн Жаредын ахад сурсан зүйлсээ бичихийг мөн түүнийгээ битүүмжлэн лацдахыг зарлиглав. Үүнийг Их Эзэний будилуулсан хэлээр бичсэн бөгөөд тэнгэрлэг орчуулагчидгүйгээр унших боломжгүй байлаа (Ифер 3:21–22, 24, 27; 4:1).

  4. Их Эзэн Жаредын ахад цэдгийг орчуулахад ашиглаж болох гурван чулууг өгчээ (Ифер 3:23–24, 28).

  5. Жаредын ахын цэдгийг хэн ч уншаагүй (Ифер 4:2–5).

Зөв хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд байгаа.

Нэмэлт илчлэлт олж авах

Моронайгаар дамжуулан Их Эзэн бидэнд Өөр дээр нь ирж, илчлэлтийг мөн Мормоны Номын лацдагдсан хэсэгт агуулагдаж буй нэмэлт илчлэлтийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийх ёстойг илчилсэн.

Ифер 4:5–15-ыг анхааралтай уншаад, дараах үнэнийг гүйцээх арга замуудыг олж мэд. 8 ба 11-р шүлэг дэх “эдгээр зүйл” гэсэн хэллэг нь Мормоны Номыг хэлж байна. 15-р шүлэгт дурдсан жишээ болох гивлүүр нь ямар нэгэн зүйлийг хучихад эсвэл нуухад ашигладаг хөшиг, даавуу юм.

  • Их Эзэн биднийг нэмэлт илчлэлтээр адислах болно …

Дараах хэллэгүүд нь дээрх үнэнийг гүйцэлдүүлэх арга зам байж болох юм. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судлах тэмдэглэлдээ бичиж болно.

  • “…наманчилж, мөн Их Эзэний өмнө цэвэр болох” (Ифер 4:6)

  • “итгэлээ хэрэглэх” (Ифер 4:7)

  • “Эдгээр зүйлд [итгэх]” (Их Эзэний аль хэдийн илчилсэн зүйлийг буюу тэр тусмаа Мормоны Номыг хэлж байна) (Ифер 4:8, 11)

  • “[Аврагч руу] ирэгтүн” (Ифер 4:13–15)

  • “харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр” (Ифер 4:15) залбир

Хэрэв эдгээр үг хэллэгийг илүү сайн ойлгоход тустай гэж үзвэл, түлхүүр үгсийг Судруудын удирдамжаас эсвэл Ерөнхий чуулганы аппаас хайж ол. Жишээ нь: Судруудын удирдамжаас харууссан зүрхийг олж харах нь тустай байж болно.

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Та нарт эдгээр зарчмын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслах дараах үйлдлүүдээс дор хаяж нэгийг үйлд.

    1. Эдгээр үйлдлээс нэг эсвэл хэд хэдийг үйлдэж байгаагаар сударт гардаг эсвэл орчин үеийн хүний жишээг бод. Эдгээр үйлдэл нь Их Эзэний тусламж, илчлэлтийг авахад хэрхэн удирдсаныг бич.

    2. Эдгээр үйлдлээс нэгийг эсвэл хэд хэдийг үйлдсэнээр амьдралд тань Их Эзэний хариулт эсвэл удирдамж ирсэн үеийн талаар бод. (Нэг жишээ нь Мормоны Номыг өнөөг хүртэл судалснаараа юу сурч, юунд итгэж, энэ нь таны амьдралд хэрхэн илчлэлт авчирсан талаар тунгаан бодох байж болно.)

  1. Дараах асуултуудад хариул.

    • Биднийг 5–15-р шүлэгт дүрсэлсэн арга замаар амьдрах үед Их Эзэн яагаад биднийг илүү их илчлэлтээр адисална гэж та нар бодож байна вэ?

    • Их Эзэний дүрсэлсэн хүмүүс болж чадахгүй байх нь яагаад нэмэлт илчлэлтийг хүлээн авахад бэлэн биш болгодог вэ?

    • Энэ нь Их Эзэний талаар мөн Тэр биднийг ямар хүн болоосой гэж хүсдэг талаар бидэнд юу зааж байна вэ?

Их Эзэн Мормоны Номын лацдагдсан хэсгийг “өөрийн зохих цагт” (2 Нифай 27:21) буюу биднийг Жаредын ах шиг итгэлээ хэрэгжүүлэх (Ифер 4:7-г үзнэ үү) үед илчлэх болно. Үүнтэй адил Их Эзэнд та нарт өгөхөөр хүлээж буй нэмэлт илчлэлт байж магадгүй юм. Хичээлийн төгсгөлд дараахыг хийнэ үү.

  • Итгэлээ хэрэгжүүлж, ариусгагдсан хүмүүсийн тухай эдгээр шүлэг дэх дүрслэлийг эргэн харж, та нар тэдэнтэй юугаараа адил болохыг мөн юугаа сайжруулах шаардлагатай байж болохыг тунгаан бод.

  • Их Эзэн та нарыг нэмэлт илчлэлт хүлээн авахын тулд юу хийгээсэй гэж хүсэж байгааг мэдэхийн тулд тунгаан бодож, залбир. Төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ судлах тэмдэглэлдээ бич.

Үнэн, худал сорилгын хариу: Эхний гурван мэдэгдэл үнэн, сүүлийн хоёр нь худал юм.