“Ифер 1: Их Эзэнээс залбиран гуй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 1,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 1
“Их Эзэнээс залбиран гуй”
Та нарыг бэрхшээлтэй тулгарах үед Их Эзэнтэй харилцах харилцаа тань хэрхэн өөрчлөгддөг вэ? Ёс бус хүмүүсийг тэнгэрт хүрэх цамхаг барихаар оролдсонд Их Эзэн тэдний хэлийг будилуулж, нэг нэгнээ ойлгохгүй болгов (Эхлэл 11:1–9-ийг үзнэ үү). Жаредын ах Их Эзэнд хандан гуйж, гэр бүл, найз нөхдийг нь энэхүү төөрөгдлөөс хэлтрүүлж өгөхийг хүсэв (Ифер 1:34–37-г үзнэ үү). Их Эзэн түүний чин сэтгэлийн залбиралд өрөвч нинжин сэтгэл, нигүүлслээр хариулжээ. Энэ хичээл та нарыг илүү чин сэтгэлээсээ, илүү тууштай залбирахад урамшуулах зорилготой.
Чин сэтгэлийн, тууштай залбирал
Судлах, дасгал хийх, бусдад үйлчлэх гэх мэт сайн үйлсийн талаар бод. Тэдгээр үйлдлийг ашиглаж, дараах өгүүлбэр дэх үг хэллэгүүдийг зохих ёсоор гүйцээ.
-
Хэрэв хэн нэгэн хааяа нэг (үйлдэл), дараа нь .
-
Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ, урт хугацаанд тууштайгаар (үйлдэл), дараа нь .
-
Та залбирах гэсэн үйл үгийг ашиглан, эдгээр хоёр мэдэгдлийг хэрхэн гүйцээж болох вэ?
-
Бидний хүсдэг шигээ үргэлж тууштай эсвэл чин сэтгэлээсээ залбирч чаддаггүйн шалтгаан юу вэ?
Залбирлынхаа талаар цаг гарган тунгаан бод. Таныг чин сэтгэлээсээ, тууштай залбирахад юу тусалдаг вэ? Таныг чин сэтгэлээсээ, тууштай залбирахад юу саад болдог вэ? Та юуг нь сайжруулахыг хүсэж байж болох вэ?
Энэ хичээлийг судалж байхдаа залбирахад тань тус болох үнэнийг эрж хай.
Иферийн ном
Моронай Мормоны Номын энэ хэсэгт Иферийн номыг оруулсан. Энэ ном жаредчуудын түүхийг агуулдаг. Үүнийг Лимхайн илгээсэн хүмүүсийн олсон 24 алтан ялтаснаас орчуулсан (Мозая 8:7–11; Ифер 1:1–2-ыг үзнэ үү). Энэ ном Жаредын ахын цэдэг болон Их Эзэнд хандсан түүний залбирлаар эхэлдэг. Түүнийг хэзээ амьдарч байсныг ойлгохын тулд дараах он дарааллыг хараад, энэ жил Мормоны Номоос судалсан бусад хүнтэйгээ харьцуул (огноог ойролцоогоор гаргасан болно).
Жаредчуудын түүх эхлэх үед өрнөж буй үйл явдлыг харахын тулд Ифер 1:33-ыг унш.
-
Та нар “агуу цамхаг”-ийн тухай болон “Их Эзэн хүмүүсийн хэлийг [будилуулсан]” (Ифер 1:33) талаар юу мэдэх вэ?
Хэрэв уг түүхийн талаар сайн мэдэхгүй бол ChurchofJesusChrist.org-оос “The Tower of Babel” (0:58) видеог үзүүлэх юм уу Эхлэл 11:1–9-ийг унш (мөн Мормоны Номын эхний хуудасны 2 дахь догол мөрийг үзнэ үү).
-
Тэр цаг үед амьдрахад ямархуу байх байсан бол?
Бурханд итгэлтэйгээр залбиран гуйх
Заримдаа судруудад үг хэллэгүүдийг илүү тодотгож, ач холбогдол өгөхийн тулд давтамжийг ашигладаг. Эдгээр давтагдсан үг хэллэгийг хайх нь сүнслэгээр өдөөгдсөн бичээч юу заахыг хичээж буйг илүү сайн ойлгоход тусална.
Жаред болон түүний ах асуудлаа хэрхэн шийдэхээр эрэлхийлснийг харахын тулд Ифер 1:34–37-г унш. Жаредын ах хэрхэн залбирч, Их Эзэн хэрхэн хариулсныг харуулсан давтагдсан үг хэллэгүүдийг тэмдэглэхийг бодож үз.
-
Та нар тэмдэглэсэн үг хэллэгүүдээсээ юу сурсан бэ?
Биднийг Бурханд хандан итгэлтэйгээр залбиран гуйхад Тэр биднийг өрөвдөн нигүүлсэх болно гэсэн нэг зарчмыг бид энэ цэдгээс сурч болно.
Чин сэтгэлээсээ, тууштай залбирахад Их Эзэн өрөвч нинжин сэтгэлээр хариулдаг орчин үеийн жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org-оос “Answers to Prayer” видеог цагийн код 2:17-аас 4:32 хүртэл үзнэ үү.
Жаредын ах хариултаа хүлээж авах хүртэл хэр удсаныг бид мэдэхгүй гэдгийг ойлгох нь чухал. Далын ахлагч Брүк П.Хэйлс ийн хуваалцсан.
Эцэг бидний хэн болохыг, хэрэгцээ маань юу болохыг мэддэг бөгөөд төгс арга замаар бидэнд туслах болно. Заримдаа тэдгээр тусламж тэнгэрлэг тусламжийг хүссэн яг тэр мөчид эсвэл төд удалгүй ирдэг. Заримдаа чин сэтгэлийн, зүй зохистой хүслийг маань бидний хүсэн хүлээсэн арга замаар хариулдаггүй ч Бурхан үүнээс ч илүү агуу адислалыг бидэнд бэлдсэн байгааг бид олж мэддэг. Харин заримдаа бидний зөв шударга хүсэл энэ амьдралд биелэхгүй байх нь ч бий. (Брүк П.Хэйлс, “Залбирлын хариу,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)
-
Эдгээр сургаалыг санах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Их Эзэнд хандан залбирах үед Тэр танд болон таны таньдаг бусад хүнд хэрхэн өрөвч нинжин сэтгэлээр хандсан бэ?
Тууштай залбирах
Ифер 1:38–43; 2:5, 13–15-ыг уншаад; залбирал, Их Эзэний хариултуудын талаарх нэмэлт ойлголтыг эрж хай.
Залбирлаа сайжруулах
Та нар өсвөр үеийнхэнд залбирлаа сайжруулахад нь хэрхэн туслах тухай өсвөр үеийнхний хэлэлцүүлэгт оролцож байна гэж төсөөлөөд үз.
Ариун Сүнсний сүнслэг өдөөлтийг эрэлхийлж, залбирлаа хэрхэн өөрчлөх шаардлагатай талаараа тунгаан бод. Тодорхой зорилго тавьж, хүлээн авсан бодол, мэдрэмжээ дагах амлалт өг.