Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 6: Алма 17–Алма 52


“Суралцахуйгаа үнэлэх нь 6: Алма 17–Алма 52 “Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 6

Алма 17Алма 52

Судраас суралцаж буй залуу эмэгтэй

Энэ хичээл танд өмнөө тавьсан зорилгоо болон Мормоны Номыг саяхан судлах явцдаа олж авсан өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Суралцагчдад өөрийгөө үнэлж сурахад нь тусал. Өөрөө өөрийгөө тогтмол бөгөөд тууштай үнэлэх нь суралцагчдад хэрхэн Аврагчтай илүү адил болж байгаагаа харахад тусална. Суралцагчдыг Есүс Христийн тухай юу мэдэж, мэдэрч байгаагаа залбирч тунгаан бодоход урь. Тэднийг ахиц дэвшлээ чин сэтгэлээсээ үнэлж, Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх үедээ хийж болох өөрчлөлтийг бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүүлийн хэдэн долоо хоногт сурч мэдсэн зүйлээ эсвэл сүнслэг байдлаар өссөн арга замаа хуваалцахад бэлдэн хүрэлцэн ирэхэд урь. Суралцагчдад судлах тэмдэглэлээ эсвэл судар дээрх тэмдэглэлээ давтаж үзэх нь тустай байж болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Өсөлтөө хэмжих

  • Дараах хэрэгслийг юунд ашигладаг вэ?

Дараах хэрэгслүүдийн зургийг харуул эсвэл боломжтой бол зарим хэрэгслийг ангид авчир.

амны халуун хэмжигч
цусны даралт хэмжигч багаж
жин хэмжигч
  • Эдгээр хэрэгсэл хэр үнэ цэнтэй мөн чухал вэ?

Биеийн эрүүл мэнд, өсөлтийг хэмжих нь чухал байдаг шиг таны сүнслэг байдлын эрүүл мэнд, ахиц дэвшлийг үнэлэх нь бас чухал юм. Энэ хичээл танд үүнийг хийх боломжийг олгоно.

Суралцагчдад сүүлийн үеийн сүнслэг ахиц дэвшлийн талаар эргэцүүлэн бодоход туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь. Эдгээр асуултыг үзүүлж, ангийнхантай хариултаа хуваалцахаасаа өмнө суралцагчдыг хариултаа судлах тэмдэглэлдээ бичихэд урь.

  • Та саяхан юунд талархаж сурсан бэ?

  • Сүүлийн үед таны мэдрэмж мөн хандлагад ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?

  • Танд сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх ямар ямар арга зам байна вэ?

Өөрийн сүнслэг боловсрол, өсөлт хөгжилтийг үнэлэхийн тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэ. Өөрийн хүрсэн ахиц дэвшил, сайжруулах шаардлагатай байж болох талбараа тодорхойлоход тань туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй.

Танай ангийнхны Алмагийн тухай судалсан хичээл дараах үйл ажиллагаанд дүгнэсэн үнэнээс өөр үнэнийг онцолсон байж магадгүй. Өөрийн онцолсон үнэнийг багтаахын тулд дараах үйл ажиллагааг тохируулан өөрчил. Бүх санааг энэ хичээлд тусгах юм уу тэдгээрийг бичсэн байдлаар хандах шаардлагагүй гэдгийг сана.

Авралын төлөвлөгөөний тухай болон Есүс Христийн үүргийн талаарх чухал үнэнүүдийг тайлбарлах нь

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад саяхан судраас судалснаасаа авралын төлөвлөгөөний талууд, Есүс Христийн үүргийн талаар тайлбарлахад туслах зорилготой. Суралцагчдад хэрхэн эсвэл юу зааж сургасан дээрээ үндэслэн юу сурч мэдсэнээ хамгийн сайн тунгаан бодож, тайлбарлахад туслах үүднээс дараах зүйлсийг тохируулан өөрчил.

Алмагийн тухай судалснаар та авралын төлөвлөгөөний талаар болон Есүс Христийн чухал үүргийн талаарх үнэнийг илүү сайн тайлбарлахад туслах зарим зүйлийг мэдэж авсан байж магадгүй.

Гүйцээхийн тулд дараах үйл ажиллагааны нэгийг сонго.

Суралцагчдын хариулах дараах жишээ, асуултуудыг үзүүл.

Үйл ажиллагаа 1: Авралын төлөвлөгөө

Саяхан таны найзуудын нэг хайртай хүнээ алдсан гэж төсөөлөөд үз.

  • Саяхан сурч мэдсэн зарим үнэнийхээ тухай бодоод, авралын төлөвлөгөөний талаар найзтайгаа юу хуваалцаж болох вэ? Энэ нь түүнд хэрхэн тусалж болох вэ? (Алма 11; 12; 40-ийг үзнэ үү.)

Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол Алма 11:41–45; 12:24–25; 22:13–14; 40:11–14, 21, 23 зэрэг авралын төлөвлөгөөний талаарх тодорхой жишээг ашигла.

Үйл ажиллагаа 2: Есүс Христийн үүрэг

Таны Есүс Христэд итгэх итгэлд эргэлзэж байгаа хүнтэй ярилцаж байна гэж төсөөл.

  • Саяхан сурч мэдсэн зарим үнэнийхээ тухай бодоод, Есүс Христийн чухал үүргийн талаар энэ хүнтэй юу хуваалцаж болох вэ? (Алма 26; 34; 36-г үзнэ үү.)

Суралцагчдад тусламж хэрэгтэй бол Алма 26:12–14, 16, 22, 35–37; 34:8–10; 36:16–21 зэрэг Есүс Христийн үүргийн талаарх тодорхой жишээг ашигла. Алма 26 дахь Аммоны Бурханы тухай хэлсэн үгс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хоёуланг нь хэлж болно гэдгийг суралцагчдад мэдэгдэх нь тустай байж болох юм.

Есүс Христийн ачаар өөрчлөгдөхийг хүсэх хүсэл тань нэмэгдэж байгааг мэдэр

Та саяхан сурч мэдсэн хичээлээрээ Есүс Христийн тухай мэдсэнийхээ ачаар өөрчлөгдсөн олон хүний тухай олж мэдсэн.

Суралцагчдыг Есүс Христийн ачаар өөрчлөлтийг мэдэрсэн зарим хүнийг Мормоны Номоос нэрлэхэд урь. Шаардлагатай бол дараах гурван жишээг хуваалц. Суралцагчдыг бүлгүүдэд хуваарилж, дараах шүлгийн аль нэгийг давтахыг даалгаж болно. Дараа нь бүлэг бүрээс нэг суралцагч ангийнхандаа уншсан зүйлээ нэгтгэн дүгнэж болно.

Эдгээр хүнд тохиолдсон өөрчлөлтийг санахад туслахын тулд дараах судруудыг судал. Эдгээр хүний тухай сурах үедээ юу мэдэрсэн тухайгаа бод.

Аммоны заасан леменчүүд: Алма 17:13–16 (өмнө); Алма 19:33, 36 (дараа)

Хаан Лемонайн эцэг: Алма 20:8–14 (өмнө); Alma 22:15–18 (дараа)

Залуу Алма: Алма 36:6 (өмнө); Алма 36:18, 24–26 (дараа)

  • Тэдний өөрчлөгдөх хүслийн талаар та юу анзаарсан бэ?

Есүс Христийн ачаар өөрийн өөрчлөгдөх хүслээ эргэцүүлж бод. Үүнийг гүйцэтгэхэд дараах асуултууд танд тус болж болох юм. Та судлах тэмдэглэлдээ эдгээрт хариулж болно.

Дараах асуултуудыг харуулах боломжтой бөгөөд суралцагчид судлах тэмдэглэлдээ хариулахаар сонгож болно.

  • Та Мормоны Ном дахь энэ хүмүүсийн хүслийн заримыг мэдэрч байсан уу? Та яагаад ингэж мэдэрсэн бэ?

  • Эдгээр ижил хүсэл тэмүүллийг мэдрэхэд таныг юу хөтлөх боломжтой байсан эсвэл хөтөлсөн гэж та бодож байна вэ?

Ариун Сүнсээр илчлэлт хүлээн авах

Семинарын чухал зорилгын нэг бол Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авах чадвараа хөгжүүлэхэд тань туслах явдал юм.

Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авсан сүүлийн үеийн туршлагаа эргэцүүлэн бод. Та ангидаа эсвэл гэртээ судалж байхдаа судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичсэн зарим тэмдэглэлээ давтаж болно.

  ChurchofJesusChrist.org 

3:4

Суралцагчдыг Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авснаар саяхан адислагдсан зарим арга замынхаа талаар ярилцахад урь. Дараах асуулт танд энэ тал дээр тусална.

  • Та Мормоны Номыг саяхан судлахдаа Ариун Сүнснээс ямар ойлголт хүлээн авсан бэ?

  • Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юуг ойлгож эсвэл мэдрэхэд тусалсан бэ?

  • Саяхан Ариун Сүнс таныг ямар зөв шударга үйлдэл хийхэд өдөөсөн бэ?

Суралцагчдыг Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлтийг үргэлжлүүлэн эрэлхийлж, үүний дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.