Семинар
Алма 45–46: Моронай эрх чөлөөний туг өргөв


“Алма 45–46: Моронай эрх чөлөөний туг өргөв,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 45–46,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 45–46

Моронай эрх чөлөөний туг өргөв

Моронай ба эрх чөлөөний туг

Моронай Амаликаягаас болж хүмүүсийнх нь дунд үүссэн зөрчилдөөний тухай сонсоод уурлав. Тэрээр эрх чөлөөний тугийг бүтээж, үргэлж санаж явах чухал зүйлсийг ард түмэндээ зориулан туган дээрээ жагсаан бичив. Моронайн үгс тэднийг Бурханд үнэнч байх амлалтаа хүчирхэгжүүлэхэд нь сүнслэгээр өдөөсөн. Энэ хичээл Бурханд үнэнч гэдгээ харуулах арга замуудыг ойлгоход тань тусална.

Суралцагчдад Их Эзэнийг санахад тусал. Их Эзэнийг болон Түүний сайн сайхныг дурсан санах нь Мормоны Номын туршид тогтоосон үндсэн санаа юм (2 Нифай 10:2; Иаков 6:4; Моронай 10:3). Суралцагчдыг Есүс Христийг санаж, Тэрээр тэднийг хэрхэн адисалж, хүчирхэгжүүлсэн талаар эргэцүүлэн бодоход туслах суралцах үйл ажиллагаанд оролцоход урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы зарлигуудыг дагахыг сүнслэгээр өдөөдөг эсвэл сануулдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бүү март

Дараах асуултуудыг үзүүл. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хариулж болно. Та мөн өөрийнхөө амьдралаас жишээ хуваалцаж болно.

  • Та хэзээ ямар нэгэн чухал зүйлийг мартаж байсан бэ? Үр дүнд нь юу болсон бэ?

  • Хэзээ ч мартахыг хүсдэггүй зүйлс тань юу вэ? Яагаад?

Өнөөдөр та нифайчууд Их Эзэнээр дамжуулан гайхамшигт чөлөөлөлтийг амссан хэдий ч Их Эзэнийг санаж чадаагүй цаг үеийнх нь талаар мэдэх болно. Та Алма 43–44-ийг судалснаар өөрсдөөс нь үлэмж олон байсан леменчүүдийг тулалдаанд ялахад нь нифайчуудад Их Эзэн тусалсан гэдгийг санаж магадгүй юм (Алма 43:51–54-ийг үзнэ үү).

Алма 45:1-ийг уншаад, энэхүү гайхамшигт ялалтын дараа нифайчууд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

Энх тайван тогтсон тэр цаг үед Алмагийн хүү Хиламан газар даяар сүмийн дээд санваартнуудыг болон багш нарыг томилж, ах дүүтэйгээ хамт Бурханы үгийг номложээ.

Алма 45:23–24; 46:1–5, 7–8-ыг уншаад, хүмүүс эдгээр сургаалыг хэрхэн хүлээж авсан талаар олж мэд.

  • Эдгээр шүлэг дэх нифайчуудын хандлага, зан авирын юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Их Эзэнийг мартвал юу тохиолдож болох талаар 8-р шүлэг-ээс бид ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?

Алма 46:8-аас бидний сурч мэдэж болох нэг үнэн бол Их Эзэнийг мартах үедээ бид гэм буруу үйлдэхэд илүү амархан хөтлөгдөх болно гэсэн үнэн юм.

Та энэ үнэний нотолгоог амьдралдаа хэрхэн олж харсан талаараа бод. Та өнөөдөр үргэлжлүүлэн судлах явцдаа Их Эзэнийг илүү сайн санаж, Түүнд үнэнч гэдгээ харуулахад тань туслах сургаалуудыг олж мэд.

Моронай эрх чөлөөний тугийг бүтээв

Моронай нифайчуудын дунд ийм маргаан үүсгэснийх нь төлөө Амаликаяд уурлав.

Алма 46:12–14, 19–20-ийг уншаад, нифайчуудыг Бурханд үнэнч байхад нь сүнслэгээр өдөөхийн тулд Моронайн юу хийснийг олж мэд.

Дараах асуултуудыг асуухаасаа өмнө 12-р шүлэг-ийн эдгээр зүйлийг самбар дээр жагсаан бичээрэй: Бурхан, шашин, эрх чөлөө, энх тайван, гэр бүл (эхнэр, хүүхдүүд).

  • Яагаад Моронай хүнд хэцүү тэр цаг үед бусдад харуулахын тулд эдгээр үгийг сонгосон гэж та бодож байна вэ?

  • Өнөөдөр дэлхий дээр эдгээр зүйлийн нэг буюу хэд хэдэн зүйл мартагдаж, онцлогдохоо больсныг та хэрхэн харж байна вэ?

Моронайн нэгэн адил энэ үеийн Сүмийн удирдагчид эдгээр үнэт зүйлийг санаж, хамгаалахад биднийг урьсан. Дараах мэдэгдлүүдийг уншиж, эрх чөлөөний туг дээр жагсаан бичсэн зүйлстэй холбоотой орчин үеийн сургаалуудыг олж мэд.

тараах материал шигтгээ зураг Доорх тараах материалыг тарааж, суралцагчдад түүн дээрх мэдэгдлийг бие даан эсвэл хамтрагчтайгаа судлах цаг гаргаж өг.

Эсвэл та мэдэгдлийг тус тусад нь хэвлэж, өрөөний ханан дээр байрлуулж болно. Мэдэгдэл бүрийг эрх чөлөөний туг шиг харагдуулахын тулд тугийн дүрс дээр хэвлэж эсвэл нааж болно. Суралцагчдад эргэн тойрондоо алхаж, мэдэгдэл бүрийг унших цаг гаргаж өгч болно.

Эрх чөлөөний тугтай холбоотой орчин үеийн сургаалууд

“Бидний Бурханы дурсгалд”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Есүс Христийн талаар маш бага зүйл мэддэг хүмүүс энэ дэлхийд олон байдаг бөгөөд Түүний нэрийг олон зууны турш тунхаглаж байсан дэлхийн зарим хэсэгт Есүс Христэд итгэх итгэл буурч байна. …

Дэлхий ертөнц Есүс Христийн тухай бага ярих тусам бүгдээрээ Түүний тухай илүү их ярьцгаая. Түүний шавийн хувьд бидний жинхэнэ өнгө төрх илчлэгдэх тэр үед эргэн тойронд маань байгаа хүмүүсийн ихэнх нь биднийг сонсоход бэлэн байх болно. (Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

“бидний шашны … дурсгалд”

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Бид ямар нэгэн шалтгаанаар өөрсдийн сүмд ач холбогдол өгөхөө боливол хувийн сүнслэг амьдралд маань аюул учрах бөгөөд Бурханаас өөрсдийгөө холдуулсан хүмүүсийн тоо манай улс үндэстнийг адислах Түүний адислалуудыг багасгана.

Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд тусалдаг. Сүмд бид шашны зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заалгаж, бие биеэсээ суралцдаг. …

… Бурханы бүх бэлгийн хамгийн агуу нь болох мөнх амьдралыг эрэлхийлэхдээ Сүмийн эдгээр туршлагадаа тууштай байгаасай хэмээн би … залбирч байна. (Даллин Х.Өүкс, “Сүмд явах хэрэгцээ2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18)

“Бидний эрх чөлөөний … дурсгалд”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн заасан.

Шашны эрх чөлөө гэж юу вэ?

Энэ бол бүхий л хэлбэрээр шүтэн бишрэх эрх чөлөө юм. Үүнд цуглан чуулах, үг хэлэх, хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэх эрх чөлөө хамаарах бөгөөд бусад хүн ч мөн адил үйлдэх эрх чөлөөтэй. Шашны эрх чөлөө нь хүн бүрд юунд итгэхээ, итгэлийнхээ дагуу хэрхэн амьдарч, үйлдэхээ мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг өөрсдөө шийдэх боломжийг олгодог. …

Би та бүхнийг шашны эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалж байна. Энэ нь Бурханы өгсөн сонгох эрх чөлөөний зарчмын илэрхийлэл юм.

Шашны эрх чөлөө нь өрсөлдөгч гүн ухааны эсрэг тэнцвэртэй байдлыг бий болгодог. Шашны сайн тал, хамрах хүрээ, урамшуулан дэмждэг өдөр тутмын хайрлах үйл хэрэг нь биднийг гол итгэл үнэмшлээ илэрхийлж, үүний дагуу үйлдэх эрх чөлөөгөө хамгаалах үед нэмэгддэг. (Роналд А.Расбанд, “Дэлхийг эдгээхийн тулд,” 2022 оны 5-р сарын Лиахона, 91)

“Бидний энх тайвны … дурсгалд”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Бүх шархыг Эдгээгч, бүх бурууг зөвтгөгч Тэрээр биднээс дэлхийд өөр ямар ч аргаар олдохгүй амар тайвныг бүтээх хэцүү үүрэг даалгаврын төлөө Өөртэй нь хамт хөдөлмөрлөөсэй хэмээн хүсэж байна. …

… Амар тайвныг хайрлах, амар тайвныг эрэлхийлэх, амар тайвныг бүтээх, амар тайвныг цогцлоохыг буюу амар тайвныг тогтоогч байгаасай гэж би гуйж байна. Би энэ гуйлтаа Амар Амгалангийн Ханхүүгийн нэрээр хэлж байна. (Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

“Бидний [гэр бүлүүдийн] … дурсгалд”

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон ийн заасан.

Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамааран хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. Хэрэв энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм бол мөн бидний ч төлөвлөгөө байх ёстой! …

… Бүгд зоригтой зогсож, гэрлэлт, эцэг эх байх эрхийн, мөн гэр орныхоо хамгаалагчид нь байснаар Бурханы хаант улсыг байгуулахад гар бие оролцон тусалцгаая. Бид Их Эзэний төлөвлөгөөг хамгаалж, Түүний үнэнийг хойч үедээ зааж сургадаг, зоригтой, гуйвшгүй, бат дайчид нь байх ёстой. (Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4 сарын Ерөнхий чуулган, 134)

Суралцагчдыг эдгээр мэдэгдлээс юу өөрсдөд нь сэтгэгдэл төрүүлснийг хуваалцахад урь. Тэд эрх чөлөөний туг дээр жагсаан бичсэн зүйлсийг Христийн адилаар санаж, хамгаалж болох тодорхой арга замуудын талаар ярилц.

  • Эрх чөлөөний туг дээр жагсаан бичсэн үнэт зүйлсийг санах ямар ямар арга байна вэ?

  • Танд Христтэй адилаар тэднийг хамгаалах ямар арга зам байна вэ?

Эрх чөлөөний тугийн нөлөөлөл

Моронайг эдгээр чухал үнэнийг сануулсны дараа нифайчуудын олонх нь Бурханыг хэзээ ч орхихгүй бөгөөд энх тайвны төлөө хичээх болно гэсэн гэрээ хийсэн (Алма 46:21–22, 28–31-ийг үзнэ үү).

Алма 46:36–38-ыг уншаад, Моронай Бурханыг болон эрх чөлөөний туг дээр дурдсан бусад чухал зүйлийг санахад хүмүүст туслахын тулд юу хийснийг олж мэд.

  • Эрх чөлөөний туг дээр жагсаан бичсэн зүйлсийн алийг нь та амьдралдаа илүү сайн санаж явахыг хүсэж байна вэ?

  • Та энэ сэдвийг илүү сайн санахын тулд эсвэл энэ талаарх итгэл үнэмшлээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ?

Өнөөдрийн ярилцсан үнэнүүдийг гэрчил. Суралцагчдыг Бурханыг болон эрх чөлөөний туг дээр дурдсан бусад зүйлийг хүндэтгэж, санаж явахын тулд хүчин чармайлт гаргахад урамшуулан дэмж.