Семинар
Моронай 2–3: Санваарын эрх мэдэл


“Моронай 2–3: Санваарын эрх мэдэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай 2–3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 2–3

Санваарын эрх мэдэл

батлуулж буй залуу эмэгтэй

Бурханаас авсан жинхэнэ санваарын эрх мэдэл Аврагчийн Сүмд чухал юм. Ирээдүйн хойч үедээ захиж хэлсэн зарим сүүлчийн үгэндээ тэрээр санваарын ёслолуудыг үйлдэх эрх мэдлийн тухай заасан байв. Ингэхдээ тэрээр санваарыг хэрхэн ашигладаг тухай чухал үнэнийг хадгалжээ. Энэ хичээл Аврагчийн Сүм дэх санваарын эрх мэдлийг ойлгоход тань тусална.

Есүс Христэд төвлөрөхөд нь суралцагчдад тусал. Судрууд хэрхэн бидэнд Аврагчийг илүү сайн ойлгоход тусалдаг зарчмуудыг заадаг талаар тунгаан бод. Суралцагчдыг судруудаас нээн илрүүлсэн сайн мэдээний зарчмуудаасаа Есүс Христийн хүч, нигүүлсэл, нөлөөний талаар юу сурч мэдэж болохыг олж мэдэхэд урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг санваарын удирдагчтай эсвэл Сүмийн дуудлагад үйлчилдэг хэн нэгэнтэй ярилцахад урь. Суралцагчид тухайн хүнээс үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд Аврагчийн эрх мэдлийг хүлээн авахад ямар санагдсан талаар нь асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ангийнхныг орж ирэхээс өмнө шохой, маркер эсвэл өөрийн судар зэрэг хичээлийн үеэр хэрэг болох нэг зүйлээ нуу. Суралцагчдыг нуусан зүйлийг олоход урьж, яагаад энэ нь хичээлд хэрэгтэй болохыг асуу.

Суралцагчдад Их урвалтын үеэр олон энгийн бөгөөд нандин үнэнүүд алдагдсан гэдгийг сануул (1 Нифай 13:26–27, 32-ыг үзнэ үү). Моронайн бичээснүүд Урвалтын үеэр алдагдсан Аврагчийн Сүмийн байгууллагын талаарх чухал үнэнүүдийг заадаг.

“Чухал”

Моронай өөрийн эрин үедээ Америк тив дэх сүүлчийн санваарын удирдагчдын нэг байв. Тэрээр өөрийг нь үхэх үед Аврагчийн Сүмийн болон Түүний санваарын эрх мэдлийн талаарх чухал мэдлэг алдагдана гэдгийг мэдэж байсан. Моронай зарим сүүлчийн үгэндээ ирээдүй хойч үедээ “чухал байж” магадгүй хэмээн бодсон зүйлсээ бичив (Моронай 1:4). Тэрээр зөвхөн Аврагчийн Сүмд л боломжтой байх санваарын эрх мэдэл, ёслолуудын тухай бичжээ.

Амилсан Аврагч нифайчууд дээр зочлох үедээ “тэрбээр өөрөө сонгосон шавь нартаа гараа хүргэж”, “Ариун Сүнсийг өгөх хүчийг тэдэнд олгосон” (3 Нифай 18:36–37). Ариун Сүнсний бэлгийг хэрхэн өгөх талаар Нифайн арван хоёр шавьдаа өгсөн Аврагчийн заавруудын заримыг нь Моронай цэдэгтээ багтаасан.

Суралцагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд дараагийн үйл ажиллагааг хийхдээ тэднийг ангийнхантайгаа эсвэл жижиг бүлэг болон хамтран ажиллахад урь. Суралцагчид Моронай 2-ын эсвэл 3-ын аль нэгийг судлаад, дараа нь өөр бүлгийг судалсан хэн нэгэнтэй сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Суралцагчдыг судлахад нь чиглүүлэхийн тулд дараах мэдээллийг өгч болно.

Ариун Сүнсний бэлгийг олгох эрх мэдэл

Моронай 2:1–3-ыг уншаад, Моронайн чухал гэж заасан зүйлсийг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс чухал гэж бодсон юуг олж мэдсэн бэ?

  • Таны аль хэдийн мэдэж байгаа зүйлээс үзэхэд Ариун Сүнсний бэлгийг олгохын тулд ямар санваарын эрх мэдэл шаардлагатай вэ?

  • Бид Моронай 2-оос ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?

Нэг үнэн бол Мелкизедек санваартнууд баптисм хүртсэн Сүмийн гишүүд дээр гараа тавих замаар Ариун Сүнсний бэлэг өгдөг явдал юм.

  • Ариун Сүнсийг хүртээх нь яагаад тийм чухал гэж та нар бодож байна вэ? (Үүнийг харуулдаг цэдгүүдийг олохын тулд та Үйлс 8:14–24-ийг уншиж болно.)

  • Ариун Сүнсний бэлгийг олгох эрх мэдэл Аврагчаас ирдэг гэдгийг мэдэх нь энэ бэлгийн талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • Ариун Сүнсний бэлэг таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Бусдыг санваарын албанд томилох

Моронай дараа нь прист, багш нарыг хэрхэн томилохыг тайлбарлав.

Моронай 3:1–4-ийг уншаад, санваарын албанд хүмүүсийг хэрхэн томилдгийг олж мэд.

  • Та санваарын албанд хүмүүсийг хэрхэн томилдог талаар юуг анзаарсан бэ?

Суралцагчид Итгэлийн тунхаг 1:5 ба Моронай 3-ыг уншаад, холбож болно.

Хэдийгээр Моронай 3 прист, багш нарын санваарын албанд томилох тухай тусгайлан дурдсан байдаг ч эрх мэдэл Аврагчийн Сүмд дуудлага хийдэг бүх хүнд мөн хамаатай.

  • Аврагчийн Сүмд үйлчилж буй хүмүүс яагаад Түүний эрх мэдлийг авсан байх шаардлагатай вэ?

Хэрэв боломжтой бол ангид санваарын эрх мэдлийн шугамыг авчир.

Санваарын эрх мэдэл Есүс Христээс ирдэг. Сүмд дуудлага хийдэг хүмүүс бүгд санваарын эрх мэдэлтэй байхад Аароны эсвэл Мелкизедек санваарын албан тушаалд томилогдсон хүмүүс санваарын эрх мэдлийн шугамтай байдаг. Энэ шугам нь санваарын удирдагчийн эрх мэдэл Есүс Христээс улбаатайг харуулдаг. Мелкизедек санваартнууд ChurchofJesusChrist.org дээрээс өөрсдийн эрх мэдлийн шугамын бүртгэлийг хүсэж болно. Сүм Аароны санваартнуудад эрх мэдлийн шугамын бүртгэлийг олгодоггүй. Гэсэн хэдий ч Мелкизедек санваартнаар Аароны санваарт томилогдсон Аароны санваартнууд өөрсдийг нь томилсон хүний эрх мэдлийн шугамын талаар суралцаж болдог.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн тайлбарласан.

Бурханлаг эрх мэдлээр үйлдэх нь зүгээр л нэг нийгмийн гэрээ хэлэлцээрээс илүү их зүйлийг шаарддаг. Үүнийг шашны сургалтаар эсвэл цугларагсдын үүрэг даалгавраар бүтээж чадахгүй. Бурханы эрх мэдлээр хийгдэж буй ажилд сүм хийд, гудамж эсвэл шашны сургуульд байгаа хэн нэгний эзэмшиж буй хүч чадлаас хамаагүй агуу хүч байх ёстой буюу нэг бодит үнэн нь гэвэл үнэнч итгэлтэй Бурханыг эрэлхийлэгч олон хүн энэ талаар мэдэж танилцуулж байснаар үе үеийнхнийг Сэргээлт рүү хөтөлсөн юм. …

… [Сүм дэх санваарын удирдагч бүрийн санваарын эрх мэдлийн шугам] тэнгэрээс юутай ч харьцуулшгүй бэлгийг авчирсан Бурханы Хүүгээс ирсэн тэнгэрлэг тохинуулагчидтай таслагдашгүй гинжин хэлхээгээр холбоостой байдаг. (Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,” Liahona, May 2005, 44)

Суралцагчдад гинжний зураг үзүүл. Гинжний эхний холбоос нь Есүс Христийг, хоёр дахь холбоос нь Түүний санваарт томилсон хүмүүсийг төлөөлж байгааг тайлбарла. Гурав дахь холбоос нь тэдний томилсон хүмүүсийг төлөөлж, гинжин хэлхээний сүүлчийн холбоосоор өнөө үеийн санваарын удирдагчид хүртэл үе дамжсаныг төлөөлүүлсэн.

  • Санваарын эрх мэдэл Есүс Христээс улбаатай гэдэг нь яагаад чухал вэ?

  • Есүс Христтэй холбогдох энэ холбоог мэдэх нь санваараар дамжуулж хүлээн авсан ёслол, дуудлага эсвэл адислалын талаарх таны бодолд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Мөн суралцагчид хичээлийн бэлтгэлийн үйл ажиллагаагаа тайлагнаж болно.

Суралцагчид мөн Моронай 23-ыг уншаад, бүлгүүд болон тэдний олсон зүйлийн тайлан хооронд дахь ижил зүйлсийг олж мэдэж болно.

Сурч мэдсэн зүйлсээ хуваалцах

Моронай 2–3-аас юу судалсан тухайгаа ойлгосноо харуулахын тулд дараах хувилбарыг ярилцах нь суралцагчдад тустай байж болох юм.

Танай гэр бүлийн гишүүн баптисм хүртэх, гишүүнээр батлуулах, санваарт томилогдох эсвэл дуудлага авах болсон гэж төсөөл. Та тус үйл явдлын ач холбогдлыг тэдэнд ойлгуулахын тулд Моронай 2-оос эсвэл 3-аас юуг хуваалцаж болох вэ?