“Моронай 1: Би Христийг үгүйсгэх нь үгүй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 1,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 1
Би Христийг үгүйсгэх нь үгүй
Есүс Христийн дагагч байх нь хэзээд амар байсангүй. Мормоны Номын төгсгөлийн хэсэгт бошиглогч Моронай Христийн дагагчид Аврагчийг үгүйсгээгүй бол үхэлд хүргэгдэж байсныг илчилсэн (Моронай 1:2-ыг үзнэ үү). Моронай Есүс Христийг үгүйсгэхээс татгалзсан учир аюулгүй гэж үзсэн газраар тэнүүчилж, леменчүүдээс нуугдахаас өөр аргагүй болов. Магадгүй, та итгэлээрээ амьдарч, Аврагчид мөн Түүний Сүмд үнэнч үлдэхийг оролдох үедээ ганцаардлыг мэдэрсэн байх. Энэ хичээл үргэлж Есүс Христийг дагаж, Түүнийг үгүйсгэхгүй байхыг урамшуулахад тань тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эсэргүүцэлтэй нүүр тулах нь
Та Бурханы талаарх таны жишиг эсвэл итгэл үнэмшлийг хуваалцахгүй хүмүүсээр хүрээлэгдсэн үедээ ямар үйлдэл гаргах хандлагатай байдаг талаараа бодоход цаг зарцуул.
Энэ бүдүүвч зураг дахь өнгөнүүд нь Есүс Христийн шавьд тулгарч болох эсэргүүцлийн янз бүрийн түвшнийг төсөөлөхөд тусална. Ногоон өнгө нь ямар ч эсэргүүцэл байхгүй байгааг төлөөлнө. Шар ба улбар шар нь эсэргүүцлийн түвшин нэмэгдэж байгааг илтгэх ба харин улаан нь хамгийн хэцүү эсэргүүцлийг бэлгэднэ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) залуу байхдаа цэрэгт алба хааж, олон зоригтой үйл хэргийг гэрчилжээ. Тэрээр дараах жишээг хуваалцсан юм.
Энэ залуу эрийн туулсан эсэргүүцлийн түвшнийг төлөөлөхийн тулд ямар өнгө сонгохоо бод. Та ижил нөхцөл байдалд орсон бол ямар үйлдэл гаргах байсан гэж бодож байна вэ?
Хэзээ ч мартагдамгүй нэгэн тохиолдол бол манай сүмийн гишүүн биш, залбирахдаа санаа зовдоггүй, 18 настай нэгэн цэргийн үзүүлдэг байсан энгийн зориг юм. Заримдаа танхай этгээдүүд тохуурхаж, үл итгэгчид шоолдог байсан ч хорооны 250 эрэгтэйгээс орой бүр орныхоо дэргэд өвдөг сөгддөг ганц хүн бол тэр цэрэг байсан юм. Тэрээр толгойгоо бөхийлгөн, Бурханд хандан залбирдаг байв. Тэр үүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй юм. Тэр хэзээ ч шантарч байгаагүй. Тэр зоригтой байсан. (Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87)
-
Энэ жишээнээс юу таны анхаарлыг илүү их татаж байна вэ?
-
Есүс Христийг үргэлж дагахын юу нь хэцүү гэж та бодож байна вэ? Юу танд тусалдаг вэ?
Есүс Христийг дагахад сорилттой байж болох бусад нөхцөл байдлыг жагсааж бич. Тодорхой нарийн мэдээллийг төсөөлөөд, нөхцөл байдал бүрд бүдүүвч зургийн аль өнгө хамгийн сайн тохирохыг анхаарч үз.
Мэдээж, бидэнд сорилт тулгарсан тэр мөчид Есүс Христэд өгсөн амлалтаа дагахаас илүүтэй ярих нь илүү амар байдаг. Та энэ хичээлийг судалж байхдаа Есүс Христэд итгэх итгэл үнэмшилдээ мөн Түүний сэргээсэн Сүмийн жишигт үнэнчээр үлдэхийн тулд танд хэрэгтэй урам зоригийг олохоор эрэлхийл.
Моронай леменчүүдэд хөөгдөж байв
Моронайд нифайчуудын цэдгийг хөтлөх, хамгаалах үүрэг өгөх үед тэрээр мөн эсэргүүцэлтэй нүүр тулсан.
Моронай 1:1–4-ийг уншаад, түүний нүүр тулсан эсэргүүцлийг хэрхэн үнэлж болохыг бод.
Моронайд амьдрал ямар байсан талаар илүү сайн ойлголт авахад туслахын тулд та ChurchofJesusChrist.org дээрх “Moroni Invites All to Come unto Christ (Моронай бүгдийг Христэд ирэхэд урьсан нь)” видеог цагийн код 0:00-ээс 3:59 хүртэл үзэж болох юм.
-
Моронайн эсэргүүцлийн эрчийг хэрхэн үнэлэх вэ?
-
Бид Моронайн жишээнээс юу мэдэж авч болох вэ?
Бид ямар ч нөхцөлд Есүс Христэд үнэнч байж, Түүнийг үгүйсгэхгүй байж чадна гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.
-
Есүс Христэд үнэнч, шударга байх нь яагаад бидэнд чухал вэ?
-
Моронайд Есүс Христэд туйлын үнэнч шударга байхад нь тусалсан ямар туршлага байсан гэж та бодож байна вэ?
-
Өөрийг нь үгүйсгэхгүй байхыг урамшуулах Есүс Христийн тухай юуг та мэдэх вэ?
3-р шүлэг дээрх Моронайн үгсийг тэмдэглэ. Та мөн Есүс Христийг үргэлж дагахад таныг урамшуулах нэрээ Моронайн нэрийн хажууд тэмдэглэж бичиж болно.
-
Хатан Естер (Естер 4:16-г үзнэ үү)
-
Шадрах, Мешах, Абеднего нар (Даниел 3:17–18-ыг үзнэ үү)
-
Абинадай (Мозая 17:20-ийг үзнэ үү)
-
Иосеф Смит (Сургаал ба Гэрээ 135:4–5-ыг үзнэ үү)
-
Онитагийн охид (Абрахам 1:11-ийг үзнэ үү)
Амлалтдаа хүрдгээ харуулах
-
Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хүнд хэцүү нөхцөл байдалд Христэд үнэнч гэдгээ хэзээ харуулж байсан бэ?
-
Есүс Христийг дагаснаар эсэргүүцэлтэй нүүр тулсан ямар нэг нөхцөл байдал танд байгаа юу?
-
Тэдгээр нөхцөл байдалд та Есүс Христэд үнэнч байхын тулд юу хийж чадах вэ?