“9-р сарын 12. Бид саад бэрхшээлтэй хэрхэн итгэлтэйгээр нүүр тулж чадах вэ? Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“9-р сарын 12. Бид саад бэрхшээлтэй хэрхэн итгэлтэйгээр нүүр тулж чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
9-р сарын 12
Бид саад бэрхшээлтэй хэрхэн итгэлтэйгээр нүүр тулж чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил гүйцэтгэх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?
-
Бидний амьдрал. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сургаал ба Гэрээ 98, 101 дэх Бурханы үгс 1830-аад онд Миссурид хүнд зовлон бэрхшээлтэй тулгараад байсан гэгээнтнүүдийг тайтгаруулж байсан. Бидний зовлон бэрхшээл Сүмийн эхэн үеийн тэдгээр гишүүнийхээс өөр ч гэсэн мөнх бус амьдралд бид бүгд зовлон бэрхшээлтэй тулгардаг бөгөөд тэдгээрт итгэлээр хандах нь биднийг сүнслэг байдлын хувьд хөгжүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход тусалж чадна.
Зовлон бэрхшээлийн үед Их Эзэнд хандах нь таныг хэрхэн хүчирхэгжүүлж, Есүс Христтэй харилцах харилцааг тань сайжруулсан бэ? Чуулгын эсвэл ангийн тань гишүүд ямар ямар сорилт бэрхшээл, саад тотгортой тулгарч байна вэ мөн та тэдэнд Аврагчаас хүч чадал олж авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Саад бэрхшээлийн талаар заахад бэлдэхийн тулд та ахлагч Нийл Л.Андэрсэны “Шархадсан тэд” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79–83) захиас болон Итгэлдээ үнэнч байх нь судрын заалт дахь “Саад бэрхшээл”-ийг ([2004], 14–18) уншиж болно.
Хамтдаа суралц
Танай чуулгын эсвэл ангийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн сорилт бэрхшээлтэй тэмцэж байгаа. Тэд Сургаал ба Гэрээ 98:1–3-аас ямар тайтгарлыг олж чадна гэж та бодож байна вэ? Та Их Эзэнд итгэх итгэлээр саад бэрхшээлтэй нүүр тулах гэдэг нь юу болохыг ойлгоход тэдэнд туслахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг ашиглаж болно.
-
Судруудад саад бэрхшээлтэй итгэлтэйгээр нүүр тулсан хүмүүсийн олон жишээ байдаг. Чуулгын эсвэл ангийн гишүүд эдгээр жишээнээс заримыг нь судлан (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү) саад бэрхшээлтэй хэрхэн нүүр тулах талаар сурч болно. Тэд судрын нэг хэсгийг сонгоод, чуулгынхан эсвэл ангийнхандаа зориулан тухайн хүний туршлагыг товчхон ярьж болно. Бидэнд яагаад саад бэрхшээл тулгардаг талаар ямар ямар ойлголт авч болох вэ? Саад бэрхшээлтэй хэрхэн итгэлтэйгээр нүүр тулах талаар бид юу сурч мэдсэн бэ? Чуулгын эсвэл ангийн гишүүн бүрийг өөрт нь эсвэл хайртай хүмүүст нь тулгарсан сорилт бэрхшээлийг бичээд, ийм үед тус болох Аврагчийн хүчинд хэрхэн тулгуурлах талаар тунгаан бодоход урь.
-
Саад бэрхшээл тулгардаг учир шалтгааны талаар мөн бид сорилт бэрхшээлээсээ юу сурч мэдэж болох тухай олж мэдэхийн тулд Итгэлдээ үнэнч байх нь судрын заалт дээрх “Саад бэрхшээл” (14–15) хэсгийн эхний хоёр догол мөрийг хамт уншина уу. Сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг чуулгын эсвэл ангийн гишүүдээс хүс. Дараа нь хүн бүр “Саад бэрхшээл” доорх үлдсэн гурван хэсгийн нэгийг уншаад, үлдсэн хэсгийг, үүнд сорилт бэрхшээлийн үед Аврагч бидэнд хэрхэн туслах талаар сурч мэдсэн зүйлсээ бусдадаа заахад бэлдэж болно. Хэрэв хүсвэл уншсан зүйлтэй нь холбоотой хувийн туршлагаасаа хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
-
Ярилцлага өрнүүлэх нэг арга бол самбарыг голоор нь хувааж зураад, нэг талд нь Бидэнд яагаад саад бэрхшээл тулгардаг вэ?, нөгөө талд нь Бид саад бэрхшээлтэй хэрхэн итгэлтэйгээр нүүр тулж болох вэ? хэмээн бич. Чуулгын эсвэл ангийн гишүүн бүр ахлагч Нийл Л.Андэрсэны “Шархадсан тэд” захиасын нэг хэсгийг уншаад, самбар дээрх асуултуудын хариултыг олж болно. Ахлагч Андэрсэны захиасаас Аврагчийн талаар бид юу сурч мэдэж болох вэ?
-
Ахлагч Стэнли Г.Эллис дэгдээхэй, эрвээхэй хоёрын жишээг ашиглан саад бэрхшээлийн талаар өөрийн “Бид түүнд итгэдэг үү? Хүнд хэцүү зүйлс тустай байдаг,” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116) захиасаараа заасан. Та өндөгнөөсөө гарч байгаа дэгдээхэй, хүр хорхойн үүрнээсээ гарч буй эрвээхэйн зургийг үзүүлэн, ахлагч Эллис юу заасан талаар ярилцаж болно. Дараа нь таны заадаг хүмүүс ахлагч Эллисийн үгийг хоёр хоёроороо ярилцаж болно. Баг тус бүр түүний заасан бидэнд яагаад саад бэрхшээл тохиолддог болон бид хэрхэн даван туулах тухай олж мэдэж чадах бүхнээ жагсаан бичнэ. Хүнд хэцүү цаг үеийг итгэлтэйгээр даван туулах нь Аврагчтай илүү ойртоход бидэнд хэрхэн тусалсан бэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
1 Самуел 1; 1 Хаад 17; Лук 23:33–34; 1 Нифай 5:1–9; Moзая 24:8–17; 3 Нифай 1:4–21; Moронай 1; Судруудын удирдамж, “Рут” мөн “Естер,” scriptures.ChurchofJesusChrist.org (Саад бэрхшээлтэй нүүр тулсан хүмүүсийн жишээ)
-
Иохан 14:18; Ром 8:28, 35–39; Aлмa 36:3 (Саад бэрхшээлийн үед Аврагч бидэнд тусалж чадна)
-
“God Will Lift Us Up,” “The Will of God,” видео бичлэгүүд, ChurchofJesusChrist.org