Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 28. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ? Сургаал ба Гэрээ 135–136


“11-р сарын 28. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ? Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“11-р сарын 28. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Иосеф Смитийн хөрөг зураг

Иосеф ах, Дэвид Линдсли

11-р сарын 28

Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 135–136

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж болох вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

“Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм” (Сургаал ба Гэрээ 135:3). Энэ нь Иосеф Смитийн үүргийн тухай хийгдсэн зоримог мэдэгдэл юм. Энэ мэдэгдэл таны амьдралд ямар утга учиртай болох талаар та бодож байсан уу? Есүс Христийн сайн мэдээ сэргээгдээгүй байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ? Иосеф Смитийн номлолын талаар гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь чуулгын эсвэл ангийн гишүүддээ туслахын тулд та юу хийж чадах вэ?

Заахаар бэлдэхдээ Сургаал ба Гэрээ 135-аас нэмэлтээр судлахаас гадна ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү?” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган), ахлагч Нийл Л.Андэрсэны “Иосеф Смит”( 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35) зэрэг захиасыг уншаарай.

Мормоны Ном уншиж буй залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн үнэн бидний амьдралыг адисалдаг.

Хамтдаа суралц

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд Иосеф Смит хэрхэн тусалсан тухай хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд эхлээд энэ долоо хоногт чуулгын эсвэл ангийн гишүүдийн Сургаал ба Гэрээ 135-ыг уншин, бошиглогчийн талаар олж мэдсэн зүйлсийг авч үзэж болно. Жишээ нь, тэд Иосеф Смитийн ачаар Аврагчийн тухай болон Түүний сайн мэдээний талаар мэдэх үнэнүүдээ жагсаан бичиж болно. Яагаад эдгээр үнэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэг бүрчлэн чухал вэ? Дараах үйл ажиллагаанууд танай чуулгынхан эсвэл ангийнханд авралын төлөвлөгөөнд Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийн талаар илүү сайн ойлгоход тус болж чадна.

  • Чуулга, ангийн гишүүдэд бошиглогч Иосефын гүйцэтгэсэн үүргийн ач холбогдлыг бусдад ойлгуулахад нь туслахад бэлдэхдээ Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Есүс Христийн сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн нь” ([2019], 39–41) хэсгийг тэднээр уншуулж болно. Тэд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан, бусдад хуваалцахад чухал гэж үзсэн ойлголтуудыг тодорхойлж болно. Дараа нь тэд Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлыг өөрсдийн үгээр нэг нэгэнтэйгээ хуваалцаж, дадлага хийж болно. Сэргээлтийн захиасыг хуваалцахын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодохыг тэднээс хүс. Энэхүү захиасыг хуваалцаж болох тодорхой хүн тэдний бодолд байж болох юм. Мөн тэд Иосеф Смитийн талаар суралцахад нь хэн нэгэнд тусалсан туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдээс сүмийн нэг найз нь “Надад Иосеф Смитийн талаар гэрчлэл байгаа гэдэгт би эргэлзэж байна. Түүнийг бошиглогч гэдгийг чи яаж мэддэг вэ?” хэмээн асууж байгаагаар төсөөлөхийг хүс. Бид юу гэж хариулах вэ? Бид Иосеф Смит—Түүх 1:8–19 дээрх Иосеф Смитийн туршлагаас хэрхэн гэрчлэл олж авч, хүчирхэгжүүлэх талаар юу мэдэж авч болох вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүдээс бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх арга замыг жагсаан бичиж, хүн бүрээс энэ долоо хоногт хийхийг хүсэж байгаа нэг зүйлээ сонгохыг хүс.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Иосеф Смитээр дамжуулан Бурханы гүйцэлдүүлсэн ажлыг илүү сайн ойлгуулахын тулд тэднийг Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016)-ийн 48–53-р хуудсыг уншихад урьж эсвэл “Нэмэлт эх сурвалж” дээрх нэг эсвэл түүнээс олон видео бичлэгийг үзүүлж болно. Тэд эдгээр эх сурвалжид танилцуулсан, өөрсдийнх нь хувьд онцгой утга учир бүхий нэг юм уу хоёр сургаал, зан үйлийг сонгож болно. Их Эзэн эдгээрийг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэнд яагаад талархаж байгаагаа тэд тайлбарлаж болно. Түүнчлэн Иосеф Смитийн ажил тэднийг Аврагчид илүү ойртоход хэрхэн тусалсанд талархсан зурвас бичих нь тэдэнд таалагдаж болох юм. Мөн тэд Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан хүртэх боломжтой болгосон адислалуудыг илүү бүрэн дүүрэн ашиглахын тулд хийж чадах зүйлийнхээ талаар тунгаан бодож болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

  • Сургаал ба Гэрээ 35:17–18 (Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг сэргээсэн)

  • Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59

  • “Teachings of Joseph Smith: The Nature of God,” “Ministry of Joseph Smith: Мормоны ном,” “Ministry of Joseph Smith: The Organization of the Church,” “Ministry of Joseph Smith: The Restoration of Priesthood Authority,” “Ministry of Joseph Smith: Temples,” видео бичлэгүүд, ChurchofJesusChrist.org

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн дагалдагчдыг бүхий л зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байсан. Та Иосеф Смитийн талаарх гэрчлэл өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг олж харахад заадаг хүмүүстээ хэрхэн тусалж болох вэ?