Шинэ Гэрээ 2023
4-р сарын 23. Би эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн илүү их хайрыг үзүүлж чадах вэ? Матай 18; Лук 10


“4-р сарын 23. Би эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн илүү их хайрыг үзүүлж чадах вэ? Матай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)

“4-р сарын 23. Би эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн илүү их хайрыг үзүүлж чадах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023

Сайн самари хүн, Анни Хэнри Надэр

Сайн самари хүн, Анни Хэнри Надэр

4-р сарын 23

Би эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн илүү их хайрыг үзүүлж чадах вэ?

Матай 18; Лук 10

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Сүүлийн үед ямар туршлага биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулсан бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ойрын хугацаанд хэн нэгэн манай тойрогт шилжиж ирсэн үү эсвэл Сүмд нэгдсэн үү? Тэд халуун дотно хүлээн авсныг маань мэдрэхийн тулд бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Найзуудаа урьж оролцуулж болох ямар үйл ажиллагаа ойрын хугацаанд болох вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид өөрсдийн түүхийг бичихийн тулд ямар хүчин зүтгэл гаргаж болох вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү.

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Есүс Христ “нэгэн хуульч[ид]” Бурханаа хайрла, хөршөө хайрла гэсэн хоёр агуу хуулийн ач холбогдлыг заасны дараа өнөөх хуульч “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” (Лук 10:25–29; Матай 22:35–40-ийг үзнэ үү) хэмээн асуусан. Үүний хариуд Аврагч өөрийн амийг эрсдэлд оруулан байж шархадсан еврей эрийг асарч, хоргодох байранд аваачин, эмчилгээнийх нь зардлыг төлсөн самари хүний тухай сургаалт зүйрлэлийг хуваалцжээ. Уг самари хүн ард түмэндээ дайсан гэж тооцогдож байсан тэр еврей хүнийг шүүж, түүнд туслахгүй байх шалтгаан хайгаагүйгээс гадна өөр хоорондын ялгаанд анхаарал хандуулаагүй. Тэрээр хувийн зовлон зүдүүр, золиослыг үл харгалзан тусламж хэрэгтэй хүнд үйлчилж, улмаар тэр хүнийг болон Бурханыг хайрлах хайраа харуулсан. Та Лук 10:25–37 дээрх Аврагчийн сургаалыг тунгааж байхдаа “хөршөө өөрийн адил хайрла” (27-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг бодоорой.

Та зааж буй хүмүүстээ эргэн тойрныхондоо туслах нь Бурханыг хайрлах хайраа харуулж байгаа хэрэг гэдгийг ойлгоход нь хэрхэн туслах вэ? Бусдыг хайрлаж, бусдад үйлчлэхэд тэднийг юу урамшуулж болох вэ? Та бэлдэж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Хоёр дахь агуу зарлиг” ( 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108–113) захиасыг уншиж болох юм.

Хамтдаа суралц

Эргэн тойрныхоо хүмүүст илүү их хайрыг харуулах тухай ярилцлагыг эхлүүлэхийн тулд та анги, чуулгын гишүүдээс Лук 10:25–37 дээр гардаг сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлээс бусдыг хайрлах талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Бид Лук 10:27 болон “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлээс анхны болон хоёр дахь зарлигийн хоорондын холбоо хамаарлын талаар юу сурч мэдэж авах вэ? Дараах санаанууд нь эргэн тойрныхоо хүмүүст илүү их хайрыг харуулах тухай ярилцлагыг үргэлжлүүлэхэд тань тусална.

  • Есүс Христ бол бусдад үйлчилснээрээ Бурханыг хайрладаг бидний агуу үлгэр жишээ бөгөөд анги эсвэл чуулгын гишүүд Түүний үлгэр жишээг судалснаар сүнслэг нөлөөллийг хүлээн авна. Хүн бүрийг Есүс Христийн мөнх бус амьдралын тухай тунгаан бодож, Түүний амьдралаас бусад хүнийг хайрлах агуу хайрыг харуулсан туршлагыг сонгоход урь. Сонгосон туршлагаа болон энэ нь тэдний хувьд яагаад утга учиртай болохыг хуваалцахыг хүн бүрээс хүс. Заах хүмүүсээ Аврагчийн хайрын үлгэр жишээг дагахыг хүсэж буй нэг арга замын талаар бодоход урь. Мөн тэд таньдаг хүн нь энэ жишээг дагадаг бол түүний талаар санал бодлоо хуваалцаж болно.

  • Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг анги эсвэл чуулгын гишүүдтэй хуваалцаж, ярилц. Та анги, чуулгын гишүүдийг энэ тоймд эш татсан Ерөнхий чуулганы захиаснуудаас нэг юм уу түүнээс олныг давтан уншиж, бусдыг хайрлах бидний хичээл зүтгэлийг удирдан чиглүүлэх сургаалуудыг хайж олоход урьж болно. Тэд ерөнхийлөгч Нэлсоны “Хоёр дахь агуу зарлиг” захиаснаас хэрхэн үйлчлэх талаар, ерөнхийлөгч Өүксийн “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь” захиасны III, VI хэсэг, ахлагч Гари И.Стивэнсоны “Зүрх сэтгэлээ нэгтгэ” захиаснаас туулайны түүх болон өсвөр үеийнхэнд өгч буй захиасанд төвлөрч болох юм. Мөн Мозая 2:17 болон Моронай 7:45–48-ыг хамтдаа уншиж болно. Өсвөр үеийнхний ярилцсан сургаалыг самбар дээр бичих нь тустай байж болох юм. Дараа нь анги, чуулгынхан хүмүүсийг хайрлахад хэцүү мэт санагдаж байсан ч гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт олонтойгоо харилцах харилцаандаа эдгээр сургаалыг илүү сайн хэрэгжүүлэх тодорхой арга замуудын талаар хамтдаа зөвлөлдөж болно.

  • Анги, чуулгын гишүүдийн аврал, өргөмжлөлийн ажил дахь хичээл зүтгэл нь тэднийг хайраар өдөөгдсөн үед илүү утга учиртай, баяр баясгалантай байх болно. Аврал, өргөмжлөлийн ажлын хэсэг бүр хэрхэн хайраар өдөөгдөж байгааг харахад тэдэнд туслахын тулд (Ерөнхий гарын авлага, 1.2-ыг үзнэ үү) тэрхүү дөрвөн хэсгийг самбар дээр бич. Дараа нь бусдыг хайрлах хайраар дүүрэн зүрх сэтгэл нь хэсэг бүр дэх тэдний оролцоог хэрхэн өөрчилж болох талаар ярилцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд өөрсдийн эсвэл бусад хүний амьдралын туршлагаас хуваалцаж болно.

Бялуу чимэглэж буй залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүд

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны [төлөө эргүүлдэг]” гэж заасан.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

  • Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27–30

  • Гари И.Стивэнсон, “Зүрх сэтгэлээ нэгтгэ,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17–21

  •  

  • Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Гэхдээ энэхүү хоёр дахь агуу зарлигийг сахих оргилуун хүслээ нэг дэх буюу Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэсэн зарлигийг мартах шалтгаан болгож болохгүй. … Бид хоёр агуу зарлигийг хоёуланг сахихыг хичээх ёстой. Ийн дагахын тулд бид хууль, хайр хоёрын тэнцвэрийг олох буюу зарлигуудыг сахин, гэрээний замаар алхаж байхдаа хөршөө хайрлах хэрэгтэй. Энэхүү гэрээний зам дээрээ алхах нь биднээс юуг дэмжиж, юуг эсэргүүцэх, хэрхэн хайрлаж, хүндлэн сонсож, зааж сургах вэ гэдэг дээр тэнгэрээс сүнсний удирдамж эрэлхийлэхийг шаарддаг. Бидний алхаа зарлигуудыг өөрчлөхгүйгээр бүрэн дүүрэн ойлгож, хайрлаж байгаагаа харуулахыг шаарддаг” (“Хоёр агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81) хэмээн заасан.

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хожмын үеийн гэгээнтнүүд … эхний болон хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрахыг үнэхээр эрэлхийлдэг. Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөөх буянтай үйлсэд татан оруулдаг. … Бусдад тусламж үзүүлэх буюу өөрийн ухамсраар бусдад өөртэйгөө адил эсвэл өөрөөсөө илүү санаа тавих нь—бидний хувьд баяр баясгалан билээ. Ялангуяа тохиромжгүй үед, тав тухтай орчноосоо гарахдаа ч баяр баясгаланг мэдэрдэг гэдгийг би нэмж хэлэх гэсэн юм. Тэрхүү хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрах нь Есүс Христийн жинхэнэ шавь болохын гол түлхүүр юм” (“Хоёр дахь агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган,109, 112) хэмээн заасан.

Аврагчийн арга барилаар заах нь

Сайн мэдээний дагуу амьдрах таны хувийн туршлага зааж буй зарчмынхаа талаар хүчирхэг гэрчлэх боломжийг танд олгоно. Та тэдгээрийн дагуу амьдарч байгаа учир Ариун Сүнс таны зааж буй зүйлсийн үнэнийг гэрчлэх юм.