“5-р сарын 28. Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд яг одоо юу хийж болох вэ? Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“5-р сарын 28. Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд яг одоо юу хийж болох вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
5-р сарын 28
Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд яг одоо юу хийж болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид сүүлд юу ярилцсан бэ, ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга, даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санааг хуваалцаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Таны зааж буй өсвөр үеийнхэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх эцсийн өдрүүдэд амьдрах талаар ямар бодолтой байдаг вэ? Эдгээр нь гай зовлон, ёс бус байдал, сүйрлээр тэмдэглэгдсэн аюулт цаг үе гэдэг нь үнэн. Гэвч Аврагч мөнх бус амьдралынхаа төгсгөлд ойртож байх үедээ бидний энэ цаг үеийг шавь нартаа тайлбарласан нь бидэнд итгэл найдвар өгсөн. Ирж буй өдрүүд хар бараан байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу Түүнийг эргэн ирэхэд гэрэл нь “бүх дэлхийг бүрх[энэ]” (Иосеф Смит—Матай 1:22–26-г мөн Сургаал ба Гэрээ 45:34–38-ыг үзнэ үү) гэдгийг Тэр амласан.
Хожмын өдрүүдэд амьдрахын адислал, боломжуудыг илүү сайн ойлгоход та өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон дэлхийг бэлтгэхэд урамшуулахын тулд юу хийж чадах вэ?
Хамтдаа суралц
Өсвөр үеийнхэнд энэ долоо хоногт судраас уншсан зүйлээ дүгнэхэд нь туслахын тулд та эдгээр гарчгийг самбар дээр бичиж болно: Хар бараан бошиглол болон Суут тунхаглал (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 77–80). Дараа нь хүн бүр Иосеф Смит—Матай 1:22–37-г уншаад, Аврагчийн ирэлтээс өмнө тохиох “хар бараан” болон “суут” зүйлсийг жагсаан бич. Эдгээр үйл явдлын талаар мэдэх нь бидэнд яагаад чухал вэ? Өсвөр үеийнхэнд Аврагчийн ирэлтэд хэрхэн бэлдэх талаар илүү ихийг мэдэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудыг эсвэл өөрөө нэгийг бодож олоорой.
-
“Нэмэлт эх сурвалж” дахь судрууд нь Тэнгэрлэг Эцэг Хүүгийнхээ Хоёр дахь ирэлтийн замыг хэрхэн бэлтгэж байгааг ойлгоход өсвөр үеийнхэнд тусалж чадна. Судруудад дүрслэгдсэн үйл явдлуудыг самбар дээр бичиж, судрын хэсгүүдийн аль нэгийг уншихыг хүн бүрээс хүсэх талаар бодож үзээрэй. Хүн бүр өөрийн хэсгийг самбар дээрх үйл явдалтай тааруулж, ангийнхантайгаа ярилцаж болно. Эдгээр үйл явдал Аврагчийн хоёр дахь ирэлтэд бэлтгэх бидний үүргийн талаар юу харуулж байна вэ? Анги эсвэл чуулгын хувьд бид юу хийх урам зоригтой байдаг вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү захисан: “Бидний цаг үеийн талаарх хар бараан бошиглол, алдар суут тунхаглал хоёрын аль алинд бид хэрхэн хандах ёстой вэ? Их Эзэн биднийг ‘Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй’ [Сургаал ба Гэрээ 38:30] (“Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 78) хэмээн энгийн бөгөөд гайхалтайгаар тайтгаруулжээ”. Өсвөр үеийнхэнд Аврагчийн дахин ирэлтэд илүү бэлтгэлтэй байхад туслахын тулд хүн бүрийг ерөнхийлөгч Нэлсоны захиасандаа хуваалцсан бэлтгэлийн гурван зарчмын аль нэгийг уншихыг хүс. Тэднийг сурсан зүйлээ хуваалцахад урь. Ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөний дагуу үйлдэхийн тулд бид юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн бэ?
-
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь” хэмээх захиаснынхаа эхлэл хэсэг дээр Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн дараа дэлхий ямар байх талаар тодорхойлсон (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98–102). Өсвөр үеийнхнийг түүний тодорхойлолтыг дахин уншиж, өнөөгийн дэлхийтэй харьцуулж үзэхэд урь. Тэд ахлагч Кристоффэрсоны тодорхойлсон ийм ертөнцөд амьдрахад бэлэн байхын тулд бид одоо юу хийж болох талаар ярилцаж болно. (Түүний захиасны “Нэгд, Их Эзэнийг ирэхээс өмнө” хэмээн эхэлж буй хэсгээс хойших дөрвөн догол мөр тустай байж болох юм.) Аврагчийн Сүм биднийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн тусалдаг вэ? Ахлагч Кристоффэрсон Сүм “Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийх онцгой хүч болоод үүргийг авсан” гурван арга замыг жагсаасан. Ангийн гишүүд эдгээр зүйлийг тодорхойлж, ярилцаж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Сургаал ба Гэрээ 65:1–2 (Сайн мэдээний сэргээлт)
-
Сургаал ба Гэрээ 20:8–12 (Мормоны Ном урагш гарч ирсэн нь)
-
Малахи 4:5–6; Сургаал ба Гэрээ 110:13–16 (Санваарын түлхүүрийн сэргээлт)
-
3 Нифай 21:1, 8 (Израилын цугларалт)
-
Иосеф Смит—Матай 1:28–30 (Дайн, үймээн самуун, шударга бус явдал)
-
Иосеф Смит—Матай 1:31 (Сайн мэдээ дэлхийд номлогдоно)
-
Гари И.Стивэнсон, “Ирээдүйн төлөө сайн суурь тавь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–62