“7-р сарын 9. Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг вэ? Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“7-р сарын 9. Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
7-р сарын 9
Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл ямар сэдвээр ярилцсан бэ? Анги, чуулгын хэлэлцсэн зүйлсийн дагуу бид юу хийж болох вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад юу хэлэхээ мэдэхгүй тохиолдолд Христийнхтэй адил арга замаар хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Есүс Христийн сайн мэдээнээс баяр баясгалан авчирдаг юуг олж мэдсэн бэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байна вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сүм бол сайн, Сүм үнэн зарчмуудыг заадаг эсвэл Сүм таныг илүү сайн хүн болоход тусалж чадна гэдгийг мэдэх нь нэг хэрэг бөгөөд өнөөгийн Сүм бол шууд утгаараа Есүс Христийн Сүм буюу Түүний байгуулсан, амьд бошиглогчоороо дамжуулан Өөрийн биеэр, тасралтгүй удирддаг сүм гэдгийг мэдэх нь өөр хэрэг юм. Үйлс ном Аврагч Өөрийн Сүмийг удирдах ажилд нягт холбоотой байдаг тухай арвин нотолгоог өгдөг. Та бүхэн 1–5-р бүлгийг судлахдаа тэрхүү нотолгоог хайж олоод, Тэр өнөөдөр Сүмээ удирдсаар байгааг хэрхэн мэдэж байгаагаа тунгаан бод. Энэ мэдлэг таныг хэрхэн адисалсан бэ?
Таны зааж буй өсвөр үеийнхэнд харьяалагддаг Сүмийг нь Аврагч Өөрөө удирддаг гэсэн гэрчлэл байдаг уу? Ийм гэрчлэл тэднийг хэрхэн адислах вэ? Та тэдэнд энэ гэрчлэлийг олж авах эсвэл бэхжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Үйлс 1–5-ыг судлахын сацуу та ахлагч Квинтин Л.Күкийн “Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118–122) захиасыг уншиж болох юм.
Хамтдаа суралц
Ярилцлагаа эхлүүлэхийн тулд та самбар дээр Есүс Христ Өөрийн Сүмийг бошиглогчдодоо өгсөн илчлэлтээр дамжуулан удирддаг хэмээн бичиж болно. Анги, чуулгын гишүүд Үйлс 1–5-ыг судлахдаа олж мэдсэн, энэ мэдэгдлийг дэмждэг зүйлийг хуваалцаж болно. (Шаардлагатай бол та тэдэнд Үйлс 1:1–8; 2:36–39; 4:1–13, 31–33-ыг уншихыг зөвлөж болно.) Өнөөдөр Есүс Христ Сүмээ яг ийм байдлаар удирдаж байгаагийн ямар нотолгоог бид харж байна вэ? Дараахтай адил үйл ажиллагаанууд таны зааж буй хүмүүст энэ чухал үнэнд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусална.
-
Та дараахтай адил хэд хэдэн асуултыг бэлтгэж болно. Үүнд: Есүс Христ Сүмээ хэрхэн удирддаг вэ? Есүс Христ Сүмээ удирдаж байгаа гэдэгт итгэх итгэлээ бид хэрхэн нэмэгдүүлэх вэ? Та яагаад Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдөд итгэдэг вэ? Анги, чуулгын гишүүн бүрд нэг нэг асуулт өгч, уг асуултын талаар тунгаан бодож, хариулахад тус болох судруудыг бодоход урь (шаардлагатай бол, зарим санааг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс авч болно). Дараа нь хүн бүрд сурч мэдсэн зүйлээ хуваалцах, ярилцах цаг гаргаж өг.
-
Анги, чуулгынханд Их Эзэн Сүмээ хэрхэн удирдаж байгааг харахад туслахын тулд та тэднийг ахлагч Квинтин Л.Күкийн “Бошиглогчдод үргэлжлэн ирсээр буй илчлэлт ба бидний амьдралыг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийн адислал” хэмээх захиасны эхний хэсгийг үзэхэд урьж болно. Магадгүй анги, чуулгын гишүүн бүр уг захиаснаас Есүс Христ Сүмээ идэвхтэй, биечлэн удирдаж байгааг мэдэхэд нь туслах ямар нэг зүйлийг хуваалцаж болох юм. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судруудаас бид өөр ямар ойлголтыг олж авах вэ?
-
Их Эзэн танай тойргийг хэрхэн удирдаж байгаа талаар илүү ихийг мэдэх нь өсвөр үеийнхэнд тустай байж болох юм. Та өсвөр үеийнхнээс Их Эзэн тойргийн удирдагчдыг, тэр дундаа анги, чуулгын ерөнхийлөгчийг хэрхэн удирдан чиглүүлж байгаа жишээг хуваалцахыг хүсэж болно. Хичээл эхлэхээс өмнөх долоо хоногийн дундуур та тойргийн зарим удирдагчаас Их Эзэн тэднийг хэрхэн удирдаж байгааг харуулсан туршлагаасаа биечлэн эсвэл цахим хэлбэрээр хуваалцахыг хүсэж болно. Анги, чуулгын гишүүд ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Их Эзэн Өөрийн Сүмийг удирддаг” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 76–79) хэмээх захиаснаас нэмэлт жишээ олж болно. Их Эзэн манай тойргийн удирдагчдыг урамшуулж байгаа гэдэгт итгэх нь яагаад чухал вэ?
-
Зарим хүн бид сайн хүмүүс байж, сайн зүйл хийвэл сүм хэрэггүй гэж боддог. Та өсвөр үеийнхнээс үүнд хэрхэн хариулах талаар асууж болно. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Сүмд явах хэрэгцээ” (2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24–26) хэмээх захиасандаа сүмүүд, тэр дундаа Их Эзэний сэргээгдсэн Сүм яагаад чухал байдаг талаар хэд хэдэн шалтгааныг дурдсан. Өсвөр үеийнхэн энэ захиасыг хоёр хоёроороо, жижиг бүлгээрээ эсвэл анги, чуулгаараа хайж олсноо хуваалцаж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.