“7-р сарын 23. Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай вэ? Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“7-р сарын 23. Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
7-р сарын 23
Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Залуу эмэгтэйчүүдийн уриа, Аароны санваарын чуулгын уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид амьдралдаа Их Эзэний мутрыг хэрхэн харж байсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тулгарсан асуудлуудаа туулахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид сайн мэдээг хуваалцахын тулд технологийг хэрхэн илүү сайн ашиглаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлдээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Үйлсийн 11-р бүлэгт анх удаагаа “дагалдагчдыг Христитгэгчид” (26-р шүлэг) хэмээн тэмдэглэсэн. Христийн шавь нарын нэг гэдгээрээ танигдаж, Түүний нэрээр дуудагдах нь ариун нандин завшаан, үүрэг хариуцлага юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлснээр “Бурханы Хайрт, Төрсөн Ганц Хүүгийн нэрийг өөрсөд дээрээ авсан, үнэхээр адислагдсан хүмүүс гэдгээ бид ухаардаг болов уу? Энэ нь ямар чухал болохыг бид ойлгодог бил үү? Аврагчийн нэр бол хүмүүн аврагдаж чадах, тэнгэрийн доорх цорын ганц нэр юм” (“Нэрний ач холбогдол,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93).
Таны хувьд Христэд итгэгч—Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь танай анги, чуулгын гишүүдийн хувьд ямар утгатай вэ? Түүний нэрийг өөр дээрээ авах нь танд хэрхэн нөлөөлдөг вэ? Та Христийн жинхэнэ шавь адил байдаг хэн нэгний үлгэр жишээнээс сүнслэг өдөөлт авч байсан үеэ бодож магадгүй.
Заахаар бэлтгэж байхдаа та Үйлс 10–15-ыг уншихын сацуу “Нэмэлт эх сурвалж” дахь нэг эсвэл хэд хэдэн Ерөнхий чуулганы захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Анги, чуулгын гишүүдэд Есүс Христийн шавь байх нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд та тэднийг дараах мэдэгдлийг дуусгахад урьж болно: “Есүс Христийн шавь бол … хүнийг хэлнэ.” Тэд Үйлс 11:19–26-г уншаад, 21, 23–24, 26-р шүлэг дээрх Сүмийн эдгээр гишүүн шавь гэдгээ хэрхэн харуулсан талаарх хэсгийг эрж хайж болно. Есүс Христийн дагалдагчид байх нь бидний бодол санаа, зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ? Иймэрхүү үйл ажиллагаанууд энэ хэлэлцүүлэгт нэмэр болно.
-
Есүс Христийн шавь гэж хэн болох талаар ярилцах нь тустай байж болох юм (“Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдлийг үзнэ үү). Та өсвөр үеийнхнээс өөрсдөд нь сүнслэг нөлөө үзүүлдэг Есүс Христийн зарим сургаал, үлгэр жишээнээс сурч мэдсэн зарим зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Мөн тэд “Нэмэлт эх сурвалж”-д буй судрууд дахь зарим судрыг эсвэл өөрсдийн мэддэг судрыг нэмэлт санаа авахын тулд уншиж болно. Тэд эдгээр хэсгээс Аврагчийн талаар юу сурч мэдсэнээ самбар дээр жагсааж болно. Дараа нь тэд самбар дээр жагсаасан сургаал, мөн жишээг чин сэтгэлээсээ дагаж мөрдөх арга замуудын талаар ярилцаж болно.
-
Анги, чуулгын гишүүдээс Христэд итгэгч байх нь юу гэсэн үг болохыг бодохыг хүс. Тэд Есүс Христийг дагадаг хүний амьдралаас олж харах ёстой гэж боддог чанаруудынхаа жагсаалтыг гаргаж болно (Жишээлбэл: Иохан 13:34–35-ыг үзнэ үү). Та өсвөр үеийнхнийг хоёр бүлэгт хувааж, бүлэг бүрээс жагсаалтдаа нэмэх нэмэлт чанаруудыг хайж олохын тулд дараах захиаснуудыг нэг нэгээр уншихыг хүс. Ахлагч Тэрэнс М.Винсон, “Аврагчийн үнэнч шавь нар” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6–9) мөн ахлагч Массимо Дэ Фэо, “Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100–102). Өсвөр үеийнхнийг жагсаалт дээрх сайжруулахыг хүсэж буй ямар нэг зүйлээ тунгаан бодохыг урь.
-
Та анги, чуулгын гишүүдээс Есүс Христийн нэрээр дуудагдах нь тэдний хувьд ямар утгатай болохыг асууж болно. Магадгүй хэн нэгэн тэднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгийг нь мэдсэн талаарх туршлагаасаа хуваалцаж болох юм. Бид Есүс Христийн дагалдагчид, Түүний Сүмийн гишүүд гэж танигдах болсон маань бидэнд ямар санагддаг вэ? Түүнчлэн өсвөр үеийнхэн хэд хэдэн судар, “Нэмэлт эх сурвалжууд” дээрх захиаснуудын аль нэгийг судалж, өөрсөд дээрээ авсан Есүс Христийн нэрийг өндөрт өргөхөд нь сүнслэг нөлөө үзүүлэх ойлголтуудыг хайж болно. Есүс Христийн нэрээр дуудагдах нь бидний хийх сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Матай 5:38–47; 6:19–21; 7:1–5; 25:31–40; Лук 10:25–37; Иохан 13:34–35; 14:15 (Есүс Христийн сургаал)
-
Матай 4:1–11; Марк 6:35–44; Лук 4:16–19; 22:39–42; 23:33–34; Үйлс 10:38 (Есүс Христийн үлгэр жишээ)
-
Иеремиа 15:16; Мозая 5:7–15; Алма 46:12–15; 3 Нифай 27:3–8 (Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах)
-
Лиса Л.Харкнэсс, “Түүний нэрийг эрхэмлэн дээдлэх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–69
-
Пол Б.Пайпэр, “Бүгд өөрсдийн дээр Эцэгээс ирсэн нэрийг авах ёстой,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52–55
-
Ахлагч Робэрт Д.Хэйлс “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Шавь гэдэг бол баптисм хүртэн, Аврагчийн нэрийг өөр дээрээ авахад бэлэн, Түүнийг дагах хүсэлтэй хүн юм. Дагалдан сурагч нь багштайгаа адил болохыг эрэлхийлдэгтэй адил шавь нь мөнх бус амьдралдаа Их Эзэний зарлигуудыг дагаснаар багштайгаа адил болохыг хичээдэг.
“Олон хүн шавь гэдэг үгийг сонсоод, ‘дагалдагч’ гэсэн утгатай гэж боддог. Гэхдээ жинхэнэ шавь байх гэдэг нь яг бодит байдлыг хэлдэг юм. Үүнд хувь хүний зан чанарын жагсаалтыг судалж, хэрэгжүүлэхээс хавьгүй их зүйлийг шаарддаг. Шавь нар нь Христийн зан чанаруудыг сүнслэг хивс нэхэх байдлаар өөрийн эд эс бүрд сүлжин нэхэж амьдардаг” хэмээн заасан (“Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–33).