“1-р сарын 8–14: ‘Би явж бас биелүүлэх болно.’ 1 Нифай 1–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)
“1-р сарын 8–14. 1 Нифай 1–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)
1-р сарын 8–14: “Би явж бас биелүүлэх болно”
1 Нифай 1–5
Мормоны Ном нь бодит асуудалтай тулгарсан бодит гэр бүлийн түүхээр эхэлдэг. Энэ түүх МЭӨ 600 онд болж өнгөрсөн ч зарим зүйл нь өнөөдрийн гэр бүлүүдэд танил санагдаж болох юм. Энэ гэр бүл ёсон бус дэлхийд амьдарч байсан ч хэрэв тэднийг Өөрийг нь дагавал тэднийг аюулгүй газар руу хөтлөн удирдана хэмээн Их Эзэн тэдэнд амлажээ. Аяллынхаа турш тэд сайн сайхан хийгээд хүнд үеүдтэй тулгарч, агуу адислал, гайхамшгуудыг хүлээн авч байсан ч тэдэнд маргах, зөрчилдөх үе ч бас гарч байв. Эцэг эх нь гэр бүлийнхнийхээ итгэлийг өдөөх гэж хичээж, аюулгүй байдалд нь санаа зовниж, харин хүүхдүүд нь эцэг эхдээ итгэх эсэхээ шийдэж, ах дүүс хоорондоо атаархал, зөрчилдөөнөө шийдвэрлэж, заримдаа бие биеэ уучлан өршөөж байгаа зэрэг сайн мэдээний дагуу амьдрах гэж хичээж буй нэгэн гэр бүлийн дэлгэрэнгүй түүх сударт ховор цэдэглэгдсэн байдаг. Ерөнхийдөө энэ төгс бус гэр бүлийн итгэлийн жишээнүүдэд хүч агуулагддаг.
Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа
Бурханы үг миний хувьд “агуу үнэ цэнтэй.”
Мормоны Номон дахь нэгэн чухал захиас бол Бурханы үг “агуу үнэ цэнтэй” хэмээх захиас юм (1 Нифай 5:21). Та 1 Нифай 1–5-ыг уншихдаа, Бурханы үг Лихайн гэр бүлийг шууд ба шууд бусаар адисалсан арга замуудыг олж мэд (Жишээлбэл: 1:11–15; 3:19–20; 5:10–22-ыг үзнэ үү). Эдгээр бүлэг Бурханы үгийн тухай танд юу зааж байна вэ? Судруудыг судлахад сүнсээр өдөөх юуг та олж мэдсэн бэ?
Мөн “Ариун судрыг судлах үед” дууг Дуулал номын д. 140-өөс үзнэ үү.
Би Их Эзэнд хандсанаар гэрчлэлтэй болж, үүнийгээ хүчирхэгжүүлж чадна.
Нифайг Их Эзэнд итгэх хүчирхэг итгэлээр нь мэддэг байж болох ч тэр ч гэсэн бидний адил гэрчлэлтэй болохын тулд хөдөлмөрлөсөн. Нифай яагаад эцгийнхээ үгсийг үнэн гэсэн гэрчлэлийг хүлээн авах боломжтой байсан талаар та юуг 1 Нифай 2-оос олж уншсан бэ? Лемен, Лемүел хоёр яагаад ийм гэрчлэлтэй болоогүй вэ? (Мөн 1 Нифай 15:2–11-ийг үзнэ үү). Та Их Эзэн таны зүрх сэтгэлийг зөөлрүүлж байгааг хэзээ мэдэрч байсан бэ?
Бурхан Өөрийнх нь тааллыг гүйцэлдүүлэх арга замыг надад зориулан бэлдэнэ.
Их Эзэн Лихайд болон түүний хөвгүүдэд гуулин ялтаснуудыг авахыг зарлиглахдаа, үүнийг хэрхэн гүйцэлдүүлэх тодорхой удирдамжийг өгөөгүй. Бурханаас хүлээн авдаг удирдамж ихэнхдээ ийм байдаг нь үнэн ба энэ нь биднээс хийхийг шаардсан зүйлс “хүнд бэрх” (1 Нифай 3:5) гэсэн сэтгэгдлийг бидэнд төрүүлж болно. 1 Нифай 3:7, 15–16 дээрх Их Эзэний зарлигийг хүлээн авсан Нифайн хандлагын юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ?
Та 1 Нифай 3–4-ийг уншихдаа, Нифайд тохиолдсон олон саад бэрхшээлийг олж мэд. Их Эзэн “Өөрийн зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх замыг” Нифайд хэрхэн бэлтгэсэн бэ? Их Эзэний Нифайд зориулан хийсэн зүйлсийг мэдэх нь яагаад танд чухал вэ?
Бурханы зарлигуудыг нь дагахад бидэнд зориулан бэлтгэсэн нэг хүчирхэг арга зам бол Есүс Христийг бидний Аврагч болгон илгээсэн явдал юм. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” захиасыг уншихыг бод (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–76). Есүс Христ бидний хүн нэг бүрд зориулан замыг хэрхэн бэлтгэсэн бэ? Түүнийг таны төлөө бүхнийг даван туулсныг мэдсэнээр танд юуг “явж бас биелүүлмээр” санагдаж байна вэ?
Бурханы ажлуудыг санах нь Түүний зарлигуудыг дагах итгэлийг надад өгнө.
Лемен, Лемүел хоёрыг бувтналдаж эсвэл гомдоллож эхлэхэд ихэвчлэн Нифай, Лихай хоёр дэргэд нь байж, урам зориг, дэмжлэг өгдөг байсан. Танд бувтнаж байгаа юм шиг санагдвал Нифай, Лихай хоёрын үгсийг унших нь тустай байж болох юм. Нифай, Лихай хоёр бусдад Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь туслахыг хэрхэн хичээдэг байсан бэ? (1 Нифай 4:1–3; 5:1–8; мөн 7:6–21-ийг үзнэ үү). Бувтнаж эсвэл гомдоллохоор уруу татагдах үед тань туслах ямар зүйлийг та олж мэдсэн бэ?
“Би Сүнсээр хөтлүүлсэн.”
1 Нифай 4:5–18 дээрх Нифайн Сүнсийг таньж, дагах чадварын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган) захиасыг судалж, Их Эзэнээс илчлэлт хүлээн авах талаар илүү ихийг мэдэж авч болно.
Хүүхдүүдэд заах санаа
Би өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.
-
Нифай эцгийнхээ заасан зүйлсийг үнэн гэдгийг хэрхэн мэдсэн бэ? Хүүхдүүддээ энэ асуултын хариултыг 1 Нифай 2:16, 19-өөс олоход тусал. Нифайн үйлдлүүдийг өрдөг тоглоом юм уу ямар нэг зүйл дээр бичээд, дараа нь тэдгээрээр ямар нэг юм барих нь тэдэнд таалагдаж болох юм. Ингэснээр эдгээр үйлдэл гэрчлэлээ хөгжүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг талаар яриа өрнүүлж болно.
-
Та хүүхдүүдийнхээ өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж болох зүйлсийг төлөөлөх Мормоны Ном, Есүс Христ, ариун сүм эсвэл амьд бошиглогч зэргийн зургуудыг үзүүлж болно. Тэднийг аль нэгийг нь сонгоод, уг зүйлийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Та бас хүүхдүүддээ хэрхэн гэрчлэлтэй болсноо ярьж өгч болно. Яагаад бидэнд өөрийн гэсэн гэрчлэл хэрэгтэй вэ?
Бурхан надад зарлигуудыг нь сахихад тусална.
-
Бурхан Нифайд гуулин ялтаснуудыг авахад хэрхэн тусалсан тухай ярилцахад нь хүүхдүүддээ туслахын тулд дараах эх сурвалжуудын нэгийг юм уу хэд хэдийг ашиглахыг бод. Үүнд: 1 Нифай 3–4; энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас; “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 64) болон “4-р бүлэг: Гуулин ялтаснууд” (Мормоны Номын түүхүүд, 8–12-т бий).
-
Танд болон таны хүүхдүүдэд 1 Нифай 3:2–7-г жүжигчлэн тоглох таалагдаж болох юм. Та Лихайн дүрд тоглож, гуулин ялтаснуудыг авахаар Иерусалим руу буцаж явж байгааг жүжигчлэн тоглоход хүүхдүүдээ урьж болно. Тэднийг Лемен, Лемүел хоёрын эсвэл Нифайн дүрд орж, өөрсдийн үгээр хариулахад урь. Бурхан бидэнд юу хийхийг зарлигласан бэ? (санаа авахын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь 103–115-р зургийг эсвэл Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Бид хэрхэн Нифайтай адил байж чадах вэ?
Судрууд бол агуу эрдэнэс юм.
-
Судрууд Лихайн гэр бүлд маш чухал ач холбогдолтой байсан. Үүнийг тайлбарлахын тулд, Нифай ах нарынхаа хамт гуулин ялтаснуудыг авахын тулд юу хийснийг жүжигчлэн үзүүлж эсвэл ярьж өгөхөд тань туслахыг хүүхдүүдээс хүсэж болно. Жишээлбэл: Тэд хол аялж, алт мөнгөө өгч, амиа аврахын тулд агуйд нуугдсан. Дараа нь та 1 Нифай 5:21-ийг уншаад, судрууд яагаад Лихайн гэр бүлийн хувьд ийм үнэ цэнтэй байсныг ярилцаж болно. Эдгээр нь яагаад бидний хувьд үнэ цэнтэй вэ? Бид судруудыг хэрхэн үнэт эрдэнэс мэт хайрлаж чадах вэ?
Их Эзэний хүслийн дагуу үйлдэхээр эрэлхийлэх үед Ариун Сүнс намайг удирдах болно.
-
1 Нифай 3-аас хэрхэн Нифай болон түүний ах нар гуулин ялтаснуудыг авахыг хичээснийг хамтдаа уншсаныхаа дараа, эцэст нь юу Нифайг амжилтад хүргэснийг олж мэдэхийн тулд хүүхдүүдтэй хамт 1 Нифай 4:6-г унш. Дараа нь хүүхдүүд тань Бурханы өөрсдөөр нь хийлгэхийг хүсэж буй зүйлсийн жагсаалтыг гаргаж болно. Ариун Сүнс ийм нөхцөлд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?