Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63: “Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө”


“6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63: ‘Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Миссурийн хээр тал

Миссурийн Давиесс гүнлэг дэх Спрингхилл, Гарт Робинсон Оборн

6-р сарын 7–13

Сургаал ба Гэрээ 63

Сургаал ба Гэрээ 63: “Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө”

Их Эзэн “Та нар Сүнсийг залбирлаар дамжуулан хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 63:64) хэмээн хэлсэн. Суралцах үйл явцыг тань удирдан чиглүүлэх Сүнсний төлөө залбирах талаар бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сион хотын баригдах газрыг сонгов. Сүмийн удирдагчид газар дээр нь очиж, гэгээнтнүүдийн цугларах газар болгон онцгойлон адисалсан. Иосеф Смитийн түүхэнд бичигдсэнээр “Сионы нутаг эдүгээ нэн их ач холбогдол бүхий материаллаг зүйл болсон” (Сургаал ба Гэрээ 63, хэсгийн тойм). Гэвч Сионы талаарх үзэл бодол янз бүр байлаа. Олон гэгээнтэн Миссурид цугларахыг хүсэж байв. Нөгөөтээгүүр, Эзра Бүүт гэх зэрэг хүмүүс Сионы нутагт сэтгэл дундуур байсан ба үүнийгээ ч илэрхийлж байлаа. Чухамдаа, Иосеф Миссуригээс Көртландад эргэн ирээд, өөрийг нь эзгүй байх хооронд Сүмд зөрчил сөргөлдөөн, урвалт гарч эхэлснийг олж мэдэв. Ийм нөхцөл байдалд Сургаал ба Гэрээ 63 дээрх илчлэлтийг хүлээн авсан байна. Энд Их Эзэн газар худалдан авах, гэгээнтнүүдийг Миссури руу нүүлгэх гэж байгаа талаар яригддаг. Гэхдээ шийдэх хэрэгтэй асуудлуудаас гадна “Их Эзэн бибээр дуу хоолойгоо илэрхийллээ, мөн энэ нь дуулгавартай дагагдах болно” (5-р шүлэг) гэсэн цагаа олсон сануулгыг өгсөн юм. Түүний дуу хоолой, таалал, зарлиг бүгд “дээрээс ирдэг” тул эдгээрт тоглоом шоглоомоор мөн хайхрамжгүй хандах ёсгүй. Энэ нь “ариун нандин бөлгөө, мөн болгоомжойгоор яригддаг байх ёстой” (64-р шүлэг).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 63:1–6, 32–37

Их Эзэний уур ёс бусчууд хийгээд эсэргүүцэгчдийн эсрэг дүрэлзэж байв.

Энэ илчлэлтийг хүлээн авах үед Сүмийн хэд хэдэн гишүүн Иосеф Смитийг эсэргүүцэж, хурцаар шүүмжилж байв (“Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 130–136-г үзнэ үү). Их Эзэн “ёс бусчууд хийгээд эсэргүүцэгчдийн” талаар ямар сэрэмжлүүлгийг Сургаал ба Гэрээ 63:1–6, 32–37-д өгсөн бэ? Тийм сэрэмжлүүлгүүд хэрхэн Бурханы хайрыг нотолж байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 63:7–12

Тэмдгүүд итгэлээр мөн Бурханы тааллаар ирдэг.

Тэмдгүүд эсвэл гайхамшгууд дангаараа удаан үргэлжлэх итгэлийг бий болгодоггүй. 1831 оны эхээр Көртландын методист сүмийн шашны удирдагч Эзра Бүүт өөрийнх нь найз Элса Жонсоны гарыг Иосеф Смит гайхалтайгаар эдгээхийг харсныхаа дараа баптисм хүртэхээр шийджээ.

Гэвч хэдхэн сарын дотор Бүүт итгэлээ алдаж, бошиглогчийг шүүмжилж эхлэв. Гайхамшгийг өөрийн нүдээр харсан түүнд яагаад ийм зүйл тохиолдсон бэ? Сургаал ба Гэрээ 63:7–12-ыг уншихдаа энэ асуултыг тунгаан бодно уу. Та мөн яагаад зарим хүн тэмдгийг “[Бурханы] алдар суугийн төлөө хүмүүний сайн сайхны төлөө бус” (12-р шүлэг), харин зарим нь “зэмлэлд” (11-р шүлэг) хүлээн авдаг талаар эргэцүүлэн бодож болно. Уншсан зүйл дээрээ үндэслэхэд, Их Эзэн тэмдгүүдийн талаар юу бодож, ойлгоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Мөн Матай 16:1–4; Иохан 12:37; Мормон 9:10–21; Ифер 12:12, 18-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 63:13–23

Ариун явдал гэдэг нь өөрийн бодол санаа, үйлдлийг цэвэр байлгана гэсэн үг юм.

Ихэнх хүн садар самуун явдал буруу гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тачаангуй бодол санаа нь сүнслэг байдлын хувьд мөн адил ноцтой үр дагавар авчирдгийг Аврагч Сургаал ба Гэрээ 63:13–19-д тодорхой хэлсэн. “Шунал тачаал нь яагаад үхлийн нүгэл юм бэ?” хэмээн ахлагч Жэффри Р.Холланд асуугаад, “Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөдгийн хамт мөнх бус энэ амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг бузарладаг нүгэл мөн гэж би боддог. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайр, үүрд мөнх байх гэр бүлдээ үр хүүхэдтэй байх хүсэл юм” хэмээн хариулжээ (“Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, May 2010, 44 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 2010 оны 5-р сар, 52).

Сургаал ба Гэрээ 63:13–19-т Их Эзэн өөрсдийн цэвэр ариун бус бодол санаа, үйлдлийг наманчилдаггүй хүмүүст ямар үр дагавар ирэх тухай дурдсан бэ? 20 ба 23-р шүлэгт итгэлтэй хүмүүст Аврагчийн амласан адислалуудыг анхаарна уу. Ариун явдлын хуулийг сахиснаар таны амьдралд ямар адислалууд ирсэн бэ? Таныг цэвэр ариун хэвээр байхад эсвэл болоход Аврагч хэрхэн тусалдаг вэ?

Мөн Сургаал ба Гэрээ 121:45; Линда С.Рийвс, “Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” Ensign, Nov. 2015, 9–11 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137–139-ийг үзнэ үү.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ариун сүмийн гадна байгаа нь

Бид өөрсдийн бодол санаа, үйлдлийг цэвэр ариун байлгаснаар адислагддаг.

Сургаал ба Гэрээ 63:24–46

Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийн сүнслэг хийгээд материаллаг үйл хэргийг удирддаг.

Их Эзэнийг Сион хаана баригдахыг хэлсний дараа, Огайо дахь гэгээнтнүүдэд хэзээ нүүж эхлэх, газар авах мөнгө хаанаас олох талаар удирдамж хэрэгтэй байв. Та Сургаал ба Гэрээ 63:24–46-г уншихдаа, Сионы талаар Их Эзэний өгсөн сүнслэг болон материаллаг байдалтай холбоотой удирдамжийг ол. Их Эзэн ямар ямар сүнслэг болон материаллаг байдалтай холбоотой удирдамжийг өгч байгаа вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 63:7–12.Элса Жонсоны эдгэрснийг гэрчилсэн хэрнээ Сүмээс гарсан Эзра Бүүтийн түүх (“Хувиараа судар судлахад зориулсан санаанууд” дээрх товч мэдээлэл болон энэ тоймд байгаа зургийг үзнэ үү) гайхамшгуудын тухай ярилцлага руу хөтөлж болно. Гэр бүлийн гишүүд тань итгэлийг нь хүчирхэгжүүлсэн гайхамшгууд, тэр дундаа гэр бүл эсвэл гэр бүлийн түүхтэй холбоотой туршлагаа ярьж болох юм. Тэд эдгээр гайхамшгийг хүлээн авахад шаардагдах итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ? Итгэл болон гайхамшгийн хоорондын харилцааны талаар Сургаал ба Гэрээ 63:7–12-т юу гэж заасан байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 63:13–19.Бид зохисгүй нөлөөнөөс, тэр дундаа порнографаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж чадах вэ? (Та гэр бүлдээ хэрэгтэй олон эх сурвалжийг AddressingPornography.ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.) Ариун явдлын хуулийн дагуу амьдрахын адислалууд юу вэ?

Сургаал ба Гэрээ 63:23.Та “хаант [улсын] нууцууд” эсвэл сайн мэдээний үнэнүүд хэрхэн “амьд усны худаг” мэт болохыг ойлгоход нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж болох вэ? Жишээлбэл, та ойр байдаг булаг юм уу гол руу очиж болно (эсвэл видео бичлэг юм уу зураг үзүүл). Сайн мэдээ хэрхэн устай адилхан бэ?

Сургаал ба Гэрээ 63:58.Бид 63-р хэсгээс ямар ямар сэрэмжлүүлгүүдийг олж болох вэ? Өнөө үед бид Сүмийн удирдагчдаас ямар ямар сэрэмжлүүлэг сонсдог вэ?

Сургаал ба Гэрээ 63:58–64.Гэр бүлийнхээ үнэт зүйлийг гэрийнхэндээ үзүүл. Бид энэ зүйлдээ бусад арай бага үнэтэй зүйлээс хэрхэн өөрөөр ханддаг вэ? Ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэлтэй хандахын тулд бидний хийх зүйлийн талаар Сургаал ба Гэрээ 63:58–64-д юу гэж заасан байдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: Хүндэтгэл бол хайр,” Хүүхдийн дууны ном, 12.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар. “Сайн мэдээг ойлгохоос ирдэг баяр хѳѳрийг мэдэрснээрээ та сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хүсэх болно. Ойлголттойгоо нийцэн амьдрахыг хичээ. Ингэх нь таны итгэл, мэдлэг, гэрчлэлийг бэхжүүлэх болно” (Миний сайн мэдээг номло, 21).

Иосеф Смит нэгэн эмэгтэйн гарыг барьж байгаа нь

Элса Жонсоны мөрийг эдгээсэн нь, Сэм Лоулор