Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66: “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”


“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66: ‘Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Хээр талд нар мандаж байгаа нь

Миссурийн Давиесс гүнлэг

6-р сарын 14–20

Сургаал ба Гэрээ 64–66

“Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Би судраас уншихдаа ихэнхдээ ‘Бурхан намайг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?’ эсвэл ‘Тэр намайг юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?’ гэж асуудаг. Тэр болгонд надад урьд нь хэзээ ч орж ирж байгаагүй шинэ санаанууд орж ирдэг” гэж хэлсэн (“How God Speaks to Me through the Scriptures,” Feb. 6, 2019, blog.ChurchofJesusChrist.org).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1831 оны 8-р сарын аагим халуунд хэдэн ахлагч Их Эзэний зааварласны дагуу Миссури дэх Сионы газрыг судалсныхаа дараа Көртланд руу буцаж байлаа. Энэ нь тийм ч таатай аялал байсангүй. Аялагчид болох Иосеф Смит, Оливер Каудери, Сидней Ригдон, Эзра Бүүт болон бусад хүн халууцаж, ядарсан байсан ба удалгүй тэдний хоорондын хурцадмал байдал хэрүүл маргаан болж хувирав. Сионыг буюу хайр, эв нэгдэл, амар амгалангийн хотыг тийм ч хурдан байгуулчихгүй мэт санагдаж байсан байж болох юм.

Аз болоход, Сионыг 1831 онд Миссурид эсвэл өнөө үед зүрх сэтгэлдээ болон тойргууддаа барьж байгуулахад энэ нь биднээс төгс байхыг шаарддаггүй. Харин “бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” хэмээн Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 64:10). Тэрээр “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” шаарддаг (34-р шүлэг). Мөн Тэрээр тэсвэр тэвчээртэй, үнэнч байхыг шаарддаг бөгөөд “сайныг үйлдэхэд шант[ардаггүй” хүмүүсийн хийсэн “жижиг зүйлүүдээс” бүрдсэн суурин дээр Сионыг байгуулах юм (33-р шүлэг).

Мөн Гэгээнтнүүд, 1:133–134, 136–137-г үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 64:1–11

Би бүх хүнийг уучлах ёстой.

Та Сургаал ба Гэрээ 64:1–11-ийг уншихдаа, Их Эзэн таныг өршөөсөн тохиолдлын талаар бод. Та мөн уучлах хэрэгтэй хэн нэгний тухай бодож болно. Аврагчийн нинжин сэтгэл таны өөрийнхөө болон бусдын талаарх бодол санаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Их Эзэн яагаад “бүх хүмүүнийг уучлахыг” бидэнд зарлигласан гэж та бодож байна вэ? (10-р шүлэг). Хэрэв танд уучлахад хэцүү байвал Аврагч хэрхэн тусалж чадах талаар дараах эх сурвалжууд юу заасныг бодож үзнэ үү. Үүнд: Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” Ensign, Nov. 2018, 77–79 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74; Судруудын удирдамж, “Өршөөх, уучлах,” scriptures.ChurchofJesusChrist.org.

Сургаал ба Гэрээ 64:31–34

Бурхан зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг.

Та хийхийг хичээж байгаа бүх “сайн үйлдээ” “шантарч” байсан уу? Сургаал ба Гэрээ 64:31–34 дээрх Их Эзэний танд зориулсан захиасыг олж мэд. Бурханд “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюунаа” зориулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (34-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 64:41–43

Сион нь “хүмүүст туг” байх болно.

Туг “зорилго буюу үзэл санаанд хүмүүс нэгдэн цугларч хүрээлдэг туг буюу далбаа” юм (Судруудын удирдамж, “Туг,” scriptures.ChurchofJesusChrist.org). Сион эсвэл Их Эзэний Сүм таны хувьд хэрхэн туг мэт байдаг вэ? Хүмүүсийг адислахаар туг гэх мэт дээш өргөдөг бусад зүйлийн жишээг Тооллого 21:6–9; Матай 5:14–16; Алма 46:11–20-оос эргэцүүлэн бод. Эдгээр шүлэг нь амьдарч байгаа газартаа Сүмийн туг байхад танд хэрхэн тусалж болох талаар юу заасан бэ? Их Эзэн Сионыг өөрөөр дүрслэн хэлсэн зүйлийг Сургаал ба Гэрээ 64:41–43 дээрээс олж мэд.

Ахмад Моронай

Ахмад Моронай эрх чөлөөний тугийг барьсан нь, Гари Э.Смит

Сургаал ба Гэрээ 65

“Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар.”

Матай баптисч Иоханыг “Эзэний замыг бэлтгэцгээ” хэмээн тунхагладаг хүн гэж дүрслэн бичсэн (Матай 3:3-ыг мөн Исаиа 40:3-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 65-д Их Эзэн Өөрийн хожмын үеийн ажлыг дүрслэхдээ дээрхтэй адил үг хэллэгийг ашиглажээ. Баптисч Иоханы хийсэн зүйл болон Их Эзэний биднээс өнөөдөр хийхийг хүссэн зүйл хоёрын (Матай 3:1–12-ыг үзнэ үү) хооронд ямар адил төстэй зүйл байгааг та олж харсан бэ? Та энэхүү бошиглолыг гүйцэлдүүлэхэд туслан, сүнсээр урамшуулсан юуг энэ илчлэлтээс олж мэдсэн бэ? Та “[Бурханы] гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлэх” арга замын талаар тунгаан бод (4-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 66

Их Эзэн миний зүрх сэтгэлийн бодлыг мэддэг.

Сүмд нэгдээд удаагүй байхдаа Виллям Э.Маклелин өөрт нь зориулсан Бурханы тааллыг илчлэхийг Иосеф Смитээс хүссэн. Виллям Их Эзэнийг Өөрийн бошиглогчоор дамжуулан таван асуултад нь хариулна гэж найдаж байсныг Иосеф мэдээгүй байв. Бид Виллямд яг ямар ямар асуулт байсныг мэдэхгүй ч Сургаал ба Гэрээ 66 дээрх илчлэлт түүнд зориулагдсан байсан бөгөөд Виллямын асуулт бүрд “хангалттай бүрэн дүүрэн хариул[сныг]” мэднэ (“William McLellin’s Five Questions,” Revelations in Context, 138).

Та 66-р хэсгийг уншихдаа, Их Эзэн хэрхэн Виллям Маклелины болон түүний зүрх сэтгэл дотор байсан асуудал, зорилгын талаар мэдэж байсан тухай бод. Их Эзэн таны хэн гэдгийг мэддэгээ хэрхэн илчилсэн бэ? Танд патриархын адислал байдаг бол түүнийгээ судал. Судалж байхад тань Бурханы таныг гэсэн тааллыг ойлгоход Ариун Сүнс хэрхэн тусалсан бэ?

Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:138–140; Gospel Topics, “Patriarchal Blessings,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 64:8–10.Уучилж сурах олон боломжийг гэр бүлийн харилцаа олгодог. Гэр бүлийн гишүүд бие биеэ уучлах нь хэрхэн танай гэр бүлийг адисалсан талаар ярьж болно. Аврагч бидэнд нэг нэгнээ уучлахад хэрхэн тусалсан бэ? Бид бусдыг уучлахгүй байснаар хэрхэн “зовлонд унадаг” (8-р шүлэг) вэ?

Сургаал ба Гэрээ 64:33.Тэнгэрлэг Эцэг танай гэр бүлийг Өөрийнх нь “агуу ажлуудыг” гүйцэлдүүлэхийн тулд юу хийгээсэй гэж хүсдэг вэ? Магадгүй та нарын хийх зүйл ариун сүм рүү явах, хөрштэйгөө сайн мэдээг хуваалцах эсвэл зөрчилдөөнийг даван туулах явдал байж болох юм. Гэр бүлийн гишүүн бүр чулуу, товч, эвлүүлдэг тоглоомын хэсэг гэх мэт жижиг зүйлсийг цуглуулаад, Бурханы агуу ажлын “суурийг тавихын” тулд бидний өдөр бүр хийж болох “жижиг зүйлсийг” тэдгээрээр төлөөлүүлж болно. Гэр бүлээрээ эдгээр жижиг зүйлээс нэгийг сонгож, ирэх долоо хоногийн турш хэрэгжүүл.

Сургаал ба Гэрээ 66:3.Та наманчлахын ач холбогдлыг хэрхэн заах вэ? Та дутуу угаасан тавганд хоол таваглаад, Их Эзэний Виллям Маклелинд хэлсэн “Цэвэр ариун болой чи, гэвч бүгдээр нь биш” гэсэн үгийг унш. Тэгээд та тавгийг цэвэрлээд, хоолоо таваглах зуураа Есүс Христ хэрхэн бидэнд сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байх боломж өгсөн тухай ярилц.

Сургаал ба Гэрээ 66:10.Танай гэр бүл Их Эзэний “түүртэхгүй байхыг хичээ” буюу олон зүйлд дарагдахгүй бай гэсэн зөвлөгөөг хэрхэн дагаж болох вэ? Та Мариа, Марта хоёрын түүхийг яриад (Лук 10:38–42-ыг үзнэ үү), гэр бүл тань мөнхийн үнэ цэнгүй зүйлсэд хэрхэн түүртэхгүй байх талаар ярилц.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Эцэг минь гуйя, надад туслаач,” Хүүхдийн дууны ном, 52.

Заах чадвараа сайжруулах

Үргэлж холбогдож, харилцахад бэлэн бай. Заах хамгийн онцгой боломж нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл дотроо тээж явдаг асуултуудаас эсвэл сэтгэлийг нь шаналгаж байдаг асуудлуудаас эхэлдэг. Та өөрийн үг хэл, үйлдлээр гэр бүлийн гишүүдээ сонсох хүсэлтэй байгаагаа тэдэнд ойлгуул. (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү.)

Есүсийн өмнө сөгдөн сууж буй эмэгтэй

Өршөөгдсөн нь, Грэг К.Олсэн. Зөвшөөрөлтэй ашиглав. www.GregOlsen.com