“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62: ‘Бүх махбодь миний гарт буй,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
5-р сарын 31-ээс 6-р сарын 6
Сургаал ба Гэрээ 60–62
“Бүх махбодь миний гарт буй”
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон бид судруудыг судлахад “гэрчлэлүүд нэмэгдэнэ. Амлалтууд хүчирхэгжинэ. Гэр бүлүүд бэхэжнэ. Хувийн илчлэлтүүд цутган ирэх болно” хэмээн заасан (“The Power of the Word,” Ensign, May 1986, 81).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1831 оны 6-р сард Иосеф Смит Сүмийн ахлагчдын хамт Көртландад чуулган хийв. Тэнд Их Эзэн зарим ахлагчийг хамтрагчид болгон хуваарилж, “Зам зууртаа номло” (Сургаал ба Гэрээ 52:10) гэсэн үүрэг даалгавар өгч, Миссурийн Жаксон гүнлэг рүү илгээсэн юм. Олон ахлагч үүргээ хичээнгүйлэн биелүүлсэн ч зарим нь тэгсэнгүй. Харин Көртланд руу буцах цаг болоход Их эзэн “Зарим [ахлагч] ]нь миний таалалд үл нийцнэ, учир нь тэд амаа нээх нь үгүй, харин тэд хүнээс эмээхийн улмаас тэдэнд миний өгсөн авьяас билгийг тэд нуух ажээ” (Сургаал ба Гэрээ 60:2) хэмээн хэлжээ. Бид амаа нээж, сайн мэдээг хуваалцаж чадах эсэхтээ эргэлздэг учраас бидний дунд олон хүн эдгээр ахлагчийг өрөвдөж байж болох юм. “Хүнээс эмээх” байдал маань бидэнд ихээхэн саад болж байж магадгүй. Бид өөрсдийн зохистой байдал эсвэл ур чадвартаа эргэлзэж магад. Ямар ч шалтгаантай бай, Их Эзэн “хүмүүний сул талыг хийгээд [бидэнд] тэдэнд хэрхэн туслахыг мэддэг” (Сургаал ба Гэрээ 62:1). Эхэн үеийн номлогчдод зориулсан эдгээр илчлэлтийн энд тэндгүй сайн мэдээг хуваалцахаас эмээх эсвэл бидэнд тулгарч болох бусад айдсаа ялан дийлэхэд туслах урмын үгс байдаг. Тухайлбал: “Их Эзэн бибээр дээр тэнгэрт захирдаг.” “Бибээр та нарыг ариун болгох чадвартай бөлгөө.” “Бүх махбодь миний гарт буй.” “Зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь, учир нь бибээр та нарын дунд байна.” (Сургаал ба Гэрээ 60:4, 7; 61:6, 36.)
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Намайг амаа нээж, сайн мэдээг хуваалцахад Их Эзэн баярладаг.
Хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцаж болох байсан ч ямар нэгэн шалтгаанаар хуваалцалгүй өнгөрөх үе бид бүгдэд тохиолдож байсан. Та “амаа нээгээгүй” эхэн үеийн номлогчдод хандан Их Эзэний хэлсэн үгсийг уншихдаа, сайн мэдээг хуваалцаж болох боломжуудынхаа талаар бод. Сайн мэдээний тухай таны гэрчлэл “авьяас билэг”-тэй эсвэл Бурханы үнэт баялагтай юугаараа адилхан бэ? Бид заримдаа ямар байдлаар “[өөрсдийн] авьяас билгийг нуудаг” вэ? (Сургаал ба Гэрээ 60:2-ыг мөн Матай 25:14–30-ийг үзнэ үү).
Их Эзэн эдгээр эхэн үеийн номлогчийг засаж залруулахаас гадна тэднийг сүнслэгээр урамшуулах гэж оролдсон. Түүний урамшуулсан ямар ямар захиасыг та 60 болон 62-р хэсгээс олсон бэ? Сайн мэдээг хуваалцах итгэлийг тань эдгээр захиас хэрхэн хөгжүүлэх вэ? Ирэх өдрүүдэд амаа нээж, Бурханы танд даалгасан зүйлийг хуваалцах боломжуудыг эрэлхийл.
Түүнчлэн Сургаал ба Гэрээ 33:8–10; 103:9–10; Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” Ensign, May 2019, 15–18 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–18-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 61:5–6, 14–18
Их Эзэн бүх усыг зүхсэн үү?
Сургаал ба Гэрээ 61 дээрх Их Эзэний сэрэмжлүүлэг Түүний хүмүүс Сион руу явахдаа тухайн үед аюултай гэгддэг байсан Миссури мөрөнг гатлахад учирч болох аюулаас зарим талаараа сэрэмжлүүлсэн байдаг. Энэ сэрэмжлүүлгийг гол мөрнийг гатлахаас зайлсхийх ёстой гэж тайлбарлаж болохгүй. Их Эзэнд “бүх сүр хүч,” тэр дундаа усыг захирах хүч бий (1-р шүлэг).
Их Эзэн бүхнээс хүчтэй бөгөөд намайг хамгаалж чадна.
Көртланд руу буцах замдаа Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг Миссури мөрөн дээр явж байхад амь насанд нь аюултай үйл явдал тохиолдсон (Гэгээнтнүүд, 1:133–34-ийг үзнэ үү). Их Эзэн уг боломжийг ашиглан Өөрийн үйлчлэгчдийг сэрэмжлүүлж, тэдэнд зааварлажээ. Та Сургаал ба Гэрээ 61-ээс, сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа Их Эзэнд итгэхийг урамшуулан дэмжсэн ямар зүйлийг олж мэдсэн бэ? Жишээлбэл, Бурхан “үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг” гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (1-р шүлэг).
62-р хэсэгт ижил төстэй санаа бий. Энэ илчлэлтэд Их Эзэн Өөрийнхөө тухай мөн сүр хүчийн талаар танд юу заасан бэ?
Их Эзэн сүнслэг болон бие махбодын зовлон бэрхшээлийг даван туулахад тань тусалсан мөн итгэлийг тань хөгжүүлсэн туршлагуудынхаа талаар тунгаан бод.
Намайг зарим шийдвэрийг “[өөртөө] сайн санагдсанаар” гаргаасай гэж Их Эзэн хүсдэг.
Заримдаа Их Эзэн бидэнд тодорхой удирдамж өгдөг бөгөөд заримдаа Тэр биднийг өөрсдөө шийд гэж үлдээдэг. Та Сургаал ба Гэрээ 62-т харуулсан энэ зарчмыг юу гэж ойлгодог вэ? (мөн Сургаал ба Гэрээ 60:5; 61:22-ыг үзнэ үү). Та амьдралдаа энэ зарчмыг харж байсан уу? Яагаад Бурханаас тодорхой удирдамж авалгүйгээр зарим шийдвэрийг гаргах нь бидэнд сайн байдаг вэ?
Мөн Ифер 2:18–25; Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 60:2–3.Яагаад зарим эхэн үеийн номлогч сайн мэдээг хуваалцахдаа тээнэгэлзсэн бэ? Яагаад бид заримдаа тээнэгэлздэг вэ? Гэр бүлийн гишүүд янз бүрийн нөхцөл байдалд сайн мэдээг хэрхэн хуваалцахыг жүжигчлэн харуулах талаар бодож үз.
-
Сургаал ба Гэрээ 61:36–39.Бид “зоригтой байх” ямар ямар шалтгааныг эдгээр шүлгээс олж харж болох вэ? (мөн Иохан 16:33-ыг үзнэ үү). Танай гэрийнхэн өөрсдөдөө баяр баясгаланг авчирдаг зүйлсийг бичих юм уу зураад, “зориг” гэж бичсэн шилэн саванд хийж болно. (Аврагчийн зураг болон биднийг гэх Түүний хайрыг сануулах зүйлсийг оролцуулахад анхаар.) Гэр бүлийн гишүүд тухайн долоо хоногийн турш аз жаргалтай байх учир шалтгаанаа санах хэрэгтэй бол шилэн савнаас нэг цаас авна.
-
Сургаал ба Гэрээ 61:36.Та гэр бүлийнхэндээ Аврагч “[бидний] дунд” байгааг санахад хэрхэн тусалж болох вэ? Та бүхэн Түүний зургийг гэрийнхээ хаана тавихаа хамтдаа шийдэж болох юм. Бид Аврагчийг өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрхэн урьж оролцуулж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 62:3.Энэ шүлгийг уншсаныхаа дараа та нар гэр бүлийн гэрчлэлийн цуглаан хийж болно. Та гэрчлэл гэж юу болохыг тайлбарлахын тулд ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Pure Testimony” гэсэн захиасын хэсгээс хуваалц (Ensign or Liahona, Nov. 2004, 40–43). Яагаад гэрчлэлээ бичиж тэмдэглэх нь чухал вэ?
-
Сургаал ба Гэрээ 62:5, 8.Яагаад Их Эзэн бидний амьдралын бүхий л зүйлийн талаар зарлиг өгдөггүй вэ? 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид хэрхэн шийдвэр гаргах ёстой вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Testimony,” Hymns, no. 137.