“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
Миссури, Индепенденс, Ал Раундс
5-р сарын 24–30
Сургаал ба Гэрээ 58–59
“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Судрууд бидэнд өөрийн бүх хувийн асуултад хариулт авахад тусалдаг. Учир нь судруудыг уншсанаар бид бүх үнэн рүү хөтөлдөг Ариун Сүнсийг урьж, сүнслэг удирдамж хүлээн авах эрх авдаг” хэмээн заасан (David A. Edwards, “Are My Answers in There?” New Era, May 2016, 42).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Сүмийн ахлагчид Сион хотын газар буюу Миссурийн Индепенденсийг анх харахад төсөөлснөөс нь огт өөр байв. Зарим нь хүчирхэг гэгээнтнүүдээс бүрдсэн цэцэглэн хөгжиж буй, хөл хөдөлгөөнтэй газар байгаа байх гэж бодож байлаа. Харин үүний оронд дасаж дадсан соёл иргэншил ч үгүй, гэгээнтнүүдийн оронд зах хязгаарын бүдүүлэг хүмүүс амьдардаг, хүн ам цөөнтэй бөглүү тосгон тэднийг угтан авчээ. Их Эзэн тэднийг зүгээр нэг Сион руу ир гээгүй, харин үүнийг барьж байгуулахыг хүссэн байлаа.
Хүсэн хүлээсэн зүйлс маань бодит байдалтай нийцэхгүй байх үед “…Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 58:3) хэмээн 1831 онд Их Эзэний гэгээнтнүүдэд хэлсэн үгсийг санууштай. Тийм ээ, амьдрал гай зовлон, бүр ёс бус явдлаар дүүрэн боловч бид “зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой; учир нь хүч [бидэнд] буй” (27–28-р шүлэг).
Мөн Гэгээнтнүүд, 1:127–133-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сургаал ба Гэрээ 58:1–5, 26–33, 44; 59:23
Адислалууд нь Бурханы цаг хугацаанд, бидний хичээнгүй байдлын дагуу ирдэг.
Миссурийн Жаксон гүнлэгт Сионы суурийг тавьсан гэгээнтнүүд олон зовлон бэрхшээлийг даван туулсан юм. Тэдний амьд ахуйд энэ газар бүх гэгээнтний цуглах газар болон хөгжин цэцэглэнэ хэмээн найдаж байсан нь ойлгомжтой. Гэвч хэдхэн жилийн дараа гэгээнтнүүд Жаксон гүнлэгээс хөөгдөн гарсан бөгөөд Их Эзэн Өөрийн хүмүүст “Сионы гэтэлгэлийг багахан хугацаагаар хүлээх” хэрэгтэй болохыг илчилсэн (Сургаал ба Гэрээ 105:9).
Та дараах судрын хэсгүүдийг судлахдаа тодорхой хугацаанд адислал өгөгдөхгүй байх шалтгаануудыг хайж олно уу. Доорх асуултууд тунгаан бодоход тань тусална.
Сургаал ба Гэрээ 58:1–5; 59:23. Эдгээр шүлэгт байгаа ямар захиас гай зовлонг илүү тэвчээртэй даван туулах чадварыг тань нэмэгдүүлсэн бэ? Та гай зовлонгийн дараа ямар ямар адислал хүлээн авч байсан бэ? Яагаад зарим адислал зөвхөн гай зовлонгийн дараа ирдэг гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 58:26–33. “Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулах” нь Бурханы амлалтуудын биелэлтэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Таны дуулгавартай байдал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Сургаал ба Гэрээ 58:44. “Итгэлийн залбирал,” бидний төлөөх Их Эзэний таалал хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?
Сургаал ба Гэрээ 59, хэсгийн тойм
Полли Найт гэж хэн байсан бэ?
Полли Найт болон түүний нөхөр Ахмад Иосеф Найт хоёр Иосеф Смитийн бошиглолын дуудлагад итгэсэн анхны хүмүүсийн нэг байсан. Полли, Иосеф хоёр бошиглогчийн Мормоны Номыг орчуулах ажилд маш чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Найтын гэр бүл Огайод гэгээнтнүүдтэй хамт цугларахаар Нью-Йоркийн Колесвиллээс явсан ба хожим нь Миссурийн Жаксон гүнлэг рүү нүү хэмээх зарлигийг хүлээн авчээ. Аялан явж байхдаа Поллигийн эрүүл мэнд муудсан ч тэр нас барахаасаа өмнө Сионыг үзэхээр шийдвэр төгс байв. Тэрээр Миссурид ирээд хэдхэн хоногийн дараа нас барсан юм (Гэгээнтнүүд, 1:127–128, 132–133-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 59-ийг түүнийг нас барсан өдөр хүлээн авсан бөгөөд 1 ба 2-р шүлэг түүнд онцгойлон зориулагдсан мэт санагддаг.
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь материаллаг болон сүнслэг адислалуудыг авчирдаг.
Сионы гэгээнтнүүдийг “цөөн бус зарлигуудаар” адислахаа амласныхаа дараа Их Эзэн нэгэн зарлигийг онцгойлон өгсөн ба энэ нь Өөрийнх нь “ариун өдрийг” хүндэтгэх зарлиг байсан юм (Сургаал ба Гэрээ 59:4, 9). Та Сургаал ба Гэрээ 59:9–19-ийг судлахдаа, Хүндэтгэлийн өдрийг сахих нь эдгээр гэгээнтнийг Сионыг байгуулахыг хичээх үед яагаад чухал байсныг тунгаан бод.
Та мөн дараахтай адил асуултуудыг тунгаан бодож болно. Үүнд: Би Хүндэтгэлийн өдрийг Их Эзэний төлөвлөсөн арга замын дагуу ашигладаг уу? Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь “дэлхийгээс толбогүй” байхад маань хэрхэн тусалдаг вэ? (9-р шүлэг). Би “Бүхний Дээдэд бүхнээ зориулах[ын]” тулд юу хийж болох вэ? (10-р шүлэг).
Та дараах шүлгүүдийг уншаад, Хүндэтгэлийн өдрийг илүү бүрэн дүүрэн ариунаар сахихын тулд юу хийх хэрэгтэй хэмээсэн сүнслэг өдөөлтийг хүлээн авсан бэ? Эхлэл 2:2–3; Гэтлэл 20:8–11; 31:13, 16; Дэд хууль 5:12–15; Исаиа 58:13–14; Марк 2:27; Иохан 20:1–19; Үйлс 20:7.
Танд мөн sabbath.ChurchofJesusChrist.org дээр байгаа Хүндэтгэлийн өдрийн тухай олон видео бичлэг, бусад эх сурвалж тусалж магадгүй.
Мөн Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, May 2015, 129–132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган,” 122–125; Судруудын удирдамж, “Хүндэтгэлийн өдөр”-ийг тус тус үзнэ үү.
Ариун ёслолоос хүртэх нь Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын нэг хэсэг юм.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 58:26–29.Гэр бүлийн гишүүд “санаа сэтгэлээ бүрэн зориулах” зарим зүйлийн жагсаалтыг гаргаж болно. Тэдгээр нь бүгд “сайн зарчим” мөн үү? Их Эзэн яагаад “чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг” хийхийг биднээс хүсдэг вэ? Гэр бүлийн гишүүн бүрээс энэ долоо хоногт “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах[ын]” тулд юу хийж болохоо бодохыг хүс. Дараа нь тэд хийсэн зүйлээ тайлагнаж болно.
-
Сургаал ба Гэрээ 58:42–43.Гэр бүлийн гишүүд эдгээр шүлгийг уншихдаа юу мэдэрсэн бэ? Наманчлах хэрэгтэй хэн нэгэнд эдгээр шүлэг хэрхэн тусалж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 59:3–19.“Зарлигуудаар … титэм өмсгөгдөх ” гэдэг нь юу гэсэн үг вэ? (4-р шүлэг). Та 5–19-р шүлэг дэх зарлигуудыг уншихдаа эдгээр зарлиг бүрийг дагаснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар ярилц.
Хүндэтгэлийн өдрийг сахих зарлигийг тайлбарлахад “баяр баясгалан,” “баяр хөөр,” “хөгжил хөөр” зэрэг үгсийг хэрхэн ашигласныг та анхаарна уу. Та Хүндэтгэлийн өдрөө хэрхэн илүү баяр баясгалант болгож болох вэ? Танай гэр бүл Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд хийж болох зүйлсийг харуулсан картуудаар хооронд нь ижилсүүлэх тоглоом хийж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 59:18–21.Бид “бүх зүйл дээр [Бурханы] гарыг хүлээн зөвшөөр[өхийн]” (21-р шүлэг) тулд юу хийж чадах вэ? Гадуур алхах эсвэл зургуудаа үзэхдээ “нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах” зүйлсийг анзаарч харахыг бод (18-р шүлэг). Та олсон зүйлсийнхээ зургийг авах юм уу зурж болох ба дараа нь эдгээр зүйлд хэрхэн талархаж байгаагаа харуулахаа ярилц. Бид Бурханы мутрыг амьдралдаа хэрхэн харсан бэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Choose the Right,” Hymns, no. 239.
Заах чадвараа сайжруулах
Судруудаас хуваалц. Хувиараа суралцахдаа олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгээ хуваалцах цагийг гэр бүлийн гишүүдэд өг.
Зураг чимэглэлийг Марти Мэйжор