“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45: ‘Тэрхүү амлалтууд биелэгдэх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
4-р сарын 26-аас 5-р сарын 2
Сургаал ба Гэрээ 45
“Тэрхүү амлалтууд биелэгдэх болно”
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга” хэмээн заасан (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бид хэцүү цаг үед амьдарч байгаа нь санаа зовоодог байж магадгүй. Есүсийн шавь нар ч бас энэ үед тохиох гай гамшгийн тухай Түүний бошиглолыг сонсоод “тэвдэн сандарсан” (Сургаал ба Гэрээ 45:34). Огайогийн Көртландад байсан эхэн үеийн гэгээнтнүүд бас өөрсдийн амьдарч байсан хүнд хэцүү цаг үед санаа зовниж байжээ. Үүнээс гадна сайн мэдээний захиасыг “олон хуурамч илтгэл … мөн мунхаг түүхүүд” (Сургаал ба Гэрээ 45, хэсгийн тойм) нууцаар хорлохыг хичээж байв . Гэхдээ тэр үед ч, одоо ч гэсэн Их Эзэний хариулт “Бүү тэвдэн сандар” гэсэн хэвээр (35-р шүлэг). Тийм ээ, ёс бус явдлууд байгаа ч Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаагийн баталгаа бас бий. Тийм ээ, Хоёр дахь ирэлтийн өмнө гай гамшиг болохыг зөгнөн хэлсэн ба бид тэдгээрийг мэддэг байх хэрэгтэй. Гэвч эдгээр нь зөвхөн аюулын талаарх сэрэмжлүүлэг биш, харин Бурханы амлалтууд биелэх гэж байгаагийн тэмдэг юм. Тиймээс эдгээр тэмдгийн олныг дүрсэлсэн илчлэлт болох Сургаал ба Гэрээ 45-ыг “гэгээнтнүүдийн баяр баясалд” (хэсгийн тойм) хүлээн авсан байдаг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христ бол Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч юм.
Танд Бурханы өмнө хангалттай сайн биш эсвэл зохисгүй мэт санагдаж байсан уу? Тэгвэл та Сургаал ба Гэрээ 45:1–5-аас урам дэм олж авч болох юм. “Өмгөөлөгч,” “гуйх” зэрэг үгс нь таны хувьд юуг илэрхийлдэг вэ? Аврагч хэрхэн таныг өмгөөлөх буюу таны өмнөөс гуйдаг вэ? Христ таны Өмгөөлөгч гэдгийг мэдэх нь таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
Дээрх шүлгийн талаар тунгаан бодоход ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгс танд тусалж болох юм. “Есүс [бол] бидний өмгөөлөгч. Бурхантай эвлэрүүлж, зөвшилцөл хийхийн тулд өөрийн тохинуулал, ажлаар бидний зуучийн хувьд бидний өмнөөс гуйж байдаг” (Conference Report, Oct. 1953, 58).
Түүнчлэн 2 Нифай 2:8–9; Мозая 15:7–9; Моронай 7:27–28; Сургаал ба Гэрээ 29:5; 62:1-ийг үзнэ үү.
Сайн мэдээ нь улс үндэстнүүдийн хувьд жишиг юм.
Эрт цагт жишиг гэдэг нь дайн тулалдаанд авч ордог туг далбаа байв. Энэ нь цэргүүдийг цуглуулж, нэгтгэн, хаана цугларч, юу хийхээ мэдэхэд нь тэдэнд тусалдаг байжээ. Мөн аливаа зүйлийг харьцуулж, хэмжиж болох жишээ, хэм хэмжээг жишиг гэдэг. Та Сургаал ба Гэрээ 45:9–10-ыг уншихдаа, сайн мэдээний гэрээнүүд хэрхэн таны жишиг болж ирснийг тунгаан бод. Хэрэв эдгээр гэрээ байгаагүй бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
Мөн Исаиа 5:26; 11:10–12; Сургаал ба Гэрээ 115:5–6-г үзнэ үү.
Их Эзэний амлалтууд биелэгдэх болно.
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө дайн, шударга бус явдал, сүйрэл болно. Гэсэн ч Их Эзэн “Бүү тэвдэн сандар, учир нь мөн эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно” (Cургаал ба Гэрээ 45:35) хэмээсэн.
Та Сургаал ба Гэрээ 45:11–75-ыг судлахдаа, бошиглогдсон гай гамшгаас гадна Их Эзэний амласан адислалуудад анхаарлаа хандуулаарай (жишээлбэл, 54–59-р шүлэг дэх Аврагчийн мянган жилийн хаанчлалын тухай амлалтууд). Та үүнийг жагсаалт гаргах, шүлгүүдэд нэр өгөх, тэмдэглэх замаар хийж болно. Эцсийн өдрүүдийн талаар “тэвдэн санд[рахгүй]” бай гэснийг дагахад танд юу тусалдаг вэ?
Сургаал ба Гэрээ 45:31–32, 56–57
“Ариун газруудад амьдарч” мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй.
Аврагч болон Түүний бошиглогчид Хоёр дахь ирэлтийн шинж тэмдгүүдийн талаар бидэнд заадгийн нэг учир шалтгаан нь биднийг үүнд бэлдэхэд тусалдагт оршино. Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар Сургаал ба Гэрээ 45:31–32, 56–57-оос та юу сурч мэдсэн бэ? Maтай 25:1–13 дээрх арван онгон охины сургаалт зүйрлэлийг дахин судлах нь тустай байж магадгүй. Аврагч энэ сургаалт зүйрлэлд гардаг тосыг үнэн ба Ариун Сүнстэй зүйрлэсэн (Сургаал ба Гэрээ 45:57-г үзнэ үү). Та ийм аргаар энэ сургаалт зүйрлэлийг уншихдаа юу ойлгож сурч мэдэх вэ?
Сургаал ба Гэрээ 45:11–15, 66–71
Сион нь Бурханы гэгээнтнүүдийн аюулгүй газар юм.
Иосеф Смитийн амьдарч байсан үеийн гэгээнтнүүд Мормоны Номд (Ифер 13:2–9-ийг үзнэ үү) болон Иосеф Смитийн сүнслэг нөлөөллөөр засаж залруулсан Библийн хувилбарт (Мосе 7:62–64-ийг үзнэ үү) дүрслэгдсэн Шинэ Иерусалим болох Сионыг барьж байгуулахыг хүсэн мөрөөдөж байсан. Сургаал ба Гэрээ 45:11–15, 66–71 дээрээс Енохын амьдарч байсан үеийн эртний хот болон хожмын үеийн хот болох Сионы талаар юу сурч мэдсэн бэ?
Өнөө цагт Сионыг байгуулах зарлиг нь амьдран суудаг газартаа болон Бурханы хүүхдүүдийг Түүний “мөнхийн гэрээний” (9-р шүлэг) аюулгүй байдал руу цуглуулдаг газарт Бурханы хаант улсыг байгуулахыг хэлж байгаа болно. Та одоо байгаа газартаа Сионыг барихад туслахын тулд юу хийж болох вэ?
Мөн Судруудын удирдамж, “Сион,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 45:3–5.Өмгөөлөгч бидний төлөө юу хийдэг вэ? Та “Зууч” (ChurchofJesusChrist.org) гэх видео бичлэгийг үзээд, яагаад Аврагчийг бидний Өмгөөлөгч гэж нэрлэдэг талаар ярилцана уу.
-
Сургаал ба Гэрээ 45:9–10.Хэрэв танай гэр бүлд та нарын сайн мэдээнд үнэнч гэдгийг харуулсан “жишиг” буюу туг байдаг байсан бол ямархуу байх байсан бол? Гэр бүлийн тугийг хамтдаа хийж, сайн мэдээний жишгүүдийг дагахад бусдад хэрхэн тусалж болохоо ярилцах нь сайхан байж магадгүй.
-
Сургаал ба Гэрээ 45:32.Бидний “ариун газрууд” юу вэ? “Шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид гэр орноо хэрхэн ариун газар болгож болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 45:39–44.Та Аврагчийн Хоёр дахь ирэлтэд соргог байх гэдэг нь ямар утгатай болохыг гэр бүлийн гишүүддээ ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ? Та болохыг нь хүлээж буй нэг арга хэмжээний талаар бодоод, уг арга хэмжээнд “соргог байж” болох арга замаасаа хуваалцаж болох юм. Эсвэл ямар нэгэн зүйл хамтдаа хийж жигнээд, идэхэд бэлэн болсныг нь илтгэх шинж тэмдэгт сонор сэрэмжтэй байж болно. Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд сонор сэрэмжтэй байхын тулд юу хийж байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 45:55.1 Нифай 22:26 болон Илчлэл 20:1–3-ыг унших нь Мянган жилийн үеэр Сатан хэрхэн “хүлэгдэхийг” мэдэхэд таны гэр бүлд тусална. Бид амьдралдаа Сатаныг хэрхэн хүлж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47; мөн “Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд”-ыг үзнэ үү.