“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45: ‘Тэрхүү амлалтууд биелэгдэх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 26-аас 5-р сарын 2. Сургаал ба Гэрээ 45,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
4-р сарын 26-аас 5-р сарын 2
Сургаал ба Гэрээ 45
“Тэрхүү амлалтууд биелэгдэх болно”
Багшийн хувьд таны хамгийн чухал бэлтгэл бол сүнслэг бэлтгэл юм. Эхлээд Сургаал ба Гэрээ 45-ыг судалж, Ариун Сүнсний удирдамж авахын төлөө залбир. Энэхүү тойм танд тус болж болох санаануудыг багтаасан. Та мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм болон Лиахона эсвэл Найз сэтгүүлээс санаа олж авч болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт судраас ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу. Хуваалцах нэгнийг сонгоод, адил зүйл ойлгож мэдсэн бол гараа өргөхийг бусад хүүхдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би “ариун газруудад” зогсож чадна.
Сургаал ба Гэрээ 45:32-т эцсийн өдрүүдэд ариун газруудад буюу Их Эзэний хувьд онцгой газруудад зогссоноор шавь нар нь хамгаалалтыг олох болно хэмээн Их Эзэн заасан. Та өөрсдийн амьдрал дахь ариун газруудыг таньж мэдэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэр орон, сүмийн байр, ариун сүмийн зургуудыг өрөөний энд тэнд тавь. Тэдгээр газрын талаар мэдээлэл өгөөд, дүрсэлж байгаа зургийн тань дэргэд очиж зогсоход урь. Сургаал ба Гэрээ 45:32-ын эхний мөрийг унш. Бид гэр орон, сүмийн байр, ариун сүм гэх мэт ариун газруудад цагаа өнгөрүүлснээр адислагддаг тухай гэрчил. Дээрхийн адил ариун газруудад байхад ямар мэдрэмж төрдөг талаар ярихыг хүүхдүүдээс хүс.
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж дуусгахад урь. Тэдэнд “Би гэр орноо ариун газар болгоход тусалж чадна” мөн “Сургаал ба Гэрээ 45:32” гэж зурган дээрээ бичихэд тусал. Тэд гэр орноо ариун газар болгоход туслахын тулд юу хийж болох вэ?
-
“Шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар бодоход хүүхдүүдэд туслахын тулд хөдлөхгүй нэг минут зогсохыг тэднээс хүс. Сургаал ба Гэрээ 45:32-ын эхний мөрийг унш. “Ариун газруудад амьдар[ч] …, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэдэг нь юу ч болж байсан, ямар ч үед зөвийг сонгохыг хэлдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Тэднийг зөв шударга бодол ба үйлдлээс “шилжин нүүлгэгдэх нь үгүй” байхад урь.
Есүс Христ дахин ирэх болно.
Огайо, Көртланд дахь гэгээнтнүүд Сургаал ба Гэрээ 45 дахь эцсийн өдрүүд болон Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх илчлэлтийг анх сонсоод баяр хөөртэйгөөр хүлээн авсан. Та Хоёр дахь ирэлтэд баярлан бэлдэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эмээ, өвөө эсвэл найз гэх мэт онцгой хүн тэдэн дээр зочлон ирэх гэж байгааг мэдэхэд ямар санагддаг талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэд зочин ирэхэд хэрхэн бэлддэг вэ? Аврагчийн зургийг үзүүлээд, Сургаал ба Гэрээ 45:44–45-ын нэг хэсгийг эсвэл бүхэлд нь унш. Аврагч эргэн ирэх талаарх өөрийн бодлыг хүүхдүүдэд хэлээд, бодол санаагаа хуваалцах боломжийг олго.
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай зураг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), уг зургийг хараад ямар мэдрэмж төрж байгаагаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Есүс Христийн дахин ирэх талаарх өөрийн гэрчлэлийг хуваалц.
-
“Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай дуу дуул. Энэ дууг Бурханы хүслийг дагах, бусдад зориулан гэрлээ гэрэлтүүлэх гэх мэтээр Есүсийг дахин ирэхэд хэрхэн бэлдэж болох талаар ярилцахад ашигла.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болой.
Есүс Христ бидний Өмгөөлөгч гэдэгт итгэх хүүхдүүдийн итгэлийг та хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ? Та үүнийг хэрхэн мэдэж авсан бэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 45:3–5 дахь хэдэн үг, хэллэгийг тус тусад нь цаасан дээр бич. Судрын эдгээр шүлгийг судлах хэдэн минутыг хүүхдүүдэд гарган өгч, дараа нь тэднийг судраа хаагаад, шүлэгт орсон дарааллаар нь цаасан дээрх үгсийг байрлуулахад урь. Эдгээр шүлэгт өгүүлснээр, Аврагч бидний өмнөөс Тэнгэрлэг Эцэгээс гуйхдаа юу гэж хэлдэг вэ?
-
Хүүхдүүдэд өмгөөлөгч гэдэг үгийг толь бичгээс харж, тодорхойлоход тусал. Аврагчийн хийсэн ямар зүйл Түүнийг бидний Өмгөөлөгч болгох боломжтой болгосон бэ? Есүсийн бидний төлөө хийсэн зүйлсийн талаарх сэтгэгдлээ хуваалцаад, хүүхдүүдийг мөн адил хуваалцахад урь.
Есүс Христийн сайн мэдээ бол дэлхийг гэрэлтүүлэх гэрэл мөн.
Өөрийн заадаг хүүхдүүдэд сайн мэдээ ямар арга замаар Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлддэгийг бодоход тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэрэл ба тугны зураг үзүүл эсвэл самбарт зур. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 45:9-ийг уншаад, сайн мэдээ ямар байдлаар гэрэл, жишиг (эсвэл туг далбаа), элчтэй адилхан болохыг бодоход урь. Эрт дээр үед тулаанд туг, далбаа барьж ордог байсныг тайлбарлаж болно. Энэ нь цэргүүдэд хаана цугларах, юу хийхээ мэдэхэд тусалдаг байжээ.
-
9-р шүлгийг самбарт бичээд, үгийг нь цөөлж арчих замаар бүхлээр нь эсвэл хэсэгчлэн цээжлэхэд хүүхдүүдэд тусал.
Есүс Христ дахин ирэх болно.
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохионо хэмээн бошиглогдсон дайн тулаан, ёс бус байдал, сүйрлийн талаар унших нь хүүхдүүдэд аймшигтай санагдаж магад. Энэхүү амлагдсан өдрийг баяр хөөртэй хүсэн хүлээхэд та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс улирал солигдох гэж байгааг хэрхэн мэддэгийг асуу. Тэд ямар шинж тэмдгийг хайж үздэг вэ? Улирал солигдох гэж байгааг мэдэгддэг шинж тэмдгүүд байдгийн адил Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд байдгийг тайлбарла. Хамтдаа Сургаал ба Гэрээ 45:37–38-ыг yнш. Есүс Өөрийг нь Хоёр дахь удаагаа ирэхэд гарч ирэх тэмдгүүд ямар байна гэж хэлсэн бэ? Бид ямар ямар тэмдгийг олж харах ёстойг мэдэхэд хүүхдүүдэд туслахын тулд хүүхэд бүрд (эсвэл бүлэг хүүхдэд) Сургаал ба Гэрээ 45-д эдгээр тэмдгийг тайлбарласан хэдэн шүлгийг уншихаар оноож өг. Жишээлбэл, 26–27, 31–33, 40–42-р шүлгийг ашиглаж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Тэдгээр тэмдгийн аль нь одоо гүйцэлдэж байна вэ?
-
45-р хэсгийг судалж байхдаа ирээдүйд болох үйл явдлуудтай холбоотой олж мэдсэн зарим амлалтыг тусдаа цаасан дээр бич. Тэдгээр амлалтын зарим жишээг 44–45, 51–52, 55, 58–59, 66–71-р шүлгээс олж болно. Амлалтуудыг олсон шүлгүүдийг самбарт жагсааж бич. Хүүхдүүдэд дээрх цаасыг өгөөд, судруудаа ашиглан самбар дахь шүлгүүдийг амлалттай нь тааруулахыг хүс. Эдгээр амлалт ямар утгатай болохыг ярилцаад, аль аль амлалт нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд баярлахад тэдэнд тус болохыг хуваалцахад хүүхдүүдийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хичээлийн явцад ойлгож мэдсэн зүйлсээсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох нэг зүйлийг бодоход хүүхдүүдийг урь. Хэдэн хүүхдээс гэртээ хуваалцахыг хүсэж байгаа зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.