“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50: ‘Бурханаас буй тэр нь гэрэл болой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 10–16. Сургаал ба Гэрээ 49–50,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
5-р сарын 10–16
Сургаал ба Гэрээ 49–50
“Бурханаас буй тэр нь гэрэл болой”
Сургаал ба Гэрээ 49–50-ийг уншиж байхдаа, таны зааж байгаа хүүхдүүдэд утга учиртай байж болох захиас эсвэл зарчмуудыг олж мэд. Энэхүү тоймд цөөн хэдэн санаа өгсөн.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, Есүс Христ хэрхэн сайн хоньчин адил байдаг талаар ярилцахад хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүс Христийг дагаж чадна.
Есүс Христэд итгэж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авах замаар Түүнийг дагаж чадна гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хөлний дөрвөн цаасан мөр мөн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм хүртэх, Ариун Сүнсийг хүлээн авахыг харуулсан дөрвөн зураг харуул. Сургаал ба Гэрээ 49:12–14-ийг уншаад, эдгээр шүлэгт дээрх зүйлсийн талаар дурдах үед зөв зураг руу заахыг хүүхдүүдээс хүс. Шалан дээр хөлийн мөрийг зургуудтай зэрэгцүүлэн тавихад хүүхдүүдээр туслуулаад, ээлжлэн хөлийн мөр дээр гишгэж явахад тэднийг урь. Эдгээр зурган дээрх зүйлсийг хийснээр бид Есүс Христийг дагадаг гэдэг гэрчлэлээ хуваалц.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, Есүс Христэд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах замаар хэрхэн Түүнийг дагаж болохыг ойлгож мэдэхэд нь хүүхдүүдэд туслах бээлийн хүүхэлдэй хий.
Миний сүнслэг гэрэл улам бүр тод гэрэлтэж чадна.
Үнэн ба сүнс гэх мэт хийсвэр санаа бага насны хүүхдүүдэд ойлгоход хэцүү байж болох тул Сургаал ба Гэрээ 50:23–25-д Их Эзэний зүйрлэснээр тэдгээрийг гэрэлтэй харьцуулах нь тусалж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бидний сүнсний гэрэл хэрхэн улам бүр тод гэрэлтэж болохыг харуулсан үйл ажиллагааг ашигла. Та гэрэл өгдөг зүйлс (лаа, чийдэн, нар гэх мэт)-ийн зургийг үзүүлж, гэрлийг хэр хурц гэрэлтүүлдгээр нь эрэмбэлэн тавих боломжийг хүүхдүүдэд өг. Эсвэл доош бөхийгөөд, аажуухан босож, гараа дээшээ сунган өргөх замаар гэрэл тодорч байгааг үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Сүнслэг гэрлээ илүү тод гэрэлтүүлэхийн тулд хийж болох сайн зүйлсийг бодож олоход тэдэнд тусал.
-
Хүүхдүүдтэй хамт “Үргэлж гэрэлт” (Хүүхдийн дууны ном, 96) гэх мэт сүнслэг гэрлийн тухай дуу дуул. Тэнгэрлэг Эцэг гэрлээ улам бүр тод гэрэлтүүлэхэд тань хэрхэн тусалсан талаар гэрчил. Хүүхдүүдээс харагддаг гэрлийнх нь талаар тэдэнд хэл.
Есүс Христ надад хайртай.
Есүс Христ бол Сайн Хоньчин. Бид Түүний хоньд бөгөөд Тэрээр бидний хүн нэг бүрд хайртай. Таны заадаг хүүхдүүдэд Түүний тэднийг гэх хайрыг мэдрэхэд юу тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүс Христийн хүүхдүүдтэй байгаа зургийг үзүүлж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 47, 84 эсвэл 116-г үзнэ үү), Есүс хүүхдүүдэд хайртай гэдгийг тэд хэрхэн мэдэхийг хүүхдүүдээс асуу. Есүс таныг болон ангийн хүүхэд бүрийг хайрладаг болохыг хэрхэн мэддэгээ хуваалц.
-
Цаасан хонь хийгээд, ангийнхаа хүүхдүүдийн нэрийг дээр нь бичиж, өрөөгөөр тойруулан нуу. Аврагчийн зургийг үзүүлээд, Сургаал ба Гэрээ 50:41–42-ыг унш. Есүс Христ тэднийг юу гэж боддог талаар эдгээр шүлэг юу зааж байгааг ойлгоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд өрөөгөөр нуусан хоньдыг олж, “тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй” (42-р шүлэг) гэдгийг харуулахын тулд самбар дээрх Есүсийн зургийн дэргэд тавих боломж олго.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би Есүс Христийг дагаж чадна.
Хүмүүс Их Эзэнд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнс хүлээн авах замаар Түүнд ирж болно гэдгийг бусдад заахад бидний хүн нэг бүрийн тусламж хэрэгтэй.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 49:12–14-ийг Үйлс 2:38-д Паулын заасан зүйл болон дөрөв дэх итгэлийн тунхагтай харьцуулахад урь. Тэд ямар адил төстэй талуудыг олж харсан бэ? Яагаад эдгээр үнэн чухал вэ?
-
Хүүхдүүдийг хоёр хоёроороо ажиллаж, нэг нь Есүс Христийг хэрхэн дагаж болохыг мэдэхийг хүсэж байгаа хүний дүр үзүүлэхэд урь. Нөгөө хүүхэд нь түүнд Сургаал ба Гэрээ 49:12–14-ийг ашиглан зааж болно.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондын гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг юм.
Таны заадаг хүүхдүүд гэрлэлтийн талаар будилам мэдээлэл сонсож болох юм. Сургаал ба Гэрээ 49:15–17 нь Их Эзэн гэрлэлтийн талаар юу гэж боддог талаар ойлгоход тэдэнд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Шейкерчүүд гэж хүмүүс гэрлэх ёсгүй гэдэгт итгэдэг бүлэг хүн байсныг тайлбарла [Сургаал ба Гэрээ 49-ийн удиртгал хэсгийг үзнэ үү]. Сургаал ба Гэрээ 49:15–17-д гэрлэлтийн талаар Их Эзэний заасан зүйлсийг олоход хүүхдүүдийг урь.
-
“Гэрлэлт нь Бурханаас томилогдсон” гэсэн үг ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг хоёр хоёроороо ажиллаж, Сургаал ба Гэрээ 49:15–17-г “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн эхний гурван догол мөртэй харьцуулахад урь. Яагаад гэрлэлт нь Тэнгэрлэг Эцэгт тийм чухал байдаг вэ?
-
“Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) дууны 2-р бадгийг эсвэл гэр бүлийн тухай өөр дуу дуул. Хэзээ нэгэн цагт ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоход бэлдэх арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс Христ бол Сайн Хоньчин.
Сургаал ба Гэрээ 50:40–46 нь Аврагч тэдний талаар юу гэж боддог талаар тэдэнд ойлгоход туслах дүрслэлийг багтаадаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 50:40–46-аас авсан үгсийг ашиглан тааруулж тохируулах тоглоом хий. Жишээлбэл, “Бяцхан хүүхдүүд бүү эмээ” гэж нэг картан дээр бичээд, үүнийгээ “та нар минийх болой” (41-р шүлэг) гэж бичсэн өөр карттай тааруулж болно. Сургаал ба Гэрээ 50:40–46-г хамтдаа унш. Дараа нь картуудыг ширээ эсвэл самбар дээр холиод, үгсийг хооронд нь тааруулахыг хүүхдүүдээс хүс. Эдгээр үг Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Аврагч хэрхэн сайн хоньчинтой адил болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэднээс Сургаал ба Гэрээ 50:40–46-г хамт уншихыг хүс. Дараа нь “Jesus Declares the Parable of the Lost Sheep” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж, саяхан уншсан зүйлийг нь сануулсан ямар нэгэн зүйлийг видео бичлэгээс олохыг хүүхдүүдээс хүс. Есүс биднийг хэрхэн авардаг вэ? Бид хэрхэн бусдын сайн хоньчин байж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Надаас талаар асуу гэсэн үгсийг хүүхэд бүрд цаасан дээр бичиж өг. Хүүхдүүдээр ангид ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлийг нь хоосон зайд бичүүлж (хэрэгтэй бол тусламж үзүүл), гэртээ энэ талаар яриа өрнүүлэх боломж олгохын тулд уг цаасыг энгэрт нь зүүж өг.