“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48: ‘Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
5-р сарын 3–9
Сургаал ба Гэрээ 46–48
“Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”
Сургаал ба Гэрээ 46–48-ыг уншаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Тэгээд ахлагч Ричард Г.Скоттын зөвлөснөөр “Миний мэдэх ёстой өөр зүйл байна уу?” хэмээн өөрөөсөө асууж болно (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Ensign, Nov. 2009, 8 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Парли П.Пратт, Оливер Каудери, Зиба Петерсон, Бага Петр Витмер нар Көртландаас явж, номлолын өөр талбар луу хөдлөхдөө хүсэл тэмүүллээр дүүрэн ч туршлага нимгэн эсвэл чиг баримжаа муутай зуу гаруй хөрвөгчийг ардаа орхижээ. Тэдэнд удирдамж заавар өгөх гарын авлага, удирдагчдын сургалтын хурал цуглаан, Ерөнхий чуулганы шууд дамжуулдаг нэвтрүүлэг байгаагүй юм. Үнэндээ тэдэнд дамжуулаад уншчих хангалттай тооны Мормоны Ном ч байсангүй. Эдгээр шинэ итгэгчийн олон нь, ялангуяа Шинэ Гэрээг судалж байхдаа Сүнсний гайхалтай илэрхийллийн амлалтын талаар олж мэдсэн хүмүүс сэргээгдсэн сайн мэдээнд татагдсан байлаа (Жишээлбэл, 1 Коринт 12:1–11-ийг үзнэ үү). Удалгүй шүтлэг бишрэлийн зарим хачин жигтэй илэрхийлэл, тэр дундаа газар унах, могой мэт мурилзан хөдлөх зэргийг Сүмийн цуглаандаа хийх болов. Олон хүний хувьд аль нь Сүнсний илэрхийлэл мөн аль нь биш болохыг ялган танихад хэцүү байлаа. Тэрхүү төөрөгдлийг хараад Иосеф Смит тусламж хүсэн залбирав. Сүнсний зүйлсийг ихэнхдээ үл тоомсорлодог эсвэл хүлээн зөвшөөрдөггүй өнөө үед ч гэсэн Их Эзэний өгсөн хариулт ач холбогдолтой хэвээр. Их Эзэн сүнслэг илэрхийлэл нь бодит бөгөөд хайрт Тэнгэрлэг Эцэгээс “[Түүнийг] хайрладаг хийгээд [Түүний] бүх зарлигийг сахидаг тэд бүгд ашиг тусыг олж болохын тулд” (Сургаал ба Гэрээ 46:9) өгөгддөг бэлэг болохыг илчилсэн.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бүх хичээнгүйлэн эрэлхийлэгч Их Эзэний Сүмд шүтэн бишрэхээр ирж болно.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаанууд нь энэ дэлхий дээрх хамгийн найрсаг, сүнслэг цуглаануудын нэг байх ёстой. Манай цуглаанууд оролцох хүмүүсийг хэрхэн хүлээн авах ёстой талаар Их Эзэн ямар зөвлөгөөг Сургаал ба Гэрээ 46:1–6-д бидэнд өгсөн бэ? Танай найз нөхөд, хөршүүд тойргийн тань шүтэн бишрэх цуглаанд халуун дулаан угтан авч байгааг мэдэрдэг үү? Та Сүмийн цуглаанаа хүмүүсийн эргэн ирэхийг хүсдэг газар болгохын тулд юу хийж байна вэ? Сүмийн цуглаандаа Ариун Сүнсийг дагах хүчин чармайлт тань таны туршлагад хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод.
Түүнчлэн 3 Нифай18:22–23 болон Моронай 6:5–9; “Welcome,” видео бичлэг, ComeUntoChrist.org; “Religious Enthusiasm among Early Ohio Converts,” Revelations in Context, 105–111-ийг үзнэ үү.
Бурхан Өөрийн хүүхдүүдийг адислахын тулд сүнслэг бэлгүүдийг өгсөн.
Эхэн үеийн гэгээнтнүүд сүнслэг бэлгүүдэд итгэдэг байсан ч тэдгээрийн зорилгын талаар зааварчилгаа тэдэнд хэрэгтэй байв. Та Сургаал ба Гэрээ 46:7–33-аас Сүнсний бэлгүүдийн талаар судлахдаа “юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт [санах]” нь яагаад чухал болохыг тунгаан бод (8-р шүлэг). Эдгээр шүлэг нь ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгтэй хэрхэн хамаатай болохыг бодож үзнэ үү. “Эдгээр бэлэг нь Христэд итгэлтэй хүмүүст өгөгддөг. Тэдгээр нь сайн мэдээний үнэнийг мэдэхэд болон заахад, мөн бусдыг адислахад бидэнд тусалдаг. Тэдгээр бэлэг нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход биднийг удирдан залдаг” (“Gifts of the Spirit,” Ensign, Feb. 2002, 16). Та эдгээр шүлгээс сүнслэг илэрхийллийн талаар өөр юу мэдэж авсан бэ? Таныг “мэхлэгдэхгүй” байхад эдгээр үнэн хэрхэн туслах вэ? (8-р шүлэг).
Таны сүнслэг бэлгүүд юу болох мөн тэдгээрийг “Бурханы хүүхдүүдийн ашиг тусын тулд” хэрхэн ашиглаж болох талаар та тунгаан бодно уу (26-р шүлэг). Хэрэв танд патриархын адислал байгаа бол өгөгдсөн бэлгүүдийг тань дурдсан байдаг.
Мөн Судруудын удирдамж, “Сүнсний бэлгүүд,” scriptures.ChurchofJesusChrist.org, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Их Эзэн Өөрийн Сүмийг түүхээ хөтлөөсэй гэж хүсдэг.
Жон Витмерийн Сүмийн түүхийг хөтлөх дуудлага нь Бурханы хүмүүсийн дунд цэдэг хөтлөгчийн өнө эртний уламжлалыг үргэлжлүүлсэн (2 Нифай 29:11–12; Мосе 6:5; Абрахам 1:28, 31-ийг үзнэ үү). Үнэндээ Сүмийн түүхч болон цэдэг хөтлөгчийн дуудлага өнөөдөр ч гэсэн бий. Яагаад түүхийг хөтлөх нь Их Эзэний хувьд тийм чухал гэж та нар бодож байна вэ? Та 47-р хэсэг дээрх Жон Витмерт энэ үүрэг даалгаврын талаар Түүний өгсөн зааварчилгааг уншихдаа үүнийг тунгаан бодоорой. Мөн та хувийн ямар туршлагуудаа бичиж тэмдэглэх хэрэгтэйгээ бодож үзнэ үү. Жишээ нь, та Их Эзэний заасан ямар зүйлийг бичиж хадгалахыг хүсэж байна вэ?
Та эдгээр асуултын талаар тунгаан бодохдоо 2005–2012 оны хооронд Сүмийн түүхч, цэдэг хөтлөгчөөр үйлчилж байсан Далын ахлагч Марлин К.Жэнсэний хэлсэн дараах үгийг бодож үзнэ үү.
“Бид дурсан санахын тулд цэдгүүдийг хөтөлдөг. … Бид Сүмийн гишүүдэд Бурханы хүүхдүүдийнхээ төлөө хийсэн агуу зүйлсийг дурсан санахад нь туслахыг хүсдэг. Өнгөрснөөсөө сургамж авах нь өнөөдрийнхөө асуудлуудыг даван гарч, ирээдүйдээ итгэх итгэл найдварыг олоход бидэнд тусалдаг” (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, Dec. 2007, 28, 33).
Сүмийн түүхчийн удирдлаган доор одоо хийгдэж буй ажлын талаар илүү ихийг мэдэж авахын тулд history.ChurchofJesusChrist.org руу орно уу.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 46:2–6.Бусад хүнийг Сүмийн цуглаандаа халуун дотно угтан авахын тулд бид гэр бүлээрээ юу хийж болох вэ? (мөн 3 Нифай 18:22–23-ыг үзнэ үү). Энэ тоймд оруулсан зургийг ярилцлагадаа ашиглаж болно.
-
Сургаал ба Гэрээ 46:7–26.Бид нэг нэгнээсээ ямар ямар сүнслэг бэлгүүдийг олж хардаг вэ? Тэдгээр бэлэг гэр бүлийг маань хэрхэн адисалдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 47.Та гэр бүлийнхнийгээ хувийн түүхээ долоо хоногийн турш хөтлөхөд хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Та өөрийн хувийн тэмдэглэлд бичсэн зүйлээ эсвэл өвөг дээдсийнхээ нэгэн түүхийг хуваалцаж болох юм (FamilySearch.org вэбсайтыг үзнэ үү). Зарим гэр бүл долоо хоног бүр тэмдэглэлээ хөтлөхөд зориулан хүн бүрд хэдэн минут тусгайлан гаргаж төлөвлөдөг. Та тэмдэглэл хөтлөхөд туслах “Энэ долоо хоногт болсон ямар үйл явдлыг ач зээ нараа мэдээсэй гэж та хүсэж байна вэ?” эсвэл “Та энэ долоо хоногт амьдралд тань байх Их Эзэний мутрыг хэрхэн харсан бэ?” гэх мэт асуултыг өгч болно. Бага насны хүүхдүүд өөрт тохиолдсон зүйлээ зурж эсвэл та тэднээр болсон явдлыг яриулж, бичин тэмдэглэж болно. “Түүхийг байнга” хөтөлснөөр ямар адислалууд ирдэг вэ? (1-р шүлэг).
-
Сургаал ба Гэрээ 48.Огайогийн гэгээнтнүүдэд Нэгдсэн Улсын зүүн зүгээс Огайо руу нүүн ирж буй хүмүүстэй газраа хуваалцахыг зарлигласан. Бид бусдын хэрэгцээг хангахын тулд юу хуваалцаж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Have I Done Any Good?” (Hymns, no. 223)