“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70: “Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй”,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
6-р сарын 21–27
Сургаал ба Гэрээ 67–70
“Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй”
Хэдийгээр Сургаал ба Гэрээн дээрх олон илчлэлт тодорхой нөхцөл байдалд орсон, тодорхой хүмүүст зориулагдсан хэдий ч тэдгээр нь “бүх хүмүүнд ашиг тустай” (“Сургаал ба Гэрээ Ном үнэн болох тухай Арван хоёр Төлөөлөгчийн гэрчлэл,” Сургаал ба Гэрээний удиртгал). Та суралцахдаа өөртөө ашиг тустай үнэнүүд болон зарчмуудыг олж мэд.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1828-аас 1831 онуудад бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хувь хүнд зориулсан тэнгэрлэг зөвлөгөө, Сүмийг удирдах заавар, хожмын өдрүүдийн талаарх сүнсээр өдөөгдсөн үзэгдлүүд зэрэг олон илчлэлт хүлээн авсан. Гэвч олон гэгээнтэн тэдгээрийг уншаагүй байлаа. Илчлэлтүүд хараахан хэвлэгдээгүй байсан ба дан ганц цаасан дээр гараар бичсэн хэдэн хувийг гишүүд дундаа хуваалцан уншиж, номлогчид авч явдаг байв.
Тэгээд 1831 оны 11-р сард Иосеф илчлэлтүүдийг хэвлэх талаар Сүмийн удирдагчдын зөвлөлийг дуудан уулзжээ. Их Эзэний тааллыг эрэлхийлснийхээ дараа, эдгээр удирдагч өнөөгийн Сургаал ба Гэрээний анхны хувилбар болох Зарлигуудын номыг хэвлэх төлөвлөгөө гаргав. Удалгүй хүн бүр амьд бошиглогчоор илчлэгдсэн Бурханы үгийг өөрсдөө унших болсон нь “бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүд хүмүүнд дахин итгэл хүлээлгэн өгөгдсөн” болохын тод томруун нотолгоо байлаа. Энэ болон бусад олон шалтгааны улмаас, гэгээнтнүүдийн хувьд тухайн үед ч мөн өнөө цагт ч эдгээр илчлэлт нь “бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй” (Сургаал ба Гэрээний удиртгал) гэж үздэг.
Гэгээнтнүүд, 1:140–143-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сургаал ба Гэрээ 67:1–9; 68:3–6
Бурхан Өөрийн үйлчлэгчдийг болон Өөрийнх нь нэрээр хэлсэн үгсийг нь дэмждэг.
Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлэх шийдвэр амар хялбар байсан мэт сонсогдож болох ч эхэн үеийн зарим удирдагч үүнийг сайхан санаа гэж бодсонгүй. Ийн бодох нэг шалтгаан бол Иосеф Смитийн илчлэлтүүдийг бичсэн төгс бус үг хэллэгтэй холбоотой байлаа. Энэ асуудлын хариуд 67-р хэсгийг өгсөн юм. Бид 1–9-р шүлгээс бошиглогчид болон илчлэлтийн талаар юу мэдэж авдаг вэ? 68:3–6-р шүлгээс өөр ямар зүйлийг нэмж ойлгодог вэ?
Зарлигуудын номыг хэвлэж гаргахын өмнө Сүмийн удирдагчид уг ном дээрх илчлэлтүүд үнэн талаар гэрчлэлээ бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан юм. Тэдний гэрчлэлийн хувийг “Testimony, circa 2 November 1831,” Revelation Book 1, 121, josephsmithpapers.org руу орж үзнэ үү.
Ариун Сүнснээс ирдэг сүнслэг өдөөлт нь Их Эзэний тааллыг илэрхийлдэг.
Эдгээр шүлгийн үгсийг Орсон Хайд болон бусад хүн “үүрдийн сайн мэдээг хүмүүсээс хүмүүст мөн нутгаас нутагт тунхаг[лахаар] амьд Бурханы Сүнсээр дуудагдсан” (1-р шүлэг) үед өгсөн байна. 4-р шүлэг дэх тунхаглал нь сайн мэдээг номлохоор явж байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ? Эдгээр үг танд ямар хамаатай вэ? Та ямар нэгэн зүйлийг хэлэх эсвэл хийхээр “Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдсөн” (3-р шүлэг) тохиолдлоо бод. Сүнслэг өдөөлтийг дагах итгэлийг өгөх юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ?
Эцэг эхчүүд үр хүүхдэдээ заах үүрэгтэй.
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс эгч “Тиймээс судрууд, Итгэлийн тунхаг, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол, Хүүхдийн хэсгийн дуу болон Сүмийн дуулал, бидний хувийн гэрчлэл гэх мэт тэднийг Аврагч руу хөтөлдөг сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг бага байхаас нь эхлэн хайраар ойлгуулах нь хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгоход туслах гурав дахь гол хүчин зүйл юм” гэж заажээ (“Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн,” Ensign, May 2017, 8 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75).
Сургаал ба Гэрээ 68:25–28-д цэдэглэснээр, эцэг эхчүүд үр хүүхдэдээ заах ёстой хэмээсэн ямар ямар “сайн мэдээний үндсэн сургаалыг” Жонс эгч дурдсан бэ? Яагаад энэ чухал үүрэг хариуцлагыг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бэ? Хүүхдүүддээ эдгээр зүйлийг заах шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа эцэг эхэд та юу гэж хэлмээр байна вэ?
Мөн Тэд Р.Каллистэрийн “Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар” хэлсэн үгийг Ensign, Nov. 2014, 32–34 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36–38-аас үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 67:10–14.Атаа жөтөө, айдас, бардамнал биднийг Их Эзэнтэй илүү ойртоход хэрхэн саад болдог вэ? Яагаад Их Эзэний оршихуйд “эгэл хүмүүн” байж чадахгүй вэ? (12-р шүлэг; мөн Мозая 3:19-ийг үзнэ үү). “Төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл[эхэд]” бидэнд сүнслэгээр нөлөөлдөг юуг бид эдгээр шүлгээс олж мэдэж болох вэ? (13-р шүлэг).
Та бас гэр бүлээрээ ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Тиймээс та нар эцэст нь төгс бай” үгийг авч үзэж болно (Ensign, Nov. 2017, 40–42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).
-
Сургаал ба Гэрээ 68:3–4.Гэр бүлийн гишүүд Их Эзэний үйлчлэгчдийн үгс нь “Их Эзэний таалал,” “Их Эзэний оюун,” мөн “аврал дахь Бурханы сүр хүч буюу” (4-р шүлэг) гэсэн итгэлийг нь бэхжүүлсэн туршлагаа хуваалцаж болох юм. Эсвэл тэд гэр бүлд тань тулгарч буй асуудалд хамаатай сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиасыг авч үзэж болно.
-
Сургаал ба Гэрээ 68:25–35.Эдгээр шүлэгт “Сионы оршин суугчдад” чухал зөвлөгөө өгсөн байдаг (26-р шүлэг). Эдгээр шүлгийг уншаад бид юуг сайжруулахаар сүнслэгээр нөлөөлөгдсөн бэ? Энэ шүлгүүдэд байгаа зарчмуудыг харуулсан зургууд зураад, гэрийнхээ хаа нэгтээ нуувал сонирхолтой байж болно. Дараагийн хэдэн өдөрт хэн нэгэн нь зургийг олбол уг зарчмыг заах боломж болгон ашигла. Яагаад хүүхдүүдийн хувьд эдгээр зүйлд суралцах хамгийн тохиромжтой газар гэр орон байдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 69:1–2.Оливер Каудерийг хэвлэгдэн гарах бошиглогчийн илчлэлтүүдийн гараар бичсэн хувьтай мөн тэнд Сүмийг барьж байгуулахад туслах мөнгөний хамт Миссури руу илгээв. Оливерын аяллын талаар Их Эзэн ямар зөвлөгөө 1-р шүлэгт өгсөн бэ? Яагаад “үнэнч мөн итгэлтэй” хүмүүстэй хамт байх нь чухал вэ? (1-р шүлэг). Найзууд маань бидэнд сайн болон муу шийдвэр гаргахад хэзээ нөлөөлсөн бэ? Бид бусдад хэрхэн сайн нөлөө үзүүлж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 70:1–4.Илчлэлтүүдийг хэвлэн гаргах ажлыг удирдан явуулах үүрэг хариуцлагыг Их Эзэн тодорхой ахлагчдад оноосон. Хэдийгээр бидэнд ийм үүрэг хариуцлага байхгүй ч бид ямар утгаараа “илчлэлт хийгээд зарлигуудын даамлууд” байж болох вэ? (3-р шүлэг).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298.