“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66: ‘Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 14–20. Сургаал ба Гэрээ 64–66,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
6-р сарын 14–20
Сургаал ба Гэрээ 64–66
“Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”
Та заахаар бэлтгэхдээ өөрийн зааврыг хэрхэн хүүхдүүдийн хэрэгцээнд тааруулж болохыг бодож үз. Та энэ тойм дахь ямар ч үйл ажиллагааг бага насны болон том хүүхдүүдэд зориулан ашиглаж болохыг сана.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхэд бүрд Аврагчийн зургийг барьж, Түүний болон сайн мэдээнийх нь талаар сурч мэдэж байгаа ямар нэгэн зүйлээ хуваалцах боломж олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ бусдыг уучлан өршөөхийг надаас хүсдэг.
Уучлах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах ямар хичээл эсвэл үйл ажиллагааны талаар та бодож байна вэ? Уучлах талаар ярилцахдаа, уучилна гэдэг нь бусдыг доромжилдог, дээрэлхүү занг хүлцэх гэсэн үг биш гэдгийг сануул.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Та нар бие биенээ уучлах ёстой” (Сургаал ба Гэрээ 64:9) гэсэн үгсийг уншаад, хэн нэгнийг уучилна гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуу. Тэдэнд ойлгуулахын тулд хэдэн энгийн жишээ хуваалц. Тэдэнд уучлах дадлага хийж, эдгээр жишээг жүжигчлэн үзүүлэхэд тусал.
-
Сургаал ба Гэрээ 64:10-ыг хүүхдүүдэд удаанаар уншаад, “уучлах” хэмээх үгийг сонсохдоо өөр хүүхэдтэй гар барихыг хүс. Бусдыг уучилснаар хүлээн авдаг амар амгалан, аз жаргалын тухай гэрчлэлээ хуваалц.
-
“Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх мэт уучлал, өршөөлийн тухай дуу дуул. Энэ дуу бусдыг уучлах талаар бидэнд юу зааж байна вэ?
Би зүрх сэтгэл, оюун ухаанаараа Есүсийг дагаж чадна.
Сионыг өсгөн бэхжүүлэхийн тулд гэгээнтнүүд Их Эзэнд зүрх сэтгэл, оюун ухаанаа өгөх хэрэгтэй гэдгийг Тэрээр заасан. Энэ нь тэдний хувьд ямар утгатай болохыг бодож эхлэхэд хэрхэн хүүхдүүдэд тусалж чадахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 64:34-ийг хүүхдүүдэд уншиж өг. “Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ.” Эдгээр үгийг хэдэн удаа уншаад, зүрх сэтгэл, оюун гэх үгийг уншихад зүрх, толгой руугаа зааж, хүүхдүүдийг мөн адил үйлдэхэд урь. Бид хэрхэн зүрх сэтгэл, оюун ухаанаа Аврагчид өгч болох вэ? (Зүрх сэтгэл гэдэг нь бидний мэдрэмж, хайр, харин оюун ухаан гэдэг нь бодол гэсэн үг болохыг тайлбарлах нь тустай байж болно.)
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” гэх мэт Аврагчийг хайрлах, дагах тухай дууг дуул (Хүүхдийн дууны ном, 42–43, ялангуяа 3-р бадаг). Бид Аврагчид хайртай гэдгээ Түүнд хэрхэн харуулдаг вэ? Есүс Христийн талаарх бодлоо хуваалц.
Их Эзэн намайг хэн болохыг мэддэг бөгөөд намайг хайрладаг.
Виллям Э.Маклелинд Их Эзэнд хандсан тодорхой таван асуулт байсан. Иосеф Смит Виллямд ямар асуулт байсныг мэдээгүй ч тэдгээрийн хариултыг илчлэлтээр хүлээн авсан юм. Энэ үйл явдал Бурхан тэдний хэн болохыг мэддэг ба асуултад нь хариулж чадна гэдгийг хүүхдүүдэд заахад тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Их Эзэн Виллям Э.Маклелиний асуултуудад бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтээр дамжуулан хэрхэн хариулсныг ярьж өг (Сургаал ба Гэрээ 66, удиртгал хэсгийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг биднийг мэддэг, бидэнд туслахыг хүсдэгийг гэрчил. Бурхан тэднийг хайрладаг гэдгийг хэрхэн мэддэг талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Сургаал ба Гэрээ 66:4-ийг хүүхдүүдэд уншиж өг. Их Эзэн танаас юу хийхийг хүсэж байгаагаа харуулсан үеийн тухай хүүхдүүдэд ярьж өг. Шүлгийг дахин унш. Энэ удаа нэг хүүхдийн нэрийг оруулан унш. Хүүхэд нэг бүрийн нэрийг оруулан давтаж унш.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн надаас бүх хүнийг уучлахыг хүсдэг.
Эдгээр шүлэг нь Есүс Христийн шавь нар хүртэл заримдаа нэг нэгнийгээ уучилж чадахгүй байсныг харуулдаг. Та “бүх хүмүүнийг уучлах” Их Эзэний зарлигийг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн туслахаа бодож үз. (Уучлах гэдэг нь бусдын доромжлох, дээрэлхэхийг хүлцэх гэсэн үг биш бөгөөд хэн нэгэн тэднийг гэмтээж, дээрэлхсэн бол итгэл даасан насанд хүрсэн хүнд үргэлж хэлэх ёстойг тодорхойл.)
Боломжит үйл ажиллагаанууд
-
Дүүдээ бусдыг уучлах тухай заахыг тэднээс хүссэн гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Тэд хэрхэн заах вэ? Сургаал ба Гэрээ 64:7–10-ыг хосоороо уншаад, заахдаа ашиглах үгсийг олоход тэднийг урь. Тэд мөн бие биедээ зааж дадлага хийх болно.
-
“Эцэг минь гуйя, надад туслаач” дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 52) Тэнгэрлэг Эцэг бусдыг уучлахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Уучлахгүй байх нь бидэнд хэрхэн “нөлөөлдөг” талаар хүүхдүүдэд ойлгуулахад туслах зүйрлэлийг бодож ол (8-р шүлэг). Жишээлбэл, шавар эсвэл шороотой сав хүүхдүүдэд үзүүлээд, хэн нэгнийг тэдэн рүү шавар шидлээ гэж төсөөлөн бодоход тэднийг урь. Уучилж өршөөхгүй байх нь ямар талаараа шаврыг хадгалж үлдээд, үргэлж биедээ авч явахтай адилхан байж болох вэ? Яагаад шаврыг хаях нь дээр вэ? Яагаад уучлан өршөөх нь чухал болохыг заах бусад зүйрлэлийг бодож олоход хүүхдүүдэд тусал.
Их Эзэн надаас “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” шаарддаг.
Сионыг барьж байгуулах буюу Сүмийн өсөлт хөгжилд туслах нь “агуу ажил” юм. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд Их Эзэн биднээс зүрх сэтгэл, оюун ухаанаа өгөхийг шаарддаг. Сионд амьдардаг хүмүүс “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Мосе 7:18).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эвлүүлдэг тоглоом, хивс гэх мэт олон жижиг хэсгээс бүрддэг зарим зүйлийг хүүхдүүдэд үзүүл. Өөр үлгэр жишээг бодоход тэдэнд тусал. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 64:33-ыг уншихад урь. Бурхан Өөрийн “агуу аж[лыг]” гүйцэлдүүлэхэд туслах ямар зүйл хийхийг биднээс хүсдэг вэ? Энэ ажлыг биелүүлэхэд туслахын тулд бид ямар “жижиг зүйлс” хийж болох вэ?
-
Хүүхдүүдээс хоёр зүйл шаарддаг үйлдлийг хийж гүйцэтгэхийг хүс, гэхдээ тэдэнд зөвхөн нэгийг нь өг (жишээ нь, самбарт шохойгүй бичих эсвэл хайчгүйгээр цаас хайчлах). Сургаал ба Гэрээ 64:34-ийг уншаад, Их Эзэн биднээс ямар хоёр зүйлийг хүсдэгийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Бид яагаад зүрх сэтгэл, оюун ухаанаа хоёуланг нь Аврагчид өгөх хэрэгтэй вэ? Бид үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Би дэлхийг Есүс Христийг хүлээн авахад бэлдэхэд тусалж чадна.
Сүмийн буюу дэлхий дээрх Бурханы хаант улсын зорилго бол Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал юм. Таны заадаг хүүхдүүд энэ зорилгын чухал хэсэг билээ. Та тэдэнд оролцоход нь туслахын тулд юу хийж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангийн хүүхдүүдийг хос хосоор нь хуваарилаад, Сургаал ба Гэрээ 65-ыг уншиж, “бэлдэх” гэдэг үг хэдэн удаа давтагдаж байгааг тоолоход урь. Их Эзэн биднээс юунд бэлтгэлтэй байхыг хүсэж байна вэ? Бид өөрсдийгөө болон дэлхийг бэлдэхийн тулд юу хийж болох вэ?
-
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 66-г үзнэ үү), юу харж байгаагаа мөн энэ үйл явдлын талаар юу мэдэхээ хэлэхийг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 65 дээрээс олж болох түлхүүр үг, хэллэгийг хүүхдүүдэд хэлж өг (“дэлхийн бүх хязгааруудад түгэх” болон “гайхамшигт ажлууд” гэх мэт). Эдгээр үг, хэллэг нь Хоёр дахь ирэлтийн талаар мөн үүнд бэлтгэхэд бид ямар үүрэгтэй талаар юу зааж байна вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Сургаал ба Гэрээ 64–66 дээрээс гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хуваалцаж болох дуртай шүлгээ олоход хүүхдүүдэд тусал.