“6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63: ‘Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 7–13. “Сургаал ба Гэрээ 63,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
6-р сарын 7–13
Сургаал ба Гэрээ 63
“Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө”
Сургаал ба Гэрээ 63-т заасан үнэнүүд таны заадаг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусална. Тэдэнтэй хамт өнгөрүүлэх цаг хугацаа тань хязгаарлагдмал тул тэдний хэрэгцээн дээр үндэслэн аль үнэн нь тэдний хувьд хамгийн утга учиртай болохыг бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгох энгийн бүтээлч арга замуудыг бод. Жишээлбэл, өөр өөр хэмжээтэй урт цааснуудыг бэлдээд, хүүхэд бүрд нэгийг сонгох боломж олго. Хамгийн урт цаастай хүүхдийг эхлээд хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг намайг сайн мэдээнээс суралцаасай хэмээн хүсдэг.
Хүүхдүүд тасралтгүй суралцаж байдаг. Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг сахих юм бол Тэрээр Өөрийнх нь талаар сурч мэдэхэд тэдэнд тусална гэдгийг ойлгоход нь тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бид зарлигуудыг сахих юм бол Бурхан бидэнд юу өгөхийг сонсохыг хүүхдүүдээс хүсээд, Сургаал ба Гэрээ 63:23-ыг тэдэнд уншиж өг. “Нууцууд” гэдэг нь хэрхэн Есүс Христтэй илүү адилхан болох вэ гэх мэт Бурханы бидэнд илүү ихийг зааж болох зүйлс гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
-
Баптисм, Аврагч, ариун сүм гэх мэт хүүхдүүдийн илүү ихийг ойлгож мэдэж болох сайн мэдээний сэдвүүдийг төлөөлсөн зургуудыг ангид авчир. Зургуудыг шалан дээр доош харуулан тавиад, хүүхдүүдээр ээлжлэн нэг нэгээр нь дээш харуулуул. Тухайн сэдвийн талаар мэдэх зүйлээ мөн байгаа асуултаа хуваалцахыг тэднээс хүс.
Би амилуулагдах болно.
Одоо эсвэл ирээдүйд таны зааж буй хүүхдүүд Аврагчийн Цагаатгалын ачаар нас барсан бүх хүн хэзээ нэгэн өдөр амилуулагдана гэдгийг мэдээд тайтгарлыг олж авна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нас барсан хайртай хүнийхээ зургийг хүүхдүүдэд үзүүлээд, тэр хүний талаар нэг түүхийг ярьж өг. Сургаал ба Гэрээ 63:49-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, хэзээ нэгэн өдөр тэр хүн “нас барагсдаас босч ирэх болно” мөн дахин хэзээ ч үхэхгүй гэдгийг гэрчил. Тэдний таньдаг хэн нэгэн нас барсан эсэхийг хүүхдүүдээс асуу. Есүс Христийн ачаар бид бүгдээрээ амилуулагдах болно гэдгийг гэрчил.
-
Аврагчийн оршуулга мөн Амилалтыг харуулсан зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 58, 59-ийг үзнэ үү). Зураг дээр ямар үйл явдлыг харуулсан талаар ярихад хүүхдүүдийг урь. Таныг Есүсийн оршуулгын талаар ярихад хэвтэж, Түүний Амилалтын талаар ярихад босож зогсоход хүүхдүүдийг урь. Сургаал ба Гэрээ 63:49-ийг уншаад, хэзээ нэгэн өдөр бид бүгдээрээ Есүстэй адил нас барагсдаас босож ирэх болно гэдгийг гэрчил.
Би ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэлтэй хандах ёстой.
Бид ариун нандин зүйлсийг ихэвчлэн үгүйсгэж, бүр доромжлон шоглодог цаг үед амьдарч байна. Та ариун нандин зүйлсийг эрхэмлэн дээдлэх хандлагыг хүүхдүүдэд суулгахад тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 63:64 дээрх “Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө” гэснийг хүүхдүүдэд уншиж өг. Тэднээс хайртай тоглоом эсвэл дуртай ном гээд өөрт нь онцгой чухал нэг зүйлээ бодохыг хүс. Тэд үүнийгээ хэрхэн арчлан, хамгаалдаг вэ? Тэнгэрлэг Эцэгт чухал эсвэл ариун нандин зүйлсийн талаар бодоход тэдэнд тусал. Бид тэдгээрийн талаар хэрхэн ярих ёстой вэ? Бид тэдгээрт хэрхэн хандах ёстой вэ?
-
Хүүхдүүдтэй хамт “Даруухнаар, намуухнаар” (Хүүхдийн дууны ном, 11) гэх зэрэг хүндэтгэлийн тухай дууг дуул. Ариун нандин зүйлсэд хүндэтгэлээ харуулах арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Тэмдгүүд нь итгэл хийгээд Бурханы хүслийн дагуу ирдэг.
Эзра Бүүт нь Иосеф Смит Элиза Жонсоны гарыг эдгээхийг хараад хөрвөгджээ. Гэхдээ хожим нь Эзра итгэлээ алдаж, бошиглогчид шүүмжлэлтэй ханддаг болсон байна. Сургаал ба Гэрээ 63-т итгэлээ үнэний талаарх сүнслэг баталгаан дээр биш, харин гайхамшигт эдгэрэлт гэх мэт тэмдгүүд дээр суурилан хөгжүүлэхийг хичээхийн эсрэг сэрэмжлүүлдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, Иосеф Смит санваараа ашиглан Элиза Жонсоны бүтэн хоёр жил бүрэн ашиглаж чадахгүй байсан гарыг эдгээсэн тухай хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 63:9–10-ыг уншихад уриад, итгэл мөн тэмдгүүдийн (эсвэл гайхамшгуудын) талаар Их Эзэний хэлсэн нэг зүйлийг хуваалцахыг тэднээс хүс.
-
Тэгш өнцөгт дээр, бас гурвалжингийн орой дээр байрласан байшинг тус тус зурахад хүүхдүүдийг урь. Байшингууд нь бидний итгэл, гэрчлэлийг төлөөлж байгааг хүүхдүүдэд хэл. Тэднээс Сургаал ба Гэрээ 63:9–10 болон Хиламан 5:12-ыг уншихыг хүс. Дараа нь тэднээр итгэлээ юун дээр суурилан хөгжүүлэх ёстой болохыг тэгш өнцөгт дотор мөн юун дээр суурилан итгэлээ хөгжүүлэх ёсгүй болохыг гурвалжин дотор бичүүл. Тэгш өнцөгт нь дээр нь барихад найдвартай суурь болдог бол гурвалжин нь найдваргүй, тогтворгүй гэдгийг онцол. Яагаад итгэлээ өөр зүйлс дээр биш, харин Есүс Христ дээр суурилан хөгжүүлэх нь чухал вэ?
Зарлигуудыг сахих үед Бурхан надад Өөрийн үнэнүүдийг заана.
“[Бурханы] хаант улсын нууцуудыг” зөвхөн Бурханы зарлигуудыг дагадаг хүмүүс авах боломжтой. Тиймээс энэ нь олон хүний хувьд нууц байдаг. Энэхүү зарчим нь үнэнийг эрэлхийлэхэд хүүхдүүдэд туслах болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт Хэрэв би зарлигуудыг сахих юм бол, тэгвэл , гэж бичээд, уг өгүүлбэрийг өөр өөр байдлаар самбарт гүйцээж бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднээс Сургаал ба Гэрээ 63:23-ыг уншаад, жагсаалтдаа нэмж бичих ямар нэгэн зүйл олохыг хүс. Хүүхдүүдэд шилэн аягатай ус үзүүлээд, сайн мэдээний үнэнүүд хэрхэн бидний хувьд устай адил болохыг асуу.
-
Хүүхдүүдэд худгийн зураг үзүүлээд, худаг зурахыг хүс. Хамтдаа Сургаал ба Гэрээ 63:23-ыг уншсаныхаа дараа сайн мэдээний талаар мэдэх үнэнүүдээ бодоход нь туслан, тэдгээр үнэнийг худгаа тойруулан бичихэд хүүхдүүдийг урь. Эдгээр үнэн хэрхэн “амийн устай” адил вэ?
Би Бурханы нэрийг дэмий хоосноор дурдах ёсгүй.
Таны заадаг хүүхдүүд бусад хүн Бурханы нэрийг хүндэтгэлгүй, доромж маягаар хэрэглэж байхыг сонсож магадгүй. Тэнгэрлэг Эцэгийн мөн Есүс Христийн нэрийг “болгоомжтойгоор ярих ёстой” гэдгийг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 63:64).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 63:58 дээрээс “Энэ бол сэрэмжлүүлгийн өдөр” гэсэн хэсгийг хүүхдүүдэд уншиж өг. Тэднээс эцэг эх, багш, Сүмийн удирдагчдаас сонссон сэрэмжлүүлгийнхээ талаар ярихыг хүс. Дараа нь 58–64-р шүлгээс Их Эзэний сэрэмжлүүлгийг олоход тэдэнд тусал. Ямар арга замаар “Их Эзэний нэрийг зөв зүйтэй” ашиглаж болох вэ? (62-р шүлэг).
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Хэл яриа” гэсэн сэдвийг хамтдаа судал (20–21-р хуудсыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын нэрийг хэрхэн ашиглах талаар ойлгож мэдсэн зүйлийг нь сануулах жижиг самбарууд хийхийг хүүхдүүдээс хүс.
-
“Хүндэтгэл бол хайр” (Хүүхдийн дууны ном, 12) гэх зэрэг хүндэтгэлийн тухай дууг хамтдаа дуул. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ярихдаа хүндэтгэлтэй байгаагаа хэрхэн бататгаж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хэрэв танд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ангид хийх цаг байхгүй бол хүүхэд бүрд нэг хувийг гэр лүү нь өгч явуул. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт хийж болно.