Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134: “Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”


“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133-134: ‘Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Таван ухаалаг охин

Хүргэн Хүү ирсэн нь, Элизабэт Гиббонс

11-р сарын 15–21

Сургаал ба Гэрээ 133–134

“Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Сайн мэдээний Сэргээлт нь эгэл даруухан гэр оронд даруухан асуултын талаар тунгаан бодсоноор эхэлсэн бөгөөд энэ нь бидний хүн нэг бүрийн гэр оронд үргэлжилж чадна” хэмээн заасан (“Их Эзэний Сүнс оршдог гэр орон,” Ensign, May 2019, 25 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүм байгуулагдаад дөнгөж 19 сар болж байхад бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Бурханы хожмын үеийн илчлэлтүүдийг нэгтгэн нэг боть болгож, 10 000 хувь буюу Мормоны Номын эхний хэвлэлтээс хоёр дахин олныг хэвлэн гаргах шийдэмгий төлөвлөгөөг гаргажээ. Харамсалтай нь, өндөр өртөг эдгээр төлөвлөгөөнд саад болж, танхайрагчид үүнийг хэвлэж байх үед Сүмийн хэвлэлийн газар луу дайрсан. Тэднийг үдээгүй байсан хуудаснуудыг тараахад, зоригтой гэгээнтнүүд заримыг нь авч үлдэж чадсан боловч Зарлигуудын номыг бүрэн эхээр нь авч үлдэж чадаагүй юм.

Бидний мэдэх Сургаал ба Гэрээний 133-р хэсэг бол Зарлигуудын номын хавсралт буюу Их Эзэний нийтлэн гаргасан илчлэлтүүдийн төгсгөлийн хүчирхэг дүгнэлт байх байсан. Энэ нь ирж буй шүүлтийн өдрийн талаар сэрэмжлүүлж, орчин үеийн илчлэлтэд дурдсан Вавилоноор бэлгэдсэн дэлхийн байдлаас зайлсхийх, Сионыг барих, Хоёр дахь ирэлтэд бэлтгэх болон энэ захиасыг “бүх үндэстэн, мөн ястан мөн хэлтэн мөн хүмүүст” (37-р шүлэг) хүргэх хүсэлтийг дахин дахин давтдаг. Зарлигуудын номын анхны төлөвлөгөө гүйцэлдээгүй ч энэхүү илчлэлт бол Их Эзэний ажил бүтэлгүйтэхгүй, “учир нь тэрбээр … ариун мутраа ил гаргах болно, мөн дэлхийн бүх хязгаар Бурханыхаа авралыг харах болно” (3-р шүлэг) гэдгийн гэрч мөн сануулга юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 133

Сургаал ба Гэрээн дэх үнэнүүд Бурханы ажлыг хийхэд намайг бэлтгэж чадна.

Заримдаа номыг гол санааг нь тоймлосон эсвэл дахин илэрхийлсэн дүгнэлтээр төгсгөсөн байдаг. 133-р хэсэг нь анхнаасаа Зарлигуудын номын дүгнэлт байх ёстой байсан ба үүнийг санан энэ бүлгийг унших нь илүү үр дүнтэй байж болно. Их Эзэн Өөрийнхөө ажлын талаар ямар зорилгыг онцгойлсон байдаг вэ? 57–62-р шүлэгт Их Эзэн танаас Өөрийнхөө ажилд ямар үүрэг гүйцэтгэхийг хүсдэг тухай юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 133:1–19

Их Эзэн намайг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг хүсдэг.

1-р хэсэг дэх Сургаал ба Гэрээнд хэлсэн Их Эзэний оршил үг болон 133-р хэсэг дэх уг номын анхны хавсралт хоёулаа “Анхаарагтун, Ай миний сүмийн хүмүүс” (Сургаал ба Гэрээ 1:1; 133:1) хэмээх Их Эзэний хүсэлтээр эхэлдэг. Анхаарах гэдэг нь ямар утгатай вэ? (Судруудын удирдамж, “Анхаарах,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 133:1–19 дээр Их Эзэн таныг ямар урилга эсвэл зарлигийг анхаарахыг хүсэж байна вэ? Та Түүнийг ирэхэд илүү сайн бэлтгэхийн тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ? Та ойр дотныхоо хүмүүст бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Мөн Maтай 25:1–13; Д.Тодд Кристоффэрсон, “Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь,” Ensign, May 2019, 81–84 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98–102-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 133:19–56

Хоёр дахь ирэлт зөв шударга хүмүүсийн хувьд баяр баясгалан нь байх болно.

Та Сургаал ба Гэрээ 133:19–32 дээрх Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үед тохиох үйл явдлуудын талаар уншихдаа, эдгээр үйл явдлын дүрслэлүүд танд Аврагчийн болон Түүний ажлын талаар юуг санал болгож байгаа тухай тунгаан бодож болно. Эдгээр дүрслэлээс сүнслэг хэрэглээ байж болох ямар зүйлсийг олсон бэ?

32–56-р шүлэг дэх Аврагчийн ирсэн тухай дүрслэлийг уншихад таныг тэрхүү агуу өдрийг хүлээхэд хүргэж байгаа зүйл нь юу вэ? Ямар үг, хэллэг хүмүүсээ хайрлах Их Эзэний хайрыг тодорхойлж байна вэ? Хувийн туршлагтаа “Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг, мөн түүний нигүүлслийн дагуу, [таны] дээр түүний хүртээсэн тэр бүгдийг” бичиж тэмдэглэхийг бод (52-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 134

“Засгийн газрууд нь хүний тусын тулд Бурханаар тогтоогдсон.”

Эрт үеийн гэгээнтнүүдийн засгийн газартай харилцах харилцаа ярвигтай байсан. 1833 онд гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдөх үедээ орон нутгийн болон үндэсний засгийн газраас тусламж хүссэн боловч ямар ч дэмжлэг, нөхөн төлбөр хүлээж аваагүй. Үүний зэрэгцээ Сүмээс гадуурх зарим хүн Сионы талаарх сургаалыг гэгээнтнүүд газар дэлхийн засгийн газрын эрх мэдлийг эсэргүүцэж байна гэсэн үг хэмээн тайлбарлаж байв. Сургаал ба Гэрээ 134 зарим талаар засгийн газрын талаарх Сүмийн байр суурийг тодорхойлох зорилгоор бичигдсэн.

Сүмийн гишүүд засгийн газрын талаар ямар үзэлтэй байх хэрэгтэй вэ? Та 134-р хэсгийг уншихдаа хоёр жагсаалт гаргаж болно. Нэг нь засгийн газрын талаар таны сурсан зарчмуудын, нөгөө нь иргэний үүрэг хариуцлагын жагсаалт байна. Эдгээр санаа нь эхэн үеийн гэгээнтнүүдэд хэрхэн тусалж байсан бэ? Таны амьдардаг газарт эдгээрийг хэрэгжүүлэх хэр боломжтой вэ?

Мөн Итгэлийн тунхаг 1:11–12-ыг мөн Gospel Topics, “Religious Freedom,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 133:4–14.Сионы сүнслэг эсрэг тал бол судруудад ёс бус байдал, сүнслэг боолчлолын бэлгэдэл болгон дурддаг эртний хот Вавилон юм (Д.Тодд Кристоффэрсон, “Сионд ирэгтүн,” Ensign, Nov. 2008, 37 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45; Судруудын удирдамж, “Бабел, Вавилон,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Гэр бүлээрээ сүнслэг утгаар “Вавилоноос гарч” (5-р шүлэг), “Сионы нутаг уруу явахын” (9-р шүлэг) тулд хийх хэрэгтэй ямар нэгэн зүйл байгаа юу?

Сургаал ба Гэрээ 133:20–33.Эдгээр шүлгийг хамтдаа уншаад, Хоёр дахь ирэлтийг өөрсдийн төсөөлж байгаагаар зурж болно. Түүнчлэн “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хамтдаа дуулж эсвэл тоглож болох ба Түүнийг ирэхэд бэлдэхийн тулд танай гэр бүл юу хийж болох талаар ярилцаж болно.

Сургаал ба Гэрээ 133:37–39.Танай гэр бүлийнхэнд эдгээр шүлгийг “чанга дуу хоолойгоор” (38-р шүлэг) унших нь зугаатай байх уу? Сайн мэдээг чанга дуу хоолойгоор хуваалцана гэдэг нь ямар утгатай вэ? Бид ямар ямар үнэнийг хуваалцаж болох вэ?

Сургаал ба Гэрээ 134:1–2.Гэр бүлийнхэндээ засгийн газрын ач холбогдлын чухлыг ойлгоход нь туслахын тулд дараахтай адил асуултуудын талаар ярилцаж болно. Танай гэр бүл дүрэм журамтай байснаар хэрхэн адислагддаг вэ? Танай улс хуультай байснаар хэрхэн адислагддаг вэ? Мөн улс орныхоо далбааны зургийг будах юм уу хийж болно эсвэл арван нэг болон арван хоёрдугаар итгэлийн тунхгийг цээжилж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Эзэний хүүхдүүд ирцгээгтүн,” Сүмийн дуулал ба Хүүхдийн дуунууд, 4.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Энгийн бөгөөд тодорхой сургаал заа. Их Эзэн сайн мэдээгээ “эгэл жирийн,” “энгийн” (Сургаал ба Гэрээ 133:57) гэх мэт үгсийг ашиглан дүрсэлдэг. Эдгээр үг танд сайн мэдээг гэр бүлдээ заах талаар юу санал болгодог вэ?

Улаан орхимжтой Христ

Улаан орхимжтой Христ, Минерва Тейчерт