“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136: ‘Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө,”’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
11-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 135–136
Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө”
Сургаал ба Гэрээ 135–136-г судалж байхад Их Эзэн танд уншиж байгаа зүйлээ хэрэгжүүлэхэд туслах санааг өгч магадгүй. Тийм зүйл тохиолдоход, Түүний заасан зүйлсийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1844 оны 6-р сарын 27-ны үдээс хойш Иосеф, Хайрум Смит нар дахин шоронд орсон ба тэдэнтэй хамт Жон Тейлор, Виллярд Ричардс хоёр байжээ. Тэд өөрсдийгөө ямар ч гэмт хэрэгт буруугүй гэдэгт итгэж байсан боловч Науву дахь гэгээнтнүүдийг хүчирхийллээс сэргийлнэ хэмээн найдаж, баривчлагдахыг зөвшөөрчээ. Энэ нь Сүмийн дайснууд бошиглогч Иосефыг анх удаа шоронд хорьсон тохиолдол биш байсан ч тэр энэ удаад амьд эргэж ирэхгүй гэдгээ мэдэрч байсан ажээ. Тэрээр нөхдийн хамт нэг нэгнээ тайтгаруулахыг хичээн Мормоны Номоос уншиж, дууллуудыг дуулж байв. Тэгэхэд буун дуу сонсдож, хэдхэн минутын дараа Иосеф Смит, түүний ах Хайрум нарын мөнх бус амьдрал төгсгөл болжээ.
Гэвч энэ нь тэдний хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан тэнгэрлэг ажил хэргийн төгсгөл биш байсан юм. Мөн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн төгсгөл ч биш байсан. Сүмийг урагш удирдан чиглүүлэх илүү их нэмэлт илчлэлт авах, илүү их ажил хийх хэрэгтэй байсан. Бошиглогчийг хөнөөсөн нь Бурханы ажлыг нурааж чадаагүй.
Гэгээнтнүүд, 1:521–552-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сургаал ба Гэрээ 135; 136:37–39
Иосеф, Хайрум Смит хоёр гэрчлэлээ өөрсдийнхөө цусаар лацадсан юм.
Та Иосеф, Хайрум Смит хоёрыг хөнөөгдөх үед Наувуд амьдарч байсан бол юу мэдрэх байснаа төсөөлөн бод (Гэгээнтнүүд, 1:554–555-ыг үзнэ үү). Та хэрхэн энэ аймшигт үйл явдлыг ойлгохыг хичээх байсан бэ? Уг егүүтгэлээс хойш гурван сар хүрэхгүй хугацааны дараа хэвлэгдсэн Сургаал ба Гэрээ 135-р хэсэг тус болох байсан байх. Та баталгаа мөн ойлголтыг өгч болох үг, хэллэгийг тэмдэглэж болно. “Бурхан яагаад Өөрийн бошиглогчийг алуулахыг зөвшөөрсөн бэ?” гэж асуух хүнд та юу гэж хэлэх вэ?
Түүнчлэн Сургаал ба Гэрээ 5:21–22; 6:29–30; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 591–592, 599–612-ыг үзнэ үү.
Иосеф Смит бидний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол бусад ямар ч хүнээс илүү ихийг хийсэн.
Есүс Христийн Сүмийн гишүүний хувьд танд ирсэн адислалуудыг бод. Тэдгээрээс хэд нь бошиглогч Иосеф Смитийн гүйцэтгэсэн ажлын үр дүн байна вэ? Сургаал ба Гэрээ 135:3 дээр Анхны үзэгдлээс хойш 24 жилийн хугацаанд Иосеф Смитийн гүйцэтгэсэн агуу зүйлсийн заримыг нэрлэсэн байдаг. Эдгээр зүйл таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлээ бичиж тэмдэглэх талаар бодож үз. Таны гэрчлэлийг хэн сонсох хэрэгтэй байж болох вэ?
Их Эзэн миний амьдралын “аяллуудад” зөвлөгөө өгдөг.
Наувугаас хөөгдсөнийхөө дараа гэгээнтнүүд Солт Лэйк Валлиг зорьсон урт удаан аялалд гарсан бөгөөд эхний хэдэн зуун километр аялал удаан бөгөөд зовлон зүдгүүртэй байсан. Тэр үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувиар Сүмийг удирдаж байсан Бригам Янг гэгээнтнүүдийг үлдсэн аяллаа даван туулж чадах эсэхэд санаа зовж байв. Тэрээр Винтер Квортерс гэж нэрлэгдэх түр зуурын суурин байгуулж, удирдамж хүсэн залбирчээ. Хариуд нь Их Эзэн одоогийн Сургаал ба Гэрээ 136-р хэсэг болсон илчлэлтийг өгсөн юм. Энэхүү илчлэлт бусад зүйлийн хамтаар гэгээнтнүүдэд “аяллынх нь удирдамж хүрэх газартай нь адилхан чухал” гэдгийг сануулсан бөгөөд “барууныг зорьсон нүүдлээ бүтэлгүй хэрэгцээнээс хамтын чухал сүнслэг туршлага болгон өөрчлөхөд тусалсан.”
Та 136-р хэсгийг уншиж байхдаа үүнийг санаарай. Амьдралынхаа хүнд хэцүү сорилтыг “чухал сүнслэг туршлага” болгон өөрчлөхөд тань тусалж болох ямар зөвлөгөөг та олж мэдсэн бэ? Уг зөвлөгөө эрт үеийн гэгээнтнүүдэд Барууныг зорьсон хүнд аяллаа даван туулахад нь тусалсны адил Их Эзэний хүслийг амьдралдаа гүйцэлдүүлэхэд тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бодож болно.
Түүнчлэн “This Shall Be Our Covenant,” Revelations in Context, 307–314; Сүмийн түүхийн сэдвүүд, “Succession of Church Leadership,” ChurchofJesusChrist.org/study/history/topics-оос үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 135:1, 3.Иосеф Смит “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход гэр бүлийнхэндээ туслахын тулд Жэффри Р.Холландын хэлсэн “Бодгалийн аюулгүй байдал” үгийг хамтдаа уншиж болно (Ensign, Nov. 2009, 88–90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103-ыг үзнэ үү). Эдгээр шүлгийн юу нь бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? Гэрчлэлийнхээ төлөө амиа өгөхийг биднээс хүсээгүй ч гэсэн бид гэрчлэлдээ хэрхэн илүү итгэлтэй байж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 135:3.Иосеф Смит “энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, бусад ямар ч хүнээс илүү ихийг хийсэн” гэсэн мэдэгдлээр ямар утга илэрхийлж байгаа тухай ярилцахын тулд энэ жил гэр бүлээрээ Иосеф Смитийн талаар юу сурч мэдсэнээ эргэн харж болно. Юу сурч мэдсэнээ санахад нь тэдэнд туслахын тулд энэ эх сурвалжийн зургуудыг ашиглаж, тэднийг дуртай түүх, сургаалаа хуваалцахад урьж болно. Бид яагаад бошиглогч Иосеф Смитэд болон Их Эзэний түүгээр дамжуулан хийсэн зүйлсэд талархдаг вэ? Та мөн “Joseph Smith: The Prophet of the Restoration” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно.
-
Сургаал ба Гэрээ 136.Их Эзэн 136-р хэсгийг илчлэх үед гэгээнтнүүд урт удаан, хүнд хэцүү аяллыг Бригам Янгийн удирдлаган доор туулах хэрэгтэй байсан (Сургаал ба Гэрээний түүхүүдийн 58, 60, 62-р бүлгийг үзнэ үү, хуудас 206–208, 211–216, 222–224). Хамтдаа 136-р хэсгийг уншихдаа, гэр бүлээрээ туулж болох хүнд хэцүү зүйлсийн талаар бод. Бид Их Эзэний тусламж, хүчийг хүлээн авахад тусалж болох ямар зөвлөгөөг энэ илчлэлтээс олдог вэ?
-
Сургаал ба Гэрээ 136:4.“Их Эзэний бүх ёслолд алхах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бидний хүлээн авдаг ёслолууд өдөр тутмын амьдралд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.
Санал болгох дуу: “Тэр хүнийг магтъя,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 50