“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128: ‘Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
11-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 125–128
“Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой”
Сургаал ба Гэрээ 125–128-ыг судлахдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг бод. Тэгснээр та тэдгээрийн талаар бодож, бусадтай хуваалцах боломжтой байх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1840 оны 8-р сард Жэйн Нэйман найз Сэймоур Брансоны оршуулга дээр гашуудаж байхдаа, тэнд бошиглогч Иосефын үг хэлэхийг сонсжээ. Жэйний өсвөр насны хүү Сайрус мөн нас бараад удаагүй байжээ. Сайрус баптисм хүртээгүй байсан нь Жэйний уй гашууг улам нэмэгдүүлж байсан ба мөнхийн бодгальд нь юу тохиох бол хэмээн санаа зовж байв. Иосеф түүний юу мэдэрч байгааг мэдсэн бөгөөд баптисм хүртэхээсээ өмнө нас барсан хайртай ах Алвиныхаа талаар бас ижил зүйлийг бодож байсан. Тиймээс бошиглогч Жэйнтэй болон оршуулга дээр байсан хүн бүртэй сайн мэдээний ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүсийн талаар мөн тэдний төлөө бид юу хийж болох талаар Их Эзэний илчилсэн зүйлсийг хуваалцахаар шийджээ.
Нас барагсдын төлөөх баптисмын сургаал гэгээнтнүүдийг баярлуулж, тэд нас барсан эцэг эх, өвөө, эмээ болон гэр бүлийн бусад гишүүнийхээ талаар тэр даруй бодоцгоов. Одоо тэдэнд найдвар байна! Иосеф тэдний баяр хөөрөөс хуваалцан, баяртай, бадрангуй хэлээр “Баяр хөөрийн учир уулс хашхираг; мөн хөндийнүүд та нар бүгдээрээ чанга хашхирагтун; мөн тэнгис далайнууд хийгээд хуурай газрууд та нар бүгдээрээ Мөнхийн Хааныхаа тухай гайхамшгуудыг өгүүлэгтүн!” (Сургаал ба Гэрээ 128:23) хэмээн нас барагсдын авралын талаар Их Эзэний өөрт нь заасан зүйлсийг илэрхийлжээ.
Гэгээнтнүүд, 1:415–427; “Letters on Baptism for the Dead,” Revelations in Context, 272–276-г үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн гэр бүлээ халамжлахыг надаас хүсдэг.
Бригам Янг Англид хийсэн сүүлчийн номлолоосоо гэртээ эргэн ирснийхээ дараа өөрийнх нь эзгүйд зовж зүдэрсэн “гэр бүлдээ онцгой халамж тавих” (3-р шүлэг) бас нэгэн чухал дуудлагыг Их Эзэнээс хүлээн авчээ. 126-р хэсэг дэх энэ болон бусад зөвлөгөөний талаар тунгаан бодохдоо, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч байсан Бонни Л.Оскарсон эгчийн хэлсэн дараах үгсийн талаар бод.
“Хамгийн их тусламж хэрэгтэй хүмүүс өмнө тань байж магадгүй гэдгийг бүү март. Эхлээд гэр орон, гэр бүлийнхэндээ үйлчил. Энэ нь мөнхөд байх харилцаа холбоо юм. Гэр бүлийн тань, ялангуяа өөрийн тань нөхцөл байдал төгс биш байсан ч та нар үйлчилж, дэмжиж, хүчирхэгжүүлэх арга замыг хайж олоорой. Яг байгаа газраасаа эхэл. Бусдыг байгаагаар нь хайрла. Хүсэж байгаа ирээдүйн гэр бүлдээ өөрийгөө бэлд” (“Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” Ensign, Nov. 2017, 27 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8).
Түүнчлэн “Take Special Care of Your Family,” Revelations in Context, 242–249-ийг үзнэ үү.
Их Эзэн миний баяр баясал, харуусал гунигийг мэддэг.
1842 оны 8-р сард худал гүтгэлэг, баривчлах сүрдүүлэг Иосеф Смитийг дахин нуугдахад хүргэв. Гэвч энэ үед (одоо Сургаал ба Гэрээ 127) гэгээнтнүүдэд хандаж түүний бичсэн үгс эерэг үзэл, баяр баяслаар дүүрэн байсан. 2–4-р шүлэгт Бурханы талаар, хувийн сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар юу зааж байна вэ?
Их Эзэн таны амьдрал дахь “гүнзгийн усанд” таныг хэрхэн түшин дэмжиж байгааг бичиж тэмдэглэх тухай эргэцүүлэн бод.
Сургаал ба Гэрээ 127:5–8; 128:1–8.
“Та нар дэлхий дээр юуг ч цэдэглэлээ гэсэн тэнгэрт цэдэглэгдэх болно.”
Та Сургаал ба Гэрээ 127:5–8; 128:1–8-ыг уншаад, Их Эзэн яагаад Иосеф Смитэд нас барагсдын баптисмын цэдэг хөтлөх талаар тийм дэлгэрэнгүй заавар өгсөн шалтгааныг олж мэд. Энэ нь Их Эзэн болон Түүний ажлын талаар танд юу зааж байна вэ?
Өвөг дээдсийн минь аврал миний авралд зайлшгүй чухал.
Энэ амьдралд баптисм хүртээгүй өвөг дээдсийн маань авралд бидний тусламж яагаад хэрэгтэй байдаг нь Их Эзэний Иосеф Смитэд илчилсэн зүйлсээс тодорхой харагддаг. Гэвч бидний өвөг дээдсийн аврал бидний авралд яагаад “шаардлагатай бөгөөд зайлшгүй чухал” гэж та бодож байна вэ? (Сургаал ба Гэрээ 128:15–18; налуу бичилт нэмэгдсэн).
5-р шүлэгт нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг “дэлхийн сууринаас өмнө бэлтгэсэн” хэмээн заадаг. Энэ үнэн Бурханы болон Түүний төлөвлөгөөний талаар танд юу зааж байна вэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бурханы гэр бүлийг цуглуулах нь” нэртэй захиас таны ойлголтод юу нэмсэн бэ? (Ensign, May 2017, 19–22 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–7).
Иосеф Смит санваарын ёслолууд болон нас барагсдын төлөөх баптисмын талаар заахдаа “холбох хүч,” “гагнагч холбоо” гэх мэт хэллэгүүдийг ашигласан. Сургаал ба Гэрээ 128:5–25-ыг уншихдаа, эдгээртэй болон үүнтэй төстэй хэллэгүүдийг олж мэд. Нас барагсдын төлөөх санваарын ёслолуудын улмаас Есүс Христээр дамжуулан хамтдаа холбогдож болох ямар зүйлс байдаг бэ? “Зоримог” гэдэг нь яагаад нас барагсдын авралын сургаалыг дүрслэхэд тохиромжтой үг вэ? ( 9–11-р шүлгийг үзнэ үү).
19–25-р шүлэг дэх Иосеф Смитийн үгсийн юу нь таныг гайхшируулж байна вэ? Эдгээр шүлэг нь өвөг дээдсийнхээ төлөө хийлгэх ариун сүмийн үйлчлэлд болон Есүс Христийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? Та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? (FamilySearch.org/discovery-аас илүү их санаануудыг үзэж болно).
Түүнчлэн 1 Коринт 15:29 болон Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64-ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 126.Бригам Янгад хандсан зөвлөгөөг унших нь танай гэр бүлд бие биедээ “онцгой халамж” (3-р шүлэг) тавихад хэрхэн илүү цаг зарцуулах талаар ярилцахад сүнслэгээр нөлөөлж болно.
-
Сургаал ба Гэрээ 128:15–18.Гэр бүлийн түүхийн ажлын ямар ямар аврах болон төгөлдөржүүлэх адислалууд байдаг вэ? “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг” (Хүүхдийн дууны ном, 100) зэрэг гэр бүлийн түүхийн холбогдолтой дуунаас зарим нэг санаа олж болно.
-
Сургаал ба Гэрээ 128:18.Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил биднийг өвөг дээдэстэй маань хэрхэн холбож, “гагнагч холбоо” үүсгэдгийг харуулахын тулд гэр бүлийн гишүүдийн болон өвөг дээдсийнхээ нэрсийг холбоос бүр дээр нь бичсэн цаасан гинж хийж болно. Гэр бүлийн бусад гишүүнийг олох ба гинж тань хэр зэрэг урт болохыг харахын тулд FamilySearch.org дээр судалгаа хийж болно.
-
Сургаал ба Гэрээ 128:19–23.Гэр бүлийн гишүүд Есүс Христийн сайн мэдээний болон нас барагсдын авралын талаарх Иосеф Смитийн сэтгэл хөдлөлийг харуулсан үгсийг эдгээр шүлгээс хайж болно. Энэ ажлын талаар өөрсдийнх нь сэтгэлийг мөн адил хөдөлгөсөн туршлагынхаа талаар гэр бүлийн гишүүд хуваалцаж болно эсвэл хамтдаа FamilySearch.org/discovery дээрээс тийм туршлагыг хайж олж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100.
Сэргээлтийн дуу хоолой
Нас барагсдын төлөөх баптисм, “шинэ бөгөөд агуу гайхамшигт сэдэв”
Фиби болон Вилфорд Вүдрафф
Иосеф Смитийг нас барагсдын төлөөх баптисмын талаар зааж эхлэх үед Фиби Наувугийн ойролцоо амьдарч байв. Тэр Англид номлолд үйлчилж байсан нөхөр Вилфорд руугаа энэ талаар захиандаа бичжээ.
“Иосеф ах … энэ сүмийн хүмүүс энэхүү сайн мэдээний талаар сонсож чадалгүй нас барсан аливаа төрөл садан буюу үр хүүхэд, эцэг эх, ах, эгч, өвөө, эмээ, авга, нагац нарынхаа өмнөөс баптисм хүртэж болно хэмээн илчлэлтээр олж мэдсэн. Тэднийг найз нөхдийнхөө өмнөөс баптисм хүртмэгц тэд шоронгоос суллагдаж, тэднийг амилалтад оруулж, селестиел хаант улсад авчирдаг. Энэ сургаалыг сүмд чин сэтгэлээсээ хүлээн авч, олуулаа урагшилж байна. Зарим нь бүр өдөрт дээд тал нь 16 удаа баптисм хүртэх гэж байна.”1
Вилфорд Вүдрафф хожим нь энэхүү зарчмын талаар “Энэ тухай сонсох тэр мөчид бодгаль минь цаглашгүй баяр хөөрт автсан. … Би санаж байсан бүх нас барсан төрөл садныхаа өмнөөс яаран баптисм хүртсэн. … Илчлэлт бидэнд нас барагсдын төлөөх баптисмыг илчлэх үед би халлелүяа гэж хашхирмаар санагдаж билээ. Бид Тэнгэрийн адислалуудад баясах эрхтэйг би мэдэрсэн”2 гэж хэлжээ.
Ваилэйт Кимбалл
Вүдрафф эгчийн адил Ваилэйт Кимбалл нас барагсдын төлөөх баптисмын талаар нөхөр Хибэрийгээ сайн мэдээг номлохоор явсан эзгүй байх үед сонсжээ. Тэрээр нөхөртөө бичсэн захидалдаа:
“Ерөнхийлөгч Иосеф Смит сүм дэх олон хүний итгэлийг нэмэгдүүлсэн шинэ бөгөөд агуу гайхамшигт сэдвийг нээж өглөө. Тэр нь нас барагсдын өмнөөс баптисм хүртэх тухай байлаа. Үүний талаар Паул Нэгдүгээр Коринтын 15-р бүлгийн 29-р шүлэгт хэлсэн байдаг. Иосеф энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй тайлбарыг илчлэлтээр хүлээн авчээ. … Энэ нь сайн мэдээ ирэхээс өмнө нас барсан садан төрлийн өмнөөс, бүр элэнц эцэг эхийнхээ өмнөөс ч баптисм хүртэх нь энэ Сүмийн давуу эрх. … Ингэснээр бид тэдний биеийг төлөөлөхөөс гадна тэдэнд Анхны амилуулалтаар босож ирэх давуу эрх олгож байгаа юм. Тэрээр сайн мэдээг тэдэнд зааж өгнө … гэвч сүнс баптисм хүртэх боломжгүй гэж хэлсэн. … Энэ журмыг тунхагласнаас хойш баптисмын ус үргэлж завгүй байх болжээ. Чуулганы үеэр заримдаа наймаас арван ахлагч нэг дор голын усанд баптисм хүртээдэг болсон. Би ээжийнхээ өмнөөс баптисм хүртмээр байна. Би чамайг гэртээ иртэл хүлээе гэж тооцоолж байсан ч Иосеф хамгийн сүүлд энэ сэдвээр ярихдаа хүн бүрийг идэвхтэй байж, найз нөхдөө хүлээснээс аль болох хурдан чөлөөлөхийг зөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногт олон хөрш маань тийнхүү үйлдэх гэж байгаа болохоор би ч бас тэгье гэж бодож байна. Зарим хүн аль хэдийн олон удаа баптисм хүртсэн байгаа. … Бүх хүнд боломж байгаа гэдгийг чи харж байгаа байх. Энэ нь үнэхээр агуу гайхамшигтай сургаал биш гэж үү?”3 хэмээн бичжээ.
Фиби Чэйс
Наувугийн ариун сүмийн баптисмын усан санг барьж дуусахад нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг голын усанд биш, тэнд гүйцэтгэх болсон. Наувугийн оршин суугч Фиби Чэйс баптисмын усан сан бол “бид нас барагсдынхаа төлөө баптисм хүртэж, Сион уулан дээрх аврагчид болох боломжтой” газар хэмээн дүрслэн, ариун сүмийн талаар ээждээ захидал бичжээ. Тэрээр цааш нь, энэ усан санд “би хайртай аав болон бүх нас барсан найзуудынхаа өмнөөс баптисм хүртсэн. … Би нас барагсдад туслахыг хүсэж байгаа болохоор таны аав, ээжийн нэрийг мэдэж авч, тэднийг чөлөөлмөөр байна. … Их Эзэн дахин айлдаж, эртний журмыг сэргээсэн”4 хэмээн тайлбарлажээ.
Салли Рандалл
Салли Рандалл найз нөхөд, гэр бүлийнхэндээ нас барагсдын төлөөх баптисмын талаар бичихдээ хүү Жоржийн нас барсныг дурсжээ.
“Тэр бол миний хувьд үнэхээр хүнд үе байсан. Би тэр бүхэнтэй эвлэрч чадахгүй мэт санагдаж байсан. Гэвч аав нь хүүгийнхээ өмнөөс баптисм хүртсэн бөгөөд сайн мэдээний бүрэн байдал номлогдож байгаа энэ үед бид үүнд итгэж, хүлээн авч, нас барсан бүх найз нөхдийнхөө өмнөөс баптисм хүртэж, мэдлэг хүргэхийн хэрээр эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийг аврах боломжтой байгаа нь ямар гайхамшигтай зүйл вэ.
Би та нараас өвөг эцэг, эмэг эх хүртэлх бидэнтэй холбоотой бүх нас барсан хүмүүсийн нэрсийг ямар нэгэн аргаар олж бичээд, над руу явуулахыг хүсэж байна. Би найз нөхдөө аврахын тулд чадах бүхнээ хийх зорилготой байгаа. Хэрэв та нараас зарим нь ирж, энэхүү ганц хүн хийхэд дэндүү их ажлыг хийхэд тусалбал би маш их баярлана. … Та нар үүнийг хачирхалтай сургаал гэж гайхаж байгаа байх, гэхдээ үүнийг үнэн гэдгийг та нар мэдэх болно.”5