“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124–125: ‘Миний нэрэнд өргөө бариг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124–125,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
10-р сарын 25–31
Сургаал ба Гэрээ 124–125
“Миний нэрэнд өргөө бариг”
Та Сургаал ба Гэрээ 124–125-ыг уншаад, Их Эзэний Науву дахь гэгээнтнүүдийг хүлээн авахад урьсан адислалууд болон Түүний танд санал болгодог адислалуудын талаар тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Гэгээнтнүүдийн хувьд сүүлийн зургаан жил хүнд хэцүү байсан ч 1839 оны хавраас байдал дээрдэж эхэлжээ. Дүрвэсэн гэгээнтнүүд Иллинойн Квинсигийн иргэдээс энэрэнгүй сэтгэлийг олж мэдэрсэн. Харгалзагчид бошиглогч Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг Миссури дэх хорионоос дайжин явахыг зөвшөөрөв. Гэгээнтнүүд дахин цугларах боломжтой газарт, Иллинойд Сүм газар худалдан авчээ. Тийм ээ, энэ нь намагтай, шумуул язганасан газар байсан ч гэгээнтнүүдийн аль хэдийн даван туулсан сорилт бэрхшээлүүдтэй харьцуулахад боломжийн санагдсан байх. Тиймээс тэд намгийг нь хатааж, Науву гэж нэрлэсэн шинэ хотын тунхаг бичгийг бичжээ. Энэ нь еврейгээр “Үзэсгэлэнт” гэсэн утгатай үг ч эхний үед үнэн зөв тодорхойлолт гэхээсээ илүү итгэлийн илэрхийлэл байсан. Энэ хооронд Их Эзэн Өөрийн бошиглогчид зайлшгүй шаардлагатай чиглүүлгийг өгч байв. Түүнд сэргээх нэмэлт үнэнүүд болон ёслолууд байсан бөгөөд тэдгээрийг гэгээнтнүүд авч болохын тулд ариун сүм хэрэгтэй байсан. Эдгээр итгэлийн болон зайлшгүй мэдрэмжүүд өнөө үед ч олон арга замаар Их Эзэний ажилд чухал байдаг.
Науву гоё сайхан ариун сүмтэй, үзэсгэлэнт хот болсон ч яваандаа аль аль нь орхигдсон. Гэвч Их Эзэний жинхэнэ гоё сайхан ажил энэ бүх хугацаанд “алдар хүндэтгэл, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг титэмлэж” (Сургаал ба Гэрээ 124:55) байсан ба тэрхүү ажил хэзээ ч төгсөхгүй.
Гэгээнтнүүд, 1:399–427; “Organizing the Church in Nauvoo,”Revelations in Context, 264–271-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би Их Эзэний итгэлтэй шавь байж чадна.
Хэдийгээр 1830-аад оны сүүлээр хэд хэдэн чухал удирдагч Сүмийг орхисон ч ихэнх гишүүн итгэлтэй хэвээр үлдсэн. Эдгээр итгэлтэй гишүүнд Миссурийн зовлон бэрхшээлийг тэвчин гарсан гишүүд мөн Сүмд дөнгөж нэгдсэн гишүүд орж байв. Сургаал ба Гэрээ 124:12–21-д Их Эзэн тэдний цөөн хэдийг магтжээ. Та Түүний үгсээс шавь байх тухай ямар ойлголтыг олж авсан бэ? Эдгээр итгэлтэй гэгээнтэнтэй адил байхад таныг урамшуулж байгаа ямар нэгэн зүйл байна уу? Их Эзэн таныг хайрлах хайраа хэрхэн илэрхийлж байсан талаар та тунгаан бодож болно.
Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61
Их Эзэн бусадтай дотно харилцаж, тэднийг хүлээн зөвшөөрөхийг надаас хүсдэг.
Миссурид гэгээнтнүүд юуг тэсвэрлэн гарсныг бодоход, тэд өөрсдийгөө бусдаас тусгаарлан, Наувуд зочин ирүүлэхгүй байхыг хүсэж байсан байх. Сургаал ба Гэрээ 124:22–24, 60–61-ийг уншихдаа энэ талаар бод. “Хоноглох байр” барь хэмээх Их Эзэний удирдамжийн юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? (23-р шүлэг). Түүний үгс танд Түүний Сүмийн номлолын талаар юу зааж байна вэ? Эдгээр удирдамж танд болон танай гэр оронд ямар хамаатай болохыг бодож үз.
Түүнчлэн “A Friend to All” видео бичлэгийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзэж болно.
Сургаал ба Гэрээ 124:25–45, 55
Бид ариун нандин ёслолуудыг хүлээн авч болохын тулд Их Эзэн ариун сүм барихыг бидэнд зарлигладаг.
Хожмын үеийн гэгээнтнүүдийг Наувуд суурьшихад Их Эзэн тэдэнд яг л Огайо болон Миссурид өгсний адил ариун сүм барих удирдамж өгсөн нь тэдний хувьд гайхах зүйл биш байсан. Их Эзэн яагаад “миний ариун нэрэнд [ариун сүм] барих[ыг] миний хүмүүст ямагт зарлигладаг” хэмээн хэлснийг ойлгоход тань туслах юуг та Сургаал ба Гэрээ 124:25–45, 55-аас олж мэдсэн бэ? (39-р шүлэг).
Наувугийн ариун сүм баригдсанаас хойш 200 гаруй ариун сүм баригдсан эсвэл зарлагдсан байгаа. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ариун сүмд өнгөрүүлсөн цаг хугацаа маань бидний болон гэр бүлийнхний маань аврал, өргөмжлөлд амин чухал гэдгийг бид мэддэг. … Дайсны дайралтууд хүч чадал, төрөл зүйлийн хувьд асар хурдтай өсөн нэмэгдэж байна. Ариун сүмд байнга байх бидний хэрэгцээ хэзээ ч ийм их байгаагүй” хэмээн заасан (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” Ensign, Nov. 2018, 114 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119). “Дайсны дайралтуудыг” сөрөн зогсоход тань ариун сүм хэрхэн тусалсан бэ? Та ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагахын тулд юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн бэ?
Түүнчлэн Сүмийн түүхийн сэдвүүдийг “Nauvoo Temple,” ChurchofJesusChrist.org/study/church-history вэбсайтаас үзэж болно.
Их Эзэн надад амьдралд маань зориулсан тодорхой зөвлөгөө өгөхийг хүсдэг.
84–118-р шүлэгт тодорхой хэдэн хувь хүнд зориулсан зөвлөгөө дүүрэн байдаг ба зарим нь таны амьдралд чухал биш мэт санагдах байх. Гэвч та сонсох хэрэгтэй ямар нэгэн зүйлийг мөн олж мэдэж болно. Эдгээр шүлэгт танд зориулсан ямар захиас байгааг Их Эзэнээс асууж болох ба үүнийг олоход Сүнсний удирдамжийг эрэлхийл. Дараа нь үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ шийд. Жишээ нь, илүү даруу байх нь Сүнсийг хүлээн авахад тань хэрхэн тусалж болох вэ? (97-р шүлэг).
Мөн та Их Эзэний танд өгсөн бусад зөвлөгөөг тунгаан бодож болно. Та үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 124:2–11.Хэрэв Их Эзэн танай гэр бүлд “дэлхийн бүх хаадад” “миний сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхагла” (2–3-р шүлэг) хэмээн хэлбэл та нар тунхаглалдаа юу гэж хэлэх вэ? Хамтдаа нэг тунхаглал бичиж, тунхаглалд оруулахыг хүсэж байгаа сайн мэдээний үнэнийг санал болгоход гэр бүлийн гишүүдийг урь.
-
Сургаал ба Гэрээ 124:15.Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Яагаад Их Эзэн үнэнч шударга байдлыг үнэлдэг вэ? Танай гэр бүл үнэнч шударга байдлын ямар ямар жишээг харсан бэ? (Мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 19-ийг үзнэ үү.)
-
Сургаал ба Гэрээ 124:28–29, 40–41, 55.Эдгээр шүлгээс бид Их Эзэн яагаад ариун сүм барихыг бидэнд зарлигласан тухай юу сурч мэдэж болох вэ? Танай гэр бүлийнхэнд ариун сүмийн зургийг зурах юм уу эвлүүлдэг тоглоом эсвэл бусад материалаар барих нь зугаатай байж болох юм. Үүнийг хийж байхдаа өнөө үед ариун сүм байдагт яагаад талархдаг мөн бид яагаад тэнд тогтмол очиж бишрэн шүтэх хэрэгтэй байдаг талаар ярилцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 124:91–92.Патриархын адислалын талаар ярилцах нь танай гэр бүлийн гишүүдэд тустай юу? Патриархын адислалаа хүлээн авсан гэр бүлийн гишүүд адислалаа хүлээн авах нь ямар байсан, энэ нь тэднийг хэрхэн адисалсан талаар хуваалцаж болно. Та түүнчлэн “Patriarchal Blessings”-ийг эргэн үзэж болно (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.
Санал болгох дуу: “Би ариун сүм харах дуртай,” Хүүхдийн дууны ном, 99.
Сэргээлтийн дуу хоолой
Халамжийн нийгэмлэг
1842 онд Халамжийн нийгэмлэгийг Иллинойн Наувуд зохион байгуулсны дараа бошиглогч Иосеф Смит ‘Эмэгтэйчүүд ийм байдлаар зохион байгуулагдахгүй бол Сүм хэзээ ч төгс зохион байгуулагдахгүй” хэмээн хэлжээ.1 Үүний адилаар Их Эзэний Сүмийн болон Түүний санваарын Сэргээлтийн талаарх судалгаа (Сургаал ба Гэрээ 107) Есүс Христийн эмэгтэй шавь нарын “эртний загварын сэргээлт” болох Халамжийн нийгэмлэгийн талаарх судалгааг оруулах хүртэл бүрэн гүйцэд болохгүй.2
Элиза Р.Снөү энэхүү сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Халамжийн нийгэмлэг анх байгуулагдахад тэнд байж, уг нийгэмлэгийн нарийн бичгийн хувиар хурлын тэмдэглэл хөтөлж байжээ. Халамжийн нийгэмлэг “санваартнуудын жаягаар” зохион байгуулагдахад тэр гэрч болсон юм.3 Бурханы гэрээт охидод даалгасан тэнгэрлэг ажлыг ойлгоход нь эгч нартаа туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа бичсэн түүний үгсийг доор оруулав.
Халамжийн нийгэмлэг хэрхэн байгуулагдсан талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2017), 1–25; The First Fifty Years of Relief Society (2016), 3–175-ыг үзнэ үү.
Элиза Р.Снөү
“[Халамжийн нийгэмлэг] гэдэг нэр орчин үеийнх байж болох ч байгууллага нь эрт дээр үеэс үүсэлтэй. [Иосеф Смит] бидэнд ийм байгууллага эрт үеийн сүмд оршиж байсан бөгөөд Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн зарим захидалд ‘сонгогдсон хатагтай’ [ 2 Иохан 1:1; Сургаал ба Гэрээ 25:3] хэмээн дурдсан байдаг гэж хэлсэн.
“Энэ нь санваараас эрх мэдэл, нөлөөллийг авдаг учраас үүнгүйгээр оршин тогтнох аргагүй билээ. Санваар дэлхийгээс авагдах үед энэ байгууллагаас гадна дэлхий дээрх Есүс Христийн Сүмийн үнэн жаягийн бусад бүх хавсралт байгууллага мөхсөн. …
‘Наувугийн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэг’-ийг үүсгэн байгуулахад оролцож, тэр холбоонд нэлээдгүй туршлага хуримтлуулсан болохоор би Сионы эгч нарт энэхүү олон шинэ үүрэг хариуцлагаар дүүрэн, маш чухал байгууллагад ороход нь туслах хэдэн санааг хэлье. Хэрэв Израилын охид, эмэгтэйчүүдийн хэн нь ч гэсэн үйл ажиллагаандаа оролцох чадвар нь хязгаарлагдмал гэж боддог байсан бол эдүгээ сайн ажлыг хийх энэхүү чадвар тэдэнд үлэмж их буйг мэдэх болно. …
“Хэрэв хэн нэгэн эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэгийн зорилго юу вэ? гэж гайхаж байвал, би эзэмшдэг бүхнээ сайн зүйлсийн төлөө, зөвхөн ядууст туслахад биш, мөн бодгалийг аврахад бүх чадвараа ашиглан, сайныг үйлдэх явдал гэж хэлнэ. Нэгдмэл хичээл зүтгэл нь хамгийн үр дүнтэй бие даасан хүчин чармайлтаар хийж гүйцэтгэснээс зүйрлэшгүй ихийг бүтээх болно.
“Эмэгтэйчүүдийн Халамжийн нийгэмлэг нь ядууст туслахдаа зөвхөн материаллаг хэрэгцээг нь хангахаас гадна өөр бусад үүрэг хүлээдэг. Оюуны ядуурал, зүрх сэтгэлийн өвчин эмгэгт ч анхаарал хэрэгтэйгээс гадна зөвлөж хэлсэн хэдэн үг, халуун дулаан, эелдэг гар барилт цүнхтэй алтнаас илүү сайн нөлөө үзүүлж, талархал хүртэх нь олонтоо байдаг.
Гэгээнтнүүд энд тэндээс ирж цуглан, нэг нэгнээ танихгүй, хууран мэхлэгчдийн олз болон замаасаа төөрөх үед [Халамжийн] нийгэмлэг тэднийг бушуухан хамгаалан авч, цэвэршүүлж, хөгжүүлж, юу юунаас илүү сайн мэдээний итгэлд хүчирхэгжүүлдэг нийгэмлэгтээ танилцуулдаг байх хэрэгтэй. Ингэснээр олон хүнийг аврах зэмсэг болж чадна.
Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагааны эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход цуврал ном шаардагдах байх. (Бишопынхоо удирдлаган доор) ажлаа уужуу тайван, идэвхтэй, эв нэгдэлтэй, залбиралтайгаар хий. Бурхан таны амжилттай хичээл зүтгэлийг адислах болно.”4