“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110: ‘Энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
9-р сарын 27-оос 10-р сарын 3
Сургаал ба Гэрээ 109–110
“Энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар”
Ахлагч Бэднар Сургаал ба Гэрээ 109:24–28-ыг эш татан, “Эдгээр судар дахь сануулга нь та нарт болон танай гэр бүлд хэрхэн хамаарагдах талаар залбирангуйгаар тунгааж мөн ахин дахин суралцахыг би та нараас хүсэж байна” хэмээсэн (“Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign, May 2009, 99 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110). Суралцаж байхдаа энэхүү урилгыг тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Көртландын ариун сүмийн хаалга 1836 оны 3-р сарын 27-ны өглөөний 8:00 цагаас өмнө нээгдэх ёсгүй байсан. Гэвч онцгойлон адислах үйлчлэлд оролцохыг хүссэн гэгээнтнүүд хамгийн эртдээ 7:00 цагт ирж, дугаарлан зогсож эхэлсэн. Сэтгэл нь хөдөлсөн бишрэгчид суудлуудыг болон хоорондох зайг хурдхан дүүргэхэд Иосеф Смит орж болох өөр илүү газрыг зааж өгчээ. Тэр газар дүүрэхэд хоёр дахь хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөв. Зөвхөн амьд хүмүүс тэнд байхаар тэмүүлээгүй. Олон гэрч онцгойлон адислалын үеэр болон дараа нь ариун сүм дотор, дээвэр дээр хүртэл тэнгэр элчүүд байхыг харсан хэмээн гэрчилжээ. Үнэхээр “тэнгэрийн арми” ирээд, хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт “магтан дуулж” байгаа мэт санагдсан (“Бурханы Сүнс,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 28).
Яагаад хөшигний хоёр талд агуу баяр хөөр болсон бэ? Гэгээнтнүүд “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно” хэмээх амлалт нь тэдний анх Огайад цугларсны нэг шалтгаан байсан (Сургаал ба Гэрээ 38:32). Илүү агуу зүйлс ирээдүйд амлагдсан. Их Эзэн “энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө” хэмээн тунхаглажээ (Сургаал ба Гэрээ 110:10). Сая сая амьд хүний болон нас барсан тэдний төлөө хийлгэх боломжтой өргөжин тэлж буй ариун сүмийн ажил, ёслолууд бүхий бидний одоо амьдарч буй эрин үе “бүрхүүл нь дэлхийгээс ийнхүү замхарч” (“Бурханы сүнс”) байх үеийн Көртландаас эхтэй.
Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:232–241; “A House for Our God,” Revelations in Context, 169–172-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн намайг ариун өргөөндөө адислахыг хүсдэг.
Көртландын ариун сүм өнөө үеийн бидний мэддэг ариун сүмүүдээс зарим талаараа өөр байсан. Тэнд тахилын ширээ, баптисмын усан сан байгаагүй бөгөөд нас барагсдын төлөөх баптисм, лацдан холболт зэрэг ёслолууд хараахан сэргээгдээгүй байсан. Гэвч 109-р хэсэгт дүрсэлсэн адислалууд буюу Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбирал бол өнөө үед Их Эзэний өргөөнд бидний хүлээж авдаг адислалууд юм. Дараах шүлгүүдийг уншиж, эдгээр адислалын заримыг ол. Тэдний талаар уншихдаа, тэдгээр нь танд болон танай гэр бүлийн хувьд яагаад чухал болох талаар тунгаан бод.
5, 12–13-р шүлгүүд (мөн Сургаал ба Гэрээ 110:6–8-ыг үзнэ үү): Их Эзэн ариун сүмд Өөрийгөө бидэнд харуулж чадах бөгөөд бид Түүний хүчийг мэдэрч чадна.
9, 17–19, 26, 78–79-р шүлгүүд: Ариун сүмд бид өөрсөд дээрээ Их Эзэний нэрийг авдаг.
22–23-р шүлэг: Биднийг ариун сүмд гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахих үед Их Эзэн бидэнд Түүний ажлыг хийх хүчийг өгдөг.
24–33-р шүлэг: Бид ариун сүмд зохистойгоор орох үедээ Их Эзэний хамгаалалтыг хүлээн авдаг.
Бусад адислал:
Эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийхийг Сүнс танд өдөөдөг вэ?
Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбирал надад залбирлын тухай зааж болно.
109-р хэсэг бол Иосеф Смитэд илчлэлтээр өгөгдсөн онцгойлон адислах залбирал юм (хэсгийн толгой гарчгийг үзнэ үү). Та энэ хэсгээс залбирлын талаар юу сурч мэдсэн бэ? Та үүнийг уншихдаа, өөрийнхөө залбирлуудын талаар бодож магадгүй. Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа сайжруулахад тань тусалж болох ямар мэдрэмж сэтгэгдлийг та хүлээн авсан бэ? Жишээ нь, энэ залбиралд бошиглогч юуны талаар залбирсан бэ?
Их Эзэн ариун сүмд надад Өөрийгөө үзүүлж чадна.
Та Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг уншсаныхаа дараа Аврагчийн талаар юу мэдэрч байна вэ? Тэрээр ариун сүмд Өөрийгөө танд хэрхэн үзүүлсэн бэ? Тэр таны хичээл зүтгэл, золиосыг хүлээн зөвшөөрдөг гэдгийг мэдэхэд ямар арга замаар танд тусалдаг вэ?
Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд хэрэгтэй санваарын түлхүүрүүд одоо Сүмд бий.
Та Көртландын ариун сүмд Мосе, Елиас, Елиа нарын Иосеф Смит, Оливер Каудери нарт даатгасан санваарын түлхүүрүүдийн талаар ойлгохын тулд ахлагч Квинтин Л.Күкийн “Бурхантай уулзахаар бэлтгэ” захиасыг уншиж болно (Ensign, May 2018, 114–117 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 142–146). Ахлагч Күк эдгээр түлхүүр өнөө үед Сүмийн ажил хэрэгтэй хэрхэн уялдаа холбоотой байдгийг тайлбарласан. Та мөн Судруудын удирдамж дахь “Мосе,” “Елиас,” “Елиа” (scriptures.ChurchofJesusChrist.org)-г судалж, эдгээр эртний бошиглогчийн талаар суралцаж болно. Та эдгээр түлхүүртэй холбоотой ажилд туслахын тулд юу хийж чадахаа тунгаан бод.
Мөн Итгэлдээ үнэнч байх нь, Санваарын түлхүүрүүд, 126–127-г үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 109.Гэр бүлээрээ 109-р хэсгээс ариун сүмд илүү их цаг зарцуулахыг та нарт өдөөж буй зарим шүлгийг ол (жишээ нь, “Хувиараа судар судлахад зориулсан санаанууд” хэсэгт жагсаасан шүлгүүдийг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны санал болгосон зүйлсийг хэрхэн хийж болох талаар ярилц. “Их Эзэнтэй Түүний ариун өргөөнд уулзах уулзалтыг тогтмол хийх арга замыг олж, тэгээд тэрхүү уулзалтдаа хоцролгүй, баяр хөөртэй ирж байхыг би танд уриалж байна” (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” Ensign, Nov. 2018, 114 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119). Та эсвэл танай гэр бүл хараахан ариун сүмд орж үзээгүй байгаа бол temples.ChurchofJesusChrist.org руу орж, ариун сүмд ороход бэлдээрэй.
-
Сургаал ба Гэрээ 109:78–80.“Бурханы Сүнс” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 28) дууллыг Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад зориулан зохиосон ба түүнээс хойш ариун сүм бүрийг онцгойлон адислахад үүнийг дуулдаг. Та нар энэ дууллыг хамтдаа дуулан, хожмын үеийн ариун сүмүүдэд талархах сэтгэлийг тань нэмэгдүүлсэн хэллэгүүдийг олж болно. Энэ дуулал Сургаал ба Гэрээ 109:78–80 дахь захиастай ямар холбоотой вэ?
Та temples.ChurchofJesusChrist.org дээрээс танайд хамгийн ойр байрлах ариун сүмийг онцгойлон адислах залбирлыг олж болно.
-
Сургаал ба Гэрээ 110.Гэр бүлийн гишүүд тань 110-р хэсгийг уншаад, энэхүү тоймын төгсгөлд байгаа зургийг харсны дараа тэднээс, хэрэв тэд Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёртой хамт байсан бол юу мэдрэх байсныг төсөөлөн бодохыг хүс. Гэр бүлийнхэндээ Аврагчийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгаа хуваалцах боломж олго.
-
Сургаал ба Гэрээ 110:15.Хүүхдүүдийн тань “зүрх сэтгэлийг” өвөг дээдэс рүү нь эргүүлэхэд юу тусалж болох вэ? Та FamilySearch.org/discovery дээрээс зарим хөгжилтэй санааг олж болно. Та нар ариун сүмийн ёслолуудыг нь үйлдэх хэрэгтэй өвөг дээдсээ олж, ёслолуудыг нь ариун сүмд гүйцэтгэх төлөвлөгөөг хамтдаа гаргаж болно. Мөн Көртландын ариун сүмд Елиасын сэргээсэн ажил таны өвөг дээдсээ хайрлах хайрыг хэрхэн өсгөн нэмэгдүүлдэг талаар ярилцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.
Санал болгох дуу: “Бурханы Сүнс,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 28.
Сэргээлтийн дуу хоолой
Сүнслэг илчлэлт ба Көртландын ариун сүм
Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад болон түүний дараа болсон бусад хуралд байсан хожмын үеийн гэгээнтнүүдийн үгсийг доор оруулав. Олон хүн өөрсдийн туршлагыг эртний гэгээнтнүүдийн Пентекостын өдөр “дээрээс ирэх хүчийг өмсөхдөө” олж авсан туршлагатай харьцуулжээ (Лук 24:49-ийг; мөн Үйлс 2:1–4; Сургаал ба Гэрээ 109:36–37-г үзнэ үү).
Элиза Р.Снөү
“Онцгойлон адислалын ёслолуудыг сургуулилсан байж болно. Гэвч тэрхүү дурсгалт өдрийн үйл явдлуудыг мөнх бус хүмүүний хэл дүрслэх чадваргүй юм. Тэнгэр элчүүд зарим хүнд харагдсан бол, харин тэнд байсан бүх хүн бурханлаг оршихуйг мэдэрсэн бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл ‘үгээр хэлэхийн аргагүй алдар суу, баяр хөөрөөр’ дүүрсэн байлаа”1
Силвиа Катлэр Вэбб
“Миний хамгийн анхны дурсамжуудын нэг бол ариун сүмийн онцгойлон адислал юм. Аав маань биднийг өвөр дээрээ суулгаад, яагаад бид явж байгаа талаар мөн өргөөг Бурханд зориулан онцгойлон адисалж байгаа нь юу гэсэн үг болохыг хэлсэн. Би тэр үед балчир байсан ч гэсэн тэр үйл явдлыг тодорхой санадаг. Олон жилийн өмнөх уг үйл явдлыг эргэн санахад, миний нүдэнд тэрхүү тэмдэглэлт өдөр тухайн үеийн бошиглогч Иосеф үг хэлэхдээ тэнгэр өөд гараа сунган зогсоод, царай нь цайж, нулимс хацрыг нь даган урсаж байсан нь надад харагддаг. Бараг хүн бүр уйлж байсан шиг санагдаж байна. Уг өргөөнд маш олон хүн байсан учир хүүхдүүд ихэвчлэн том хүмүүсийн өвөр дээр суусан байв. Миний эгч аавын өвөр дээр, би ээжийн өвөр дээр сууж байсан. Бид ямар даашинз өмсөж байсныг хүртэл би санадаг. Би тэр үед дэндүү бага балчир байсан болохоор энэ бүх зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүй ч цаг хугацаа өнгөрөх тусам утга учрыг нь улам бүр ойлгож, тэнд байх боломжтой байсандаа маш их талархдаг.”2
Оливер Каудери
“Орой нь би сүмийн албаныхантай Их Эзэний өргөөнд уулзсан. Сүнс юүлэгдэж, би Бурханы алдар суу агуу их үүл мэт буун ирж, ариун сүмийн дээр тогтон, хуйлрах хүчит салхи лугаа адил ариун сүмийг дүүргэхийг харсан. Түүнчлэн олон хүн дээр бүр галынх мэт салаалсан хэл өөр бусад хэлтэй ярьж, бошиглохыг би харсан.”3
Бэнжамин Браун
“Олон үзэгдэл үзэгдсэн. Нэг хүн алт мэт үүлэн дээр нар тусаж байгаа мэт хурцаар гэрэлтэн бууж ирсэн дэр эсвэл үүлийг ариун сүмийн дээр тогтохыг харсан. Гартаа гялалзсан түлхүүрүүд ба гинж барьсан гурван биет хүн өрөөн дотор агаарт зогсож байхыг өөр хоёр хүн харсан байв.”4
Орсон Пратт
“Бурхан, түүний тэнгэр элчүүд тэнд байсан. Ариун Сүнс хүмүүсийн дунд байсан … ба тэд толгойнхоо оройгоос хөлийнхөө ул хүртэл Ариун Сүнсний хүчээр болон нөлөөгөөр дүүрсэн байсан.”5
Нэнси Наоми Александр Трэйси
“Ариун сүмийг барьж дууссан болон онцгойлон адисалсан хоёр өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай хоёр өдөр байсан. Уг арга хэмжээнд зориулан бичигдсэн маш зохистой дуу бол ‘Бурханы Сүнс нь дүрэлзэн шатах гал мэт’ хэмээх дуу юм. Тэнгэрлэг нөлөө ариун сүмийн дээр буун тогтсон байсан гэдэг нь үнэхээр үнэн. Яг л дэлхий дээрх тэнгэр мэт мэдрэгдсэн.”6