Сургаал ба Гэрээ 2021
10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114: “Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно”


“10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114: ‘Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Иосеф Смит зааж байгаа нь

10-р сарын 4–10

Сургаал ба Гэрээ 111–114

“Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно”

Сургаал ба Гэрээ 111–114-ийг уншиж, төрсөн сэтгэгдлээ бичихдээ Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийл. Дараа нь эдгээр сэтгэгдлээ хэрэгжүүлж болох аргуудыг бодож ол.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Урьд өмнө нь таны итгэлд бат итгэлтэй мэдрэмж төрүүлсэн туршлага тохиолдож байсан ч амьдралын зовлон бэрхшээл итгэлийг тань сорьж, та өмнө нь мэдэрч байсан амар амгалан мэдрэмжээ эргүүлж олохоор хичээж байсан тохиолдол байдаг уу? Көртланд дахь гэгээнтнүүдэд үүнтэй төстэй зүйл тохиолдсон. Көртландын ариун сүмийн онцгойлон адислалтай холбоотой сүнслэг урсгалаас хойш жил ч хүрэхгүй хугацааны дараа саад бэрхшээл гарч эхэлжээ. Зарим хүний итгэлийг гуйвуулахад хүргэсэн санхүүгийн хямрал, Арван хоёрын Чуулга дахь зөрчилдөөн, өөр бусад сорилт тулгарсан.

Бид сорилт бэрхшээлээс зайлсхийж чадахгүй тул тэдгээрийг итгэл, гэрчлэлд маань нөлөөлөхөөс хэрхэн сэргийлж, хамгаалж чадах вэ? Көртланд дахь гай зовлон өсөн нэмэгдэж байхад Сургаал ба Гэрээ 112 дээрх Их Эзэний зөвлөгөөнөөс зарим хариултыг олж болох юм. Их Эзэн “Миний өмнө зүрх сэтгэлээ ариусгагтун” (28-р шүлэг), “Эсрэг бүү зогс” (15-р шүлэг), “Уг ажлын тул бүсээ бүслэгтүн” (7-р шүлэг), “Чи даруу бай” (10-р шүлэг) хэмээн хэлсэн. Бид энэхүү зөвлөгөөг дагах үед Их Эзэн биднийг гай зовлонгийн дундуур, эдгэрэл болон амар амгалан руу “гараас [минь] хөтлөх” болно ( 10, 13-р шүлгийг үзнэ үү).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 111

Их Эзэн “бүх зүйлийг [миний] сайн сайхны төлөө тушааж” чадна.

1836 он гэхэд, Сүм Их Эзэний ажлыг хийхдээ маш их өрөнд орсон байсан. Иосеф Смит болон бусад хүн энэхүү өрийн талаар санаа зовж, төлж барагдуулах арга замуудыг эргэцүүлж байхдаа Массачусеттсын Салемыг зорьсон бөгөөд энэ нь магадгүй тэнд нэгэн байшинд мөнгө орхисон байгаа гэсэн цуурхлаас болж тийш явсан байж болох юм ( Сургаал ба Гэрээ 111-ийн толгой гарчгийг харна уу). Тэднийг Салемд ирсний дараа Их Эзэн “та нарт зориулагдсан нэгээс илүү сан хөмрөг энэ хотод буй” (10-р шүлэг) хэмээн хэлсэн бөгөөд “Сионы ашиг тусын тулд тогтоосон цагт нь цуглуулах” хүмүүсийг хамруулсан сан хөмрөг хэмээжээ (2-р шүлэг; мөн Гэтлэл 19:5-ыг үзнэ үү). Салемаас мөнгө олоогүй ч, дараа нь тэндхийн номлогчийн хичээл зүтгэлийн үр дүнд ирсэн хөрвөгчид бол Их Эзэний амлалтын биелэлтийн нэг хэсэг байсан.

Та 111-р хэсгийг уншихдаа, санааг тань зовоодог зүйлсийн талаар бод. Иосефт хэлсэн Их Эзэний үгс танд хэрхэн хамааралтайг бод. Их Эзэн танд санаанд ороогүй “сан хөмрөг” (10-р шүлэг) олоход тань хэрхэн тусалж байсан бэ? “Та нарын сайн сайхны төлөө бүх зүйлийг тушаахын” (11-р шүлэг) тулд Түүний хийсэн зүйлсийн тухай бод. “Аль болох түргэнээр та нар тэдгээрийг хүлээн авч чадахаар” гэсэн хэллэг Тэнгэрлэг Эцэгийн талаар танд юу зааж байна вэ?

Мөн Матай 6:19–21, 33-ыг; “More Treasures Than One,”Revelations in Context, 229–234-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 112:3–15

Их Эзэн Өөрийнх нь хүслийг даруухнаар эрэлхийлдэг хүмүүсийг удирдан чиглүүлэх болно.

Арван хоёрын чуулгын нэгдмэл байдал 1837 оны зун суларч байв. Үүрэг хариуцлагын тухай маргалдаж, зарим гишүүн бошиглогч Иосеф Смитийн эсрэг зүйл ярьж байжээ. Тэр үед Арван хоёрын чуулгын ерөнхийлөгч байсан Томас Б.Маршийн санаа зовж, бошиглогчоос зөвлөгөө хүсэхээр Миссуригээс Огайод иржээ. Марш ах 112-р хэсэг дэх илчлэлтээр дамжуулан зөвлөгөө хүлээн авав. Их Эзэний зөвлөгөө түүнд болон чуулгад нь хэрхэн тус болсон байж болох вэ? Хэрүүл маргаан, уур уцаарыг даван гарахыг хичээх үед тань энэ нь танд ямар сургамж өгөх вэ?

Ялангуяа 10-р шүлгийг тунгаан бодож болно. Их Эзэн чамайг “гараас чинь” хөтөлнө гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Яагаад даруу байхад ийм удирдамж шаардлагатай байдаг вэ?

Мөн Үлиссэс Соарэс, “Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун,” Ensign, Nov. 2013, 9–11 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9–11; “The Faith and Fall of Thomas Marsh,”Revelations in Context, 54–60-ийг үзнэ үү.

Зураг
Хоёр хүн залбирч байгаа нь

Хэрэв бид даруу байвал Их Эзэн биднийг хөтөлж, залбирлуудад маань хариулах болно.

Сургаал ба Гэрээ 113

Иосеф Смит “Христийн гар дахь … үйлчлэгч” байсан.

Исаиа Иессийн үр удмын нэгийг “нахиа” мөн “үндэс” хэмээн дурдсан (Исаиа 11:1, 10). 113-р хэсэгт Их Эзэн энэхүү үр удам, Христийн үйлчлэгч нь эцсийн өдрүүдэд Их Эзэний хүмүүсийг цуглуулахад зэмсэг байх болно хэмээн тайлбарладаг (Сургаал ба Гэрээ 113:4, 6-г үзнэ үү). Энэ нь бошиглогч Иосеф Смитийг маш сайн дүрсэлсэн бошиглол юм. 113-р хэсэг дэх энэ болон бусад үнэн Көртланд дахь гэгээнтнүүдэд хүнд бэрхшээлтэй тулгарах үед нь хэрхэн урам зориг өгч байсан бэ? Өнөөдөр таныг Их Эзэний ажилд оролцохыг сүнсээр урамшуулсан юуг та энэ илчлэлтээс олж мэдсэн бэ?

Түүнчлэн Судруудын удирдамж, “Иесс,” scriptures.ChurchofJesusChrist.org; 2 Нифай 21:10–12; Иосеф Смит—Түүх 1:40-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 111:2, 9–11.Эдгээр шүлэг танай гэр бүл юуг мөнхийн “сан хөмрөг” хэмээн үнэлдэг талаар ярилцлага өрнүүлэхэд урамшуулж болно. Та Их Эзэний сан хөмрөг эсвэл үнэт зүйлсийг төлөөлдөг зүйлсийг гэр дотроо нуун, эрдэнэсийн эрэл хайгуул явуулж болно. Гэр бүлийнхнийгээ бүх зүйлийг олоход, та нар тэдгээрийг үнэлдэг гэдгээ харуулахын тулд юу хийж болох талаар ярилц.

Сургаал ба Гэрээ 112:10Ахлагч Үлиссэс Соарэс даруу хүмүүсийг дараах байдлаар дүрсэлжээ. Тэр “Даруу хүмүүс үг хүлээн авдаг. Тэд өөрсдөө Бурханаас хэр зэрэг хамааралтайгаа мэддэг бөгөөд Түүний тааллыг дагах хүсэлтэй байдаг. Даруу хүмүүс хүлцэнгүй байдаг бөгөөд бусдыг мөн адил хүлцэнгүй байхад нь туслах чадвартай” хэмээсэн (“Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун,” Ensign, Nov. 2013, 10 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10). Даруу байх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход гэр бүлийнхэндээ туслах арга замуудыг бодож ол. Гэр бүлийн нэг гишүүн бусдыгаа “гараас” нь хөтөлж, гэр дотроо хөтлөн чиглүүлж байх үед та даруу байдлын талаарх “Be Thou Humble” (Hymns, ду. 130) зэрэг дууг дуулж болно. Эсвэл Их Эзэн танай гэр бүлийн гишүүдийн “гараас” хөтөлж, “залбирлуудад [нь] хариу” өгсөн талаарх туршлагаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 112:11–14, 26.Хэн нэгний нэрийг мэдэх, тэднийг таньж мэдэх хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? Бид 11–14-р шүлгээс Их Эзэнийг таньж мэдэх гэдэг нь ямар утгатай болох талаар юу ойлгож байна вэ?

Сургаал ба Гэрээ 112:15.Бошиглогчийн “эсрэг босох” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ шүлгээс бид бошиглогчийг дэмжин батлахыг хүсэхэд бидэнд тусалж болох юуг олсон бэ?

Сургаал ба Гэрээ 113:7–8.Бид 8-р шүлгээс “Сионыг дахин авчрахад” мөн Израилыг гэтэлгэхэд туслах юуг мэдэж авдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 36.

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлийнхээ дагуу амьдар. “‘Та хэн болохоо бусдад заадаг. Та нарын төрх байдал, үлгэр жишээ … тухайн хичээл дээрх бодит үнэнээс илүүтэй дурсагдан үлддэг’ хэмээн ахлагч Нийл А.Максвэлл заасан (Аврагчийн арга барилаар заах нь, 13).

Зураг
Томас Б.Марш, Иосеф Смит хоёр

Томас Б.Марш Иосеф Смитээр дамжуулан түүнд өгөгдсөн илчлэлтийг тэмдэглэн авчээ. Даруу бай, Жюли Рожерс

Хэвлэх