“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124: ‘Миний нэрэнд өргөө бариг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 124,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
10-р сарын 25–31
Сургаал ба Гэрээ 124
“Миний нэрэнд өргөө бариг”
Хүүхдүүд Сургаал ба Гэрээ 124-өөс ямар сургамж авах ёстой вэ? Та энэ долоо хоногт суралцаж байхдаа энэ асуултыг тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Танайд хамгийн ойр байрладаг ариун сүмийн зургийг үзүүл. Ариун сүмийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хэзээ нэгэн цагт ариун сүм рүү очих тухай бодол санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс намайг сайн зүйл хийхийг хичээхэд баярладаг.
124-р хэсэгт цэдэглэсэн илчлэлтэд Хайрум Смит, Жорж Миллер хоёрыг Өөрийг нь дагахыг хичээн зүтгэсний хариуд Их Эзэн тэднийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Сайныг хийхийг хичээхэд Их Эзэн тэднийг хүлээн зөвшөөрдгийг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хийж чадах сайн зүйлсийнхээ талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд санаа өгөх зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс зураг авч болно). Тэдгээр сайн зүйлийг заахыг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 124:15-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, Хайрум Смитийг сайныг үйлдэхээр сонгоход Их Эзэнд ямар санагдсаныг олж сонсохыг тэднээс хүс. Биднийг сайныг үйлдэхээр сонгоход Есүст ямар санагддаг вэ?
-
Хүүхдүүдэд цаасан зүрх өгөөд, өөрсдийгөө сайн зүйлс хийж байгаагаар зурахыг хүс. Тэднийг зурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Ямар нэгэн сайн зүйл хийхэд бидний сэтгэл санаа ямар байдаг вэ? Биднийг зөв зүйл хийхийг хичээх үед Есүс баярладгийг гэрчил.
-
“Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэдэг” (Хүүхдийн дууны ном, 38–39) зэрэг Есүс Христийн хүссэн зүйлийг хийх тухай дууг хамтдаа дуул.
Сургаал ба Гэрээ 124:28–29, 39
Есүс Ѳѳрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигласан.
Ариун сүм үргэлж Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгэн хэсэг байсаар ирсэн. Үүнийг ойлгох нь таны заадаг хүүхдүүдэд ариун сүмийг хүндлэн биширдэг болоход тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэгээнтнүүд Наувуд шинэ гэр оронтой болох үед Их Эзэн ариун сүм барь гэж тэдэнд хэлсэн тухай ойлгоход хүүхдүүдэд тусал (“50-р бүлэг: Науву дахь гэгээнтнүүд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, х. 183–184-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Хүүхдүүдийг ариун сүм барьж байна хэмээн төсөөлөн бодоход урь.
-
Хүүхдүүдтэй хамт “Миний ариун нэрэнд барихаар миний ариун хүмүүст ямагт зарлигладаг миний ариун өргөө” (Сургаал ба Гэрээ 124:39) хэмээх хэсгийг унш. Эртний ариун сүмийн зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 52 эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү) мөн танай нутаг дэвсгэр дээрх ариун сүмийн зургийг хүүхдүүдэд бариул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үргэлж Өөрсдийн хүмүүст эрт үед ч мөн өнөө үед ч ариун сүм барихыг зарлигласаар ирсэн гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 124:28–29-өөс Их Эзэн яагаад биднээс ариун сүм барихыг хүсдэг болохыг хүүхдүүдэд ойлгуулан туслах үг, хэллэгүүдийг унш.
-
Бид Бурханы хүмүүс бөгөөд Бурханы хүмүүст үргэлж ариун сүм барихыг зарлигласаар ирснийг ойлгуулахын тулд тэднийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж дуусгахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Итгэлтэй байхад Их Эзэн надад баярладаг.
124-р хэсэгт Их Эзэн хэд хэдэн гэгээнтнийг итгэлтэй байдлынх нь төлөө сайшаасан. Түүний үгс өөрсдөдөө хөгжүүлэх хэрэгтэй зан чанаруудыг олж мэдэхэд хүүхдүүдэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 124:12–21-д дурдсан зарим сайн зан чанарыг сонгон авч, самбар дээр Аврагчийн зургийн эргэн тойронд бичихэд урь. 12–21-р шүлгээс эдгээр үгийг олохыг хүүхдүүдээс хүс. Сайн мэдэхгүй үгнүүдийг ойлгоход тэдэнд тусал. Эдгээр шүлэгт өгүүлснээр, Их Эзэн эдгээр зан чанарыг хөгжүүлдэг хүмүүсийн талаар юу мэдэрдэг вэ?
-
Үнэнч шударга байдал гэсэн үгийг самбарт бич. Сургаал ба Гэрээ 124:15, 20-д үнэнч шударга байдлын талаар Их Эзэний хэлсэн зүйлийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Зөв шударга байдал гэж юу болохыг хүүхдүүдэд ойлгуулахын тулд “Шулуун шударга байна гэдэг нь үр дагавар нь ямар байсан ч хамаагүй үргэлж зөв зүйлийг бодож, хийнэ гэсэн үг юм” гэсэн мэдэгдлийг унш (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 19). Та мөн хүүхдийн үнэнч шударга байдлыг харуулсан өөрийн туршлагаас эсвэл Найз, Лиахона зэрэг сэтгүүлээс жишээ авч хуваалцаж болно. Хүүхдүүдийг энэ долоо хоногт илүү үнэнч шударга үйлдэхэд хичээх зорилго тавихад уриал.
Сургаал ба Гэрээ 124:28–30, 38–41
Ариун сүмүүд барихыг Есүс Ѳѳрийн хүмүүст зарлигласан.
Таны заадаг хүүхдүүд удахгүй ариун сүмд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох насанд хүрнэ. Та тэдэнд бэлтгэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ариун сүмийн зургийг эсвэл зурсан зургаа далдал. Хүүхдүүдэд зураг дээр юу байгаа талаар сэжүүр өгөхийн тулд Сургаал ба Гэрээ 124:38–41-ийг уншихад урь. Хүүхдүүдээр зургийг нээлгээд, эдгээр шүлэг яагаад Их Эзэн биднээс ариун сүм барихыг хүссэн талаар зааж байгаа зүйлийг ярилц.
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 124:28–30-ийг уншаад, Их Эзэн Иосеф Смитэд Наувуд ариун сүм барихыг зарлигласан шалтгааныг олж мэдэхэд урь. Ариун сүмийн талаар төрсөн мэдрэмжээ мөн нас барагсдын төлөө баптисм хүртэхэд ямар байсан туршлагаасаа хуваалц. Ариун сүмд нас барагсдын төлөө баптисм хүртэхийн тулд хэр удаан хүлээхээ тодорхойлоход хүүхдүүдэд тусал.
-
Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байгаа бол хүүхдүүдэд үзүүл эсвэл тойргийнхоо өсвөр үеийн хүүхдийг ариун сүмийн эрхийн бичгээ үзүүлэхэд урь. Яагаад ариун сүмийн эрхийн бичиг чухал болохыг мөн үүнийг авахын тулд бид юу хийх хэрэгтэйг хүүхдүүдэд хэл. Тэднийг одооноос эхлэн өөрсдийн эрхийн бичгийг авахад бэлдэхэд урамшуул.
Патриархын адислал надад сүнслэг удирдамж өгнө.
Хэрэв та патриархын адислал авсан бол, энэ талаар хүүхдүүдэд заахын өмнө адислалаа дахин нэг унш. Та патриархын адислалын юунд талархдаг вэ? Та хүүхдүүдийг өөрсдийн патриархын адислалыг хүлээн авахад бэлтгэхэд хэрхэн сүнсээр өдөөж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Сургаал ба Гэрээ 124:91–92-ыг уншихад, харин ангийнхныг Их Эзэн Хайрумаар юу хийлгэхээр дуудсаныг олж сонсоход урь. Хүүхдүүд патриархын адислалын талаар юу мэдэх вэ? Хэрэв та патриархын адислал авсан бол энэ нь ямар харагддагийг хүүхдүүдэд үзүүл. (Патриархын адислалд тань өгүүлсэн зүйл ариун нандин болохыг сана.) Патриархын адислал бол патриархаас авдаг онцгой адислал гэдгийг тайлбарла. Эдгээр адислал бидэнд өөрсдийнхөө талаар мөн Тэнгэрлэг Эцэг биднээр юу хийлгэхийг хүсдэг талаар илүү ихийг олж мэдэхэд тусалж чадна.
-
Заадаг хүүхдүүдийнхээ эцэг эх эсвэл ах, эгч нараас нэг хүнийг урин авчирч, патриархын адислалдаа яагаад талархаж явдгаа ангийнхантайгаа хуваалцуулах талаар бодож үз. Тэднээс яагаад патриархын адислал авахаар шийдсэнээ хуваалцахыг хүс. Патриархын адислалын талаар гэрчлэлээ хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ариун сүмийн талаар сурч мэдсэн нэг зүйлээ мөн яагаад хэзээ нэгэн цагт ариун сүмд орохыг хүсдэгээ гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцахад хүүхдүүдийг урь.