Сургаал ба Гэрээ 2021
11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138: “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”


“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138: ‘Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Сүнсний дэлхий дэх хүмүүс

Иосеф өөрийн аав, ээж, ахыг селестиел хаант улсад харав (Селестиел хаант улсын талаарх Иосеф Смитийн үзэгдэл, Робэрт Баррэтт).

11-р сарын 29-өөс 12-р сарын 5

Сургаал ба Гэрээ 137–138

“Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Би та нарыг [Сургаал ба Гэрээ 138]-ыг сайтар тунгаан уншаарай хэмээн урьж байна. Үүнийг унших үед тань Их Эзэн та нарыг Бурханы хайр, Түүний хүүхдүүдийнхээ төлөөх аврал, аз жаргалын төлөвлөгөөг илүү бүрэн дүүрэн ойлгох, талархах сэтгэлээр адислах болтугай” хэмээн заасан (“Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,” Ensign, Nov. 2018, 73 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сургаал ба Гэрээ 137138-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг 2400 км-ын зайтай хоёр өөр газарт, хоорондоо 80 гаруй жилийн зайтай хүлээн авчээ. 137-р хэсгийг бошиглогч Иосеф Смит 1836 онд, барьж дуусаагүй байсан Көртландын ариун сүмд хүлээн авсан бол 138-р хэсгийг Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч Жозеф Ф.Смит 1918 онд Солт Лэйк Ситид хүлээн авчээ. Гэвч энэ хоёр үзэгдэл сургаалын хувьд уялдаа холбоотой. Тэдгээр нь хоёулаа Бурханы хүүхдүүдийн дараагийн амьдрал дахь хувь заяаны тухай асуултуудад хариулдаг. Эдгээрийг хүлээж авсан бошиглогчдын амьдралын туршлагыг бид эргэцүүлэн бодох үед хоёулаа илүү гүн гүнзгий утга учрыг агуулдаг.

Иосеф Смитийн үзэгдэл баптисм хүртээх эрх мэдэл сэргээгдэхээс зургаан жилийн өмнө нас барсан хайртай ах Алвиныхаа мөнхийн хувь заяаг ойлгоход түүнд тусалжээ. Алвины мөнхийн авралын талаарх асуулт Иосефын бодолд үргэлж байдаг байв. Жозеф Ф.Смитийн үзэгдэл сүнсний дэлхийн талаар гайхалтай үнэнүүдийг илэрхийлдэг ба гэр бүлийн дотно гишүүдийнхээ үхэлд гашуудан байгаа хүнийг гарцаагүй тайтгаруулах илчлэлт юм. Жозеф Ф.Смитийн аав Хайрум Смит түүнийг 5 настай байхад, ээж Мэри Фийлдинг Смит нь түүнийг 13 настай байхад нас баржээ. 1918 онд үзэгдэл үзэх тэр үед, тэрээр 13 хүүхдээ алдан гашуудаж байсан юм.

Үхлийн дараах амьдралын талаар олон хүний асуудаг асуултуудад эдгээр илчлэлт хариулдаг. 137-р хэсэг иймэрхүү асуултуудад эхний гэрлийг тусгадаг бол 138-р хэсэг хөшгийг илүү өргөн нээж өгдөг. Тэдгээр нь хамтдаа “Эцэг, Хүү хоёроор илэрхийлэгдсэн тэрхүү агуу хийгээд гайхамшигт хайрын талаар гэрчилдэг” (Сургаал ба Гэрээ 138:3).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 137

Бодгаль бүр селестиел алдар сууг сонгох боломжтой байх болно.

1836 онд Христийн шашинтнуудын дундах түгээмэл ойлголт нь хэрэв хэн нэг нь, Иосеф Смитийн ах Алвин баптисм хүртэлгүй нас барсны адил бол тэнгэр лүү очиж чадахгүй хэмээх ойлголт байсан. Гэвч Иосеф үзэгдэлд Алвиныг селестиел хаант улсад үзэв. Та 137-р хэсгийг уншихдаа Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөө, селестиел хаант улсын талаар юу сурч мэдсэнээ тунгаан бод.

Гэгээнтнүүд, 1:232–235-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30

Судруудыг уншиж, тунгаан бодох нь намайг илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг.

Заримдаа илчлэлт нь биднийг эрэлхийлээгүй үед ч ирдэг. Гэвч ихэнхдээ бид хичээнгүйлэн эрж, бэлтгэсэн учраас ирдэг. Та Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30-ийг уншихдаа, ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Аврагчийн гэтэлгэх үүргийг илүү сайн ойлгохын тулд “ойлголтын[х нь] мэлмий нээгдэх” үед юу хийж байсныг анзаар. Дараа нь та ерөнхийлөгч Смитийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах талаар эргэцүүлэн бод. Жишээ нь, судраас суралцахдаа “судруудын талаар [илүү] тунгаан бодож,” “[Аврагчаар] хийгдсэн тэрхүү цагаатгагч агуу золиослолын талаар [илүү] бясалгахын” (1–2-р шүлэг) тулд ямар өөрчлөлтийг хийж болох вэ?

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл” (Ensign, Nov. 2018, 71–74 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61–65) хэмээх захиасдаа ерөнхийлөгч Смитийн энэ илчлэлтийг хүлээн авахын тулд бэлтгэж байсан бусад арга замыг дурдсан. Та олж авч байгаа туршлагуудаа эсвэл ирээдүйд олох туршлагадаа хэрхэн бэлтгэж байгаагаа эргэцүүлэн бод.

“Ministry of Joseph F. Smith: A Vision of the Redemption of the Dead” видео бичлэгийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү.

Зураг
Жозеф Ф.Смитийн зураг

Жозеф Ф.Смит, Алберт И.Салзбрэннэр

Сургаал ба Гэрээ 138:25–60

Авралын ажил хөшигний хоёр талд өрнөж байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм” хэмээн заасан (“Хамтдаа үргэлжлүүлцгээе,” Ensign, May 2018, 118–119 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147–148). Сургаал ба Гэрээ 138:25–60-ыг уншихдаа энэ талаар тунгаан бод. Та дараах асуултуудын талаар тунгаан бодож болно.

  • Авралын ажил сүнсний дэлхийд хэрхэн гүйцэлдэж байгаа талаар та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ? Энэ ажил тохиож байгаа гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ? Эдгээр шүлэг Аврагчийн Цагаатгалд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

  • Сүнсний дэлхийд авралын ажилд оролцож байгаа хүмүүсийн талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ? Авралын ажил хөшигний хоёр талд өрнөж байгаа гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Мөн Даллин Х.Өүкс, “Эзэнд итгэ,” Ensign, Nov. 2019, 26–29 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26–29-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 137:1–5.Гэр бүлийнхнээ эдгээр шүлэг дээр үндэслэн селестиел хаант улс ямар байдаг гэж боддогоо зурахад урь. Тэнд амьдрахыг эрэлхийлэхэд тань туслах юуг та эдгээр шүлгээс олсон бэ? Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт селестиел хаант улсад амьдрахад бэлтгэхийн тулд юу хийж байгаа вэ?

Сургаал ба Гэрээ 137:5–10.Иосеф Смитийн хувьд гэр бүлийнхээ хэд хэдэн гишүүнийг селестиел хаант улсад харах нь ямар утгатай байсныг мэдэхийн тулд гэр бүл тань “Ministry of Joseph Smith: Temples” видео бичлэгийг үзэж болно (ChurchofJesusChrist.org). Та нар баптисм хүртэх боломжгүйгээр нас барсан хүний талаар ярилцаж болно. Сургаал ба Гэрээ 137:5–10 бидэнд тэр хүний талаар юу заадаг вэ?

Сургаал ба Гэрээ 138:12–24.Сургаал ба Гэрээ 138:12–24 нь сүнсний дэлхийд Аврагчтай уулзсан хүмүүсийн талаар юу зааж байна вэ? Тэд ямар адислалууд хүлээн авсан бэ? Бид тэдний үлгэр жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Сургаал ба Гэрээ 138:38–55.Эдгээр шүлэгт ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн сүнсний дэлхийд харсан хүмүүсийг болон тэдний талаарх товчхон мэдээллийг тайлбарладаг. Танай гэр бүл сүнсний дэлхийд байгаа өвөг дээдсийнхээ болон тэдний амьдралын талаарх мэдээллийг оруулсан жагсаалт гаргаж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой,Хүүхдийн дууны ном, 66.

Суралцах чадвараа сайжруулах

Судрын талаар тунгаан бодох нь. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “бясалгал бол Их Эзэний оршихуйд очихын тулд нэвтэрдэг … нандин хаалгануудын нэг юм” гэж заасан (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 32).

Зураг
Есүс Христ Сүнсний дэлхийд

Томилогдсон нэгэн, Харолд И.Хопкинсон. Есүс Христ сүнсний дэлхийд зөв шударга сүнснүүдийг сайн мэдээг номлоход томилсон.

Хэвлэх