Ирээд, Намайг дага
11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’’


“11-р сарын 4–10. Еврей 1–6: ‘Есүс Христ, ‘мөнх авралын эх үндэс’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 4–10. Еврей 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Христ бяцхан охинтой хамт зогсож байгаа нь

Анн Хэнри, Гилеадын гавар

11-р сарын 4–10

Еврей 1–6

Есүс Христ, “мөнх авралын эх үндэс”

Сүнслэг мэдрэмжүүдээ бичиж тэмдэглэх нь Ариун Сүнсний танд заахыг хүссэн зүйлийг таньж мэдэхэд тусална. Мэдэрснийхээ дагуу хэрэгжүүлэх нь эдгээр сүнслэг өдөөлтийг бодит гэдэгт итгэдгийг тань илэрхийлдэг.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бид бүгдээрээ Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахын тулд муу зуршил, буруу итгэл эсвэл зохисгүй харилцаа зэрэг ямар нэгэн юмаа орхих хэрэгтэй болдог. Харийнхны хувьд хөрвөлт бол ихэвчлэн хуурамч бурхдаас татгалзана гэсэн үг байдаг. Харин еврейчүүдийн (иудейчүүд) хувьд хөрвөлт нь илүү хэцүү биш ч арай жоохон түвэгтэй байдаг нь батлагдсан. Эцэст нь тэдний нандигнадаг итгэл, уламжлал үнэн Бурханы сүсэг бишрэл, Түүний бошиглогчдын сургаалд хэдэн мянган жилийн өмнөөс үндэслэгдсэн байдаг. Харин төлөөлөгчид Мосегийн хууль Есүс Христээр гүйцэлдэж, дээд хууль нь одоо итгэгчдийн дунд жишиг болсон гэдгийг заасан. Христийн шашныг хүлээн авах нь еврейчүүдийн хувьд эртний итгэл үнэмшил, түүхээсээ татгалзах ёстой гэсэн үг үү? Еврейчүүдэд бичсэн захидал нь Мосегийн хууль, бошиглогчид, ёслолууд нь бүгд чухал боловч Есүс Христ илүү агуу юм гэдгийг зааснаар иймэрхүү асуудлуудыг шийдэхэд туслахыг эрэлхийлсэн (Еврей 1:1–4; 3:1–6; 7:23–28-ыг үзнэ үү). Үнэндээ энэ бүх зүйл Христийг Бурханы Хүү, иудейчүүдийн хүлээсээр байсан амлагдсан Мессиа гэдгийг зааж, гэрчилдэг. Еврейчүүдэд болон бид бүгдэд зориулсан захиас нь Христээр дамжуулан бид “өршөөлийг хүлээн авах” (Еврей 4:16) боломжтой учраас заримдаа Есүс Христийг амьдрал, сүсэг бишрэлийнхээ гол цөм болгохын тулд уламжлалаасаа татгалзах ёстой гэсэн захиас юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Еврей

Еврейчүүдэд хандсан захидлыг хэн бичсэн бэ?

Зарим судлаач еврейчүүдэд хандсан захидлыг Паул бичсэн гэдэгт эргэлздэг. Еврей номын утга зохиолын хэв маяг нь Паулын бусад захианаас зарим талаар ялгаатай бөгөөд энэхүү бичээсийн хамгийн эртний хувилбарт зохиогчийн нэрийг оруулаагүй байдаг. Гэсэн хэдий ч Еврейд дурдсан санаанууд нь Паулын бусад сургаалтай нийцдэг учраас хожмын үеийн гэгээнтнүүд Христийн шашны уламжлалыг хадгалан, Паулыг энэ захидлыг бичихэд ядаж л оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Судруудын удирдамжаас “Паулын захидлууд”-ыг үзнэ үү.

Еврей 1–5

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн “бодит илэрхийлэл” мөн.

Иудейчүүдээс олон нь Есүс Христийг Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Еврейчүүдэд хандсан захидал нь Есүсийн тухай бүх зүйл Түүний Эцэгийг гэрчилж, үлгэрлэдэг гэдгийг заадаг. Та Еврей номын эхний таван бүлгийг уншихдаа Есүс Христийн дурдагдсан нэрс, үүрэг хариуцлага, зан чанар, ажлуудын олон жагсаалтыг гаргаж болно. Эдгээр зүйл нь Аврагчийн талаар танд юу зааж байна вэ? Тэдгээр нь танд Тэнгэрлэг Эцэгийн талаар юу зааж байна вэ?

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдэл эдгээр бүлэг дэх сургаалын талаарх таны ойлголтон дээр юу нэмж байна вэ? “Есүс … Бурханы талаарх хүмүүний ойлголтыг сайжруулж, Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь үргэлж хайрладаг мөн цаашид ч хайрлах учраас Түүнийг хайрлахыг тэднээс гуйхаар ирсэн. Тиймээс Христ өлссөнийг хооллон, өвчтөнийг эдгээж, хоёр нүүртнийг зэмлэн, итгэлтэй байхыг гуйснаараа Эцэгийн арга замыг бидэнд харуулж байгаа юм” (“The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 72).

Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8

Есүс Христ намайг ойлгож, надад туслахын тулд уруу таталт, сул дорой байдлын зовлонг амссан.

Та “нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очиж” өршөөл эрж чадна гэж бодож байна уу? (Еврей 4:16). Еврейчүүдэд хандсан захидлын нэг захиас нь гэм нүгэл, сул дорой байдлаас маань үл хамааран Бурхан бидэнтэй ойр дотно байдаг бөгөөд Түүний нигүүлсэл хүрч болохуйц байдаг гэсэн захиас юм. Та Еврей 2:9–18; 4:12–16; 5:7–8-аас Есүс Христ таны мөнх бус сорилт бэрхшээлүүдэд туслах болно гэсэн итгэлтэй байдлыг тань хүчирхэгжүүлэх юуг олсон бэ? Аврагч таны төлөө юу хийсэн талаарх өөрийн бодол, мэдрэмжүүдийг тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

Түүнчлэн Moзая 3:7–11; Aлмa 7:11–1334-ийг үзнэ үү.

Еврей 3:7–4:11

Бурханы адислалыг хүлээн авахын тулд би зүрхээ “хатуу болгох” ёсгүй.

Хэдийгээр тэд Христийн шашинд хөрвөгдсөн ч зарим иудей гэгээнтэн Есүс Христийн сайн мэдээг болон үүний адислалуудыг бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Паул эртний израильчуудын түүхийг давтан ярьснаар иудейчүүдийг итгэлгүйнхээ улмаас Бурханы адислалуудыг хүлээн аваагүй эцэг өвгөдийнхөө алдаанаас зайлсхийх талаар ухуулна гэж найдаж байсан. (Та Паулын эш татсан түүхийг Тооллого 14:1–12, 26–35-аас уншиж болно.)

Еврей 3:7–4:11 тантай хэрхэн холбогдож болох талаар бод. Үүнийг хийхдээ дараах асуултуудыг тунгаан бодож болно. Үүнд:

  • Израильчууд Их Эзэнийг хэрхэн уурлуулсан бэ? (Еврей 3:8–11-ийг үзнэ үү). Хатуурсан зүрх сэтгэлтэй байхын үр дагавар юу вэ?

  • Би хэзээ зүрх сэтгэлээ хатууруулж байсан бэ? Итгэлгүйнхээ улмаас хүлээн авч чадахгүй байгаа Бурханы надад өгөхийг хүссэн адислал байгаа юу?

  • Би зөөлөн, харууссан зүрх сэтгэлтэй болохын тулд юу хийж болох вэ? (Ифер 4:15; Сургаалт үгс 3:5–6; Aлмa 5:14–15-ыг үзнэ үү).

Түүнчлэн 1 Нифай 2:16; 15:6–11; Иаков 1:7–8; Aлмa 12:33–36-г үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Еврей 1:8–9

Есүс зөвт байдлыг хайрладаг, ёс бусыг жигшдэг гэдгээ ямар арга замаар харуулсан бэ? Хэрэв бид зөвт бус хүслүүдтэй бол тэдгээрийг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?

Еврей 2:1–4

“Бидний сонссон” сайн мэдээний үнэнүүдийг хичээнгүйлэн дагах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход гэр бүлийнхэндээ туслах ямар үзүүлэнт хичээл таны санаанд орж байна вэ? Та үүнийг барьж авахад хэцүү ямар нэгэн эд зүйлээр үзүүлж болно. Гэрчлэлээ тордох бидний хичээл зүтгэл тэрхүү эд зүйлийг барьж авахтай хэр адилхан байна вэ? “Бидний сонссон зүйл” биднээс “урсаад явчихгүй” байхад бид хэрхэн санаа тавьж чадах вэ? (1-р шүлэг).

Еврей 2:9–10

“Авралын зохиогч” хэмээх хэллэгийг судлахын тулд та нар зохиогч гэж хэн болох талаар ярилцсанаар эхэлж болно. Зохиогч юу хийдэг вэ? Есүс Христ бидний болон бидний авралын хувьд хэрхэн зохиогч болдог вэ?

Еврей 5:1–5

Эдгээр шүлэг нь эрх мэдэлтэй хэн нэгэн санваарыг атгахаар эсвэл Сүмийн бусад дуудлагыг хийхээр Бурханаар дуудагдах нь ямар утгатай болох талаар ярилцахад тань туслах боломжтой. Бид Есүс Христийн жишээнээс дуудлага хүлээн авч, биелүүлэх талаар юу сурч болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөр өөр арга барилыг туршиж үз. Судруудыг нэг л арга замаар судлахын оронд олон янзын судлах санааг туршиж үзэх талаар бод. Өөр санаа олохын тулд энэхүү эх сурвалжийн эхэнд байх “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” хэсгийг унш.

Христ нифайчуудад үзэгдсэн нь

Волтэр Рэйн, Христ шинэ дэлхийд зочилсон нь