“11-р сарын 18–24. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“11-р сарын 18–24. Иаков,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
11-р сарын 18–24
Иаков
“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун”
Та Иаковын захидлыг уншихдаа онцгой санагдсан үг хэллэгүүдэд анхаарлаа хандуулж, бичиж тэмдэглэ. Та эдгээр үнэний дагуу амьдрахаар хэрхэн өдөөгдөж байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Заримдаа судрын ганцхан шүлэг дэлхийг өөрчилж чаддаг. Иаков 1:5 нь хэрэв танд мэргэн ухаан хэрэгтэй бол Бурханаас асуу гэсэн энгийн зөвлөгөө мэт санагддаг. Гэвч 14 настай Иосеф Смит энэ шүлгийг унших үед “энэ нь [түүний] зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагджээ” (Иосеф Смит—Түүх 1:12). Сүнслэгээр өдөөгдсөн Иосеф Иаковын зөвлөгөөг даган, залбирлаар дамжуулан Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлсэн. Бурхан тийн өгөөмрөөр хандаж, Иосефт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай тэнгэрлэг айлчлалын нэг болох Анхны үзэгдлийг өгсөн юм. Энэхүү үзэгдэл Иосефын амьдралын чигийг өөрчилж, дэлхий дээрх Есүс Христийн Сүмийг сэргээхэд хөтөлсөн. Иосеф Смит Иаков 1:5-ыг уншиж, үүнийг үйлдэл болгосны ачаар өнөөдөр бид бүгд адислагдаж байна.
Та Иаковын захидлыг судлаад юу олох вэ? Магадгүй ганц, хоёр шүлэг таныг эсвэл хайртай хэн нэгнийг тань өөрчлөх болно. Та амьдралынхаа үүргийг биелүүлэхийг эрэлхийлэхдээ удирдамж олж болно. Та найрсаг ярих эсвэл илүү тэвчээртэй байх урмыг олж болно. Юу ч танд сүнслэгээр нөлөөлсөн бай, эдгээр үгийг “зүрх сэтгэлийн[хээ] бодол болгонд … нэвтрэн орох” боломж олго. Иаковын бичсэнээр “үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай” (Иаков 1:21).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Иаков гэж хэн байсан бэ?
Иаковын захидлын зохиогчийг Есүс Христийн ээж Мариагийн хүү буюу Аврагчийн дүү гэж нийтээрээ итгэдэг. Иаковыг Maтай 13:55; Maрк 6:3; Үйлс 12:17; 15:13; 21:18 болон Галат 1:19; 2:9-д дурдсан байдаг. Эдгээр судраас Иаков бол Иерусалим дахь Сүмийн удирдагч байсан бөгөөд төлөөлөгчөөр дуудагдсан гэдэг нь харагддаг (Галат 1:19-ийг үзнэ үү).
Тэвчих нь төгс төгөлдөр байдал руу хөтөлдөг.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Хүлээх нь хэцүү байж болно. Бид хүссэн юмаа яг одоо авахыг боддог. Тиймээс тэвчээр гэдэг нь таагүй, заримдаа бүр хэцүү зүйл байж болно” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67) хэмээн заасан. Иаков 1:2–4; 5:7–11-ийг уншсаныхаа дараа тэвчээрийн талаарх Иаковын гол захиас нь юу байсан гэж та хэлэх вэ? Ерөнхийлөгч Угдорфын захиасыг уншиж дууссаны дараа танд ямар нэмэлт санаа, ойлголт төрж байна вэ? Та тэвчээртэй байх хүсэлтэй байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?
Иаков 1:3–8, 21–25; 2:14–26; 4:17
Итгэл нь үйлдлийг шаарддаг.
Та Есүс Христэд итгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ? Таны үйлдэл Бурханд итгэх итгэлийг тань хэрхэн харуулдаг вэ? Та итгэлийн тухай заасан Иаковын сургаалыг судлахдаа эдгээр асуултын талаар бодоорой. Мөн Иаковын дурдсан хоёр жишээ болох Абрахам, Рахаб нарын тухай унших нь сонирхолтой байж болох юм (Эхлэл 22:1–12; Иошуа 2-ыг үзнэ үү). Тэд Бурханд итгэдэг гэдгээ хэрхэн харуулсан бэ?
Иаков 1:3–8, 21–25; 2:14–26; 4:17-г унших нь танд үгийн илүү сайн үйлдэгч байхад туслах арга замуудыг бодоход тань тусалж болно. Хүлээн авсан аливаа сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.
Түүнчлэн Aлмa 34:27–29; 3 Нифай 27:21-ийг үзнэ үү.
Миний хэлдэг үгс бусдыг шархлуулах эсвэл адислах хүчтэй.
Захидлынхаа турш ашигласан Иаковын нарийн дүрслэлийн дунд хэлний талаарх зөвлөгөөнөөс түүний хамгийн ойлгомжтой тод хэллэгүүд олддог. Хэл эсвэл амыг дүрсэлсэн Иаковын бүх хэрэглээг жагсаан бичих талаар бодож үзнэ үү. Харьцуулалт эсвэл дүрс бүр бидний хэлдэг үгсийн талаар юу санал болгож байна вэ? Үгээрээ хэн нэгнийг адислахын тулд хийж болох зүйлсийг бод (C ба Г 108:7).
Есүс Христийн шавийн хувьд би бүх хүнийг нөхцөл байдлаас нь үл хамааран хайрлах хэрэгтэй.
Иаков гэгээнтнүүдэд баян чинээлэг хүмүүст тал засаж, ядуусыг гадуурхахын эсрэг тодорхой сэрэмжлүүлсэн бөгөөд түүний сэрэмжлүүлэг бусдад хандан бидний гаргаж болох нэг талыг баримтлах эсвэл ялгаварлах байдалд хамаарч болно. Бусдыг сөргөөр шүүх байдлаа анзаарахад хэцүү байж болох ч Их Эзэн бидэнд сайжруулах хэрэгтэй талуудаа олж харахад туслах болно хэмээн амласан (Ифер 12:27-г үзнэ үү). Та Иаков 2:1–9-ийг залбирч судлахдаа өөрийн зүрх сэтгэлийг сонсож, Ариун Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуулаарай. Бусдад хэрхэн ханддагтаа эсвэл тэдний талаар юу гэж боддогтоо өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж байна уу?
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Иаков 1:5-ыг уншаад, гэр бүлийн нэг гишүүнээс Анхны үзэгдлийн түүхийг (Иосеф Смит—Түүх 1:8–13 эсвэл LDS.org дээрээс “Бурханаас асуу: Иосеф Смитийн анхны үзэгдэл” видео бичлэгийг олж үзнэ үү) тоймлон ярихыг хүс. Гэр бүлийнхээ гишүүдийг бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл, Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулсан тухай туршлагаасаа хуваалцахад урь.
Эдгээр шүлэгтэй холбогдуулан “Жинхэнэ Христийн шашин” (LDS.org) видео бичлэгийг үзэж болно. Дараа нь цэвэр шашны талаарх Иаковын тодорхойлолтыг уншаад, гэр бүлийнхээ шашин шүтэх дадлыг илүү цэвэр ариун болгох арга замуудын тухай ярилц.
Иаков 3 дээр танай гэр бүлд найрсаг ярих тухай санахад туслах дурсамжтай үзүүлэнт хичээлүүдийн санаа өгч болох олон зураг байгаа. Тухайлбал, та нар жижигхэн оч эсвэл шүдэнзнээс хэрхэн том гал түймэр гарч болдгийг ярилцаж, гэр бүлийн гишүүдийн найрсаг бус үг хэрхэн асуудал үүсгэж байсан мөчийн талаар бодож болох юм (5–6-р шүлэг-ийг үзнэ үү). Эсвэл та савтай зөгийн баланд ордог лемоны шүүс зэрэг ихэвчлэн чихэрлэг хүнсэнд хэрэглэдэг ямар нэгэн исгэлэн эсвэл гашуун зүйлийг гэрийнхэндээ амсуулж болно. Энэ нь бидний үгс чихэрлэг бөгөөд урам хайрлаж байгаа эсэхэд анхаарч байх талаарх яриа руу хөтөлж болох юм.
Бид уруу таталттай тулгарах үедээ хэрхэн “Бурханд ойртох” вэ?
Санваарын адислал хүлээж авсан тухай хувийн гэрчлэлээ хуваалцах нь гэр бүлийн гишүүдэд “Сүнсний хүч чадал хэрэгтэй болсон үедээ санваарын адислал хүсэхэд” (Даллин Х.Өүкс, “Санваарын адислалуудын ач холбогдол,” Лиахона, 2012 оны 7-р сар, ) нь урам өгч болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.