Ирээд, Намайг дага
11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр: ‘Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла’


“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр: ‘Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Есүс Христ сүнсний дэлхийд сайн мэдээг номлож байгаа нь

Робэрт T.Баррэтт, Христ сүнсний дэлхийд номлож байгаа нь

11-р сарын 25-аас 12-р сарын 1

1 ба 2 Петр

“Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”

Та Петрийн захидлыг уншихдаа хэрэгжүүлэх сүнслэг өдөөлтүүдийг хүлээн авч болно. “Сүнсэнд байх зуур” (C ба Г 76:80) сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэснээр заалгаж байгаа зүйлээ ойлгож чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагч амилсныхаа дараахан Петрийг зовоож байсан байж болох зүйлийн талаар бошиглол хэлсэн. Тэрээр Петрийг өтөл насандаа “хүсээгүй газарт[аа] аваачи[гдаж] … , ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг” (Иохан 21:18–19) хэлсэн юм. Петр захидлуудаа бичихдээ энэхүү бошиглогдсон зовлонт үхэл ойртож буйг мэдсэн бөгөөд “бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна” (2 Петр 1:14) хэмээжээ. Харамсалтай нь Петрийн хандан бичиж байсан Ром нутагт гэгээнтнүүдийн хувьд хатуу чанга хавчлага мөрдлөг түгээмэл байсан (1 Петр 1:1-ийг үзнэ үү). Гэсэн ч түүний үгс айдас эсвэл гутралаар дүүрээгүй байв. Үүний оронд, тэрээр гэгээнтнүүдэд “элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн” “үлэмж баярла” хэмээн заажээ. Тэр “Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэл” болон “сэтгэлийн аврал” руу хөтлөх “итгэлийн шалгуураа” (1 Петр 1:6–7, 9) санахыг тэдэнд зөвлөсөн. Петрийн итгэл “Христийн зовлонгуудыг хуваалцдаг, … ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд … баяр хөөртэйгөөр баярладаг” (1 Петр 4:13) өнөө үеийн гэгээнтнүүдэд урам өгдгийн адил эрт үеийн гэгээнтнүүдийг бас тайтгаруулж байсан нь лавтай.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19

Би сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй үедээ баяр баяслыг олж чадна.

Петр баярлах, аз жаргал, алдар болон баяр хөөртэйгөөр баярлах зэрэг үгсийг бидний ерөнхийдөө элдвийн зовлон, зовох, галт сорилт болон зовлон гэх мэт зовлон бэрхшээлтэй холбон ашигладаг үгстэй хамааруулж ашигласан нь эхэндээ сонин санагдах байх (1 Петр 1:6; 2:19; 4:12–13-ыг үзнэ үү). Эрт үеийн гэгээнтнүүдэд заасан Петрийн захиас ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны захиастай адил байсан. “Гэгээнтнүүд ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чадна. … Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдох, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72).

Таныг 1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19-ийг уншиж байхад хэцүү хүнд нөхцөл байдал дунд ч баяр баясалтай байж чадна гэсэн найдварыг юу өгч байна вэ?

1 Петр 3:18–20; 4:1–6

Сайн мэдээ нас барагсдад тунхаглагдсанаар тэд шударгаар шүүгдэх боломжтой.

Нэг өдөр хүн бүр шүүхийн тавцангийн өмнө зогсож, “амьд болоод үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно” (1 Петр 4:5). Зарим хүн сайн мэдээг ойлгох, үүний дагуу амьдрах боломж хүмүүст өөр өөр байхад Бурхан яаж бүх хүнийг шударгаар шүүж чадах вэ гэж гайхаж болно. 1 Петр 3:18–20; 4:6-д заасан Бурханы шүүлт шударга байх болно гэдгийг ойлгоход тэр үеийн гэгээнтнүүдэд туслахын тулд Петрийн заасан сургаалыг анзаар. Эдгээр шүлэг Бурханы шударга ёсонд итгэх таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Энэхүү сургаалыг лавшруулан судлахын тулд Сургаал ба Гэрээ 138-д гардаг ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Петрийн эдгээр бичээсийг тунгаан бодож байхдаа хүлээн авсан илчлэлтийг судална уу. Нас барсан, сайн мэдээний ёслолуудыг хийлгэхээр хүлээж байгаа гэр бүлийнхээ гишүүдэд эдгээрийг боломжтой болгож өгдөг хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ?

2 Петр 1:1–11

Би Есүс Христийн хүчээр дамжуулан бурханлаг мөн чанараа хөгжүүлж чадна.

Есүс Христтэй адил болж, Түүний зан чанарыг хөгжүүлэх нь танд боломжгүй мэт санагдаж байсан уу? Ахлагч Робэрт Д.Хэйлс бид хэрхэн Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж чадах талаар урам хайрласан бодлоо хуваалцсан. “Аврагчийн зан чанарууд бол … өөр хоорондоо сүлжилдсэн зан чанарууд бөгөөд бидний дотор харилцан нөлөөлөх маягаар өсөж хөгждөг. Өөрөөр хэлбэл, бид Христийн бусад зан чанарыг хөгжүүлэхгүй мөн бусдад нь нөлөөлөхгүйгээр ганц нэгийг нь хөгжүүлэх боломжгүй юм. Нэг зан чанар нь хүчтэй болж ирэхэд бусад зан чанар нь мөн адил хүчтэй болдог” гэжээ (“Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–32).

Зураг
Нарийн сүлжээст хивс

Бидний хөгжүүлдэг Христийнхтэй адил зан чанар бүр бидэнд шавь байхын сүнслэг хивсийг нэхэхэд тусалдаг.

2 Петр 1:1–11-ийг ахлагч Хэйлсийн захиастай холбож уншаарай. Та энэ хоёр төлөөлөгчөөс Христтэй илүү адил болох хичээл зүтгэлд тань туслах юуг сурсан бэ?

Түүнчлэн 1 Петр 4:8; Дэвид A.Бэднарын “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд” хэлсэн үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 87–91-ээс үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

1 Петр 2:5–10

Та эдгээр шүлгийг гэр бүлийнхэнтэйгээ уншихдаа Аврагч бол бидний “булангийн үнэт чулуу” хэмээх Петрийн сургаалыг төсөөлөн бодоход гэр бүлийнхэнд тань туслах чулуунуудыг ашиглаж болно. Бид Бурханы хаант улсаа барихад ашиглаж байгаа “амьд чулуутай” юугаараа адилхан бэ? Бид Аврагч, Түүний хаант улс дахь өөрсдийн үүргийн талаар Петрээс юу сурдаг вэ? Танай гэр бүлийнхэнд хандсан Петрийн захиас юу вэ?

1 Петр 3:8–17

Бид хэрхэн итгэлийн маань талаар асуух хүмүүст “хариу өгөхөд ямагт бэлэн байж” чадах вэ? Танай гэр бүлийнхэнд хэн нэгнийг сайн мэдээний тухай асуулт тавьж байгаагаар жүжигчлэн тоглох нь зугаатай санагдаж болох юм.

1 Петр 3:18–20; 4:6

Гэр бүлээрээ нас барсан өвөг дээдсийнхээ тухай мэдэж авахын тулд юу хийж болох вэ? Нас барсан өвөг дээдсийнхээ төрсөн өдрөөр түүний дуртай хоолыг хийж, зургийг нь тавьж эсвэл түүний амьдралын түүхийг ярьж болно. Боломжтой бол түүний төлөө ариун сүмд ёслолуудыг хийлгэхээр төлөвлөж болно.

2 Петр 1:16–21

Эдгээр шүлэгт Петр гэгээнтнүүдэд Хувиралтын уулан дээрх өөрийн туршлагыг сануулсан (мөн Maтай 17:1–9-ийг үзнэ үү). Бид эдгээр шүлгээс бошиглогчдын сургаалын талаар юу сурч болох вэ? (мөн С ба Г 1:38-ыг үзнэ үү). Өнөөгийн амьд бошиглогчоо дагах итгэлийг бидэнд юу өгдөг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

“Ямагт бэлэн бай.” Гэртээ санаандгүй байдлаар заах боломж хурдан ирж, хурдан өнгөрдөг учраас ийм боломж гарч ирсэн тохиолдолд тэр даруй ашиглах нь чухал. Та заах боломж гарсан үед гэр бүлийнхэндээ сайн мэдээний үнэнүүдийг зааж, “өөрийн доторх найдварыг” (1 Петр 3:15) хуваалцахад “ямагт бэлэн байхын” тулд хэрхэн хичээн чармайх вэ? (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү).

Зураг
Петр хэсэг хүнд зааж байгаа нь

Хэдийгээр Петр маш их хавчлага мөрдлөг, сөргөлдөөнтэй тулгарч байсан ч Христийн тухай гэрчлэлдээ гуйвшгүй хэвээр үлдсэн.

Хэвлэх