“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 9–15. Илчлэлт 1–11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
12-р сарын 9–15
Илчлэлт 1–11
“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”
Илчлэлтээс уншсан зүйлийнхээ талаар асуулт байвал бичиж аваарай. Та асуултуудынхаа хариултыг хайх эсвэл гэр бүлтэйгээ юм уу Сүмийн ангидаа энэ талаар ярилцаж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Та хүчтэй сүнслэг туршлага авах үедээ юу мэдэрснээ бусдад илэрхийлэхийг хичээж байсан уу? Өдөр бүрийн хэл сүнслэг мэдрэмж, сэтгэгдлийг дүрслэхэд хангалтгүй санагдаж болно. Тиймээс Иохан сүр жавхлант илчлэлтээ дүрслэх гэж олон төрлийн бэлгэдэл, дүрслэлийг ашигласан байж болох юм. Тэрээр Есүс Христийг харсан гэдгээ энгийн байдлаар бичиж болох байсан ч туршлагыг нь ойлгоход бидэнд туслахын тулд Аврагчийг дүрслэхдээ “Түүний нүд нь галын дөл мэт,” “Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа” (Илчлэлт 1:14–16) хэмээх үгсийг ашигласан байдаг. Та Илчлэлт номыг уншихдаа бэлгэдэл бүрийн цаад утгыг ойлгохгүй байсан ч таныг ойлгож, мэдрээсэй гэж хүссэн Иоханы захиасуудыг мэдэж авахыг хичээ. Тэр яагаад Сүмийн цугларагсдыг дэнлүүний сууриудтай, Сатаныг луутай, Есүс Христийг хургатай зүйрлэсэн байж болох вэ? Эцсийн дүнд та Есүс Христ, Түүний дагалдагчид хүмүүний болоод Сатаны хаант улсуудын дээр ялалт байгуулах болно гэсэн хамгийн чухал сэдвийг багтаасан чухал санааг нь ойлгохын тулд Илчлэлт дэх бэлгэдэл бүрийг ойлгох шаардлагагүй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Илчлэлт
Би Илчлэлт номыг яаж ойлгох вэ?
Илчлэлт ном нь ойлгоход хэцүү байж болох ч бүү шантраарай. Иоханы амлалт нь таныг хичээсээр байхад сүнслэгээр өдөөж болно. “Энэхүү бошиглолын үгсийг уншдаг мөн сонсож, ойлгодог, түүнчлэн тэнд бичигдсэн зүйлүүдийг сахидаг тэд адислагдсан болой, учир нь Их Эзэний ирэлтийн цаг ойрхон байна” (Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 1:3 [Судруудын удирдамжид], тодотгол нэмэгдсэн).
Дараах асуулт, эх сурвалжууд Илчлэлтийг судлахад тань ойлголтуудаар хангаж болно.
-
Иохан гэж хэн байсан бэ? (1 Нифай 14:18–27; Судруудын удирдамж, “Иохан”-ыг үзнэ үү.)
-
Уг ном хэрхэн зохион байгуулагдсан бэ? Хайж болох ямар ямар сэдэв байгаа вэ? (Судруудын удирдамжийн “Иоханы илчлэлт”-ийг үзнэ үү.)
-
Илчлэлт дэх бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? (Сургаал ба Гэрээ 77; New Testament Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 525–68.)
Илчлэлтийн олон хэсэг дэх Иосеф Смитийн Орчуулгаас ойлголтуудыг хайх нь тустай байж болох юм. (Судруудын удирдамж дахь Иосеф Смитийн Орчуулгыг үзнэ үү.)
Илчлэлт
Иоханы үзэгдэл Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг хэрхэн авардгийг заадаг.
Та Илчлэлт номыг судалж эхлэхдээ, таны уншиж байгаа зүйлс Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөө, хүүхдүүдийнх нь өргөмжлөлийн талаар таны мэддэг зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай бод. Та Миний сайн мэдээг номло (51–65-р хуудас) дахь авралын төлөвлөгөөний тоймыг сэргээн харснаар эхэлж болно. Дараа нь Иоханы үзэгдэл дэх түүний түүхийг уншихдаа дараахтай төстэй асуултуудыг өөртөө тавь. Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж очиход надад туслахын тулд юу хийсэн тухай ямар ямар үнэнийг би Илчлэлтээс сурах вэ? Энэ нь Бурханы надад зориулсан төлөвлөгөөг ойлгоход хэрхэн туслах вэ?
Дараах зүйлсийг ерөнхийд нь мэдэх нь тустай байж болно.
-
12-р бүлгийн ихэнх нь мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь үйл явдлуудыг авч үздэг.
-
6–11, 13–14, 16–19-р бүлэгт мөнх бус амьдрал, дэлхийн түүхийн үйл явдлуудыг дүрсэлдэг.
-
2–3, 15, 20–22-р бүлэгт эцсийн шүүлт, мөнх амьдралд итгэлтэй хүмүүсийг хүлээж буй алдар сууг дүрсэлсэн байдаг.
Есүс Христ намайг мэддэг бөгөөд сорилтуудыг даван гарахад надад туслах болно.
Илчлэлт 2–3 дээрх Аврагчийн үгс Түүнийг Иоханы өдрүүд дэх Сүмийн салбар бүрийн амжилт, бэрхшээлийг ойлгодог байсан гэдгийг илэрхийлдэг. Тэрээр хэд хэдэн цуглааны гэгээнтнүүдэд тэдний “ажил үйлс”, “зовлон шаналал”, “ядуу байдал”, “хайрыг” (Илчлэлт 2:2, 9, 19) сайжруулж болох арга замыг нь бусад зүйлийн хамт мэддэг гэдгийг нотлон хэлсэн.
Эдгээр бүлэг нь Аврагч таны хүчирхэг болон сул талуудыг мэддэг бөгөөд дэлхийн сорилтуудыг даван гарахад тань туслахыг хүсдэг гэдгийг сануулж болно. Есүс Христ сорилтоо даван гардаг хүмүүст юу амладаг вэ? Та сорилтуудаа даван гарахын тулд ямар ямар өөрчлөлтийг хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Зөвхөн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгож чадсан.
Хэдийгээр та санадаггүй ч Илчлэлт 5-р бүлэгт Иоханы дүрсэлсэн үйл явдалд оролцсон байх. Та эдгээр үйл явдлын талаар уншихдаа бид бүгдэд Есүс Христийг (“Хурга”) Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгоно (хуйлмал номыг нээж, долоон лацыг эвдэх) гэдгийг ойлгоход ямар байсан болохыг бодож үзээрэй. Есүс Христ яагаад үүнийг хийж чадах цорын ганц нь байсан бэ? Та Аврагч болох Түүнд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж болох вэ?
Түүнчлэн Иов 38:4–7-г үзнэ үү.
Сэргээлт нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох устгалын өмнө болно.
Илчлэлт 6–11-д хожмын өдрүүдэд болох сайн мэдээний сэргээлт зэрэг дэлхийн түр зуурын оршихуйн (C ба Г 77:6-г үзнэ үү) үед болох үйл явдлуудыг дүрсэлдэг (Илчлэлт 7-г үзнэ үү). Та Иоханы бошиглосон үйл явдлуудын тухай уншаад, заримынх нь тохиож байгааг харахдаа өөрийгөө болон гэр бүлээ Хоёр дахь ирэлтэд илүү сайн бэлтгэхийн тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Иохан амьдарч байсан үеийнхээ сүмүүдэд захиас өгсний адил танай гэр бүлд захиасаа хүргэхийг хүссэн гэж бод. Юу нь сайн болж байна гэж тэр хэлэх бол? Та хэрхэн сайжирч болох вэ?
Аврагчийн хаалга тогшиж буй зургийг үзүүл (энэхүү тоймын хавсралтад байгаа зургийг үзнэ үү). Гэр бүлийнхнээ Илчлэлт 3:20-ийг уншиж, дараахтай адил асуултуудыг хэлэлцэхэд урь. Яагаад Есүс Христ дотогшоо шууд орохын оронд хаалга тогшиж байгаа вэ? Бид Түүний нөлөөг хэрхэн гэр орондоо урьж болох вэ?
Эдгээр шүлэг нь бид яагаад ариун сүмийн ёслолуудад цагаан хувцас өмсдөг тухай юу зааж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.