“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайн мэдээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
12-р сарын 16–22
Христийн мэндэлсний баяр
“Үлэмж баярлуулах сайн мэдээ”
Зарим хүний хувьд Христийн мэндэлсний баяр тайван бус үе байж болох юм. Шинэ Гэрээнээс судлах нь амар амгалан, ариун нандин байдлын сүнсийг амьдралдаа авчрахад тань хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бод. Өөрийн амьдрал дахь Аврагчийн төрөлт, номлолын нөлөөг тунгаан бодож, өөрт төрсөн аливаа сүнслэг сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хүүхдийн төрөлт хэрхэн тийм үлэмж баяр баяслыг авчирдаг вэ? Магадгүй шинэ хүүхэд найдварын бэлгэ тэмдэг байж чадах болохоор тэр байх. Боломжуудаар дүүрэн цоо шинэ амьдрал биднийг амьдрал тэр хүүхдийн ирээдүйд юу бэлдсэн бол, ямар гайхалтай зүйлсийг хийж, гүйцэлдүүлэх бол гэж бодоход хүргэдэг. Энэ нь Бурханы Хүү, Есүс Христийг төрөхөд юу юунаас илүү үнэн байсан юм. Хүүхдэд хэзээ ч тийм их найдвар хүлээлгэж байгаагүй бөгөөд асар их амлалттай төрсөн хүүхэд Түүнээс өөр байгаагүй.
Тэнгэр элч хоньчдыг тэжээлийн тэвшинд төрсөн нялх хүүхдийг ол хэмээн урихдаа тэр хүүхдийн талаар захиас өгсөн. Энэ нь тэр хүүхэд ариун нандин үүрэг гүйцэтгэхээр дэлхийд ирсэн гэсэн найдварын захиас байсан юм. Хоньчид захиасыг “мэдүүллээ … хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм” (Лук 2:17–19). Энэ Христийн мэндэлсний баяраар Мариагийн жишээг даган, энэ жил Аврагчийн талаар сурсан зүйлсээ зүрхэндээ тунгаан бодох нь сайхан зүйл байж болно. Тэрээр таны уншсан түүхүүдэд гэтэлгэлийн номлолоо хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Илүү чухал нь, Түүний номлол таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Maтай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20
Есүс Христ дэлхий дээр бидний дунд төрөхөөр доош бууж ирсэн.
Та өмнө нь Есүс Христийн төрөлтийн түүхийг олон удаа уншиж эсвэл сонсож байсан ч энэ удаа “Христийн мэндэлсний баяр бол Есүс дэлхийд зөвхөн яаж ирснийг тэмдэглэх биш, харин Түүнийг хэн болохыг буюу Есүс Христ, бидний Их Эзэн, Аврагч гэдгийг мөн яах гэж ирснийг нь мэдэж тэмдэглэх баяр юм” гэдгийг дотроо бодож судлаарай (Крэйг C.Кристэнсэн, “The Fulness of the Story of Christmas” [Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баяр, 2016 оны 12-р сарын 4], broadcasts.lds.org).
Та Есүс Христийг төрөхөөсөө өмнө хэн байсан талаар юу мэдэх вэ? (жишээ нь, Иохан 17:5; Moзая 3:5; C ба Г 76:13–14, 20–24; Moсе 4:2-ыг үзнэ үү). Энэхүү мэдлэг нь Түүний төрөлтийн талаар унших үед төрөх мэдрэмжид тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Та Есүс Христийн дэлхийд яах гэж ирсэн тухай юу мэдэх вэ? (жишээ нь, Лук 4:16–21; Иохан 3:16–17; 3 Нифай 27:13–16; C ба Г 20:20–28-ыг үзнэ үү). Энэхүү мэдлэг Аврагчийн талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ нь амьдрах хэв маягт тань хэрхэн нөлөөлж байна вэ?
Түүнчлэн 2 Коринт 8:9; Еврей 2:7–18; 1 Нифай 11:13–33; Aлмa 7:10–13; “Христийн төрөлт” (LDS.org) видео бичлэгийг үзнэ үү.
1 Коринт 15:21–26; Колоссай 1:12–22; 1 Петр 2:21–25
Есүс Христ үүргээ биелүүлж, мөнх амьдралыг өвлөн авах боломжийг надад олгосон.
Хэдийгээр Христийн төрөлтийн түүх гайхамшигт үйл явдлуудаар дүүрэн байдаг ч хожим нь Тэр амьдралдаа агуу ажлыг хийж гүйцэтгээгүй бол Түүний төрөлт энгийн л нэг төрөлт байх байсан. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гетсемани болон Калвари дахь гэтэлгэгч Христ, Амилалтын гайхамшигт нотолгоогүйгээр Бетлехемийн нялх Есүс энгийн л нэг нялх хүүхэд байх байсан” (“The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 5) гэжээ.
Аврагчийн бурханлаг номлол, бусдыг хайрлах хүчит хайрын нотолгоо Шинэ Гэрээгээр дүүрэн байдаг. Ямар хэсэг болон түүх таны санаанд орж ирж байна вэ? Та энэхүү эх сурвалж, судлах тэмдэглэлээ дахин харж, тэмдэглэж авсан сэтгэгдлүүдээ үзэж болно. Та түүнчлэн 1 Коринт 15:21–26; Колоссай 1:12–22; 1 Петр 2:21–25-ыг уншаад, Аврагч болон Түүний ажил таны амьдралыг хэрхэн адисалсан тухай тунгаан бодож болно. Та амьдралдаа юуг өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Та Аврагчийн хүчинд хэрхэн ойртож болох вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Та гэр бүлтэйгээ Есүс Христийн төрөлтийг хэрхэн тэмдэглэж болох вэ? Хэд хэдэн санааг доор дурдав. Мөн та нар өөрсдөө бодож олж болно.
-
Христийн төрөлтийн түүхийн хэсгээс хамтдаа уншиж эсвэл жүжигчлэн тоглож болно.
-
“Христийн төрөлт” (LDS.org) видео бичлэгийг үз.
-
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалтыг үзэж болно (broadcasts.lds.org;).
-
Хамтдаа Христийн мэндэлсний баярын дууг дуулах юм уу айлчилж очин дуу дуулж өгч болох хөрш, найзуудаа сонго (Сүмийн дуулал, 201–214 дэх дууллыг үзнэ үү).
-
Үйлчлэл үзүүл.
-
Гэр бүлийн гишүүдээсээ Христийн төрөлтийн түүхээс Есүс Христийг санагдуулах чимэглэл, тоглоом хийх санаа өгөх дэлгэрэнгүй мэдээллийг эрж олохыг хүсэж болно.
Яагаад бид Есүс Христийг төрсөнд талархдаг вэ? Тэр бидэнд ямар ямар бэлэг өгсөн бэ? Бид Түүнд талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”
Та гэр бүлийнхэндээ Христийн мэндэлсний баярын үеэр Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахын тулд хамтдаа “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Ensign эсвэл Liahona, May 2017, inside front cover)-ийг судалж, уншихад цаг зарцуулж болох юм. Та нар “Амьд Христ” хэсгийг цээжилж эсвэл үүн дээрх мэдэгдлүүдийг дэмждэг Шинэ Гэрээн дэх Аврагчийн амьдралын тухай дүрслэлийг хайж олж болно. Та гэр бүлийн гишүүн бүрээ Есүс Христийн тухай гэрчлэлээ бичээд, сүнслэгээр өдөөгдөж байгаа бол гэрийнхэндээ уншиж өгөхөд урьж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.