“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайн мэдээ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 16–22. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
12-р сарын 16–22
Христийн мэндэлсний баяр
“Үлэмж баярлуулах сайн мэдээ”
Энэхүү хичээл нь таны заадаг хүүхдүүдэд Христийн мэндэлсний баярын үеэр Аврагчийн төрөлт, амьдрал, номлолыг ёслон тэмдэглэхэд туслах боломж юм. Хичээлдээ бэлдэж байхдаа үүнийг бүү март.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зургийг үзүүлээд, Аврагчийн төрөлтийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Есүс Христ дэлхийд нялх хүүхэд болж ирсэн.
Есүс Христийн төрөлтийн түүх хүүхдүүдэд таалагддаг. Та хүүхдүүдийн ойлгох ёстой ямар үнэнийг энэ түүхээс харж байна вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Лук 2:1–14-ийг хүүхдүүдэд уншиж өгөх юм уу эдгээр шүлгийг Шинэ Гэрээний түүхүүд номын х. 13–15 дахь “Бүлэг 5: Есүс Христ мэндэллээ” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг ашиглан тайлбарла. Эдгээр үйл явдлыг зураад, зургаа ашиглан түүхийг өөрсдөө ярихад хүүхдүүдийг урь. Яагаад та Есүс Христийг дэлхийд нялх хүүхэд болж ирсэнд баярладаг вэ?
-
Есүсийг олохын тулд мэргэд оддыг дагасан тухай түүхийг ярихыг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэдэнд түүхийг сануулах хэрэгтэй бол Матай 2:1–12 болон Шинэ Гэрээний түүхүүд номын х. 18 дахь “Бүлэг 7: Мэргэд” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү. Есүс Христийн зургийг өрөөнд нуу. Цаасаар од хайчлан хийгээд, дээш өргө. Бэлэг авч явж буй мэргэд болоход хүүхдүүдийг уриад, тэднийг Есүсийг олохоор өрөөгөөр дагуулж яв. Өнөөдөр бид Есүст ямар ямар бэлэг өгч болох вэ?
-
“Амгалан шөнө,” “Joy to the World” (Сүмийн дуулал, ду. 201, 204) эсвэл “Одод гялалзаж байв,” “Тэжээлийн тэвшинд” болон “Өө, бяцхан үр минь” (Хүүхдийн дууны ном, 24, 26–27, 30) гэх мэт Христийн мэндэлсний баярын хэдэн дууг хүүхдүүдтэй хамт дуул.
Тэнгэрлэг Эцэгтэй хамт хэзээ нэгэн цагт дахин амьдрах боломжийг Есүс Христ надад өгсөн.
Яагаад Есүс Христ дэлхийд ирсэн болохыг таны заадаг хүүхдүүд ойлгодог уу? Аврагч таны төлөө мөн хүүхдүүдэд зориулан юу хийснийг ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар цаг гарган тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Дотор нь Есүс Христийн зургийг боосон бэлгийг ангид авчир. Бэлгэн дээр “Иохан 3:16” гэж бичсэн шошго тавиад, энэ нь ямар бэлэг болохыг таах түлхүүр юм гэдгийг хэл. Иохан 3:16-г хүүхдүүдтэй хамт уншиж, ямар бэлэг болохыг таагаад, нээж үзэхэд тэднийг урь. Яагаад Бурхан Өөрийн Хүүг илгээсэн бэ?
-
Дэлхийд амьдарч байхдаа Есүсийн хүмүүсийг адисалж байсан зарим арга замыг харуулсан зургийг Сайн мэдээний зургийн цуглуулга-аас сонго (ду. 1, 30, 35–66, 84 гэх мэт). Та түүхийг ярьж байхдаа цөөн хүүхдээр зургуудыг бариул. Та “Тэр Хүүгээ илгээсэн” болон “Есүсийн түүхүүдээс яриач” (Хүүхдийн дууны ном, 20–21, 36) зэрэг дуунуудын үгтэй таарсан зургуудыг сонгож, дуулж байхдаа хүүхдүүдийг зургуудыг дээш өргөхөд урь.
-
Хүүхдүүдийг Есүсийн тухай дуртай түүхээ хуваалцахад урь. Хүүхэд бүрийг түүхээ ярьж дууссаны дараа хүүхдүүдэд “Есүс дэлхийд ирсэн” гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлэхэд тусал. Дараа нь Аврагчийн гэтэлгэгч золиослол, үхэл, Амилалттай холбоотой зургуудыг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 56, 57, 58, 59-ийг үзнэ үү), тэдгээр үйл явдлын талаар товчхон ярьж өг. Есүс Христ бидний төлөө амиа өгч мөн бидэнд амилан Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очих боломж олгохын тулд дэлхийд ирсэн талаарх гэрчлэлээ хуваалц.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20
Есүс Христ дэлхийд нялх хүүхэд болж ирсэн.
Та Христийн мэндэлсний баярын үеэр хүүхдүүдэд анхаарлаа Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслахын тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20 дээрх Аврагчийн төрөлттэй холбоотой үйл явдлын талаар уншихад нэг хүүхдийг урь. Судрууд юуг дүрсэлж байгааг самбар дээр ээлжлэн зурахыг бусад хүүхдээс хүс. Эдгээр түүх Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
“Үлэмж баярлуулах сайн мэдээ: Есүс Христийн төрөлт” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Христийн мэндэлсний баярын өдрүүдээр тэдэнд Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах сонссон бүх зүйлээ бичиж тэмдэглэхийг хүүхдүүдээс хүс. Видео бичлэгийг үзүүлснийхээ дараа тэднийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урь.
-
Христийн мэндэлсний баярын өдрүүдээр Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах ямар зүйл хийхээ хэд хэдэн жижигхэн цаасан дээр бичихэд хүүхдүүдийг урь. Цааснуудаа уут эсвэл саванд хийж, хүүхдүүдэд гэрт нь өгч явуул. Үүнд, судруудаас унших, Христийн мэндэлсний баярын дууллуудыг дуулах, чин сэтгэлээсээ хайраар үйлчлэх зэрэг нь орж болно.
-
Аврагчийн тухай Христийн мэндэлсний баярын дуунуудыг дуулаад (Хүүхдийн дууны ном, 36–54; Сүмийн дуулал, ду. 201–214-ийг үзнэ үү), таалагдсан мөр эсвэл үгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Тэнгэрлэг Эцэгтэй хамт хэзээ нэгэн цагт дахин амьдрах боломжийг Есүс Христ надад өгсөн.
Энэ жил сурсан зүйлээ эргэн харж, яагаад тэдний амьдралд Есүс Христ хэрэгтэй болохыг ойлгоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хоёр цаасан дээр Есүс Христ гэж хэн бэ? мөн Яагаад Тэр дэлхийд ирсэн бэ? гэж бичээд, тэдгээрийг ангийн өөр өөр ханан дээр наа. Хүүхэд бүрийг дараах судруудаас уншихад урь. Матай 16:15–16; Иохан 3:16; 1 Нифай 10:4; Мозая 3:8; Алма 7:10–13; 3 Нифай 27:14–15. Уншсан судруудаасаа ханан дээрх хоёр асуултын хариултыг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Хариултаа цаасан дээр бичээд, ханан дээрх зохих асуултынх нь хажууд наахад тэднийг урь. Бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн харуулж чадах вэ?
-
Өөрсдийн мэдэх Христийн бүх нэр цолыг самбарт жагсаан бичихэд хүүхдүүдийг урь (Судруудын удирдамж, “Есүс Христ”-ийг үзнэ үү). Эдгээр нэр Есүс Христийн болон Түүний тохинууллын талаар бидэнд юу зааж байна вэ? Яагаад бидний амьдралд Есүс Христ хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариулахад нь туслахын тулд “Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ” видео бичлэгийг үзүүл (LDS.org).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Христийн мэндэлсний баяраар хэн нэгэнд үйлчилж эсвэл Есүс Христтэй илүү ойртож болох хамгийн багадаа нэг арга замыг олоход хүүхдүүдийг урамшуулан дэмж.