Ирээд, Намайг дага
11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр: ‘Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла’


“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр: ‘Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“11-р сарын 25-аас 12-р сарын 1. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Сүнсний дэлхийд сайн мэдээг номлож буй Есүс Христ

Робэрт T.Баррэтт, Христ сүнсний дэлхийд номлож байгаа нь

11-р сарын 25-аас 12-р сарын 1

1 ба 2 Петр

“Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”

Та эхлээд 1 ба 2 Петрийг залбирч судал. Та ганцаараа болон гэр бүлээрээ судлах нь хамгийн сайн хичээлийн бэлтгэл гэдгийг бүү март.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, хүүхдүүдийг Петрийн талаар мэдэх зүйлээ хэлэхэд урь. Есүсийг амилсны дараа Петр Сүмийн удирдагч байсан гэдгийг тэдэнд сануулаад, 1 ба 2 Петр нь амьдарч байсан үеийнхээ Сүмийн гишүүдэд хандан бичсэн түүний захидлууд гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

1 Петр 1:6–7; 3:14

Би хүнд хэцүү үед ч гэсэн аз жаргалтай байж чадна.

Та хүүхдүүдийг хүнд хэцүү зүйлтэй тулгарах үедээ Аврагчид хандахад тусалж болох арга замаар эдгээр шүлгийг хэрхэн зааж болохыг бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Загалмайд цовдлогдох гэх мэт Есүсийн даван гарсан хүнд хэцүү зүйлсийг хуваалцахад хүүхдүүдийг урь. Бидний амьдралд ч гэсэн хүнд хэцүү цаг үе тулгарна гэдгийг тайлбарла. 1 Петр 1:6–7; 3:14-ийг хамтдаа уншаад, “итгэлийн шалгууртай” тулгарч байсан туршлагаасаа хуваалц. Эсвэл та Либерти шоронд байхдаа хэлсэн бошиглогч Иосеф Смитийн залбирал болон Бурханы түүнд өгсөн тайтгарлын талаар хуваалцаж болно (С ба Г 121:1–8; 123:17-г үзнэ үү). Есүст итгэх итгэлтэй байх нь хэрхэн бидэнд хүнд хэцүү үед ч гэсэн баяр баясгаланг олоход тусалдаг вэ?

    Иосеф Смит Либерти шоронд

    Грэг К.Өүлсэн, Иoсеф Смит Либерти шоронд

  • “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86–87) гэх мэт аз жаргалыг хэрхэн олохыг заадаг дууг хамтдаа дуул.

1 Петр 2:9–12

Тэнгэрлэг Эцэг намайг бусдад үлгэр жишээ байгаасай хэмээн хүсдэг.

Бид “Бурханы ард түмэн” бөгөөд бидний сайн үйлс “Бурханыг алдаршуулдаг” гэдгийг Петр заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Эргэн тойрноосоо ялгарч харагддаг зүйлсийг дүрсэл эсвэл тэдгээрийн зургийг үзүүл. Жишээлбэл, ариун сүм эргэн тойрныхоо байшин барилгаас ялгарч харагддаг байхад уул тал газраас дээш сүндэрлэн оршдог. Бид зарлигуудыг сахивал бусдаас ялгаран харагдах бөгөөд бусад хүн бидний үлгэр жишээг харж чадна. Та хүүхдүүдийн хийж байхыг харж байсан зарим “сайн үйлийн” талаар ярь. Үүний адил сайн үйлс нь “Бурханыг алдаршуулдаг” бөгөөд тэдгээр нь бусдад Бурханыг илүү ихээр хайрлаж, Түүнд үйлчлэх хүсэлтэй болоход нь тусалдаг.

  • Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийж дуусга. Зурган дээрээс олсон хүмүүс Бурханыг хэрхэн алдаршуулж байна вэ?

1 Петр 3:18–20; 4:6

Сүнсний дэлхий дээрх сүнснүүд сайн мэдээний талаар суралцдаг.

Есүс нас барсныхаа дараа сүнсний дэлхий рүү явсан бөгөөд зөв шударга сүнснүүдийг сайн мэдээг хараахан хүлээн аваагүй бусад сүнсэнд заалгуулахаар илгээсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөрийн таних нас барсан нэг хүний талаар хүүхдүүдэд ярь. Нас барахад хүмүүсийн сүнс бие махбодоо орхин, сүнсний дэлхий рүү явдаг. 1 Петр 3:19-ийг уншаад, Есүс нас барсныхаа дараа сүнсний дэлхийд зочилсон гэдгийг тайлбарла. Тэнд байхдаа Тэрээр зөв шударга сүнснүүдээс сайн мэдээг хараахан хүлээж аваагүй байгаа бусад сүнсэнд заахыг хүссэн (С ба Г 138:30-ийг үзнэ үү).

  • Хэдэн сандлыг өрөөний дунд саад болгон тавь. Зарим хүүхдийг дэлхий дээр амьдарч байхдаа баптисм хүртээгүй сүнсний дэлхий дэх сүнснүүдийг төлөөлөн нэг талд нь зогсохыг хүс. Өөр нэг хүүхдэд “нас барагсдын төлөөх баптисм” гэж дээр нь бичсэн том цаасан түлхүүр өгөөд, саадыг холдуулахыг хүс. Сүмийн 12 болон түүнээс дээш настай гишүүд ариун сүмд очиж, дэлхийд байхдаа баптисм хүртээгүй өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж болно гэдгийг тайлбарла. Дараа нь тэдгээр өвөг дээдэс маань сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авч болно.

  • Гэр бүлийн энгийн модыг бөглөхөд хүүхдүүдэд тусал (жишээг “Family History Coloring Pages,” LDS.org дээрээс үзнэ үү).

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

1 Петр 3:12–17; 4:13–14, 16

Би хүнд хэцүү үед ч гэсэн баяр баясгалантай, амар тайван байж чадна.

Таны заадаг хүүхдүүд шашин шүтлэгээсээ болж ямар нэгэн байдлаар дооглуулан, шоолуулж байсан байх. Тийм үед нь эдгээр шүлэг тэдэнд тус болж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн хавчигдан гадуурхагдаж байсан хэдэн түүхийг товчхон хэлж өг эсвэл Матай 12:9–14 эсвэл Лук 22:47–54-ийг хүүхдүүдээр уншуул. Сайн мэдээний сургаалын дагуу амьдарч байгаагаасаа болж дооглуулж, шоолуулж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу. 1 Петр 3:12–14; 4:13–14, 16-г хамтдаа уншаад, “зөвт байдлын төлөө” зовж зүдрэх талаар Петрийн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Яагаад зөв зүйл хийсний төлөө хүмүүс биднийг дооглон тохуурхсан ч бид аз жаргалтай хэвээр байж болох вэ?

  • Зовлон бэрхшээлийн үеэр ч баяр баясгалантай, амар амгалан байж чадсан туршлагаасаа ирж хуваалцахад тойргийн нэг гишүүнийг урь эсвэл бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байхдаа хэрхэн амар амгалан байж чадсан талаар хуваалц (С ба Г 121:1–8; 123:17-г үзнэ үү). Бид сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ хэрхэн баяр баясгалантай, амар амгалан байж болох вэ?

1 Петр 3:15

Би сайн мэдээг хуваалцахад үргэлж бэлэн байх ёстой.

Таны заадаг хүүхдүүдэд амьдралынх нь туршид шашин шүтлэгийнх нь талаар асуусан хүмүүст хариулах олон боломж олдоно. Тэдэнд “хариу өгөхөд ямагт бэлэн байхад” нь туслахын тулд та юу хийж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хэн нэгэн нь танаас Сүмийн талаар асууж байсан үеийн талаараа ярьж өгөөд, хариулахад бэлэн байсан эсэхээ хэл. Хүмүүс Сүмийн тухай асууж байсан тохиолдлынхоо талаар ярихыг хүүхдүүдээс хүс. 1 Петр 3:15-ыг хамтдаа унш. Бид энэ шүлэгт өгсөн Петрийн зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?

  • Хүүхдүүдийн тусламжтайгаар Сүмийн сургаалын талаар хүмүүсийн асууж болох хэдэн асуултыг бодож ол. “Хариу өгөхөд ямагт бэлэн бай[хын]” тулд тэд эдгээр асуултад хэрхэн хариулахыг хүүхэд бүрд ээлжлэн тайлбарлах боломж олго.

1 Петр 3:18–20; 4:6

Сүнсний дэлхий дээрх сүнснүүд сайн мэдээний талаар суралцдаг.

Зөв шударга хүмүүс нас барсныхаа дараа дэлхий дээр байх хугацаандаа сайн мэдээг хүлээж аваагүй хүмүүст заахаар сүнсний дэлхий рүү очдог.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр дундуур нь зураас татсан тойрог зур. Тойргийн нэг талд Сүнсний диваажин, харин нөгөө талд нь Сүнсний шорон гэж бич. Нэг хүүхдийг 1 Петр 3:18–20; 4:6-г уншихад урь (1 Петр 4:6, зүүлт тайлбар a-гаас Иосеф Смитийн Орчуулгын засварыг үзнэ үү). Есүс нас барсныхаа дараа сүнсний диваажинд очсон гэдгийг тайлбарла. Тэрээр тэндхийн зөв шударга сүнснүүдэд сүнсний шоронд байгаа сүнснүүдэд сайн мэдээг заахыг зааварласан.

  • Нэг хүүхдийн эцэг эх юм уу ах эгчийг ирж, ариун сүмд очин өвөг дээдсийнхээ төлөө авралын ажлыг хийсэн тухай ярихад урь.

  • Гэр бүлийн энгийн модыг бөглөхөд хүүхдүүдийг урь (жишээг “Family History Coloring Pages,” LDS.org дээрээс үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийнхээ модыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад, тэднээс нэрс нэмэхэд туслахыг хүсэхэд хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүүхдүүдээ ойлгохыг хичээ. Та заадаг хүүхдүүдээ сайн мэдэх учраас хэрэв тэдний хэрэгцээнд тааруулах хэрэгтэй гэж үзвэл энэ тойм дээрх санаануудыг өөрчилж болно. Таны заадаг насны хүүхдүүдэд зориулан бичсэнээс гадна өөр аль ч үйл ажиллагааг та ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)