Ирээд, Намайг дага
12-р сарын 23–29. Илчлэлт 12–22: ‘Ялагч нь бүх зүйлийг өвлөнө’


“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22: ‘Ялагч нь бүх зүйлийг өвлөнө’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 23–29. Илчлэлт 12–22,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Есүс Христ Хоёр дахь ирэлтийнхээ үеэр хүмүүстэй мэндчилж байгаа нь

Кэйт Ларсон, Мөнхийн хот

12-р сарын 23–29

Илчлэлт 12–22

“Ялагч нь бүх зүйлийг өвлөнө”

Та Илчлэлт 12–22-ыг уншихдаа өнөөгийн дэлхийд Иоханы харсан зүйлс болон өөрийн харж байгаа зүйлсийн хооронд адил зүйл байгаа эсэхийг олж хар. Иоханы бэлгэдлийн хэл ярианд автахдаа хувийн сургамж олоход тань туслах сүнслэг удирдамжийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Хэвлийдээ үртэй … төрөхөөр өвдөж” байгаа эмэгтэйг төсөөлөн бод. Одоо “долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу” уг эмэгтэйн дээрээс “төрмөгц хүүхдийг нь залгихын тулд” (Илчлэлт 12:2–4) бэлэн байж байна гэж төсөөл. Иоханы илчлэлтийн эдгээр шүлгийг ойлгохын тулд эдгээр дүр зураг Сүм, Бурханы хаант улс, тэдэнд учрах аюул эрсдэлийг төлөөлж байгаа гэдгийг санаарай. Иоханы үед хүнд мөрдлөг хавчлагыг биеэр үзсэн ариун хүмүүсийн хувьд хилэнцийг ялах ялалт үгүй мэт санагдаж байсан байх. Энэхүү ялалт бидний үед ч гэсэн дайсан “ариун хүмүүстэй дайн хийж,” “аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдэлтэй” (Илчлэлт 13:7) байгаа үед урьдчилан харахад хэцүү байж болно. Гэвч Иоханы илчлэлтийн төгсгөлд сайн сайхан хилэнцийг ялан дийлэх болно гэдгийг алдар суутайгаар харуулдаг. Вавилон нурах болно. Есүс Христ Хаадын Хаан болон засаглах болно. “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина” мөн итгэлтнүүд Түүнтэй хамт засаглаж, “эдгээр зүйлийг өвлөх” болно (Илчлэлт 21:4, 7).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Илчлэлт 12:7–17

Тэнгэр дэх дайн дэлхий дээр үргэлжилдэг.

Бид тэнгэр дэх дайны тухай ихийг мэдэхгүй ч Илчлэлт 12:7–17-д үүний тодорхой атлаа товчхон дүрслэл байдаг. Та эдгээр шүлгийг уншихдаа өөрийгөө мөнх бус байдлын өмнөх зөрчилдөөний нэг хэсэг болж байснаар төсөөл. Эдгээр шүлэг нь та болон Бурханы бусад итгэлтэй хүүхэд Сатаныг хэрхэн ялан дийлэх талаар юу зааж байна вэ? Тэр бидний үед “Есүсийн гэрчлэлийг сахидаг [хүмүүстэй] дайтсаар” байхад түүнийг хэрхэн ялан давах тухай энэ нь юу ойлгуулдаг вэ? (17-р шүлэг).

Түүнчлэн 1 Нифай 14:12–14; Судруудын удирдамжийн “Mихаил,” “Тэнгэр дэх дайн”-ыг үзнэ үү.

Илчлэлт 14:6–7

Сайн мэдээг номлож байсан, Иоханы харсан тэнгэр элч хэн бэ?

Эдгээр шүлэг дэх энэхүү бошиглолын нэгэн биелэл бол Моронай Иосеф Смитэд үзэгдсэн мөн орчуулж, Мормоны Ном болгон хэвлэсэн цэдгүүд рүү түүнийг удирдсан явдал юм. Энэхүү ном нь “аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд” тунхаглахаар бидний цэнэглэгдсэн “мөнхийн сайн мэдээг” (Илчлэлт 14:6) агуулдаг.

Илчлэлт 17–18

Их Эзэн Вавилон болон үүний гэм нүглээс зугтахад урьдаг.

Илчлэлт 17–18-д дэлхийн, ёс бус байдлын тэмдэг болсон Вавилоны нүгэл, материаллаг үзэл, шуналыг дүрсэлсэн сэтгэл санаа зовоосон дүр төрхийг агуулдаг. Өнөө үед дэлхий дээр байгаа Вавилонтой адил нөхцөл байдлын жишээг бодож, Вавилоноос “гарч,” “тэр эмийн нүглүүдэд хамтрагч болохгүй” (Илчлэлт 18:4) байх зөвлөгөөг дагахын тулд юу хийж чадах эсэхээ тунгаан бод.

Илчлэлт 20:12–15

Бурханы бүх хүүхэд амийн номын дагуу шүүгдэх болно.

Нэгэн зохиолч таны амьдралын тухай ном бичих санал тавьсан гэж бод. Та ямар туршлага, мэдээллийг оруулахыг хүсэх вэ? Таны ирээдүйн үйлдэл ч бас бичигдэх болно гэдгийг мэдвэл та амьдралдаа хэрхэн өөрөөр хандах вэ? Илчлэлт 20:12–15-д гардаг шүүлтийн өдрийн тухай уншихдаа энэ талаар бодоорой. Амийн номонд таны тухай юу бичигдэнэ гэж та найдаж байна вэ?

Мөн Судруудын удирдамжийн “Амийн ном”-ыг үзнэ үү.

Илчлэлт 22:1–5

Би итгэлтэй байвал селестиел алдар сууг хүлээн авах болно.

Вавилоны дүрслэлийн эсрэг Илчлэлт 21–22-т селестиел алдар суу нь Христийн үнэн дагалдагчийг дүрсэлсэн байдаг. Эдгээр бүлэг дэх ямар дүр зураг, хэллэг эсвэл амлалтууд таныг хүнд хэцүү байсан ч итгэлтэй хэвээр байхад сүнслэгээр өдөөж байна вэ?

Илчлэлт 22:18–19

Эдгээр шүлэг Ариун Библиэс гадна ямар ч нэмэлт судар байж болохгүй гэсэн утгыг илэрхийлж байна уу?

Зарим хүн Мормоны Ном болон хожмын үеийн бусад судрыг эсэргүүцэх шалтгаанаар Илчлэлт 22:18–19-ийг эш татдаг. Гэсэн ч ахлагч Жэффри Р.Холланд:

“Библи судалдаг эрдэмтэд энэ шүлэг нь бүхэл бүтэн Библид биш зөвхөн Илчлэлтийн номонд хамаатай гэсэн нэг бодол санаатай байдаг. Манай үеийн эрдэмтэд Шинэ Гэрээний хэд хэдэн ном нь эргэлзээгүйгээр Патмын арал дээр хүлээн авсан Иоханы илчлэлтийн дараа бичигдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. …

Гэвч илүү энгийн хариулт байгаа. … Яагаад гэвэл, тухайн шүлгийг бичих үед бидний мэддэгээр бүхэл бүтэн Библи нь олон номыг ганц боть болгосон хэлбэрээр байгаагүй юм” хэмээн заасан (“My Words … Never Cease,” Ensign эсвэл Liahona, May 2008, 91).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Илчлэлт 12:19 21

Гэр бүлийн зарим гишүүний хувьд Илчлэлтэд дүрслэгдсэн үзэгдлийг зурах нь зугаатай, үр дүнтэй байж магадгүй. Тухайлбал, Илчлэлт 12-т тулгуурлан зурах нь Тэнгэр дэх дайны тухай яриа руу хөтөлж болох юм (7–11-р шүлэг-ийг үзнэ үү). Илчлэлт 21-д тулгуурласан зургууд селестиел хаант улсын тухай яриаг өдөөж магадгүй. Мөн та энэхүү тоймд хавсаргасан зургийг үзүүлж, тухайн зургийн дүрсэлсэн шүлгүүдийг Илчлэлт 19-өөс олохыг гэр бүлийн гишүүдээсээ хүс.

Илчлэлт 12:11

“Гэрчлэлийн үгээр” гэдэг үгс ямар утгатай байж болох вэ? Есүс Христийн тухай бидний гэрчлэл Сатаныг ялан дийлэхэд бидэнд болон бусдад хэрхэн туслах вэ?

Илчлэлт 13:11–14

Мэхлэгч араатны талаар танай гэр бүлийнхэн ямар бодолтой байна вэ? Бид өнөөгийн дэлхийд харагддаг хууран мэхлэлтийг хэрхэн илрүүлж, түүнээс зайлсхийх вэ?

Илчлэлт 20:2–3

1 Нифай 22:26; Сургаал ба Гэрээ 43:30–31 нь бидэнд Сатан “хүлэгдэх” гэдэг нь ямар утгатай байж болохыг ойлгоход хэрхэн туслах вэ?

Илчлэлт 22:1-4

“[Бидний] духан дээр” Аврагчийн нэр байх нь бэлгэдлийн ямар утгатай байж болох вэ? Илчлэлт 22:4 мөн Илчлэлт 13:16–17-г үзнэ үү.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Үйлдэх урилгын дагуу үйлдсэн эсэхийг эргэн шалга. “Та үйлдэх урилгын гүйцэтгэлд хяналт тавьснаар [гэр бүлийн гишүүддээ] санаа тавьдаг гэдгээ мөн сайн мэдээ тэдний амьдралыг хэрхэн адисалж байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн та тэдэнд туршлагаасаа хуваалцах боломж олгохоос гадна эргээд үүргээ биелүүлэхэд нь тэднийг хүчирхэгжүүлж, сайн мэдээний дагуу амьдрахад нэг нэгэндээ дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжийг олгодог” (Аврагчийн арга барилаар заах нь, 35).

Есүс Христ Хоёр дахь ирэлтээрээ морь унан доош бууж байгаа нь

Цагаан морь унасан, улаан орхимжтой Христ.