Ирээд, Намайг дага
12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр мөн’


“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр мөн’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

Инээмсэглэн суугаа Есүс Христ ба хүүхдүүд

Дэл Парсон, Төгс хайр

12-р сарын 2–8

1–3 Иохан; Иуда

“Бурхан бол хайр мөн”

Та Иохан, Иудагийн захидлуудыг уншихдаа Бурханд хайраа хэрхэн харуулах талаар сүнслэг мэдрэмжийг эрэлхийл. Эдгээр ойлголт, сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иохан, Иуда хоёрыг захидлуудаа бичих үед хүчтэй хавчлага мөрдлөг болон гуйвуулагдсан сургаалын аль алиных нь үр дүнд урьдаас хэлэгдсэн урвалт үүсэж байсан. Зарим хуурамч багш Есүс Христ үнэхээр “махан биеэр” ирсэн эсэхэд хүртэл эргэлзэж байв (жишээ нь, 1 Иохан 4:1–3; 2 Иохан 1:7-г үзнэ үү). Тиймээс төлөөлөгч Иохан Аврагчийн тухай хувийн гэрчлэлээ хуваалцсанаар анхны захидлаа эхлүүлсэн. “Энэ бол эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай бидний өгсөн гэрчлэл юм” (Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 1:1 [1 Иохан 1:1 дэх зүүлт тайлбар a]). Гэвч Иоханы захидлын хамгийн хүчирхэг захиас бол хайр буюу биднийг хайрлах Бурханы хайр, Түүнийг болон Түүний хүүхдүүдийг хайрлах ёстой бидний хайр юм. Эцэст нь Иохан өөрөө Аврагчийн хайрыг мэдэрсэн (Иохан 13:23; 20:2-ыг үзнэ үү) бөгөөд “хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулж” (1 Иохан 4:18) болохын тулд гэгээнтнүүдийг хүнд бэрхшээл, сөргөлдөөнтэй тулгарахдаа ийм хайрыг мэдрээсэй хэмээн хүссэн.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Иохан

Бурхан бол гэрэл ба хайр мөн.

Хэрэв та нэг юм уу хоёр үгээр Бурханыг дүрслэх байсан бол ямар ямар үг сонгох байсан бэ? Иохан захидлууддаа “гэрэл” ба “хайр” гэсэн үгсийг ашигласан (1 Иохан 1:5; 4:8, 16). Та 1 Иоханыг уншихдаа Иоханы сайн мэдээнд цэдэглэгдсэн түүний туршлагуудын талаар тунгаан бодож, эдгээр туршлага Иоханд Бурханы гэрэл, хайрын тухай хэрхэн заасныг эргэцүүл. Бурхан бол гэрэл ба хайр гэдгийг танд ямар ямар хувийн туршлага тань заасан бэ?

Түүнчлэн Иохан 3:16–21; 15:9–17; 2 Нифай 26:24; Сургаал ба Гэрээ 50:24; 88:6, 12–13; 93:36–37-г үзнэ үү.

Иохан 2:24–3:3

Би Есүс Христтэй адилхан болж чадна.

Христтэй адил болох зорилго танд хэт өндөр санагдаж байсан уу? Иоханы “Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, … [мөн] бид Түүнтэй адил болно” (1 Иохан 2:28; 3:2) хэмээх урам хайрласан зөвлөгөөг эргэцүүлэн бодоорой. Та 1 Иохан 2:24–3:3-аас Есүс Христийн шавийн хувьд танд итгэл, тайтгарал өгч байгаа юуг олсон бэ? Та Иоханы захидлуудыг уншихдаа Христтэй адил болох хичээл зүтгэлд тань тус болох бусад зарчим, зөвлөгөөг эрж хайгаарай.

Мөн Moронай 7:48; Сургаал ба Гэрээ 88:67–68; “Becoming Like God,” Gospel Topics, topics.lds.org-ыг үзнэ үү.

Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 4:12

“Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй” юу?

“Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй” гэдгийг Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 4:12-т “итгэдэг тэднээс бусад хүмүүс” хэмээн тодруулсан (1 Иохан 4:12, Зүүлт тайлбар a мөн Иохан 6:46; 3 Иохан 1:11-ийг үзнэ үү). Бурхан Эцэг Өөрийгөө Иохан зэрэг итгэлтэй хүмүүст харуулсан тухай хэд хэдэн тохиолдлыг судруудад цэдэглэсэн байдаг (Илчлэлт 4 мөн Үйлс 7:55–56; 1 Нифай 1:8; Сургаал ба Гэрээ 76:23; Иосеф Смит—Түүх 1:16–17-г үзнэ үү).

1 Иохан 5

Би Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, дахин төрснөөр ертөнцийг ялж чадна.

Иоханы бичээсүүдэд ертөнцийг ялах тухай хэд хэдэн удаа гардаг. Есүс “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээн хэлснийг Иохан тэмдэглэн авчээ. Мөн Илчлэлт 2–3 дахь бүлэгт Иохан ертөнцийг ялсан хүмүүст амласан Их Эзэний амлалтыг бичсэн байдаг. Иохан 1 Иохан 5:3–5-д ертөнцийг ялах тухай юу хэлсэн бэ? Та 1 Иохан 5-ыг уншихдаа бид ертөнцийг ялж, мөнх амьдралыг олж авахын тулд юу хийх ёстойг эрж олоорой. Таны амьдралд ертөнцийг ялах гэдэг нь ямархуу харагдаж болох вэ? Мөн та ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” хэмээх захиасаас хариулт, ойлголтуудыг олж болно (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–50).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

1 Иохан 2:8–11

Иоханы сургаалыг тунгаан бодоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд харанхуй өрөөнд цуглаж, гэр бүлийн гишүүддээ “харанхуй дотор” алхах, “гэрлийн дотор” алхах хоёрын хоорондын ялгааг мэдэж авах боломж олго. Үзэн ядалт биднийг харанхуй дотор алхан, бүдэрч явахад хэрхэн нөлөөлдөг вэ? Нэг нэгнээ хайрлах нь бидний амьдралд гэрлийг хэрхэн авчирдаг вэ?

1 Иохан 3:21–22

Эдгээр шүлгийн юу нь бидний Бурханд болон залбиралдаа хариулт хүлээн авах чадвартаа итгэх “итгэлтэй байдлыг” өсгөдөг вэ? Та Судруудын удирдамжаас “Залбирал”-ыг хайж болно.

1 Иохан 5:2–3

Бидний “хүнд дарамт” эсвэл дагахад хэцүү гэж боддог ямар нэгэн зарлиг тушаал байна уу? Бурханыг хайрлах бидний хайр Түүний зарлиг тушаалуудын талаарх бодол, мэдрэмжийг хэрхэн өөрчилдөг вэ?

Хамтдаа өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

Бурханы зарлигуудыг дагах нь бидэнд ертөнцийг ялахад тусалдаг.

Иуда 1:3–4

Бидний амьдрал, гэр бүл рүү “сэм шургалан орсон” ямар нэгэн сүнслэг аюул байна уу? (Иуда 1:4). Бид “итгэлийн төлөө тэмцэж”, тэдгээрийн аюулыг сөрөн зогсох Иудагийн зөвлөмжийг хэрхэн дагаж чадах вэ? (Иуда 1:3). Бид гэр бүлдээ “амар тайван, хайр улам арвин болохыг” бататгахын тулд юу хийж чадах вэ? (Иуда 1:2).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бурханы хайрыг ол. Ахлагч М.Рассэлл Баллард “Сайн мэдээ нь Бурханыг болон нэг нэгнээ хайрлах хайрын сайн мэдээ юм” (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 59) хэмээн заасан. Та судруудыг уншихдаа Бурханы хайрын илэрхийллийг харуулсан үгс, хэллэгийг тэмдэглэж, зурж болно.

Христ нуурын эргээр алхаж байгаа нь

Грэг К.Олсэн, Надтай хамт алх