“1-р сарын 2–8. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 2–8. Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
1-р сарын 2–8
Матай 1; Лук 1
“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”
Матай 1 болон Лук 1-ийг уншаад, тунгаан бодож, хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Та сургаалын ямар үнэнийг олсон бэ? Ямар захиас танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй байх вэ? Энэхүү тоймд өгсөн судлах санаанууд нь нэмэлт ойлголттой болоход тань тусалж болох юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Мөнх бус байдлын өнцгөөс харах юм бол энэ нь боломжгүй зүйл байсан юм. Онгон бүсгүй хүүхэд төрүүлж чадахгүй. Хүүхэд тээх нас нь өнгөрсөн, үргүй эмэгтэй ч мөн адил хүүхэд олж чадахгүй. Гэвч Бурхан Өөрийн Хүүгийн болон Баптисч Иоханы төрөлтийг төлөвлөсөн байсан бөгөөд ямар ч саад бэрхшээлийг үл тоон Мариа, Елизабет хоёр ээж болцгоосон билээ. Боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлтэй тулгарах бүрдээ тэдний гайхамшигтай туршлагыг санах нь бидэнд тус болж болно. Бид сул талуудаа ялан дийлж чадах уу? Бид сургаалд тоомжиргүй ханддаг гэр бүлийнхээ гишүүний зүрх сэтгэлийг хөндөж чадах уу? Габриел “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) хэмээн Мариад сануулахдаа бидэнд хандан ярьж байсан байж ч магадгүй. Мөн Бурхан Өөрийн хүслийг илэрхийлэхэд Мариагийн “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” (Лук 1:38) гэж хэлсэн үгс бидний өгөх хариулт байж болно.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Матай, Лук гэж ямар хүмүүс байсан бэ?
Матай татвар хураагч иудей хүн байсан бөгөөд Есүс түүнийг төлөөлөгчдийнхөө нэгээр дуудсан (Матай 10:3-ыг мөн Судруудын удирдамжийн Татвар хураагчийг үзнэ үү). Матай сайн мэдээгээ голчлон иудейчүүдэд зориулан бичсэн тул Есүсийн амьдрал, тохинууллаар дамжин гүйцэлдсэн Хуучин Гэрээн дэх Мессиагийн тухай бошиглолуудыг онцлон тодорхойлохыг зорьжээ.
Лук бол төлөөлөгч Паултай хамт аялан явдаг оточ харь хүн (иудей биш) байсан юм. Тэр Аврагчийг нас барсны дараа голчлон иудей биш уншигчдад зориулан сайн мэдээгээ бичсэн. Есүс Христ бол харийнхан болон иудей хүмүүсийн аль алиных нь Аврагч юм хэмээн тэр гэрчилсэн. Тэрээр Аврагчийн амьдралд болж өнгөрсөн үйл явдлуудыг нүдээр үзсэнээ цэдэглэн бичсэн бөгөөд бусад сайн мэдээтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тухай түүхийг илүү түлхүү багтаасан байдаг.
Судруудын удирдамжаас “Сайн мэдээнүүд,” “Maтай,” “Лук” зэргийг мөн үзнэ үү.
Есүс Христ мөнх бус эх, мөнхийн Эцэг хоёроос төрсөн.
Матай 1:18–25, Лук 1:26–35-д Матай, Лук хоёр Есүсийн төрсөн гайхамшгийг хэрхэн дүрсэлснийг ажиглаарай. Уг дүрслэл нь Аврагчид итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Есүс бол Бурханы ч Хүү, Мариагийн ч хүү байсан гэдгийг мэдэх нь яагаад танд чухал вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Цагаатгал нь “үхэлд харьяалагддаггүй мөнх хүмүүнээр хийгдэх хувийн золиосыг шаардаж байв. Тэрбээр үхээд Өөрийн бие махбодыг эргүүлэн авах ёстой байлаа. Аврагч үүнийг гүйцэлдүүлж чадах цорын ганц нь байсан юм. Тэрбээр эхээсээ үхэх хүчийг өвлөн авсан бол Эцэгээсээ үхлийг ялах хүчийг өвлөн авсан юм” гэж тайлбарлажээ (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).
Бурханы адислалууд Түүний цаг хугацаанд ирдэг.
Хэрэв та адислал ирэхийг хүлээж байгаа эсвэл Бурхан таны залбирлыг сонсохгүй байгаа мэт санагдаж байвал Елизабет, Захариа хоёрын түүх Бурхан таныг мартаагүй гэдгийг сануулах болно. Ахлагч Жэффри Р.Холланд “Бид зарим залбирлынхаа хариултыг авахаар хамтдаа хичээж, хүлээх явцдаа бидний хүссэн цагт, хүссэн арга замаар биш ч гэсэн сонорт нь хүрч, хариулт нь ирсэн амлалтыг би та нарт төлөөлөгчийн хувьд санал болгомоор байна. Гэхдээ тэдгээр залбирлын хариу бүхнийг мэддэг, мөнхөд өрөвч нинжин сэтгэлээр дүүрэн байдаг эцэг эхийн цаг, арга замаар үргэлж ирдэг” гэж амласан (“Их Эзэнийг хүлээх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128–130). Елизабет, Захариа хоёр хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж чадсан бэ? (Лук 1:5–25, 57–80-ыг үзнэ үү). Та адислал ирэхийг хүлээж байна уу? Хүлээж байхад тань Их Эзэн танаас юу хийгээсэй хэмээн хүсэж байна гэж танд бодогдож байна вэ?
Итгэлтэй хүмүүс Бурханы хүслийг дуртайяа дагадаг.
Мариагийн адил бид заримдаа бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө өөрсдийн маань төлөвлөж байснаас тэс өөр болохыг олж мэддэг. Та Мариагийн Бурханы тааллыг хүлээн зөвшөөрсөн тухай түүхээс юу сурсан бэ? Дараах хүснэгтэд тэнгэр элч, Мариа хоёрын хэлсэн үгсээс (Лук 1:26–38-ыг үзнэ үү) мөн тэдний үгсээс олж авсан захиасаа бичнэ үү.
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс |
Надад зориулсан захиас |
---|---|
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс “Эзэн чамтай хамт байна” (28-р шүлэг). | Надад зориулсан захиас Их Эзэн миний нөхцөл байдал, зовлон зүдгүүрийг мэддэг. |
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс
| Надад зориулсан захиас
|
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс
| Надад зориулсан захиас
|
Мариагийн хариу үйлдэл |
Надад зориулсан захиас |
---|---|
Мариагийн хариу үйлдэл “Энэ нь яаж бүтэх билээ?” (34-р шүлэг). | Надад зориулсан захиас Бурханы тааллыг илүү сайн ойлгохын тулд асуулт тавих нь зүйтэй. |
Мариагийн хариу үйлдэл
| Надад зориулсан захиас
|
Мариагийн хариу үйлдэл
| Надад зориулсан захиас
|
Та Maтай 1:18–25-д гардаг Иосефын зөв сайн үлгэр жишээг уншаад, Бурханы тааллыг хүлээн зөвшөөрөх талаар юу сурч мэдэж болох вэ? Елизабет, Захариа хоёрт тохиолдсон явдлаас та ямар нэмэлт ойлголт олж авсан бэ? (Лук 1-ийг үзнэ үү).
Мариа Есүс Христийн үйл хэргийн тухай гэрчлэв.
Лук 1:46–55 дахь Мариагийн үгс Аврагчийн үйл хэргийн зарим хэсгийг урьдчилан хэлсэн байдаг. Та Мариагийн хэлсэн үгсээс Есүс Христийн тухай юу мэдэж авсан бэ? Та эдгээр шүлгийг 1 Самуел 2:1–10 дээрх Ханнагийн үгтэй мөн Матай 5:3–12 дахь Есүсийн ерөөлтэй харьцуулж болно. Эдгээр шүлгийг тунгаан бодох үед Сүнс танд юу зааж байна вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Maтай 1:1–17.Танай гэр бүл Есүсийн угийн бичгийг уншихдаа гэр бүлийн түүхээ ярилцаж, өвөг дээдсийнхээ тухай зарим түүхийг хуваалцаж болно. Гэр бүлийнхээ түүхийг мэдэх нь танай гэр бүлийг хэрхэн адислах вэ? Гэр бүлийн түүхийн үйл ажиллагааг сонирхвол FamilySearch.org/discovery-ийг үзнэ үү.
-
Матай 1:20; Лук 1:11–13, 30.Эдгээр шүлэгт гарсан хүмүүс яагаад айдастай байсан бэ? Юу биднийг айхад хүргэдэг вэ? Бурхан биднийг хэрхэн “бүү ай” хэмээн урьдаг вэ?
-
Лук 1:37.Та “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэдэгт итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд, Бурханы хийсэн боломжгүй гэж тооцогдох зүйлсийг Лук 1-ээс хамтдаа олж болно. Бид судраас эсвэл өөрсдийн амьдралд тохиолдсон боломжгүй мэт санагдах зүйлсийг Бурхан хийж байсан тухай өөр ямар түүхийг хуваалцаж болох вэ? Сайн мэдээний уран зургийн цуглуулгыг үзэж санаа авч болох юм.
-
Лук 1:46–55.Аврагч бидний төлөө ямар “агуу зүйлс”-ийг хийсэн бэ? Сэтгэл минь “Эзэнийг дээдэлнэм” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Тэр Хүүгээ илгээсэн,” Хүүхдийн дууны ном, 20–21