“1-р сарын 16–22. Иохан 1: Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 16–22. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
1-р сарын 16–22
Иохан 1
Бид Мессиаг оллоо
Иохан 1-ийг уншаад, тунгаан бодохдоо төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй ямар захиасыг та олж авсан бэ? Сүмийн ангидаа юу хуваалцаж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хэрэв та Түүнийг мөнх бус амьдралд тохинуулж байх цаг үед амьдарч байсан бол Назарын Есүсийг Бурханы Хүү гэдгийг таних байсан болов уу? Олон жилийн турш Андрей, Петр, Филип, Натанаел зэрэг итгэлтэй израилчууд амлагдсан Мессиагийн ирэхийг хүлээн, залбирч байсан. Тэд Түүнтэй уулзаад, өөрсдийнх нь эрэлхийлж байсан Хүн мөн гэдгийг хэрхэн мэдсэн бэ? Тэд ч мөн “Ир, та нар харна” (Иохан 1:39) хэмээсэн урилгыг хүлээн авч, бидний мэдсэн тэрхүү арга замаар Аврагчийг мэдэж авсан. Бид судруудаас Аврагчийн тухай уншиж, сургаалыг нь сонсон, амьдралынх нь замналыг харж, Түүний Сүнсийг мэдэрдэг. Ингэх явцдаа бид Натанаелын адил Аврагч бидэнд хайртай бөгөөд биднийг “илүү агуу зүйлсийг” (Иохан 1:50) хүлээн авахад бэлтгэхийг хүсдэг гэдгийг мэдэж авдаг.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Иохан гэж хэн байсан бэ?
Иохан нь Баптисч Иоханы шавь байсан бөгөөд сүүлд нь Есүс Христийн анхны дагалдагчдын нэг, Арван хоёр төлөөлөгчийн нэг болсон. Тэрээр Иоханы сайн мэдээ, хэд хэдэн захидал болон Илчлэл номыг бичжээ. Иохан сайн мэдээндээ өөрийгөө “Есүсийн хайрласан хүн,” “нөгөө шавь” (Иохан 13:23; 20:3) гэж бичсэн байдаг. Иоханы сайн мэдээг тунхаглах хүсэл тэмүүлэл бодгалиудыг Христэд авчирч болохын тулд бүр Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхий дээр үлдэхийг хүсэхээр тийм хүчтэй байсан юм (Сургаал ба Гэрээ 7:1–6-г үзнэ үү).
Мөн Судруудын удирдамж дахь “Иохан, Зебедийн хүү”-г үзнэ үү.
Есүс Христ “эхэнд Бурхантай хамт байсан.”
Иохан сайн мэдээгээ “Эхэнд … Үг [Есүс Христ] Бурхантай хамт байсан” хэмээн Христийн төрөхөөсөө өмнө хийсэн ажлыг дүрслэн эхлүүлдэг. Та 1–5-р шүлгээс Аврагч, Түүний ажлын талаар юу олж мэдэж болох вэ? Тус болох тодруулгыг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5-аас олж болно (Bible appendix-т). Аврагчийн амьдралын талаар суралцаж эхлэхэд Түүний мөнх бус байдлын өмнөх ажлыг мэдэж авах нь яагаад чухал вэ?
Есүс Христ бол “жинхэнэ Гэрэл,” Бурханы Хүү болой.
Иохан “жинхэнэ гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн” (Иохан 1:8–9) хэмээн тунхагласан Баптисч Иоханы гэрчлэлийн нөлөөгөөр Аврагчийг эрэлхийлэхээр өдөөгджээ. Иохан өөрөө Аврагчийн амьдрал мөн номлолын тухай хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан юм.
Иоханы Христийн талаарх гэрчлэлийнхээ эхэнд оруулсан үнэнүүдээр жагсаалт гаргах нь сонирхолтой байж болно (1–18-р шүлэг, түүнчлэн [Судруудын удирдамж дахь] Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–19-ийг үзнэ үү). Яагаад Иохан сайн мэдээгээ эдгээр үнэнээр эхлүүлсэн гэж та бодож байна вэ? Та Есүс Христийн талаар гэрчлэлээ бичихдээ юуг хуваалцахыг хүсэх вэ? Аврагчийг танин мэдэж, дагахад ямар ямар туршлага танд тусалсан бэ? Таны гэрчлэлийг сонсоод хэн адислагдаж болох вэ?
Есүс Христ бидэнд Бурханы охид, хөвгүүд “болох хүчийг” өгдөг.
Хэдийгээр бид бүгдээрээ Бурхан Эцэгийн сүнсэн охид, хөвгүүд ч гэсэн нүгэл үйлдсэн үедээ Түүнээс тусгаарлагдаж эсвэл холддог. Есүс Христ Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан бидэнд эргэн ирэх замыг санал болгодог. Иохан 1:11–13 нь Бурханы охид, хөвгүүд болохтой холбоотой юуг зааж байгааг тунгаан бод. Мөн бид энэ бэлгийг хэрхэн хүлээж авах талаар Ром 8:14–18; Мозая 5:7–9; Сургаал ба Гэрээ 25:1 зэрэг судруудад юу зааж байгааг бодож үзээрэй. Бурханы охид, хөвгүүд “болох хүчтэй” байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?
Эцэг Хүүгийнхээ талаар гэрчилдэг.
Иохан 1:18 дээр Бурханыг хэн ч хараагүй гэдэг. Гэвч энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга “Бурхан Өөрийн Хүүг гэрчлэхээс бусдаар хэн ч хэзээ ч Бурханыг хараагүй гэдгийг тодорхой тайлбарладаг (Иохан 1:18, зүүлт тайлбар c-г үзнэ үү). Бурхан Эцэг Хүүгийнхээ тухай сонсогдохоор гэрчилж байгаа дараах тохиолдлуудыг авч үзнэ үү. Үүнд: Матай 3:17; 17:5; 3 Нифай 11:6–7; Иосеф Смит—Түүх 1:17.
Бидэнд эдгээр түүх байгаа нь яагаад адислал болдог вэ? Эдгээр нь Аврагч, Түүний Эцэг хоёрын хоорондын харилцааны талаар танд юу зааж байна вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Иохан 1:4–10.Та эдгээр шүлгээс гэрлийн тухай уншсан зүйлсээ төсөөлөн бодоход нь гэр бүлдээ хэрхэн тусалж болох вэ? Гэр бүлийн гишүүн тус бүрээр харанхуй өрөөнд гэрэл тусгуулж, Аврагч хэрхэн тэдний амьдралын Гэрэл болдог тухай хуваалцуулж болно. Тэгээд Иохан 1:4–10-ыг унших үед гэр бүлийн гишүүд Дэлхийн Гэрэл Есүс Христийн тухай Иоханы гэрчлэл дээр нэмэгдэх нэмэлт ойлголт олж авч болно.
-
Иохан 1:35–36.Яагаад Баптисч Иохан Есүсийг “Бурханы Хурга” хэмээн нэрлэсэн бэ? Бид ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Бурханы Хургыг харагтун” эсвэл ахлагч Гэррит В.Гонгийн “Бурханы Хурга, Сайн Хоньчин” үгүүдээс энэ цолын талаар юу мэдэж авдаг вэ? (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53, 118–122)
-
Иохан 1:35–46.Иоханы гэрчлэлийн үр дүн юу байсан бэ? Танай гэр бүл эдгээр шүлэгт дүрслэгдсэн хүмүүсээс сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар юу сурч мэдэж болох вэ?
1:17 -
Иохан 1:45–51.Натанаел Аврагчийн тухай гэрчлэлийг олж авахад тусалсан ямар зүйл хийсэн бэ? Гэр бүлийнхнийгээ хэрхэн гэрчлэлтэй болсноо хуваалцахад урь.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: Эзэн бол гэрэл,” Дуулал, 42.