“1-р сарын 9–15. Матай 2; Лук 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 9–15. Матай 2; Лук 2,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
1-р сарын 9–15
Матай 2; Лук 2
Бид Түүнд мөргөхөөр ирлээ
Матай 2, Лук 2-ыг уншаад, хүлээж авсан сүнслэг ойлголтдоо анхаарлаа хандуул. Энэхүү тоймд өгсөн санаанууд нь танд эдгээр бүлэгт орших чухал бөгөөд холбогдох зарчмуудыг тодорхойлоход туслах боломжтой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Төрсөн цагаасаа эхлэн Есүс энгийн хүүхэд биш гэдэг нь тодорхой байжээ. Зөвхөн тэнгэрт гарсан шинэ од эсвэл тэнгэр элчийн баярт мэдээ Есүсийн бага балчир насыг гайхалтай болгосон юм биш. Түүнчлэн өөр өөр үндэстний, янз бүрийн мэргэжил, нөхцөл байдалтай олон итгэлтэй хүн тэр даруй Түүнд татагдаж эхэлсэн нь үүнийг нотолдог. Бүр Түүнийг “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) хэмээн урихаас өмнө тэд Түүн дээр ирсэн. Мэдээж хүн бүр Түүн дээр ирээгүй. Үнэндээ Түүнд анхаарлаа хандуулаагүй хүн олон байсан бөгөөд Түүний амийг авахыг эрэлхийлсэн атаач удирдагч хүртэл байсан. Гэвч даруу, цэвэр ариун, зөв шударгыг тууштай эрэлхийлэгчид Түүний хэн болохыг таньж, амлагдсан Мессиагаа олсон. Тэдний үнэнч байдал биднийг үнэнч байхад өдөөдөг. Учир нь хоньчдод авчирсан “үлэмж баярлуулах сайн мэдээ” нь “ард түмэнд” зориулагдсан бөгөөд “Аврагч, Эзэн Христ” бид бүгдийн төлөө тэр өдөр мэндэлсэн билээ (Лук 2:10–11-ийг үзнэ үү).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Есүс Христ эгэл даруу нөхцөл байдалд мэндэлсэн.
Хэдийгээр Есүс Христ “ертөнцийг бүтээхээс өмнө” (Иохан 17:5) Бурхан Эцэгийн хамт алдар сууд байсан ч ядуу зүдүү төрж, дэлхий дээр бидний дунд амьдрахыг хүссэн. Та Лук 2:1–7-г уншихдаа Түүний төрөлтийн талаарх энэ түүх Түүний талаар танд юу зааж байгааг тунгаан бод. Энэ түүхээс өмнө нь анзаарч байгаагүй жижиг зүйлс болон ойлголтыг олж тодорхойлохыг хичээ. Тэдгээрийг анзаарах нь Есүсийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
Христийн төрөхийг гэрчилсэн олон гэрч бий.
Христийн төрсөн, нялх балчир байсан үеийг гэрчүүд болон сүсэг бишрэлтнүүд гэрчилдэг. Та тэдний түүхийг судлахдаа, Христийг гэрчлэх, шүтэн бишрэх арга замын талаар юу сурч мэдсэн бэ?
Христийн гэрч |
Би Христийг шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
---|---|
Христийн гэрч Хоньчид (Лук 2:8–20) | Би Христийг шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ?
|
Христийн гэрч Симеон (Лук 2:25–35) | Би Христийг шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ?
|
Христийн гэрч Анна (Лук 2:36–38) | Би Христийг шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ?
|
Христийн гэрч Мэргэд (Матай 2:1–12) | Би Христийг шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ?
|
Мөн 1 Нифай 11:13–23; 3 Нифай 1:5–21-ийг үзнэ үү.
Эцэг эхчүүд гэр бүлээ хамгаалахын тулд илчлэлт хүлээн авч болно.
Иосеф тэнгэрийн тусламжгүйгээр Есүсийг хүүхэд насанд нь хамгаалах үүргээ хэзээ ч биелүүлж чадахгүй байх байсан. Тэрээр зурхайчдын адил, аюулаас сэрэмжлүүлсэн илчлэлт хүлээн авсан юм. Иосефын туршлагын тухай Матай 2:13–23-аас уншихдаа, өнөөгийн бидэнд тулгардаг материаллаг, сүнслэг аюулуудын талаар бодоорой. Таныг болон хайртай хүмүүсийг тань хамгаалсан Бурханы удирдамжийг мэдэрч байсан туршлагынхаа талаар тунгаан бод. Энэ туршлагаа бусадтай хуваалцах тухай бодож үз. Ирээдүйд та ийм удирдамж хүлээн авахын тулд юу хийж болох вэ?
Есүс өсвөр насандаа ч гэсэн Эцэгийнхээ тааллын дагуу гүйцэтгэхэд анхаарч байсан.
Хөвгүүн байхдаа Аврагч сайн мэдээг үнэхээр хүчирхэг зааж байсан бөгөөд сүмд байсан багш нар хүртэл Түүний “ухаан болон хариултууд[ыг]” (Лук 2:47) гайхаж байв. Та Аврагчийн хөвгүүн байх үеийг харуулсан шүлгүүдээс юу мэдэж авсан бэ? Таны мэддэг залуус хэрхэн “Эцэгийнхээ ажлыг хийхийг” (Лук 2:49) хичээж байгаа вэ? Сайн мэдээний талаар илүү гүн гүнзгий ойлгодог болоход тань өсвөр үеийнхэн болон хүүхдүүд танд хэрхэн тусалсан бэ? Лук 2:40–52 болон Иосеф Смитийн Орчуулгын Матай 3:24–26 (Bible appendix) дахь Есүсийн хүүхэд насыг харуулсан жишээнүүдээс та өөр юу сурч мэдсэн бэ?
Иосеф Смитийн Орчуулга гэж юу вэ?
Хэдэн зууны явцад Ариун Библийн “олон тодорхой болоод эрхэм үнэт” үнэнүүд алдагдсан учир (1 Нифай 13:28; Мосе 1:41) Их Эзэн Иосеф Смитийн Орчуулга хэмээн нэрлэгдсэн Ариун Библийн сүнслэг нөлөөллөөр засвар оруулсан хэсгийг бичихийг Иосеф Смитэд зарлиг болгожээ. Бошиглогчийн оруулсан олон засвар хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэсэн судрын хавсралтад байдаг. Иосеф Смит—Матай хэмээн нэрлэгддэг Матай 24-ийн Иосеф Смитийн Орчуулга Агуу Үнэт Сувдад агуулагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Иосеф Смитийн Орчуулга (ИСО)” болон Gospel Topics дээрх “Bible, Inerrancy of” нийтлэлээс үзнэ үү (topics.ChurchofJesusChrist.org).
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Лук 2.Гэр бүлийнхээ гишүүдийг Лук 2-т дүрсэлсэн нэг хүнийг сонгон, уг хүний Аврагчтай харилцсан тухай хэдэн шүлгийг уншаад, Есүс Христэд итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. “Мариагийн бүүвэйн дуу” эсвэл “Есүс Христийн мэндэлсний дуу” (Хүүхдийн дууны ном, 28, 32) зэрэг дуунуудыг хамтдаа дуул. Бид эдгээр дуунаас Аврагчийн төрөлтийн тухай юу сурч мэдэж болох вэ?
Урлагийн бүтээл хэрхэн Христийн төрөлтийн тухай хэлэлцүүлгийг тань баяжуулж болох тухай бодож үз. (Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл history.ChurchofJesusChrist.org/exhibit/birth-of-Christ вэбсайтаас жишээ авна уу.)
-
Maтай 2:1–12.Бид мэргэдийн жишээнээс Аврагчийг эрэлхийлэх, олох талаар юу мэдэж авдаг вэ?
-
Лук 2:41–49.“Эцэгийн ажил” гэж юу вэ? (Лук 2:49; мөн Мосе 1:39; Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) Лук 2:41–49 дэх түүхээс уг ажлын талаар бид юу сурч мэддэг вэ? Гэр бүлээрээ Эцэгийн ажилд оролцож болох зарим арга замыг бичиж, шилэн саван дотор хий. Дараагийн долоо хоногт танай гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн ажилд туслах арга замыг хайхдаа саван доторх санаануудаас сонгож болно. Туршлагаа хуваалцах цаг товло.
-
Лук 2:52.Бид Лук 2:52-оос Есүс амьдралдаа хэрхэн өсөж хөгжиж байсан талаар юу сурч болох вэ? “Мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн тааллыг” олж болохын тулд бид ямар ямар хувийн болон гэр бүлийн зорилго тавьж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Одод гялалзаж байв,” Хүүхдийн дууны ном, 23.