Шинэ Гэрээ 2023
1-р сарын 2–8. Матай 1; Лук 1: “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”


“1-р сарын 2–8. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 2–8. Maтай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Мариа, Елизабет хоёр

1-р сарын 2–8

Матай 1; Лук 1

“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”

Maтай 1 болон Лук 1ийг унших замаар эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаануудыг өгнө. Хэрэв танд бага насны хүүхдүүдэд заахад нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалжийн эхэнд буй “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгийг үзнэ үү.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Тойрог болж суухыг хүүхдүүдээс хүсээд, дараа нь нэг хүүхдээс саяхан судруудаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэр хүүхэд тойргийн өөр нэг хүүхэд рүү бөмбөг өнхрүүлснээр эсвэл түүн рүү зааснаар дараагийн хүүхэд хуваалцана.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 1:18–25; Лук 1:26–38

Тэнгэр элч нар Есүсийн төрснийг зарлав.

Тэнгэр элч Мариа, Иосеф хоёр дээр айлчилж, Есүс Христийн төрснийг зарласан. Эдгээр үйл явдал Христ төрөх нь хэр чухал байсныг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийн эцэг эхийг Мариа, Иосеф хоёр болгон хувцаслаж ангид ирэхийг урь. Тэднээс Maтай 1:18–25 мөн Лук 1:26–38 дээр цэдэглэсэн туршлагыг хуваалцахыг хүс.

  • Тэнгэр элч Мариа, Иосеф хоёрт үзэгдсэн түүхийг эдгээр шүлэгт цэдэглэснээр нь ярь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 8–9, 12 дээрх “2-р бүлэг: Мариа ба Тэнгэр элч” болон “4-р бүлэг: Иосеф ба Тэнгэр элч”-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзүүлнэ үү.) Та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлж болно. Хүүхдүүдийг уг түүхийг танд эргүүлэн ярихад урь.

  • Дараа нь хүүхдүүдийг Maтай 1:18–25 мөн Лук 1:26–38-д гардаг түүхийн зургийг зурахад урь.

Габриел Мариад үзэгдсэн нь

Тунхаглал, Жон Скотт

Лук 1:5–25, 57–63

Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулдаг.

Захариа, Елизабет хоёр хүүхэдтэй болохын тулд олон жил залбирч байсан байж магадгүй. Эцэст нь Тэнгэрлэг Эцэг тэдэнд Иохан Баптист хэмээх хүүг илгээж, тэдний залбиралд хариулсан. Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 1:5–25, 57–63 дээр гардаг түүхийг өөрийн үгээр хуваалц. Та энэ түүхийг хэд хэдэн удаа давтаж болно. Хүүхдүүдэд Захариа, Елизабет, тэнгэр элч нарын дүрүүдийг тоглож, түүхийг жүжигчлэн үзүүлэх даалгавар өг. “Чиний гуйлт сонсогдсон” (Лук 1:13) хэмээн тэнгэр элч Захариад хандан хэлснийг онцол. Тэнгэрлэг Эцэг таны залбиралд хариулж байсан туршлагаасаа хуваалц.

  • Хүүхдүүдэд хэрхэн залбирахыг заахын тулд “Бид толгойгоо бөхийн” (Хүүхдийн дууны ном, 18) дууг эсвэл өөр дуу ашигла. Хүүхдүүдийг дуулахдаа “залбир” эсвэл “залбирал” гэсэн үгсийг хэлэх бүрд толгойгоо бөхийлгөж, гараа зөрүүлэхэд урь.

  • Хүүхэд бүрээс залбирах үеийн ямар нэг зүйлийг төлөөлсөн үйлдэл үзүүлэхийг хүс. Үзүүлсэн үйлдэл нь юуг төлөөлж байгааг бусад хүүхдээр таалга. Тэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээс санаа авч болно.

Лук 1:30–35

Есүс Христ бол Бурханы Хүү.

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын хүү мөн. Та Түүний талаар илүү их сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Тэнгэр элч Мариад бяцхан хүүг нь Бурханы Хүү хэмээн дуудагдах болно гэж хэлснийг хүүхдүүдэд хэл (Лук 1:35-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд “Есүс Христ бол Бурханы Хүү” гэдэг хэллэгийг давтаж хэлэхэд тусал. Хүүхдүүдийг өөрсдийн эцэг эхийг зурахад урих замаар Есүсийн эцэг эх хэн байсныг ойлгоход тусал. Зурж байх үед нь Есүст ч бас эцэг эх байсан ба тэд бол Мариа, Тэнгэрлэг Эцэг хоёр юм гэдгийг хэл. Үүнээс гадна, Есүсийг дэлхий дээр амьдрах хугацаанд нь хамгаалахыг Иосефоос хүссэн.

  • Есүс Бурханы Хүү байсан учраас бидний нүглийн улмаас нас барж мөн амилах чадвартай байсан хэмээн гэрчлэлээ хуваалц. Есүсийн цовдлуулсан болон амилсан тухай зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 57, 59-ийг үзнэ үү).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Матай 1:18–25; Лук 1:5–37

Бурханд боломжгүй зүйл гэж үгүй.

Есүс, Баптисч Иохан хоёрын төрөлт зөвхөн Бурханы хүчээр боломжтой байсан. Эдгээр гайхамшгийн талаар суралцах нь Бурхан амьдралд нь гайхамшгийг үйлдэх хүчтэй гэсэн хүүхдүүдийн итгэлийг хүчирхэгжүүлнэ.

Боломжит үйл ажиллагаа

  • Та хүүхдүүдтэй хамт Матай 1:18–25, Лук 1:5–37-г уншихдаа тэднээс “Та нар Мариа байсан бол юу гэж хэлэх байсан бэ?” эсвэл “Та нар Захариагийн оронд байсан бол ямар санагдах байсан бэ?” гэх мэт асуултууд тавь.

  • Maтай 1:18–25 ба Лук 1:5–37 дээрх түүхүүдийг энгийн үг хэллэг ашиглан ярьж өг. Бурханы хүчгүйгээр хийх боломжгүй мэт санагдах ямар нэг зүйлийн тухай сонсох бүрд гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Бурхан боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг хийсэн өөр ямар түүхийг хүүхдүүд хуваалцаж болох вэ?

  • Хүүхдүүдэд Лук 1:37-г цээжлэхэд тусал. Үүнийг хийхийн тулд та уг шүлгийг самбарт бичээд, хэд хэдэн удаа давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс. Давталт бүрийн дараа нэг үг арилга.

Матай 1:21–25; Лук 1:30–35, 46–47

Есүс Христ бол Бурханы Хүү.

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын хүү мөн. Энэ үнэнийг мэдэж авахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс Лук 1:30–35-ыг уншаад, дараах асуултуудын хариултыг олохыг хүс. Тухайлбал: “Есүсийн ээж хэн байсан бэ?” мөн “Есүсийн аав хэн бэ?” Есүс Христ бол мөнх бус ээж Мариа болон мөнх Эцэг болох Тэнгэрлэг Эцэгтэй цор ганц хүн гэдгийг ойлгоход тэдэнд тусал (мөн 1 Нифай 11:18–21-ийг үзнэ үү).

  • Эдгээр шүлгийг уншихдаа, Есүс Христийн нэр эсвэл хэргэм зэргийг хайж олоход хүүхдүүдийг урь. Эдгээр нэр ямар утгатай мөн Есүсийн тухай бидэнд юу заадаг вэ?

  • Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцаад, хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урь.

Лук 1:5–25, 57–66

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

Бурхан залбиралд хариулдаг ч бидний хүссэн арга замаар үргэлж хариулдаггүй. Та хүүхдүүдэд энэ үнэнийг заахын тулд Захариа, Элизабет хоёрын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Адислал авах гэж залбирсан боловч үүнийгээ хараахан хүлээж аваагүй байгаа хүнд юу гэж хэлэх байсныг хүүхдүүдээс асуу. Тэднийг Лук 1:5–25, 57–80-ыг уншиж байхдаа энэ асуултыг бодож үзэхэд урь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 6–7, 10–11 дээрх “1-р бүлэг: Eлизабет ба Захариа” болон “3-р бүлэг: Баптисч Иохан мэндэлсэн нь”-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.) Захариа, Елизабет хоёр залбиралд нь хариу өгөөгүй мэт санагдаж буй хүнд юу гэж хэлэх байсан бол?

  • Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулж байсан туршлагаасаа хуваалцахыг хэд хэдэн хүүхдэд урьдчилан хэл. Гэнэт залбиралд тань хариу өгсөн тохиолдлоос хуваалц.

  • Хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулж байсан үеэ зурахад урь. Зургаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг тэдэнд олго.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг хичээл дээр зурсан ямар нэгэн зургаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь. Бурхан тэдний залбиралд хариулж байсан үеэ хуваалцахыг гэр бүлийнхээ гишүүдээс хүсэхэд тэднийг урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Бага насны хүүхдүүдэд судруудаас суралцахад тусал. Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд туслахын тулд судрын нэг шүлэг юм уу түлхүүр үгсэд төвлөр. Та хүүхдүүдийг уг үг эсвэл хэллэгийг сонсмогцоо босох эсвэл гараа өргөхөд урьж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)